Tuesday, February 21, 2012

Шүтэн тахих уу? Сүйтгэн бузарлах уу?

Богд уулын Чандманы аман дахь Хийморийн овоо хэмээх овоон дээр саяхан гарахдаа би энэхүү асуултыг өөрийн эрхгүй тэнд очсон хүмүүсээс асуумаар санагдлаа. Энэхүү овоо нь олон түмний шүтэн тахьдаг онцгой газар гэх боловч очоод үзэхэд овоолж хөглөрч хогийн цэгээс онц ялгарах зүйлгүй харагдаж байв. Овоонд хүрэх замд уулын ёроолоос авахуулаад орой хүртэл архины шил, хуванцар сав, гялгар уут, сүүний уут баглаа энд тэндгүй хөглөрч, дөхөж очоод ажихад Улаанчулуутаас өөр хаа нэгтээ шинэ хогийн цэг нээгдсэн мэт сэтгэгдэл төрсөн юм. Бидний очихын өмнөхөн уг овоонд гал гарч байгаль хамгаалагч нь шөнөжин ажиллаж байж унтраасан гэж байлаа. Уугиж буй үнс нурман дотор дутуу хагас шатсан хадагны тасархай, эрээн мяраан дарцагны өөдсүүд, хайлж урссан хуванцар савтай зунгааралдан наалдсан байв. Хагарч бутарсан зүсэн зүйлийн шошготой архины шил, арцны тавагнууд, шаазан аяганы хагархай хэлтэрхийнүүд, янз бүрийн хийцтэй бойпор, сүүний уут, хөгзөрч харласан ул боов, саахар чихэр, төрөл бүрийн идээ будаа холилдсон байлаа. Юун салхинд гарч хиймороо сэргээх, ой гутмаар муухай үнэр танар өөдөөс хамар цоргино.

Цагаан сарын үеэр зурагтаар гарсан мэдээнээс үзвэл хэдэн мянган хүмүүс энэ овоонд гарч ургах нарыг үзэж хийморио сэргээсэн гэх. Үүнээс хэд хоногийн дараа хамт ажилладаг австрали залуу маань найз нартайгаа хамт монгол ёс заншлыг дагаж хиймороо сэргээхээр ийшээ ирсэн бөгөөд энэ овоог хогийн цэг болчихсон байгаа талаар надад гайхшран ярьсныг сонсоод эх дэлхий, байгалаа гэсэн сэтгэлтэй хэсэг найз нарыгаа уриалан дагуулж ирж хогийг нь цэвэрлэх санаа надад төрсөн юм. Ингээд өнгөрсөн хагас сайн өдөр Хийморийн овоо өөд явсан маань энэ билээ. Бид овоон дээр гарч хоёр цаг гаруй ноцолдсоны үр дүнд авч ирсэн 25 шуудайгаа түнтийтэл чихэж хогоор дүүргээд буцахад цаана нь ахиад 200 шуудай авчирсан ч дундрахааргүй их хог үлдсэн. Хамт хог түүлцсэн нөхөд маань “арай ч дээ” гэж үглэх нь чихэнд байн байн сонсогдож байлаа.

Аав ээжийн сургаснаар миний хар багаасаа ойлгосноор бол аль ч овоонд гарахдаа уулын бэлээс авч ирсэн хэдэн чулуугаа нэмэрлээд гурван удаа тойрдог, овоолсон чулууных нь хэмжээгээр уг овоог хэр удаж буй болон, үүгээр хэр олон хүн ирдэг болохыг нь гадарладаг байлаа. Гэвч одоо цагт овоон дээр овоолсон тансаг архины шил, сүүний сав, арц хүж уугиулаад орхисон варений шилний таг, шаазан таваг, ойр орчны модноос зангидсан хадаг, туг зэрэг зүйлээр нь энд хир зэргийн бэл бэнчинтэй, зүрх сэтгэлтэй хүн ирж буцдагийг нь мэдэхээр болжээ.

Ер нь юуны учир ямар зорилгоор овоонд гарч тахин шүтдэг юм бэ? Би монголын уламжлалт ёс зүйг бүрэн сайн мэдэхгүй тул сайн тайлбар өгч чадахгүй л дээ. Гэхдээ миний ойлголтоор бол энэ нь тухайн газар нутагт хүндэтгэл үзүүлэн уул усаа хайрлан хамгаалъя гэсэн сэтгэлийн үүднээс Монголчууд ийм үйлдэл хийдэг болов уу гэж би боддог. Тэгэхээр энэ бол байгаль дэлхийгээсээ ашиг шим хүртэж ирсэндээ талархлаа илэрхийлдэг өвгөд дээдсийн маань бидэнд уламжлуулсан ёс заншил юм болов уу. Ер нь Монголчуудын ихэнх зан үйл, ёс заншил бол өвөг дээдсээсээ хэдэн үеэрээ дагаж ирсэн ёс журмыг хойч үедээ өвлүүлэн үлдээх үр хүүхдээ байгаль дэлхийдээ буянтай үйлс бүтээх төлөвшүүлэхэд зориулагдсан байдаг.

Гэтэл одоо цагт овоон дээр гарч буй, тэр тусмаа Хийморийн овоон дээр гарч буй ихэнх нийслэлчүүд маань газар дэлхий, байгаль устайгаа тэр болгон харьцаж амьдардаггүй, байгалийн ашиг шимийг нь арилжааны захаас авсан мах ногоогоороо төсөөлөн ойлгодог тул байгаль дэлхийн ач ивээлийг хүссэндээ овоо өөд гардаггүй нь лавтай. Харин ийшээ мацагсдын дийлэнх нь ажил төрөл, бизнесийнхээ ашиг орлогыг аривжуулахын төлөө л овоон дээр гарч залбиран гуйх сэтгэл өвөрлөдөг болов уу. Учир нь “Овооны эх нь таньдаа, олзны эх нь наддаа” хэмээн идээнийхээ дээж хэмээх архиа, эсвэл өөр нэг нь сүүгээ цацчихаад уусан архины шил болоод сүүнийхээ савыг хамтад нь овоондоо “өргөж” орхидог нь ёс мэт болсон байна. Цацсан сүү, өргөсөн архи, тарьсан хог новшных нь төлөө Хийморийн овоо олз хишгээ тэдэнд хир их хайрлах бол? Эрт цагийн малчин ард маань нутаг усаа хүндлэн хайрлах хайраа овоон дээрх зан үйлээр төлөөлүүлэн үзүүлдэг байсан бол орчин цагийн эздүүд мөнгө, амжилт, албан тушаалын төлөөх шунаг сэтгэлээ өвөрлөн овоондоо гардаг нь энд тарьсан их хогноос нь л төвөггүй танигдахаар.

Богд уул маань хэрэв лус савдагтай бол, тэрээр өөрийнх нь эзэмшил нутгийг хүндэтгэж буй хүнд л ач ивээлээ үзүүлэх нь лав. Харин өөрийг нь хогийн цэг болгон бузарлаж байгаа хэн нэгэнд ивээл адислал юугаан үзүүлэх нь юу л бол доо.

П. Эрдэнэбилэг

Өнөөдрийн Япончуудын эмгэнэл ирээдүйн Монголчуудад давтагдах ёсгүй

Японы Осакагийн их сургуулийн багш, монголч эрдэмтэн дэд профессор, хатагтай Имаока Риоко гуайтай уулзлаа

Ш.П-Монголчууд бидэнд нилээд эртний танил болсныг тань 90-ээд оны үед гарч байсан “Говьд өвөлжиж буй Япон бүсгүй” телевизийн сурвалжлагаас анх харснаа санаж байна. Түүнээс хойш бараг хорин жил өнгөрчихжээ. Өөрийгөө манай уншигчдад товчхон танилцуулахгүй юу? Одоо ямар ажлаар Монголд ирээд байна?

И.Р-Тиймээ, би анх Монголд 1989 онд Монголчууд та бүхний эртний танил профессор Онуки багштайгаа Монголд ирж Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өмнөговь, Булган зэрэг аймгуудаар явж тэр үеийн ХААНэгдлийн гишүүд малчдын нийгмийн асуудлыг судалж байсан юм. 1990 оноос хойш Баянхонгор аймгийн Богд суманд нэг айлын туслах малчнаар жил гаруйтай ажиллах үед сурвалжлагчид очиж байсан юм. Ингэж амьдралын төөргөөр ч гэхүүдээ Монголчуудтай хувь заяагаа холбосноос хойш нэг л мэдэхэд 20 гаруй жил болчихсон байна шүү. Өнөөдөр Осакагийн их сургуульд Монгол судлалын чиглэлээр ажиллаж байгаа, бас монгол нөхөртэй болсон. /Инээв/. Би ер нь Монголд байнга ирдэг л дээ. Энэ удаа Олон улсын Монголч эрдэмтэдийн их хуралд илтгэл тавих бас хэдэн оюутнуудтайгаа Хөвсгөл, Баянхонгор аймагт очиж дадлага хийхээр ирээд байна. Мөн үүнээс гадна Монголд цөмийн хаягдлыг булшлах гэрээ хэлцэл хийхээр танай хэсэг бүлэг улс төрчид ихээхэн шаргуу хөөцөлдөж байгааг өнгөрсөн жилээс сонссон юм. Ингээд манай улсад цөмийн станц ажиллаж байгаа газрын иргэд болон цөмийн физикийн мэргэжилтнүүд, эрдэмтэдтэй уулзан ихээхэн сэтгэл түгшиж энэ талаар миний дотнын нөхөд жирийн монголчуудтай санаа бодлоо хуваалцах бодолтой байгаа. (“Майничи” сонины сүүлийн дугаар үзүүлэв).

-Таны “UBS” телевизэд өгсөн ярилцлагаас сонсоход өнөөдөр Японд тухайлбал Фукишимагийн орчимд байдал сайнгүй байгаа юм аа даа.

-Тиймээ, тэнд байдал тун хүнд байгаа шүү. /“DAYS JAPAN” №8 сэтгүүл дээр тавигдсан нийтлэл болон газрын зураг үзүүлэн тайлбарлав/. Энэ орчимд хоёр сая гаруй хүн амьдардаг юм. Чернобылийн ослын үед хуучин ЗХУ-ын засгийн газар бүх хүмүүсийг осол болсон газраас хүчээр нүүлгэн шилжүүлж байсан. Харин манай Японд өнөөдөр энэ олон хүнийг цацрагийн идэвхшилтэй бүсээс нүүлгэн шилжүүлэх үнэхээр боломжгүй гэж засгийн газар үзэж байгаа бололтой.. 12 сая хүнтэй Токиогийн дүүрэг ч цацрагт идэвхт бодисд хордож эхэлж байгааг иргэд ойлгосон. Цөмийн эрчим хүчийг ашиглахдаа ямар ч аюул, хөнөөлгүй технологи хэрэглэж байгаа талаар бидний тархийг засгийн газар олон жил угаасандаа. Гэтэл саяын ослын дараа Фукушимагийн энэ 1,2-р станцад 1973 оноос буюу байгуулагдаж эхэлсэн өдрөөсөө эхлэн 140 гаруй удаа осол доголдол гарч байсан талаар энэ нийтлэлд он цагийн дарааллаар нь нийтэд гаргаж тавьсныг та харж байна. Тэнд ажиллаж буй хэдэн робот цацрагийн тархалтын зураг авах ажил л хийж чадаж байна. Өөр ямар ч ажил үүрэг хийх чадваргүй байгаа учраас ослын газар очиж ажиллах хүн хүчний шаардлага өнөөдөр тун өндөр байна. 15-хан минут ажиллуулаад 20000 иен /300 гаруй гаруй мянган төгрөг/ өгье гэсэн ч ажиллах хүн ховор байна. Одоо хоног хугацаа өнгөрөх тусам цацрагт идэвхт бодис тархсан бүсэд амьдарч байгаа хүмүүсийн дунд ямар өвчин үүсэж эхлэхийг хэн тааж мэдэх юм бэ. Тэр тусмаа ирээдүйн үр хүүхдүүдийн маань хувь заяа тун бүрхэг. Ийм нөхцөл байдал цөмийн энерги ашиглалтаараа тэргүүлдэг гэгдэх Америкийн технологиор баригдсан АЦСтанцад гарсан ноцтой аюул Япон улсад үүсчихээд байхад Монголын зарим улс төрчид Америк, Японтой хамтран цөмийн хаягдал булшлах байгууламжийг Монголд барих талаар ярьж байгааг сонсоод би үнэхээр гайхаж байна

-Танай Япон улс АЦСтанцаас гарч байгаа хаягдлынхаа асуудлыг ер нь яаж шийдсэн байдаг вэ?

-Японд одоохондоо хоёр газар цөмийн хаягдлыг хадгалах агуулах туршилтын журмаар баригдаж байгаа л даа. Гэхдээ үүнийг нь орон нутгийн иргэд маш хүчтэй эсэргүүцэж байгаа учраас засгийн газар одоо нилээд хүнд байдалд орчихоод байгаа болов уу.

-Монголд уран олборлох, баяжуулах, мөн анхны атомын цахилгаан станцыг 2017 оноос Монголд барьж байгуулах талаар саяхан Улаанбаатарт семинар болж Японы судлаачид сургалт явуулсан талаар та бодвол сонссон байх л даа?

-Тиймээ сонссон, Та бүхэн харин ч үүний эсрэг сургалт сурталчилгаа, хэлэлцүүлгийг олон нийтийн дунд хүчтэй явуулах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Би Осакагийн их сургуулийн физикч профессоруудтай уулзаж ярилцахад тэд Монголд атомын цахилгаан станц барих ямар ч боломжгүйг дараах байдлаар тайлбарлаж байсан юм. Нэгдүгээрт, Японд жилд 2000мм хур тундас ордог хирнээ гадаргын болоод гүний усны нөөц хүрдэггүй учраас нэг АЦС-ийн цөмийн реакторыг байнга хөргөхийн тулд далайгаас секунд тутам долоон тонн ус шахдаг. Монголд ийм хэмжээний усны нөөц байхгүй. Хоёрдугаарт физикчид АЦС-ыг “нойлгүй орон сууц” гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл станцаас гарах цөмийн хаягдлын асуудлыг цөмийн энергийн салбарынхан одоо хүртэл шийдэж чадаагүй тууж яваа. Дэлхийн ураны нөөцийг өнөөдрийн хэмжээнд ашиглахад 100 жил хүрэхгүй нөөцтэй юм билээ. Гэтэл Финляндын “Онкало” гэдэг газар баригдаж байгаа том зооринд хадгалах цөмийн хаягдал 100 мянган жилийн дараа аюулгүй болно гэж эрдэмтэд тооцож энэ талаар баримтат кино хийснийг Японд үзүүлж байсан. Боломжтой бол “100.000 жилийн дараах аюулгүй байдал” гэсэн энэ киног олж үзээрэй.

-Цөмийн хаягдлыг Монголд булшлах нууц гэрээ хэлцлийн талаар манай хэвлэлүүд энэ зунжин шуугицгаалаа. Таны зүгээс хамгийн сүүлийн үеийн мэдээ болгоод дуулгачихаар зүйл байна уу?

Японы гадаад хэргийн сайд Мацүмото өнгөрсөн 7 сарын 23-ний өдөр зохион байгуулагдсан Монгол-Япон хоёр улсын албан ёсны дипломат уулзалтын талаар саяхан өгүүлэхдээ “Монгол улсын хууль тогтоомжийн дагуу цөмийн хаягдлыг байршуулах, өөрөөр хэлбэл цөмийн хаягдлыг гадаад орноос өөрийн орны нутаг дэвсгэрт авах асуудал хүндрэлтэй гэсэн байр суурь илэрхийлсэн” гэж дурьдаж байсан.

Цөмийн станц барих, хаягдлыг Монголд булшлах асуудлыг сөхөж тавиад байгаа хүмүүсд би энэ дашрамд хандан “Энэ бол ирээдүйн Монголчуудын хувь заяаны асуудал шүү, өнөөдрийн Японы эмгэнэл Монголд хэзээ ч давтагдах ёсгүй” гэж дахин хэлмээр байна. Монголын өргөн уудам тал нутагт нар хангалттай тусч байна, салхи өдөр бүр үлээж байна. Сэргээгдэх эрчим хүчний энэ нөөцөө зөв ашиглах юм бол Монголын цөөхөн хүн амд хангалттай юм биш үү. Мөн газрын доор нь хэдэн арван тэрбум тонн нүүрс байгаа гэсэн. Технологи, дэд бүтэц хөгжөөгүй, дээр нь усны нөөц муутай энэ оронд яагаад заавал хэдэн зуу, бүр мянган жилээр үхэл таригч ураныг олборлох, ашиглах, тэр тусмаа хаягдлыг нь Монголд булшлахаар улайран хөөцөлдөж байгаагийн цаад учрыг би одоо хүртэл ойлгохгүй байна.

Ш.Пүрэвсүрэн Үндэсний шуудан” 2010-9-12

Урааны сургамж

Одоогоос 25 жилийн өмнө Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрч шатан хэдхэн хормын дотор онц аюултай цацрагт идэвхт бодисууд агаарт их хэмжээгээр цацагдсан юм. Хорт цацрагийн хөнөөл тоймгүй их тул түймрийг дэлхий нийтэд зарлалгүйгээр чимээгүйхэн унтраах гэж оросууд тэр үед эрвийх дэрвийхээрээ үзэж. Дийлэлгүй маргаашаас нь эхлэн 30 км-ийн тойрогт орших хот тосгодын хүн амыг яаралтай нүүлгэн шилжүүлж байж билээ. Атомын цахилгаан станцын түүхэнд гарсан хамгийн том энэ гамшгийн талаар хангалттай тоо баримтууд дурьдагдсаны нэгэнд “энэхүү дэлбэрэлтийн уршгаар 1945 онд Японы Хирошима хотод хаясан атомын бөмбөгөөс даруй 400 дахин их цацрагт бодис орчиндоо тархсан” гэж дүгнэсэн байдаг.

Цацраг идэвхт бодис агуулсан үхлийн бараан үүл салхины чигийн дагуу туугдаж Белорус, Украин, цаашлаад Швед, Финлянд, зүүн Европ орнууд бүр АНУ-ын зүүн эргийн хотуудад хүрсэн байна. Цөмийн хүчтэй хордлогод хамрагдсан нутагт амьдарч байсан 200 гаруй мянган хүнийг тухайн үед яаралтай нүүлгэн шилжүүлсэн боловч энэ бүс нутагт амьдарч байсан 10 сая шахам хүн цацрагт идэвхт бодисын тунгаас ямар нэг хэмжээгээр хүртсэн юм билээ. Бүр хойд туйлд амьдардаг цаатнууд хүртэл цацраг шингэсэн хөвд хүртсэн цаа бугынхаа сүүгээр дамжин хордсон нь тогтоогдсон байдаг. Дэлбэрч сүйдсэн станцын дээрээс мянга мянган тонн хар тугалга асган хэдэн арван метр зузаан бетоноор хучсан ч энэ авсан дотор явагдах цөмийн урвалыг зогсоох ямар ч боломжгүй учир хэзээ нэгэн цагт үхлийн гамшигт туяа дахин тархаж эхлэхийг хэн ч үгүйсгэхгүй байгаа билээ. Учир нь урааны хагас задралын үргэлжлэх хугацаа 4.5 тэрбум жил тул энэ дэлхий сөнөсөн хойно л гал бүрмөсөн унтарна гэсэн үг.

Ослын хор хохирлын дүнг мөнгөөр тооцон илэрхийлэх ямар ч боломжгүй нь хэнд ч ойлгомжтой. Тэр үед дэлбэрэлтийн голомтонд өдөр шөнөгүй ажиллан амьд тамтай нүүр тулсан дайчдын 60000 нь өнөөдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Гаж төрөлтүүд, нярайн эндэгдэл энэ бүс нутагт эрс ихэссэн ба төрөл бүрийн хорт хавдраар өвчлөгсөд ялангуяа бамбай булчирхайн хорт хавдар өргөн түгээмэл болсон талаар ДЭМБ судалж тогтоосон. Уг бүс нутагт 300 шахам мянган хүн хорт хавдраар өвчилсөн мөн энэ тоо цаашдаа улам өсөн нэмэгдэх хандлагатай байгаа талаар “Green Peace” байгууллагаас мэдээлсэн байна.

Хүмүүний мэдрэхүйн таван эрхтэнд үл мэдрэгдэх хорт бодис өнөө хүртэл хөрсөнд шингэн хадгалагдаж, тэндээсээ өвс ургамал, агаар усаар дамжин бидний бие махбодид чимх чимхээр шингэж, чимээгүй үхлийг далласаар буй. Иймээс ч Европын зарим орнууд Украин, Белорус, ОХУ-ын цацрагийн хор тархсан бүс нутгуудаас зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахыг хориглож байна. Гэтэл өнөөдрийг хүртэл манай их гарын наймаачид тэндээс чихэр, элсэн саахрыг тонн тонноор нь зөөсөөр л байгаа нь нууц биш билээ.

Дэлхийн олон нийтээс энэ аймшигт ослыг нуух болсон шалтгаан оросуудад олон байлаа. Гол нь Чернобылийн АЦС нь Украинд баригдсан эрчим хүчний анхны том байгууламж байсан ба энд осол гарснаар асар их хөрөнгө оруулалт хийгдэж баригдчихаад ашиглалтанд ороогүй байсан хэдэн арван АЦС-ууд үүд хаалгаа өнөөг хүртэл барихад хүргэсэнд оршино. Хоёрт, АЦС-тай холбоотой бүх мэдээллүүд нь улсын өндөр зэрэглэлийн нууцлалд ордог байсан ба энэ талаархи хууль тогтоомжоо 1998 онд өөрчилсөн байдаг.

Чернобылийн энэ осол дэлхий нийтийг нэг хэсэгтээ шоконд оруулсан бөгөөд ЗХУ болоод бусад орнуудад эрчимтэй хэрэгжиж байсан атомын цахилгаан станцыг барьж байгуулах ажил үндсэндээ зогсонги байдалд орсон юм. Ялангуяа Германы “Ногоонтнууд” атомын станцын эсрэг маш хатуу бодлого явуулж байсны дээр 1986- 2002 оныг хүртэл дэлхийн орнуудад нэг ч атомын цахилгаан станц шинээр баригдаагүй юм. Гэвч өнөөдрийн байдлаар дэлхийн 31 оронд 440 АЦС ажиллаж дэлхийн цахилгаан эрчим хүчний 15 хувийг дангаараа үйлдвэрлэж байна.

Сүүлийн үед манай зарим эрх баригчдын зүгээс Монгол улс өнөөдөр урааныхаа нөөцөөр дэлхийд толгой цохиж байгаа талаар ярьж, бичиж энэ баялагийг олзворлож эхлэх юм бол бид хэд тэнгэрийн умдаг атгах мэтээр аашилж аяглах боллоо. ОХУ, Франц, Хятад тэргүүтэй цөмийн зэвсэгтэй орнууд манайх руу хошуураад эхэллээ. Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирал Мохамед ЭлБарадей ч өнгөрсөн жил манайд айлчиллаа. Ер нь өнөөгийн эрх баригчдын уран үгээр донгодоод байгаа ураан гэж чухам юу юм бэ, энэ тийм ховор, үнэтэй цэнэтэй эд юм уу гэж олон хүн асуудаг.

Ураан тийм ховор эд үү гэвэл огт үгүй. Хаана ч очоод нэг тонн шороог захын нинжагаар аятайхан “угаалгаж” чадвал нэг грамм урааныг төвөггүй ялгаж авч болно. Өөрөөр хэлбэл бидний гишгэж байгаа газар дэлхийд маань агуулагдаж буй ураан гэгч металл алт мөнгөнөөс ч арвин их эд аж. Дэлхийн 20 км зузаан давхаргад 300 их наяд буюу гурвын ард 14 тэг тавьсантай тэнцэх хэмжээний тонн ураан байгаа гээд бод доо.

Бүр ойрхоноос харвал Монголын уул толгодоор дүүрэн барзайж байдаг боржин чулууны тонн тутамд 25 грамм ураан агуулагддаг гэвэл та үнэмших үү? Энэ хэмжээний ураан нь 125 тонн нүүрстэй тэнцдэг учир ирээдүйн энергийн асар их эх үүсвэрийг боржингоос гаргаж авч болохыг тооцчихоод энэ чулууг яаж үр ашигтай “шатааж” болох талаар газар газрын эрдэмтэд одоо толгойгоо “гашилгацгааж” байна. Нүүрс, нефьт дуусчихлаа гэхэд хүн төрөлхтөнийг дахиад хэдэн сая жил хангах энергийн нөөц энд байгаа аж.

Манайх руу овоо хараагаа чиглүүлчихээд байгаа ОХУ ураанаар тийм их ядуурчихсан орон уу гэвэл бас үгүй. Тэд өнөөдөр нөөц болоод олзворлолтоор дэлхийд дөрөвт жагсдаг ба бидний хөрш зэргэлдээ Байгалийн хязгаараас хэрэгцээт урааныхаа 96 хувийг гаргаж авдаг. Жижигхэн Буриадад л гэхэд урааны 13 орд газар байгаагаас ганцхан Хиагтын уурхай нь 27000 тонн буюу 40 жил ашиглах нөөцтэй гэсэн. 1.5 сая тонн урааны нөөцтэй Казахстан улс өнгөрсөн жил 13500 тонн урааны исэл олборлож энэ салбартаа дэлхийд тэргүүллээ.

Нөгөө талаас нэг кг урааны исэл 100 гаруйхан ам.доллар гээд бодохоор тэгж ухаан алдаж харайгаад байхаар өндөр үнэтэй, ховор эд огт биш гагцхүү цэрэг, стратегийн өндөр ач холбогдолтой учраас л цөмийн зэвсэгтэй том орнуудын хооронд өрсөлдөөн явагдаад байна гэдэг нь эрүүл ухаантай хэн бүхэнд тодорхой.

Ураан бусад төрлийн ашигт малтмалын ордуудад ихээхэн хэмжээгээр агуулагддаг, бүр тэр бүү хэл манай Багануурын нүүрсэнд ч энэ элемент багагүй байгаа талаар анх уурхай ашиглалтанд орох гэж байх үеэр шуугиан дэгдэж байсныг санаж байна. ӨАБНУ гэхэд л дөнгөж 0,01%-ийн бага агууламжтай хүдрээс ураан гаргаж авах гэж багагүй алдагдалд ордог мөртлөө дагалдаж гарах алтнаас нь ашгаа нөхөж олж авдаг.

Өнгөрсөн зун би Буриадын их сургууль, болон АНУ-ын хэсэг эрдэмтэн судлаачдын хамт Сибирийн өтгөн тайгаар явж байхдаа урааны уурхай бүхий “Красный Чикой” хэмээх жижиг тосгоны иргэдтэй уулзсан юм. Энэ уулзалтанд тосгоныхон бараг бүгдээрээ цуглаж маш олон асуулт тавьж үг хэлж байлаа. Елена Федоровна гэх нэг эмээ:

- 40 жилийн өмнө Эрхүүгийн АУДС-ийг төгссөн дипломтой цэл залуу эмч би энэ нутагт ирж тосгоныхныг нэгд нэггүй эмнэлгийн үзлэгт хамруулж билээ. Тэр үед энэ мужид 60 гаруй мянган хүн ажиллаж амьдарч байсан ба үзлэгний дүнгээр 300 гаруй хүн сүрьеэтэй, 30 гаруй хүн хорт хавдартай гарч байсан юм. Сүүлийн үед эндхийн залуучууд тосгоноо орхин хот суурин газар руу шилжин нүүснээр мужийн хүн ам гурав дахин цөөрч 20 гаруйхан мянга болжээ. Гэтэл өнөөдөр сүрьеэтэй хүний 30 болтлоо буурсан хирнээ хорт хавдартай хүний тоо 300 хол давсан байна. Энэ өвчнөөр өвчлөгсөд залуужиж байгааг хараад би үнэхээр санаа зовж байна” гэлээ.

“Үер” киноны гол баатар Михаилыг санагдуулам өндөр том биетэй нэг өвгөн босож ирснээ “Би Сибирийн их ой тайгад насаараа байгаль хамгаалагч хийн энэ сайхан онгон байгальд хаа ч байхгүй цэвэр агаараар амьсгалж, харзны хүйтэн усаар ундаалж байсан хүн. Гэтэл өнөөдөр тархины хавдар тусаж жилд 10 гаруй мянган долларын эмчилгээ хийлгэдгийн ачаар одоо амь тээж явна. Энэ нутгийг ураанаар хордуулсныхаа бурууд миний эмчилгээний зардлыг улсаас 100 хувь даадаг. Би ч яахав өнгөрсөн хүн, үр ач нараа л яах бол гэхээс маш их айж байна. Харин ах дүү Монголчуудад маань энэ хороор хамаагүй оролдохын хэрэггүй гэсэн миний үгийг заавал дамжуулаарай” хэмээн чанга чангаар хашгачин ярьж байсан.

Эерэг тал нь гэвэл энергийн гайхамшигтай эх булаг, эсрэг талаас нь нягталбал нүдэнд үл үзэгдэх аймшигт хорт туяа цацруулдаг ураан хэмээх Менделеевийн үелэх системийн 92-т жагсдаг энэ элементтэй хүн төрөлхтөн анх 200 гаруй жилийн өмнө нүүр учирчээ. Хар тугалганаас бараг хоёр дахин хүнд, гангаас хатуу, газрын гүнд хэвтэж байхдаа хэнд ч гэм хоргүй жирийн л нэг металл.

Гагцхүү хүн төрөлхтөн түүнээс цацраг идэвхт изотопыг гарган авч аймшгийн зэвсэг хийн бие биеийгээ алж талж эхэлсэн нь өнөөдөр урааны үнийг хэд дахин хөөрөгдөж, энэ элементийг хэн нэгнийхээ гарт оруулахгүйн тулд бие биетэйгээ үхэн хатан өрсөлдөх болсон юм. 1945 онд Америкчуудын Хирошима хот дээр дэлбэлсэн атомын бөмбөгөнд агуулагдаж байсан ганц грамм ч хүрэхгүй U235 хэмээх урааны изотопоор асаасан гал хоромхон зуур 200 мянган хүнийг үнс болгосон гашуун түүхийг дэлхий нийт одоо хүртэл мартаагүй байгаа.

Бэлдсэн баяжмал урааны ислийг ашиглан цөмийн эрчим хүч гаргаж авах технологи өнөөдөр хэдий нарийн боловсронгуй болсон ч түүхий эдийг нь хүдрээс ялгаж салгаж авах арга ажиллагаа төдийлөн сайнгүй байгаа. Ураантай газраас хүн бүхэн дагжин дайждаг, тэр бүү хэл тэндээс гаралтай хүнсний зүйлийг хэрэглэхээс ч татгалздаг. Африкийн Марокко улс өнөөдөр фосфорын бордооны түүхий эдийн нөөцөөрөө дэлхийд толгой цохидог юм. Фосфоритод агуулагдах урааны хэмжээ өндөр байдаг учраас хөрс ургамалд нь цацрагт идэвхт бодисын хэмжээ жилээс жилд ихэсч байна. Иймээс Европын Холбооны зарим улс тэндээс жимс ногоо импортлохоо зогсоож, Казахстан улсаас авах үр тарианд ч хатуу хяналт тогтоож эхэлж байна.

Өнөөдөр хойд хөршийн том дарга нар урааны баялагаараа дэлхийд дээгүүрт ордог гээд харайлгаад яваа манай сайн эрчүүдийг ”дарамтлаад” эхэлсэн дуулдах юм. Гэтэл төрийн формтой газрын наймаачид нь нөгөө нөөцтэй газруудыг нь лиценз гэдэг гоё нэрээр аль хэдий нь зарчихсан одоо олон улсын шүүх хүртэл зарга үүсгэчихсэн сууж байгааг харахаар уур оволзож, заримдаа бүр хөх инээд ч хүрэх шиг.

Бид алт олж баяжина гэж мөрөөдөн арван хэдэн жил шороо манаргаж, адаг сүүлд нь уух ус, ургаа модгүй болоод дуусч байгаа. Онгон дагшин нутаг, хүн зон, мал сүргээ харийнхантай хавсаадаж байгаад химийн бодисоор ч хордуулсан. Одоо болоо юм биш үү.

Урдаа байгаа хоёр толгойгоо мөлжиж эхлээ ч үгүй мунгинаж байж, газрын гүнд булаастай байгаа үхлийн жоохон хороор оролдох оо боливол яасийм?.

Өдрийн сонин 2010-11-22 №280