Saturday, March 3, 2012

Хулгайч

Би багаасаа анд нилээд хорхойсдог байлаа. 4-р анги төгсдөг зун аав маань худалдаа бэлтгэл ангийн дарга Аюурзана бүр гуайгаас цохуулж, зээл авч байгаад тэр үед сумын дэлгүүрт дөнгөж ирээд байсан гурван калибр буунаас нэгийг надад худалдаж авч өглөө. 100 метр тусгалтай, богинохон, үүрээд явахад хөнгөхөн, их авсаархан хөөрхөн буу одоо хүртэл манайд хадгалаастай бий. Тэр намар аав бид хоёр тарваганд явах юм боллоо.. Манай Баруунтуруун суманд тарвага бараг байдаггүй, тарвага ихтэй газар очихын тулд Ханхөхий уулыг даваад зэргэлдээ Өндөрхангай сумын нутаг бүр говь руу 70-80км явах хэрэг гарна.. Өглөө аажимхан мордсон бид хоёр Хорин бугатын давааны ард хээр нэг хонож аваад маргааш нь очих газраа хүрэхээр гэлдэрч явтал замд хоёр морьтой хүн таарч, мэнд усаа мэдэлцээд зөрөв. Нилээд халамцуухан явсан нэг хүнийх нь толгой бүр духнаасаа авахуулаад шилэн хүзүүгээ давтал яв ягаан өнгийн тод зурвастай болохыг анзаараад учрыг асуувал аав дараах түүхийг надад ярьж өгсөн юм.

Тэр хүний нэрийг мартжээ. Манай нутгийнхан тэднийхнийг Ягаарайнхан гэдэг байсан санагдана. Их олон хүүхэдтэй, тэд нар нь залхуу, замбараагүй, ядуу зүдүүхэн амьдралтай нэгэн байж. Манай нутагт тэр үед хулгай зэлгий гэж ер байдагггүй, айлууд хонь малаа хангайн амьтнаас хамгаалж, хариулж, хотолж явахаас нутгийн малчид бие биенийхээ хэдээс илүүчилнэ гэж ер үгүй байсан үе. Ягаарай гуайнхан хавар, зун намартаа хавь ойрынхныхоо мал хунарыг сааж, сүү цагаан идээ, тарвага зурамхан эргүүлж, хэдэн хүүхдээ бөөцийлж, өл залгуулж байгаад хүйтэрч сэрүү орохын цагт хаанаасаа ч юм хааяа ганц нэг адуу үхэр хөөж ирээд нударчихдаг байж л дээ.

Нэг намар аавын нагац ах болох нутгийнхныхаа дунд нэр цуутай хамба ламын ягаан дэлтэй сайвар бор морь нь гэнэт алга болж, бөөн эрэл сурал болсон ч олдсонгүй гэнэ. Аав хүрээ орж энэ тухай эзэнд нь дуулгажээ. Ламх эрхээ нэг татаж үзчихээд “Муу золигийн хулгайч чинь бүр одоо бүр давраад очиж очиж миний муу хөл дүүжилдэг ганц борыг төхөөрчихдөө яадаг байна аа” гэж жаахан гасалж сууснаа “За яахав хулгайчийн хүүхдүүд хулгайч л болдог муу заяатай байдгийм, би хэдэн хүүхдэд нь тэмээнээс тод тэмдэг тавиад өгчихье, түмэн олон дараа нь үеийн үед таньж яваг” гэж гэнэ. Тэр үед ямар хүний тухай юу яриад байгааг нь аавын ах дүү нар ч мэдэлгүй тэгсгээд өнгөрч. Түүний дараагаас Ягаарай гуайнхны хүүхэд болгон духан дээрээ томоос том ягаан мэнгэтэй гарч эхэлсэн юм шүү. Саяын өнгөрсөн хүн чинь тэдний нэг нь. Хулгай хар мөртэй гэдэг чинь цаанаа ийм учиртай байдаг юм” гэж ярьсан аавын маань үг одоо хүртэл санаанаас ер гардаггүй юм.

Ямар ч хулгайчийг шунал айдас хоёр мөнхөд ээлжлэн удирддаг гэж ярьдаг. Бусдын эд хөрөнгөнд гар дүрж байх үедээ тэдэнд ханах цадах сэтгэл гэж ер байхгүй улам л ихийг олмоор авмаар шунал нь буцалж, архинд шартсан хүн шиг болж байдаг мөртлөө дараа нь энэ их зүйлээ эргээд алдах вий, хийсэн хулгай луйвар нь илчлэгдэж, баригдах вий гэх айдас тэднийг сүүдэр мэт дагаж явдаг жамтай гэлцдэг.

Өнөөдөр чухам хулгай гээч бузрын муухай зүйл Монгол оронд хаа л бол хаагүй нүүрлэжээ. Наад зах нь хотын мань мэтийн хувьд хэн нэг нь өдөр бүр шахам хармаа хотоо ухуулна, гэр орноо төнхүүлнэ, хөдөөнийхөн бол өдөр алгасахгүй хэдэн малаа алдаж хотоо харлуулна, тэднийхээ араас хөөцөлдөж, бөөн нерв цаг заваа, уураа барна. Арай урт гартнууд газар нутгаа баялагтай юутай хүүтэй нь хулгайлаад зарчихна, хангайнхан нь ой модоо хөрөөдөөд ачуулчихна.

За тэгээд төрийн өмчтэй газруудад бол энэ талаар бүр ярих ч юм байхгүй болсон. Энэ өмчийг хамгаалах хадгалах ёстой эзэд нь зиндаа зиндаандаа таарсан хэмжээгээр эндээсээ бүгд хүртэцгээнэ. Банкны захирлууд нь банкаа тонох нь энүүхэнд болсон, үйлдвэрийн боссууд нь өндөр үнэтэй бараа шахаж, олзоо хуваацгаана. Бүр онигоотойгоос нь дурьдвал музейн захирлууд нь үзмэрээ хулгайлдаг, армийн офицерүүд нь цэргийнхээ хоол хүнсийг хамдаг, лам хуврагууд нь хүртэл сүм хийдээсээ шүтдэг бурхдаа шууцгаадаг болсон байна.

Их хурлын гишүүд, сайд дарга нар гээд төрийн тэрбумтнуудын тухай ярихаа больё, сонгуулийн дараа болгоноор хаалтгүй тавигддаг тэдний дагуул дунд шатны албатууд тоогоороо эднээсээ хавьгүй олон болохоор хүртэх хэмжээ нь нийт дүнгээрээ дээдүүлээсээ хэд дахин илүү их хулгайлцгаана. Түүнийг нь илрүүлж шалган уудлах үүрэгтэй гааль, татвар, хяналт цагдаа, шүүх хуулийнхан бол энэ талдаа бүр ч “эмзэг бүлгийнхэнд” болчихсон нь одоо хэнд ч нууц биш болжээ. Хуулийнхаа хэллэгээр бол авилга, хээл хахууль энээ тэрээ олон гоё гоё нэр томьёотой ч ард түмний дунд бол ХУЛГАЙЧ гэсэн эртнээс тодотголтой ганцхан дансанд л бүртгэлтэй хүмүүс.

Эртний Хятадын нэг хаан Күнзээс “Манай түшмэдүүдхулгай хийгээд байх юм. Яаж болиулах вэ ?” гэж асуухад тэрээр “Та эхлээд өөрөө хулгай хийхээ больчих” гэсэн гэдэг үг бий. Монголыг арав гаруй жил хаанчлан удирдах хугацаандаа төрийн бүх шатны албадыг даварсан хулгайч нараар зай завсаргүй дүүргэчихээд одоо шударга ёс тогтооно, дахиад үзэлцэнэ гээд давхиад яваа хүнийг та бид бүгдээрээ хараад гайхдаггүй гэж үү?

Шударга ёсыг Монголд тогтооно гэж бодож яваа бол шуналтнуудыг төрийн өндөрлөг рүү мацах замыг нь хаах цаг нь одоо нэгэнт болсон. Энэ эрх нь ардчиллын буянаар ард түмэнд нээлттэй гэж байгаа. Мөн өөрийнхээ өмнөх бизнесээ өргөтгөхөөр зай завгүй толгой нь гашилж явж, улсын их хуралд давхар сууж манийгаа удирдах гээд тэрбум тэрбумаар нь мөнгөө золиод зодолдоод байгаа бизнесменүүдийг яах уу? “Шунал дэндвэл шулам болдгиймаа” гээд салаавч өгчихөж болмоор доо, бас жирийн түмэн минь. Хулгайч нарт хүлээлгэх хариуцлагын тогтолцооны талаар сүүлийн үед их ярих болсон. Хуулийнхныгаа эхлээд эмхлэж цэгцлэхгүй бол энэ талаар мянга яриад ч нэмэр алга.

Монгол улсаа цэвэр ариун төртэй байлгая гэж бодож байгаа бол ШУНАЛГҮЙ, ШУДАРГА, ШУЛУУХАН амь биеэ ард түмэндээ зольж чадах хүн л бидэнд өнөөдөр хэрэгтэй байна даа. Хаад ноёдууд нь шуналгүй төрд хулгайч нарт гишгэх газар олдохгүй, төр маань дээрээсээ цэвэршчихвэл доодсыг эмхлэх юухан ч байх билээ дээ. Ягаарай гуайнхан шиг ягаан нүүртнүүд бие биенээ таних цөөхөн бидний дотор хаанаас ч харсан тэмээнээс тэмдэгтэй л байгаа шүү дээ.

Ш.Пүрэвсүрэн

2012-03-04

No comments: