Monday, March 26, 2012

МАНАЙ СУРГУУЛИЙНХАН

1965 онд намайг анх бага ангид орж байхад миний үеийн банди нар тоодгор хөвөнтэй куртка эсвэл голдуу хөх дээл голдуу өмсөж, ногоон бүс бүсэлдэг, охидууд нь ногоон дээл, хөх бүстэй, цөм дээлийнхээ заханд цагаан даавуун зах хадаж улаан галстук зүйсэн байх ёстой байлаа. Өглөө сургуульдаа ирэхдээ гутлаа тосолж өнгөлсөн байх журамтай, жижүүр ангийн сурагчид сургуулийн гаднах хаалган дээр нусны болон гутлын алчуур, галстук, “Хувиа борлуулах хайрцаг” шалгаж оруулдаг. “Хувиа борлуулах хайрцаг” гэгч гутлын тосны төмөр хайрцганд зүү утас, дээлийн өнгөний өөдөс даавуу байдаг, тэр нь ангидаа барилдаж байгаад ч юм уу, санаандгүй дээлээ онгилсон тохиолдолд нөхөх зориулалттай эд. Сандал хүрэлцдэггүй учир өглөө зарим нь ирэхдээ гар хийцийн эвхдэг сандал барьж ирнэ. Хичээл тараад сандлаа аваад явна.

Завсарлагаа бүрээр “долоон тасалгаатын” хонгилын хоёр хананд эгнэн, өөд өөдөөсөө харан зогсож дуу дуулцгаана, гуравдугаар цагийн завсарлагаагаар захирал өөрөө удирдан багш сурагчидгүй бүгд гимнастик хийнэ. Батмөнх багш нэг удаа “Интернациональ” дууг бидэнд завсарлагаанаар заан дуулцгааж байтал миний хажууд зогссон нэг нөхөр “үгээгүйчүүд” гэдгийг “үхээгүйчүүд” хэмээн дуулснаас болж би писхийн инээд алдаж багшийг шоолсон хэргээр бүдүүн модон “указка” хугартал тархин дундуураа татуулж билээ. Ангийн буланд хадсан хуваарийн дагуу өдөрт хоёр хүн хичээл тараад ангиа угааж цэвэрлэн эд хогшлыг эмхэлж цэгцэлнэ. Хичээл хонхны дуугаар эхэлнэ, хонх дуугарснаас хойш хоцорч ирвэл багш нарын конторт эхний цаг дуустал хоёр гараа алдлан өргөж зогсдог хатуу дэгтэй байлаа.

Анги бүрт “Цэдэнбалын нэрэмжит” гэх бусдаас онцгой цэвэрхэн шинэ ширээ нэг байх бөгөөд түүн дээр тухайн долоо хоног онц авсан, тэргүүний хоёр сурагч сууна. Нэг удаа би ангийнхаа Цэцгээ гэдэг улаан хацартай охинтой энэ хүндэтгэлийн тавцанд суух ээлжинд хэн нэгэн атаархуу этгээд ширээн дээр маань хүндэрчихсэн байж нэг өглөө бөөн хэрэг мандлаа. Цэцгээ маань учиргүй л уйлаад байдаг, шаварт унасан шарын эзэн би арайхийж хамар амаа таглаж байж цэвэрлэж байхдаа хэргийн эзнийг өөрөө олж “учрыг нь” мөн өөрөө олохоор дотроо хатуу шийдлээ.

Дамдин гэж хотоос шилжиж ирсэн манай ангийн сурлагандаа сайнгүй боловч биеийн тамирт гарамгай, ялангуяа турникан дээр “соонс” эргэж манай ангийн “гайгүй” охидуудад ид хаваа гайхуулдаг, биерхүү банди байлаа. Түүнийг л энэ хэргийг хийсэн болов уу гэж дотроо хардаж явсаар өшөө авах ажилдаа оров. Нэг өдөр түүнийг соонс эргэхээр хоёр гараа турникнаас бат бэхлүүлж дуусах үед нь би өмдийг нь өвдөгнөөс нь доош өнгөртөл шувт татаж “хамаг юмы нь” гаргаж хаячихаад зугатаачихлаа, түүнийг харахаар тойрон зогсож байсан охидууд ч дуу алдан таран гүйлдэж хөөрхий тэр гараа яаж салгаж өмдөө татаж авсан юм бүү мэд… Энэ нилээд хатуу тооцооны дараа бид хоёр учраа ололцон үй зайгүй найзууд болсон билээ.

Биеийн тамирын заалгүй учир аль ч улиралд хичээл гадаа орно. Өвөлд нь цана тэшүүр, хавар намарт нь гүйлт харайлт гээд хөнгөн атлетик голдуу орох. Биеийн тамирын багш “орилоо” Дашцэрэн, “ногоон” Цэвээн гэж ууртай бөгөөд хатуу шаардлагатай багш нарын ачаар манай сургуулийн олон сурагчид цана, тэшүүрээр аймагтаа бүү хэл баруун гурван аймагтаа байнга түрүүлж шалгаран тэр үеийн хүүхэд бидний мөрөөдлийн их хот Улаанбаатар явдаг байв. Би ч мөн V ангид байхдаа пионер сурагчдын спартакиадаар дөрвөн төрөлтийн тэмцээнд аймагт түрүүлж баруун бүсийн тэмцээнд орсон боловч аз дутаж явж чадаагүй ч тэр жилээ сургуулиасаа сурлагаар шалгарч Хар далайн олон улсын хүүхдийн “Орлёнок” зусланд явсан юм.

Хичээл оруулахгүй эртхэн тарах гэж яндангаа сугалан ангидаа утаа тавих, хүйтэн ангид дулаацахын шалтгаар дээлийнхээ сугыг ханзартал барилдах, бөөстэй гарсан хүүхдийг анги “хэсүүлдэг” байсан болохоор үе үе эмнэлгээс гэнэт ирэх ариун цэврийн үзлэгээс бултах гээд бидний хорлон сүйтгэл мондохгүй их. Ямар сайндаа өөрт нь зориулсан хайрын захиаг ангийн багшид шууд дамжуулж өгснөөс болж ангийнхны өмнө багагүй шараа болсон нэг банди, сумандаа урлагийн сор нь болж байсан Цэндмаагийн минь ёочингийн чихнүүдийг яг концерт эхлэхийн өмнө сэмхэн мушгиж орхисноос тайзан дээр бөөн уулиан дуулиан болж байсан сан.

Манай ангийн Алтан дээд ангийн нэг охиндоо дурлаж орхисон юм байх. Захидлын хариу нь ирэх болгонд л хоёулаа Туруун голын харгана дотор орж уншчихаад хариугий нь надаар бичүүлж аваад л туучихдаг, би түүнд түүний өмнөөс захиа бичсээр байгаад сүүлдээ бараг “рольдоо итгэчих” дөхсөн удаа бий. Хожим нь тэр хоёр олон үр хүүхэдтэй сайхан айл болцгоосон юм.

Ганц нэг төгрөг олдвол завсарлагаанаар дэлгүүрээс дөрөв арвын гэгдэх соёолон нохой ч даахгүй хатсан боов худалдаж аваад гол дээр очиж усанд дүрж идэцгээнэ. Нэг өдөр Алёшка багшийн хичээлийг тасалж тэр маягаар зуларснаас баригдаж захирал Алёшка багш хоёр дагуулчихсан бүгдээрээ боовоо толгой дээрээ өргөөд барьчихсан гудайсан юмнуудыг сумын төвөөр жагсаалаар явуулж шийтгүүлж билээ. -Эд нарыг хар, турж үхэх гэж байгаа юмнууд гээд л орлин зандчих бүр хичнээн ичгүүртэй байсныг төсөөлөхөд бэрх..

Магнитофон, цахилгаан гитар энээ тэрээ гэж байсангүй, баян хуур, бөмбөрийн хослолоор, хааяа баяр ёслолоор гуулин хөгжмийн аян доор мөсний хонгил шиг хүйтэн сумын клубт тоос манартал бүжиглэх эсвэл захирлаас бултан киномеханикч Лхайжав гуайгаар чихдүүлэн байж орчуулга ч үгүй орос кино үзэх л бидний зугаа болдог байжээ. Сургуулийн бүжгийн баян хуурыг миний мэдэхээс тэр үед Турууны Доржсүрэн, Тэсийн Намчин улсын начин Нэгдэл, Цагаанхайрханы “бүргэд хамарт” Бадам-Очир гээд хүүхдүүд гарамгай тоглодог байсан ба хожим нь Цэрэндорж бид хоёр халаагий нь авч нэг хэсэг “үзэж тарж байлаа”. Сумын клубт бол “жижиг” Батсуурь гэж Тэс сумаас ирсэн Найдан багшийн шавь тракторчин залуу баян дарна. Мууяа ахаас авахуулаад бүжгэнд нь манай Турууныхан мөн ч аатай байсандаа. Тэндээс л сумын ихэнх залуучууд заяаныхаа ханийг сонгож байсан гэхэд нэг их хилсдэхгүй л болов уу.

Багаасаа “номны өвчтэй” намайг сургуулийн пионерийн бүлгэмийн дарга УИХ-ын гишүүн асан Төмөр нэг удаа дуудан үүрэг өгсний дагуу би “Нацагдорж тэмдгийн” болзол хангахаар сумын жижиг номын санд ихэнх цагаа өнгөрүүлж сүүлдээ нөгөө номын хэнээ тусна гэдэг нь болсон уу яасан бүү мэд Иванов бид хоёр энд байсан бараг бүх номыг уралдаж уншсандаа.

Цэвгээ захирал

Хааяа нэг цуглаж нийлэх үед Цэвгээ захирлыг дурсахгүй өнгөрнө гэж миний үеийнхэн дотор л бараг байхгүйдээ. Хаврын өглөө Бухын голын эрэг дээр түүгээр командлуулан марш алхаж байснаа, эсвэл арван нэгэн сарын сүүлчээр дотуур байрны хүүхдүүдийн идэшний малыг хөвгүүд нь нядалж, охидууд нь гэдэс дотрыг нь цэвэрлэдэг байснаа, түүний шүглийн дуу өглөө бүр тачигнаж намрын хяруу буусан зэврүүхэн өглөө биеийн тамирын талбайг тойрон гүйдэг байснаа хүн бүр л ам уралдан ярих дуртай.

Хагас сайны өглөө болгон 7.30-д улс төрийн эсвэл хичээл хүмүүжлийн сэдэвт яриа ахлах дунд ангиудын дунд явагдаж түүнийг нь голцуу захирал өөрөө голдуу удирдан явуулах “хоббитэй” байлаа. 1966 онд хятадад “соёлын хувьсгал” гарч Мао Це Дуны улаан хамгаалагчид улс орноо яаж түйвээж байсныг бүр манай элчингийн жолоочийг хүртэл нэвширтэл зодсон тухай яриаг захирлынхаа амнаас бид алмайран сонсоно. 1973 оны намар хичээл эхлээд нэг их удаагүй байсан санагдана, захирал биднийг хичээл дундуур бүгдийг нь сургуулийн зааланд шавдан оруулж Чилид төрийн эргэлт болж Пиночет гэх фашист эр Чилийн ард түмний удирдагч Сальвадор Альендегийн амь насыг хөнөөсөн тухай түгшүүрт мэдээг хоолой нь зангиран нүдэндээ нулимс хуруулан байж дуулгалаа. Тэгэхэд бид Чили гэж хаа байдгийг ч мэдэхгүй төрийн эргэлт гэж юу яриад байгааг ч ойлгох чадваргүй балчирхан амьтад мөртлөө харин Вьетнамын хотуудыг Америкийн онгоцууд бөмбөгдөж байсныг өдөр бүр радиогоор сонсдгийн учир сайн мэддэг байлаа.

Аравдугаар ангийн нийгэм судлалын улсын шалгалтан дээр Цэвгээ захирал надаас –Фридрих Энгельсийн “Бич хүн болоход хөдөлмөрийн роль” гэдэг алдарт бүтээлийг уншсан эсэхийг лавлав.

–Уншсаан гээд л туучихлаа.

–За хө хүн бичнээс үүссэн юм бол үс ноос нь яаж гуужсан юм болоо гэж байна. Тэгэхээр нь би бодож бодож

-Хүмүүс махыг түүхийгээр нь идэхээ больж эхэлсэн цагаас л юм болов уу гээд залчихсан чинь хэрэг бишдэж

–Тэсийн Гомбосүрэнгийн эхнэр гэж нэг мах огт иддэггүй авгай байдаг юм. Тэр эмэгтэй чинийхээр бол цул үс ноостой амьтан байж таарлаа гээд тачигнатал хөхрөн намайг даапаалж байж билээ.

Захирал монгол гуталд их дургүй, үндсэрхэг үзэл гаргалаа, маяглаж моодорхлоо гэж загнаад үзэхгүй. Долдугаар ангид ордог жил Дорж гэдэг том биетэй шар хүүхэд Хяргасаас шилжиж ирлээ. Тэрээр захирлын хэлдгээр ёстой тохой урт монгол гуталтай, өвдөгнийхээ хооронд царцагтай \салтаатай\ шар торгон өмдтэй “гангардаг” байж билээ. Хөөрхий амьтанд одоо бодоход түүнээс нь өөр өмсөх юм байгаагүй бололтой, бид нар шоолж захирал загнасаар байгаад удалгүй сургуулиа хаян явсан юмдаг.

”Хүнд наад зах нь нусны, хөлсний, амны гэсэн алчуурууд байх ёстой” гэнгүйтээ гурван өөр халааснаасаа гурван өөр өнгийн алчуур гаргаж, тус бүрийг нь зориулалтаар нь хэрэглэж үзүүлчихээд “Энэ хар та нар, ийм байдаг юм, гэтэл та нарын заримд нь ганц ч алчуур байхгүй, зарим нь ганц байдгаараа бүгдийг холиод арччихдаг гэх нь өдөр бүр. “Жорлонд ч зөв суугаад бие засч чаддаггүй, хонгон дээрээ нүхтэй юм шиг банзан дээр нь палийлгадаг эсвэл тонгойж байгаад арын хана өөд нь годгодуулж орхидог гэх юм уу, “яван шээгч” нар зүгээр нэг сарчихаж чадахгүй бас цасан дээр О-Х, О-Х гэж бичин савируулдаг гэхчлэн үргэлж зандчиж явна.

Ямаа, захирал хоёр хэзээний дайснууд, яг хонь чоно хоёр л гэсэн үг. Тэдгээр “зүлэг мод сүйтгэгчдийг” сургуулийн хашаанд орж ирэнгүүт Балжив гуайгаар эсвэл бид нараар бариулж аваад гарахын аргагүй гүнзгий нүхэнд хийж эзэн нь ирж олж автал хорин гэсгээдэгсэн. Зуны цагт сургуулийн ойролцоо тааралдсан болгоноо дуудан морин тэргэнд оруулж ус зөөлгөн мод услуулна, ер нь захирлыг харсан хэн боловч тээр холоос бултан зугатадаг байлаа.

“Дотуур байрны давсаг султнууд” шөнө гарч морь харахдаа харанхуйгаас айдаг ч юм уу эсвэл хашааны булан дахь жорлон хүрэхээсээ залхуурдаг ч юм уу байрныхаа ойролцоо хөнгөрч орхидгийг нь болиулах гэж сурагчдын дотуур байрыг гаднаас нь цоожлон коридорт нь юмаа угаадаг ванны нь тавьж өгснөөс болж тэрээр аймгийн боловсролын хэлтсээс донго авч байсан удаатай.

Биднийг их жаргалтай цаг үед төрсөн азтай үр сад гэнэ. Захирлын үед дотуур байрны хүүхдүүд дотроо бандааш турсикгүй уртаашаа ганц нэхий өмдтэй байсан юм байх, тэрнийгээ бөөстчихөөр нь тайлж хүйтэнд хашааны толгойд өлгөчихөөд орой нь саваадахад орчны цас тэр чигээрээ харладаг байсан гэх ч юм уу. Тэр өдөр доогуураа юу ч үгүй хичээлдээ ирчихээд босохгүй суугаад байхаар сахилгагүйчүүд “энэ яагаад ийм томоотой болчихов хэмээн хормой сөхөж үйлийг нь үздэг байсан гэж ярин биднийг муужиртал хөхрөлдүүлдэг байсансан.

Далаад оны эхээр Анжела Девис гэх нэгэн САА-н каракуль хонь шиг толгойтой хар эмэгтэй Америкт хүний эрхийн төлөө яаж мятаршгүй тэмцэж байгаа тухай бас хэн ч билээ нэг нөхөр цагаан ордны гадаа өлсгөлөн зарлаад суучихсан босохгүй байгаа талаар ер нь л Америк гэж ямар аймшигтай империалист мангас биднийг залгихаар бэлтгэж буйг манай захирал зүүдэнд үзэгдтэл ярин маниусыгаа айлгадаг байлаа.

Сургуулийн зааланд улс төрийн товчооны долоон гишүүний зураг өлгөөтэй, хааяа ганц нэг нь “солигдох” бөгөөд тэдгээрийн нэрсийг мэдэхгүй байснаас уншиж сураагүй нь бараг дээрд тооцогддог байлаа.

Эх орны дайны тухай кино суманд хааяа ирэх юм бол сургуулийнхаа бүх багш, сурагчдад зохион байгуулалттайгаар үзүүлнэ. “Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм” гэдэг киног бидэнд бүр хоёр удаа үзүүлсэн гээд л бодчих. Багш сурагчидгүй түүнээс айцгаана, сургууль болоод сумынхан дотроос түүнийг эсэргүүцэх зоригтон тун цөөхөн байсан юмдаг. Өвлийн амралтаар багш нараа дайчлан сургуулийн хөлдүү жорлон ухуулна, намар ахлах ангийн бүх сурагчид сургуулийн түлшний мод бэлтгэхээр ууланд явна, САА-н хадлан, тариа, ногооны бүх ажилд дайчлагдана. Бид ингэж нухлуулснаар муудсан юм байгаагүй, харин ч багагүй ажлын дөр амьдралын туршлагатай болсон юмдаг. Биднийг хүүхэд байхад Сталины улаан фен байсан захирал маань сүүлдээ ардчилалынханд яс махнаасаа дургүй болсон байж билээ.

Биднийг оюутан байхад Ташкентэд сурч байсан хүүдээ бичсэн захидлыг нь консулын ажилтан тэнд сурч байсан бүх оюутнуудад уншиж өгч байлаа. Тийм онцгой сургамжтай үгс захидалд байсан болоод тэр. Харамсалтай нь тэр хөлдүү толгой аавынхаа сургаалт үгсийг огоорч явсны хар гайгаар хожим нь сургуулиа дүүргэлгүй хөөгдөж ирж байлаа.

Цэвгээ захирлаас гадна “химийн” Чулуун, “байрны” Цэрэнсамбуу гэж хүүхэд бүрийг айлгадаг ширүүн багш нар цөөнгүй байлаа. Энэ гараар нэг алгадахад та нараас юу үлдэхэв хэмээн Цэрэнсамбуу багшийг паривгар гарынхаа алгыг харуулахад нь бидний сүнс зайлчих дөхнө. Үнэн хэрэгтээ тэрээр биднийг алгадах нь байтугай хүчтэйхэн няслаж ч үзээгүй дөлгөөхөн хүн.Ялангуяа зэргэлдээ сумдаас ахлах ангид ирсэн дотуур байрны гүргэр “эрчүүд” Цэрэнсамбуу багшийн жижүүртэй өглөө түүнийг ирэхээс нь өөрсдөө яагаа ч үгүй эрт босчихдог мөртлөө дөнгөж багшийн сургууль төгсөөд ирсэн бага ангийн багш залуухан бүсгүй Пагамжавыг тоодоггүй харин ч эрчүүд нь өглөөд босохгүй нэгийнх нь хөнжлийг хуулах үед орондоо зориуд чармай нүцгэлчихсэн байж байгаад түүнийг ичээдэг байсан гэлцдэг.

Монгол хэл уранзохиолын “Го” багш буюу Гомбожав багшийг бид монгол дээл дэгжин щляпнаас салдаггүй болохоорнь ч тэр үү, хааяа “Малчин” сонинд шүлэг өгүүллэг нь нийтлэгддэг болохоор нь ч юм уу “Хөдөөгийн Нацагдорж” хэмээн хүндэтгэдэг бас ч чамгүй хатуу багш байв. Далаад оны хөдөөгийн бидний дунд нэрд гарч байсан Д.Пүрэвдоржийн “Сэгс цагаан богд” найраглалыг бүгдийг нь цээжлээгүй хүн түүнээс дүн авна гэж гонжийн жоо. Цээжлэхдээ гайгүй боловч хэл ам муу дольтроодуу, бүрэгдүү эрчүүд пүл пал хийж хамар дотроо пургих эсвэл нөгөө сүрхий баяд дөрвөд аялгатай нүүрэмгий охидууд нь унших гэж уянгалуулж өгнө дөө. Ангид шивэр авир, заримдаа писхийсэн бөөн инээдэм болно, тэр үед “Го” багш бидэнд ёстой мэнчийтэл уурлаж бидний инээдэм ханиадам болох үе ч олон. .

Орос хэлний багш Батмөнх бас номноос “Разговор” байнга цээжлүүлнэ.

-Как тебя зовут?

-Меня зовут Дорж

-Сколько тебе лет?

-Мне пятьнадцать лет... гэх маягаар л дуржиганатал самбарын өмнө өөрөө өөртэйгөө ярина даа.

Хөдөөний сумууд дотроос Тэсээс ирсэн хүүхдүүд орос хэлэндээ Өндөрхангайнханыг бодвол арай дөмөг. Учир нь манай ангийн Нямжав мэтийг хил орчмын Тувачуудтай багаасаа “контрбанд” хийсээр байгаад хэлэндээ сайжирсан ч гэж явуулцгаадаг байв.

Батмөнх багш байрны жижүүртэй өглөө орондоо хоргодоод босч өгөхгүй нэгнийг хөнжлийг нь сөхөж байгаад харгана шүүрээр нүцгэн гуяыг нь үрэхэд яах ч аргагүй үсрэн босдог байсан гэдэг. Бас л хатуу тоглоом байгаа биз?

Дотуур байрны хүүхдүүд үдийн хоолондоо орчихоод ирэхэд нь анги дүүрэн дарсан манжин байцааны үнэр сэнгэнэн гадуур бидний хагас өлсгөлөн ходоодны шүүсийг ялгаруулна. Заримдаа тэдний дунд бултан орж амжуулж чадах санаа байвч нөгөө нэрэлхүү зангаа бас тавимгүй байдгийн учир энэ тухай бодох ч шаардлагагүй.

Ийм л нэг хөдөөгийн бяцхан сууринд “хүн” болцгоох хувь тавилантай төрсөн ээж аав нар одоо хаа ч юм миний адилаар дараагийн үр удмаа бидний өссөнөөс тэс ондоо “орчлонд” өсгөх ачаа үүрэн тун завгүй яаваа байхдаа хөөрхийс гэж.

2 comments:

Unknown said...

Танд баярлалаа хөө

Unknown said...

Манай сургуулийнхан зохиолын гол дүрийн нэрийг хэлж өгч туслаач