Thursday, March 22, 2012

Буурал ээж

Буурал ээж маань цэл залуудаа долоон хүүхэдтэй өөрөөсөө нилээд ахимаг хүнтэй дэр нийлэн хожим нь хань нөхрөө бие барж хүүхдүүд нь бүгд тусдаа гарсны дараа өөр дээрээ өргөж авч өсгөсөн охин нь миний ээж. Буурал ээжийн нөхөр асан Буянцог гуай нь эхээсээ багадаа өнчин хоцорсон Нүдэнхүү, Гөлгөө, Хорлоо, Шогоорой, Цэвээн, Хулганаа, Ламжав нарын долоон хүүхэдтэй байжээ. Хүүхдийнх нь тоо цөөдсөн юм шиг буурал ээж минь манай ээж мөн түүний дүү Шагдарсүрэн нарыг өргөж авч өсгөн хүний зэрэгт хүргэсэн ачтан билээ. Ээжийн минь эмээ, бидний бол элэнц эмээ маань ная хол гарчихсан Турууныханд бүгдэд нь буурал ээж хэмээн дуудагддаг ч жинхэнэ нэрийг нь мэддэг хүн ховорхон байв. Диваа гэдэг нэртэй, давжаа биетэй, чих хатуутай энэ хөгшин бидэнтэй хамт амьдарч Мууяа ахаас авахуулаад бидний есөн хүүхэд тэр хөгшний өвөрт мөөмийг нь үлгэж өссөн болохоор бидний хувьд төрсөн ээжээс минь огт өөрцгүй хүн байсан юм. Дээр нь тэр үед сургууль дотуур байргүй учир манайхаар дамжиж өссөн ах дүүгийн арав гаруй хүүхэд бүгдээрээ буурал ээжийн хийсэн хоолыг идэж өссөн дөө.
Бид хэд ээжээсээ хоёр, хоёр насны зөрөөтэй төрж байсан болохоор дараагийн дүү төрсөн өдрөөс эхлэн бид хүссэн хүсээгүй буурал ээжийн өвөр лүү шилждэг байлаа. Эхний үед хөгшний өвөрт дасахгүй ээ, шөнө эмээгийнхээ мөөмийг хөхөвч сүү гарахгүй болохоор нь ээжийнхээ өвөр лүү мөлхөж бөөн уйлаан дуулиан болно, эмээдээ хэд хэд алгадуулж аваад хувь заяатайгаа эвлэрнэ дээ. Өөрөө гаргасан хүүхэдгүй буурай маань бид бүгдийг яг өөрийнхөө төрүүлсэн үр шигээ хайрладаг, тэр тусмаа Хорлоо бид хоёрт онцгой сайн байлаа. Хөхөөд сүү гарахгүй болохоор нь мөөмийг нь хазчихдаг гээд манай зарим дүү нарт жаахан тиймэрхүү. Ээж багадаа нэг өдөр дүү Гармаагийнхаа нуруунд үхрийн нойтон баас шавж орхиж. Төрсөн ээж нь гүйж ирээд яав ийв хэмээн тас загнахад нь:
-Танайх хүүхдүүдээ айлд өргүүлэх дуртай юм гэсэн. Хэн нэгэнд нь өгчихөж магадгүй гэж бодоод тэр мууд чинь тэмдэг тавьсан юм гэж хэлээд бөөн инээд болж байсан гэдэг. Тэднийхэн Ханхөхийн ар Суврайд өвөлжиж Луудайн булан, Баг мод, Бургаст ам, Арцатын товгороор дамжин ар Хангилцаг, Шодонгийн ам, Тугалын эрүү орж зусаад намартаа Ганц модны ам өгсөн Халзангийн даваагаар давж ирж өвөлжөө рүүгээ дөхдөг, зарим зуд турхантай жил бүр Мөндөөхэйн ам өгсөн урагшаа давж эсвэл Их давааны ам уруудан говь руугаа орж өвөлждөг байсан гэлцдэг. Олуулаа учраас тэр хэдийн идэх уух нь дийлдэхгүй ямар сайндаа намар оройшиж сүү, цагаан идээ татрах үед самартай хольж өтгөрүүлсэн тараг хийж өгдөг байж. Энэ тухай соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч М. Гүрсэд гуай дурсан ярихдаа:
-Танай буурал аавынхан манайхтай олон жил айл саахалт явсан юм. Тэднийхэн адуу сарлаг олонтой, өнөр өтгөн сайхан айл байсан. Том хүргэнийг нь Наянбаатар, бага хүргэнийг Чийбаатар гэдэг. Ямартаа л бараан голдуу адуутай, баатар голдуу хүргэнтэй гэж нутгийнхан хошигнодог байхав. Намар болохоор би тэдний хүүхдүүдтэй хөтөлгөө морьтой самарт явдаг байлаа. Түүсэн самраа бид цайруулан бэлдэж өгөхөд Диваа гуай түүнийг нь намрын наранд хэд хоног хатааж байгаад ноос савж байгаатай адил саваагаар өдөржин нүдэж цайруулна. Дараа нь түүнийгээ сүүтэй самарч байгаад шүүн тараг бүрдэг байсансан. Тос даан шаргалтсан тэр өтгөн таргийг эхлээд уухад хоолой аргасан, ялимгүй газар амттай юм шиг санагддаг байсан ч сүүлдээ дасчихаад түүн шиг сайхан амттай тараг одоо хүртэл идэж үзээгүй шүү” гэж хуучилж билээ. Буурал ээжийн самартай тарагийг хавь ойрынхон нь анддаггүй байсан аж. Манай нутгийнхан хүүхэд орж ирэхэд заавал тараг хийж өгдөг, тиймээс ч бид айлын эзэгтэйн унд ус зан чанарыг бүрсэн тарагных нь амтаар ихэнхдээ хэмждэг байсан даа. “Тэднийх сайхан тарагтай тийшээ очих уу” гэлцэн гүйлддэг байсан санагдана.
Бидний Живаа хэмээн авгайлдаг Цэвээн ах маань бөөн онигооны эзэн. Тохийсон өндөр нуруутай, цэрэг хувцастай тэр өвгөн манайд нэг зун буурал ээж дээр ирж хэд хоног байхдаа ганц халуун савыг нь дайрч унагаж хагалсныхаа төлөө эмгэнээр загнуулж бараг хөөгдөх дөхөж байж билээ. Тэгэхэд халуун сав гэдэг юм хөдөө газар нүдний гэм байж. Хойтон жил нь хотод ирээд Цэвээн ахын элдэв онигоог сонсон элгээ хөштөл хөхөрдөг байлаа.
Мань хүн тэр үед хотын гал командад ажилладаг байж. Нэг удаа гэрийнх нь хажуугийн улаан булан шатаж байх үед гүйж очсоноо гал унтрааж байсан хүмүүс рүү “Наадах гал чинь нэгдүгээр үедээ орчихсон байна, нэмэргүй, нэмэргүй” гэж орилж байгаад хотын буурал ээжид ёстой нэг сайн бангадуулж билээ. Бас нэг удаа тэдний бандийг Американ дэнжийн орос хүүхдүүд шоглочихож. Хүүгээ дагуулсаар тэр хавийн оросуудтай очиж:
-Өчнөөн төчнөөн мальчик байхад заавал миний муу мальчикийн носыг тас цохихдоо яадаг байна аа гэж хэлсэн гээд л Тогтмол эгч “татаж унаад” байж билээ. Буурал ээжийн өргөмөл хүүхдүүдийн нэг Хулгана адиагийнх Цагаанхайрханаас нэг зун нүүж ирэн Туруунд манайхтай айл зуслаа. Жигтэйхэн майга хөлтэй ёстой хулгана шиг жижигхэн биетэй, намхан бор хүн өмдөө дээр үеийн бөхчүүд аятай бөгснийхөө яг тал дундуур татчихаад тэр хавийн айл хэсээд аяга тагш юм эргүүлээд явдаг байв. Ээжтэй хамт ажилладаг Минсэл эгч түүнд нь их дургүй. Ээжид:
-Чи тэр нагац ахдаа өмдөө сайн татаж бай гэж хэлэл дээ хэмээн үгэлдэгсэн.
Буурал ээжийн минь гарын бор талхны амтыг гүйцэх торт ч үгүй мэт надад санагддаг. Талх нь тансаг сайхандаа биш, тэр хүний биднийг гэсэн юугаар ч сольшгүй хайрын “хөлстэй” байсандаа тэр байх. Тавиурын өмнө бөгтийн зогсчихоод бор талхаа хиртэй дээлнийхээ энгэрт нааж байгаад мохоо хутгаар арай ядан зүсэж байгаа буурал ээжийнхээ дүрийг бид яахан мартах билээ.
Буурал ээж орон доороо нэг жижигхэн цоожтой авдартай, түүндээ энд тэндээс зочин гийчин ирэхдээ өгсөн бэлгүүдийг нь хадгална. Энэ “сейфэнд” нь байхгүй юм гэж ер үгүй, дөрөв арвын хатсан боовноос өгсүүлээд үзэм, чавга, төрөл бүрийн чихэр, торго, дурдан заримдаа бүр өөрийнхөө хийдэг бор талхаа хүртэл нууж орхино. “Алтан өргөө” кинон дээр гардаг өвгөн шиг түлхүүрээ хүзүүндээ зүүчихдэг болохоор бид нар тэр авдраас юм хүртэх боломж олддоггүй байлаа. Нэг өдөр эмээ маань түлхүүрээ гээж бөөн эрэл болох нь тэр. Оосор нь тасраад хаана ч унасан юм бүү мэд. Зочин ирчихсэн байдаг, тавагны чихэргүй тул ээж маань эмээг сурсан зангаараа царайчлахаас өөр аргагүй болов. Буурал ээж түлхүүрээ хаячихсан юм чинь яах ч аргагүй. Гэнэт Мууяа ах тэсэлгүй: –Би онгойлгоод өгөх үү гэв.
–Яаж? Зөвшөөрөхөөс өөр аргагүй байсан тул түүн рүү дохитол мань эр авдрын таглааны арын нэг банзыг нь төвөггүй мултлах нь тэр.
–Аа муу турсага, даанч чихэр алга болоод байсан юм гэнгүүтээ буурал ээж таягаараа Мууяагийн нуруун дундуур гөвөөд авлаа. Ингэж чихрийн хулгайч өөрөө өөрийгөө илчилж, аав маань модон хайрцганд нь цоож түлхүүр шинээр тааруулж бөхөлж өгснөөр буурал ээжийн дотор уужирсан ч бидэнд итгэх итгэл нь нэг хэмээр доошилсон байж мэднэ.
Аав ээж хоёр ажилдаа өглөө гараад л явчихна, лекц, дугуйлан, сонин уншлага гээд ихэнхдээ оройтно доо. Арван дөрөв, тавуулаа амьдардаг энэ айлын арын бүх албыг буурал ээж удирдан зохицуулдаг байлаа. Морь мал, өвс, тэжээл, түлээ түлш, ус цас, хоол унд гээд буурал ээжид оролцохгүй ажил нэг ч үгүй. Буурал ээж манай өглөө хамгийн түрүүн босч гал түлж, эхлээд өөрийнхөө өтгөн бор цайгаа чанана, дараа нь ээж босч бидний нийтийн хар цайг болгосноор манай гэрийнхэн увуу цувуу босоцгоож шуухитнан тус тусынхаа ажил төрөлдөө шамдацгаана. Эмээгийн маань шөлний тосоор амталж зуухан дээр хайрсан тосгүй гамбир мөн ч амттай байсандаа. Намайг хааяа харж үзэж бор цайнаасаа аягалж өгнө, түүнийг нь хүртсээр байгаад сүүлдээ цайгүй удаан явахаар толгой өвддөг болтлоо дасчихсан байж билээ. Буурал ээжийн чих хатуу учир манай гэрийнхэн төвөгшөөгөөд ярих хүн ховор, ээжийн ярьсныг амны нь хайрцгаар сайн ойлгочихно, харин бид нар хэл амаа ололцох гэж хашгичиж өгнө өө. “Битгий гуугачаад бай, ярих гэж байгаа юм бол ойрхон суугаад олигтойхон чанга хэл” гэж загнана. Буурал ээжтэй хэсэг ярьчихвал тэр инерциэрээ анги дээрээ орилж ярин шоолуулах учраас тэгэсгээд татахаас өөр аргагүй.
Тэр үед одоогийнхтой адил сүү цагаан идээ борлуулдаггүй байсан болохоор өвөлдөө сумын төвд сүү гэж ёстой нүдний гэм. Сургуулийн жолооч Нямандорж гуайн авгай Дуламсүрэн гэж сайхан зантай эмэгтэй өдөр болгон шахуу литр сүүгээ илүүчлэн манайд авчирч буурайд өгнө. Тогоотой цай буцлах зуур хавь ойрын болоод хорвоогийн сониноос “Тунгалаг тамир” дээр гардаг өртөөний хоёр өвгөн аятай буурал ээжийн чихэнд хошуугаа наах шахуу ярьж дуулгана. Цаадах нь их таатай, хөгшин залуу хоёр ингэж санаа нийлэн их дотносно оо.
Эмээгийн маань ганц үндсэн хөрөнгө нь далиу эвэртэй алаг үнээ байсан. Тугалласныхаа дараахан далиу эвэрт их муухай ааштай, эмээгээс өөр хэнийг ч ойртуулахгүй, саалгахгүй, манийгаа хүртэл мөргөж унагана. Буурал ээж яг хүнтэй ярьж байгаа юм шиг түүнтэйгээ ярина. Алаг үнээ жил болгон тугаллаж, эмээд маань мөн ч олон жил цайны сүү уулгаж, гарсан бяруу шүдлэнгээр нь бид ч тогоогоо олон жил тосолсон доо.
Хэвтэр хөрзөнг нь хөлдөөхгүйн тулд нялх тугалыг шөнө босож шээсийг нь тосно гэж нэг тамтай ажил байлаа. Өвлийн шөнө яг дуг нойрон дунд аав дуудна, сэрэхгүй бол хөнжил дээр хучсан дээлний ханцуйнаас бүсээрээ оосорлож бэлдчихсэн байж байгаад хуу татна даа. Нүдээ бараг нээлгүй шахам хувин аваад өвлийн тачигнасан хүйтэнд харанхуйд тэмтчин тугалын амбаарт орж нөгөөх муу тугалыг өшиглөж босгоод шээлгэх гэж чивнийх нь үсийг маажаад хүлээгээд л байна, хүлээгээд л байна... арайхийж шээлгэж аваад бас болоогүй шээсийг нь аавд үзүүлж шалгуулж байж унтанаа. Мууяа ах тугал их хурдан шээлгээд байдгийн учир нь гадаа гаруут өөрөө шээчихээд аавд үзүүлчихдэг байсных юм билээ. Сүүлдээ тугал дасчихаад босонгуут дуулгавартай нь аргагүй түргэхэн шээчихээд буцаад хэвтчихдэг болдогсон.
Яваандаа буурал ээжийн алаг үнээ хөгширч тугаллахаа болилоо. Аав нэг өвөл энэ үнээг төхөөрөх цаг нь болжээ ухааны юм ярьтал эмээ маань урьдуур нь орж: -Та нар эхлээд намайг алчих, тэгээд үүнд гар хүр гэж хориг тавьсан тул яах ч арга байгаагүй. Алаг үнээ өглөө болгон өргүүлсээр тэр өвөл байгалийн жамаараа нүд аньсан юмдаг.
Залуудаа их нүгэл хийсэн хүн өтлөхдөө их шаналж зовдог, бүр үхэж ч чаддаггүй юм гэнэлээ гэж буурай бидэнд үргэлж ярьдагсан. Намайг орос руу сурахаар явахад:
-Чамайг эргээд ирэхэд буурал ээж нь байхгүй болчихсон байх шүү гэж уйлаад л торойгоод хоцордог, хойтон нь ирэхэд улам жижгэрчихсэн байж л байдаг эмээ минь намайг сургуулиа төгссөн жил нэг хатуу үүрэг өглөө.
-Чи дахиад ирэхдээ үрийнхээ зулайг үнэрлүүлээрэй, тэр болтол чинь би тэсээд байж байя гэв. Би ч амласнаа биелүүлж гурван жилийн дараа эхнэр хүүхдүүдтэйгээ зуныхаа амралтаар очоод буцахад:
-Одоо надад хоргодох юм байхгүйэ гээд их л тайвширсан аятай үлдсэн юм. Тэр зун буурал ээж, хүүд маань хөнгөн цагааны хайлшаар хийсэн жижигхэн морь бэлэглэж, “За миний бяцхан хүү эмээд нь чамд өгөх мөнгө төгрөг энээ тэрээ байхгүй ээ, үүнийг л өгөх гэж олон жил хадгалсан юм. Алсдаа аав ээж хоёртоо, унасан эзэндээ үнэнч морь лугаа адил ачтай тустай сайн хүү болоорой” хэмээн захисныг дөрөвхөн настай байсан хүү маань сүнсээрээ мэдэрсэн юм уу үнэхээр бид хоёртоо дуулгавартай сайн хүү болж өссөн билээ. Хүү минь настай цаашдаа буурайгийнхаа захиснаар ээж аав хоёрыгоо ивээж явах нь мэдээж.
Ер хүртлээ ямар ч өвчин тусч үзээгүй тэрээр урин хаврын нэгэн шөнө дахин сэрэхгүйгээр нэгмөсөн нойрсчихсон доо. Буурал ээж минь тун их буянтай хүн байсан юм. Тэрээр Бурханы оронд очсон нь гарцаагүй. Ум ма ни пад ми хум.

2005 оны 10 дугаар сар 17

No comments: