Thursday, March 22, 2012

Ээжийнхэн

Ээж минь бар жилтэй, багаасаа өвөө, эмээ дээр өргөгдөн өссөн, нилээдгүй эрх нэгэн байсан гэдэг. Аав нь Чийбаатар, ээж нь Гөлгөө гэдэг хүмүүс байсан ба эхээс арван хоёулаа төрсөн боловч Бунчмаа, Маамуу, Жамбалрагчаа, Гарамдорж, Шагдарсүрэн, Тогтмол нар нь хорвоогийн жамаар жирийн нэгний амьдралыг туулж, одоо үр хүүхэд ач гуч зээ нийлээд дал гаруй халуун амь болж үржсэн байна.
Ээжийн ээж буюу эмээгээ бид хотын буурал ээж гэж дуудна. Тэрээр хүүхдүүдээ дагаад жараад оны эхээр хот руу нүүчихсэн болохоор бид тэгж авгайлдаг байж. Их том биетэй, чанга дуутай бид хэдийг “умруулдаг ” хүний нэг байсансан. Хүнд их итгэмтгий цайлган, нэг удаа зурагт гэж юм анх гарч эхэлж байх үед манай нутгийн партизан Бадрахын хүү Энэбиш гэж нэг сахилгагүй банди буурал ээжийнд ирчихээд түүгээр даапаалсныг би сайн санаж байна.
Хотын буурал ээж түүнд “Зурагтгүй болохоор хүүхдүүд айл руу гүйгээд гэртээ тогтохгүй байна” гэхэд нь тэр золиг “Алив эмээ нэг сайхан хоол хийж бай би одоохон танд тэрнийг чинь хийгээд өгье, ядах юмгүй “ гэж. Буурал ээж ч баярлан сүйд болж ганц үмх махаараа гараа гарган хоол хийж байх хооронд мань эр гадаа байсан цайны хунзыг задлан хайрцаг маягийн юм хийж эхэлжээ. Хоол ч болж мань хүн орж ирж идчихээд доторхы нь дараа ирж хийж өгнө гээд тэр чигээрээ арилсан байж билээ.
Бид олуулаа болохоор хотын буурал ээж боорцгоо амбарт хийгээд цоожилчихно. Нэг өдөр боорцог авах гээд гарсан буурал ээж маань байдаггүй. Бид хойноос нь гарвал амбаар дотор тас гэдэргээ саваад ухаан алдаад уначихаж. Бид хэд бөөн уйлаан майлаан болж арайхийж дамжилж гэрт оруулж ирчихээд үнэртэй ус хөвөнд шингээгээд үнэртүүлж байтал дээлийнх нь захнаас нэг жижигхэн хулгана шурхийн гарч одох нь тэр. Ухаан алдсаны учир нь эмээ боорцогныхоо уут руу гараа шургуултал ханцуйгаар нь тэр муу оготно дамжаад нүцгэн суга руу нь гүйгээд орчихсон хэрэг байж.
Намжилдорж оогиогийн ээж буюу биднийхээр бол гоё ээж гэж авгайлдаг бас нэг буурай Цагаанхайрханд байлаа. Жинхэнэ нэрийг нь хэн ч гэдэг байсан юм бүү мэд. Юм харж байгаа эсэх нь мэдэгдэхээргүй, хоёр нүд нь үргэлж хагас аниатай, ам нь бувтнаад гарынхаа алгыг үргэлж хавсарчихсан, зуухныхаа өмнө сууж байдагсан.
-Эмээ та юм цээжлээд байгаа юм уу гэхээр,
–Цөг, дуугай бай гээд л загнадаг мөртлөө үдэш биднийг орондоо орохын үед жигтэйхэн гоё гоё үлгэр ярьж өгдөг байсан хүн байлаа. Гоё ээж орой бүр хургаа ялгаж дуусангуут хоолоо гал дээрээ хийж тавьчихаад, муу умгар гэрээ тойрч, сунаж унаад мөргөөд л байна, мөргөөд л байна.. Яагаад ингэдэг юм болоо гээд бид нар битүүдээ шоолцгооно. Түүнийг залуудаа ноёны шивэгчин явсан юм гэнэлээ гэж нутгийнхан ярьцгаадаг байлаа.
Ээжийн том эгч Бунчмаа буюу бидний авгайлдгаар Умбаа маань яг манай ээж шиг сайхан сэтгэлтэй, тас тас инээсэн, ёстой Энхамгалан хаан гэж ийм байсан болов уу гэмээр хүн байсан юм. Тэр үед өвөр дээрээ дүүрэн хүүхэд шавуулчихсан тарган хүний дүрстэй хятад шаазан баримлыг айлууд хоймортоо Энх-Aмгалан хаан хэмээн залчихсан байдагтай их төстэй. Маш уран, намайг оросод оюутан байхад цамц, костюмнаас өгсүүлээд миний бараг бүх хувцсыг оёж өгч явуулдаг хүн байлаа. Дорлигсүрэн буюу бидний авгайлдгаар Доолиогийнх яг тэр шавар баримал шиг олон хүүхэдтэй бужигнасан энэ айл Американ дэнж буюу одоогийнхоор 15-р хорооллын орчим байхад буурал ээж бид хоёр нэг өвөл тэднийд хөдөөнөөс ирж өвөлжиж билээ. Сайндаа ч биш юм аа, буурал ээж бид хоёр Цагаанхайрхан руу айлын гэрийн бүрэлгэнд явж байгаад замдаа Хангилцагийн голд машин сууж намрын эхэн сарын хүйтэн шөнө дан тэрлэгтэй хээр хоносноос хойш миний нүд, чих байнга өвддөг болж хот руу эмчлүүлэхээр ирж байгаа нь тэр. Хоёр нүд час улайж нуух нулимсандаа битүү наалдаад хонох учир өглөө сэрээд нүдээ нээж чаддаггүй, шүлсдэж маажиж байж ховхолдог, ээжийн хөхний сүү, пенициллин хоёроос өөр эмчилгээгүй явсаар хүндэрч ийнхүү буурал ээж намайг хотод авч ирсэн хэрэг. Дээр нь бас шөнө болгон шахуу чихээр хатгаж хоёр чихнээс булаг гоожиж зовооно, ер нь тэр гайтай найр хуриманд явснаас болж би нэг хэсэг үйлээ үзсэндээ.
Хотод ирээд эмнэлэг домнолгоор нилээдгүй явсан боловч олигтой засал авдаггүй, эмч нар нүдний махыг нь хусна, чихэнд нь хагалгаа хийнэ гэх зэрэг оношилж байсан боловч харин нэг эм барьдаг өвгөнтэй золоор таарч, тэр хүн миний аминд орсон билээ. Доолиогийнхтой айл байсан Ламзав хэмээх тэр өвөө судсыг минь барьж үзчихээд: –Энэ хүү их даарснаас болж бөөр нь өвдөн хий цус дээшилж, нүд чих хоёрыг нь барьж авсан байна, бөөрийг нь эхлээд эмнэх хэрэгтэй хэмээн дүгнэсэн нь болсон явдалтай гайхалтай таарлаа. Ингээд өвгөн надад бөөрний элдэв тан уулгаж эхэлсэн өдрөөс эхлэн миний нүд чих зэрэг маш хурдан засал авсан юм. Ардын эмнэлгийн гайхамшгийг тэгж би өөр дээрээ анх мэдэрсэн дээ.
Жамбалрагчаа буюу бидний нэрлэдгээр Оогио бол харин залуудаа багагүй ширүүн догшин зантай, нилээд балгачихдаг, дарангуйлагч маягийн эр байсан бөгөөд одоо хүртэл өөрийнхөө ах дүү нараа бүгдийг нь захиргааддаг хүн. Гармаа ахыг хааяа юм амсчихаад ирэхээр нь Оогио толгой түрүүгүй балбадаг, буурал ээж оролцож байж хоёр тийш нь болгохгүй бол бидний хэнбугай нь ч тэр хоёр “хувилгааны” дундуур орж зүрхэлдэгдэггүй байлаа. Оогиогийн эхнэр бидний бэр эгч Оролмаа гэж дуу цөөтэй, ах дүү нараа хүний өөрийн гэдэггүй, бүгдэд нь сэтгэл гаргаж ханддаг, зургаан хүүхдийн эх, намхан нуруутай, дөлгөөхөн хүн байв. Хүүхдүүдээ өсөж өндийлгэх гэж Орлом эгч маань бас л борви бохисгүй шогшсон доо.
Ээжийн дараагийн дүү Шагдарсүрэн буюу биднийхээр бол Шаалаа эгч нутгаасаа нилээд эрт гарч Завхан Тэсийн Давга гэдэг айлд бэр орсон хүн. Шаалаа, манай ээжтэй хамт өвөөгийндөө өргөгдөн буурал ээж дээр хамт өссөн хоёр. Завхан Тэсэд насаараа жолооч хийсэн хүргэн Давга ах маань буурал ээжийг аваачиж гэртээ хэд хонуулахаар Баруунтуруунд ирлээ. Нэг орой гадаа хүн амьтан шуугилдах чимээнээр бид гүйлдэн гарч харвал миний эрэгтэй дүү Батсүх буурал ээжийг авч явах сургаар Давга ахын машиныг нь шатаана гэчихсэн түмпэн дүүрэн түлээ овоолоод машин доогуур хийчихсэн утаа манаруулж байхад нь ашгүй хүн харсан байлаа.
Эднийхний хамгийн бага нь болох ээжийнхний дууддагаар “бор гэзэгтэй” буюу Тогтмол эгч маань орсон гарсан хүнд ундтай устай, нэг үе Архангайн Сүхээ бариачийг дагалдаж явсны хувьд бас муугүй “оточ” билээ. Манай ах дүү нарын хэн боловч хүүхдээ уйлагнахаар нь мань хүн рүү шогшчихдог, толгой түрүүгий нь хэд илээд л асуудал барагтай бол шийдэгдчихдэг байсан юм. Түүний нөхөр болох манай хүргэн ах Сүхбат маань уртын дууны ёстой мастер байлаа. Уг нь энэ авьяасыг багаас нь тордсон бол улсдаа дээгүүр орох дуучин болох байсныг хэн нь ч үгүйсгэхгүй. Би мань хүнтэй мөн ч олон удаа дуутай, хууртай шөнийг өнгөрөөж “Нарийн сайхан хээрийг” нь дахин дахин дуулуулж байсандаа.
Миний ээжийн өвөг эцэг Шагж гэдэг хүн. Тэднийх Чулуунбаатар, Батдорж, Чийбаатар, Дарамбазар, Цэгмид, Шарав, Намжилдорж гээд дан эрэгтэй хүүхдүүдтэй, Норолхойжав гэж ганц өргөмөл охинтой айл байж. Ээжийн авга ах Ханхөхийн хошууны сайн эр Шарав гэгч хүний тухай домог түүх мэт зүйлийг өгүүлэх хүн олон.
Шарав ах “Тунгалаг тамирын цахиур Төмөр” аятай аймаг сум дамжуулан адуу хөөж. нутгийнхандаа дамжуулдаг байсан нь баригдаж Улаангомын шорон руу ачигдсан боловч тэндээсээ оргож, Ханхөхий ууланд ирээд бүгчихэж. Уртын дуу сайхан дуулдаг байсан тэрээр Хөхийн арын ой модыг цууриаттал нь дуулахад нь зэлэн дээрээ сааль хийж байсан бүсгүйчүүдийн нүдэнд нь нулимс гүйдэг байсан гэлцдэг байлаа. Цагдаа нарт хөөгдөн амь тэмцэж явахдаа үертэй Ховд гол дээгүүр бугуйл залган шидэж хамгийн сайн моринд углан бугуйлаасаа зүүгдэж чирэгдэн ус гарч зайдлан унаад нутгийн зүг арилж одсон ч, жилийн дараа тэр морийг мөнгөн хазаар эмээлтэй эзэнд нь хүргэж өгч байсныг тэр нутгийн хүмүүс надад гэрчлэн ярьдаг юм. Арван жил ганцаараа уул хадаар тэнэн амьдарч байсан тэрээр хожим нь НАХ-ынхны тулгалтаар хамгийн сайн найздаа буудуулан хүнд шархадсанаас болж баригдсан юм. Тэрээр цээжиндээ бууны шархтай, явахдаа буудуулсан гараараа харгалзаж явсан хүний бүсэнд хавчуулгатай явсан өөрийнхөө хутгыг шүүрэн авч амиа егүүтгэсэн юм гэнэ лээ. Түүнийг барьж өгсөн багын найз нь тэр явдлаас хойш “чөтгөр” хоч зүүж нутгийнхандаа адлагдан үр хүүхдүүд нь тийм сайн яваагүй гэж ярьдаг юм билээ.
Ээж минь насаараа цэцэрлэгт ажиллан, хүний өөрийн хүүхдийг ялгалгүй бөөцийлдөг байсан буянтай буурал. Би багаасаа цэцэрлэгийн хоолны амтанд орсондоо тэр үү, ээждээ эрхэлдэг байсандаа ч тэр үү сургуульд орсон хойноо хааяа ээжийнхээ гараар хийсэн цэцэрлэгийнхээ хоолыг “бууддаг” байв. Залуудаа урт үстэй, улаа бутарсан их сайхан бүсгүй байсан гэж үе тэнгийнхэн нь ярьдаг юм. Зуны өдрийн уртад ажлаасаа нар дээр байхад ирдэг тэрээр гэрийнхээ сүүдэрт суун бид хэдийн түмпэн дүүрэн хиртэй хувцсыг угаах зуураа “Улаан торгон уутыг” сэнгэнэтэл исгэрдэгсэн. Ээжийн үеийнхэн тэр үед анхан шатны боловсролтой болгох дугуйланд хамрагддаг байв. Пагамжав гуай гэж ээжийн үеийн нэг бүдүүн авгай хичээл дээр үзэх тоогоо урьд өдөр нь хүүхдээрээ гэртээ бодуулж ирчихээд дэвтрээ шагайснаа -Энэ Баттогтох чинь юу гээд биччихсэн хар золигов гэж хэлээд ангийнхнаа нирхийтэл инээлгэсэн гээд л ярьдаг байсансан.
Манай хөрш хашааны Тарган Тунаа хэмээх нилээд лагс бүдүүн өвгөн аахилсаар нэг удаа манайд орж ирэн хоймор гарч, аавтай зэрэгцэн завилан суулаа. Ээж түүн рүү аягатай цай барин тонгойсноо писхийтэл инээд алдаад гүйгээд гарч одох нь тэр. Аав ч уурлаж амандаа үгэлсэн боловч, над руу сэмхэн нүдээрээ дохиход учрыг нь би ойлголоо. Тунаа гуайн өмдний салтаа онгойж, зайлуул бандааж түрсийк байхгүй байсан уу, эсвэл давхраараа зад явчихсан байсан уу бүү мэд бүдүүн гуяных нь цаанаас нь үхсэн хулгана аятай үрчийсэн хар “юм” цухуйж байсныг аав аятайхан сануулж орхитол өвгөн учиргүй сандран нөгөө муу “юмаа” хоёр гараараа цааш нь чихэж орхиход нь би ч тэсэлгүй инээд алдан гэрээсээ ээжийн араас гүйн гарч байж билээ. Тунаа гуай эл явдлаас хойш дараа жилийн цагаан сар болтол манайхаар нэг ч орж ирээгүй билээ.
Уурлана аашлана гэж ер мэддэгүй ээждээ нэг сайн балбуулах “аз” надад нэг удаа тохиож билээ. Би багаасаа анд хорхойтой, буу шийдэм үүрч, зурам туулайтай их хөөцөлдөх дуртай байж. Ээж маань үүнд их дургүй, гэвч яаж ч хориод дийлдэхгүй учир аминчлан захидаг зүйл нь:
–Миний хүү усны шувуу л битгий буудаарай, насныхаа дагуулыг амьдралдаа ганцхан удаа сонгодог болохоор нэгийг нь хороочихвол нөгөөх нь үхэн үхтлээ ганцаараа шаналдаг юм гэнэ лээ гэдэг байв. Нэг намар би бор галуу алж найз нартайгаа хээр шарж идчихээд жаахан мах өвөртлөж хариад ээждээ туулайны мах гээд өгч орхилоо. Идэж дууссаны нь дараа би:
–Та нөгөө битгий, битгий гээд байдаг амьтныхаа махыг хүртчихлээ ш дээ гэчихсэн чинь намайг уйлж байгаад галынхаа хайчаар ганц сайн гөвшсөндөө. Их ч өвдсөн, ижийн маань сэтгэл ч түүнээс илүү өвдсөнийг хожим нь би ухаарсан юм.
Оросод аспирантурт сурч байх үедээ ээжийгээ санах үедээ бас болоогүй шүлэг тэрлэх гэж оролдоно, гэвч тэр маань олигтой юм болдоггүй байлаа.

Ижийгээ би хайрлана

Ариун цагаан сэтгэлийг
Бурхан танд заяаж ээ
Ахиад олдохгүй ижийгээ
Борхон зүрхэндээ хайрлана

Эвийн уяхан сэтгэлийг
Ээж минь надад өвлүүлжээ
Энэ хорвоод таныгаа
Элэг зүрхэндээ хайрлана

Төөлөм биеийг минь төрүүлж
Туулах амьдралд хүргэсэн
Ачтай буурал ижийгээ
Амин голоосоо хайрлана

Нартын сүмбэр Хөхийн
Налгар буурал удамдаа
Намайгаа гэсэн Таныгаа
Насан туршдаа хайрлана

Үр нь ээжээ хайрладаг нь
Үйзэн хорвоогийн ёс
Үнэхээр миний түшиг
Үлэмжийн ачтай буурал даа гэж бичиж бас дуулж ч үзэв.
Намайг тэнд байхад ээж маань таван өдөр шөнө вагонд түчигнүүлэн явж ирж замдаа нилээд ядарсан боловч Москва хотыг бас үзчихээд бөөн баяр болж байж билээ. Хойтон жил нь Тогтмол эгч бас Москвад хөл тавиад их баярласан.
Бид хэдийг төрүүлж өсгөх гэж тарчигхан амьдралд нухлуулан зүтгэсээр багагүй ядарсан ч бидэндээ бол одоо ч сайхнаараа байгаа ээж минь. Бид хүнээс юм авахдаа ихэвчлэн баярладаг бол манай ээж эсрэгээрээ, хүнд юм өгөхдөө их баярлана. Нөөцлөх, хадгалах гэж ер мэдэхгүй, байгаагаа хүнд тарааж өгчихөөд өөрөө хоосон сууж байдаг хүн. Хааяа очиход хашаагаараа дүүрэн нохой, гэрээрээ дүүрэн муур тэжээчихсэн, хүний өөрийн гэхгүй хавийн хүүхдүүд хооллодог, “хоббитэй” ээж минь нэг л мэдэхэд “хотын” буурал ээжтэй маань усан дусал шиг адилхан эмээ болчихсон байлаа.
2010-03-05


No comments: