Monday, March 26, 2012

Ангийнхандаа илгээх захидал

Манай ангийнхан өнгөрсөн намрын нэгэн урт шар өдөр нийслэл хотдоо тал талаас цуглацгааж, Туруун нутаг, төгссөн сургууль, ачит багш нар, анги хамт олноо дурсан хоёр өдөр нэг шөнийг хамтдаа өнгөрүүлэв ээ. Энэ уулзалтанд оролцохоор алс холын Улаангом сумаас пургон машин хөлслөн гарсан хэд маань 1400 гаруй км-ийг хоёрхон хоног туулж, өдөр шөнөгүй довтолгож ирсэн байлаа. Дал хол гарчихсан Өсөхөө багшийгаа энэ холын замд ядраа болов уу? гэж жаахан санаа зовж суусан чинь “дажгүй ээ” гээд инээчихсэн сэмбэлзэж явна. Дөчөөд жилийн өмнө 1974-ны 9 сарын 1-ний намрын нарлаг өглөө сумандаа хамгийн том хоёр давхар сургуулийнхаа өмнөх талбай дээр тоодон хөх даалимбан дээлтэй сөөсгөр хэдэн банди нар, ногоон дээлтэй, улаан хацартай, салаа гэзэгтэй охидууд сум сумаараа ялгаран бие биеэсээ бишүүрхэн зогсож байсан үеийг эргээд санахад саяхан мэт. Захирал Цэвгээ хичээлийн шинэ жилийн нээлтийг удирдан товчхон үг хэлсний дараа “хичээл анги” Батсүх багш намуухан боловч цовоолог дуугаар сургуулийн дотоод журмыг цаг шахам танилцуулж байсан нь одоо хүртэл чихэнд сонсогдох мэт. “Сурагч бүр өглөө хичээлдээ ирэхдээ дээлийнхээ заханд цагаан даавуу хадсан байх, түүнийгээ хоёр хоног тутам угааж индүүдсэн байх ёстой, нусны болоод гутлын алчуур нижгээдтэй байх бөгөөд энэ бүгдийг жижүүр ангийн сурагчид сургуулийн гаднах хаалган дээр өглөө бүр шалгаж оруулах үүрэгтэй, сургууль анги танхим дотор хараалын үг хэлэх, гүйж харайх, бархирах дуулах, барилдах ноцолдох хориотой, хог цаас, шүлс цэрээ хаяхгүй, хана шал харлуулахгүй байх гээд дэг журам бол туйлын хатуу байлаа.

Энэ бүгдийг санаад өнөөдөр эргээд бие бие рүүгээ харсан чинь еэ бүү үзэгд. Хорвоогийн хатуу амьдралын нугачаанд нухлагдсан бидний нүд шүд, зүс царай танигдахын аргагүй өөрчлөгддөг юм байна. Дүгэржав доктор, Доржрагчаа генерал хоёрын маань үс нь бүү хэл сахал нь хүртэл Богд уулын арын мод шиг бууралтсан байна. Саарал ордноос гарч бараагаа бидэнд нэг их харагддаггүй болохоор Цэнджавын маань нүүр царай бусадтайгаа харьцуулахад арай толигордуу юм уу гэлтэй. Харин жилийн дөрвөн улиралд мөнхийн гадаа гандаж хөдөө хөхөрч явсан гэхэд Даваанямын хацар нүүр пудртчихсан охидуудынхаас маань дутахгүй өнгөлөг цагаан гөлчгөр харагдана. За энэ яахав, хамгийн хөгжилтэй нь бид зарим нь дөчөөд жил бие биенийгээ хараагүй учир танихгүй нилээд будилсны зах зухаас дурьдахад хэн нэг нь Цэвээн багш руу заангаа “энэ чинь манай ангийн хэн гэдэг охин билээ?” гэж шивнэн асуусан нь жинхэнэ супер онигоо болсон юм даа.

Хот хүрээ рүү тэр болгон орж ирээд байдаггүй андууд маань, бидний дунд “ордны буг” гэж хочлогддог, засгийн гарын хэрэг эрхлэх газрын түшмэдийн албыг гуч гаран жил хашиж байгаа Цэнджавынхаа буянаар төрийн ордны баганат танхимд орж есөн цагаан тугандаа мөргөж, зураг батиараа хамтдаа татуулах аз завшаан тохиов. Дараа нь хотын их утаанаас зайдуу Сэлбийн амралтын хоёр давхар байрыг ангиараа эзэгнэж, халуун дурсамжаар дүүрэн хоёр хоногийг өнгөрөөсөн юм. Хүн бүр үгээ хэлж, байнга зүрхэнд шар ус хуруулдаг байсан багш нартайгаа энэ удаа айж ичилгүйгээр хундага тулгаж, дуулж бүжиглэв. Зарим нь бие биендээ жаргал зовлонгоо ярьж зүрх сэтгэлээ уудалж, уйлж мэгшив, ер нь уулзаагүй удсан нөхөд яадаг билээ дээ, яг тэр бүхэн болсон юм.

Бид анх тавин долуулаа сургуулиа төгсөөд их амьдралын мөрөөр Туруун голын хөвөөнөөс тал тал тийш таран одсоноос хойшхи энэ он жилүүдэд наймынх нь суудал эзгүүрсэн байлаа. Тэдний ар гэрийнхэнтэй байнга холбоотой байж үр хүүхэд хань ижилд нь хэрэгцээтэй үед нь тусалж байхаар тохирч “Туруун-76” нэртэй ангийн сан байгуулцгаав. Сангийн нярваар Сээмээ томилогдож, Батсүх багш маань халуун дулаан үгээ хэлж энэ санд анхны хандив өргөсөнд бид маш талархав. Насаараа газар тариалантай ноцолдож, нутгийнханд сайн муугаараа дуудуулж яваа “Апэндээ” хочит Давааням маань таван тонн будаа ангийнхаа санд өргөж, түүнийг харин нутгийнх нь газар шороонд тарьж ургуулж, арчилж хамгаалах ажлыг нь Турууны уугуул Ганболд инженер буюу бидний хочилдгоор “Хар Гаанжаа” маань хариуцахаар болов. “Хичээл анги” Батсүх, ангийн багш Өсөхжаргал, алгебрын Оюунцэцэг, уран зохиолын Цээзмаа, биеийн тамирын Цэвээн, биологийн Бөөриймаа багш нар үг сургаалиа айлдав, талархлын хундага өргөцгөөв.

За ингээд ёслолын арга хэмжээ дээшилсний дараа ангийнхны халуун яриа өрнөснийг хаалттай хуралдааныг эс оролцуулан ирээгүй хэддээ сонордуулбал бас сонин байх болов уу.

“Асуулт байна. Ардчилсан намаас нөхөр Дүгэржав их хуралд нэр дэвшээд 2008 онд Баруунтуруунд явж байхад ангийн найз Ганболд та агт морь нэгийг бэлэглэсэн гэж сонсогдсон, түүнийгээ өгсөн үү?” гэж нэг нь сануулахад мань эр өөдөөс нь “Танай Тэсийнхэн тэр намар нь аваад одсон сурагтай байна лээ, нутгийнхнаасаа асууж олж ав” гэчихээд жишим ч үгүй суухад нь бид татаж унацгаав..

..Тэр үед найман жилийн сургалттай Тэс, Зүүнговь, Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан, Хяргас гээд зургаан сумдаас сурлага, сахилга батаараа шигшигдсэн хүүхдүүд сум дундын ганц арван жилийн сургуультай Баруунтуруунд ирж, хоёр жил дотуур байранд сууж, аравдугаар ангиа төгсгөдөг байлаа. Зориулалтын байргүй учир биеийн тамирын хичээл аль ч улиралд гадаа орно. Өвөлд нь цана тэшүүрээр нилээд нүдүүлдэг, хавар намарт нь гүйлт харайлт гэсгээд хөнгөн маягаар голдуу цаг нөхцөөдөг байлаа. Биеийн тамирын багш Цэвээнээр загнуулан байж тэшүүр углангаа мөсөн дээр тархиараа саваж унаж байгааг нь эсвэл цана анх удаагаа хөлдөө баглачихаад баавгайн бамбарууш аятай эв хавгүй паацганах нэгнийгээ хараад бид хэд үхтлээ шоолдог байж билээ. Миний мэдэхээс Ганболд заан, Жамьян хоёр мөн ч олон цана хугалж “өрөнд орцгоосон” доо. Авьяаслаг нэг нь тэр дорхиноо нөгөөдхийг нь сурч хатуу шаардлагатай багшийнхаа ачаар цана, тэшүүрээр аймагтаа бүү хэл баруун гурван аймагтаа түрүүлж шалгаран тэр үеийн хүүхэд бидний мөрөөдлийн их хот Улаанбаатар явдаг байсны нэг нь манай ангийн “гүйдэг хар” хочит Арьяа байв. Тэрээр сүүлд нь улсын аваргын тэмцээнд хэд хэдэн удаа шалгарч, хожим нь бүр тавь гарсан хойноо Энэтхэг улсад зохиогдсон ахмад тамирчдын олон улсын марафон гүйлтийн тэмцээнээс мөнгөн медаль авч байсан “гүжирмэг охин” билээ.

Хичээл оруулахгүй эртхэн тарах гэж яндангаа сугалан ангидаа утаа тавих, хүйтэн ангид дулаацах шалтгаар дээлийнхээ сугыг ханзартал барилддаг байсан бидний дундаас хожим нь дэлхийн аварга, улсын заан, гавьяат тамирчин Ганболд маань тодрон гарсан юм.

Магнитофон, гитар энээ тэрээ гэж байсангүй, баян хуур, бөмбөрийн хослолоор мөсний хонгил шиг хүйтэн зааланд тоос манартал бүжиглэх, эсвэл захирлын захиалгаар аймгаас ирсэн эх орны дайны тухай уран сайхны кино үзэх л хүүхэд бидний зугаа цэнгэлийн манлай болдог байжээ.

Бидний хэн бүхний айдас, хүүдсийг төрүүлдэг хүмүүс бол хоёр Цэвгээ байлаа. Нэгийг нь эмэгтэй Цэвгээ, нөгөөг нь захирал Цэвгээ гэнэ. Хоёулаа адилхан дуу чангатай, нэг нь бүр хоолойн хүч мөхөсдөх үедээ үлээдэг төмөр шүгэлтэй. Одоогийн замын цагдаа нарын шүглийн дуу түүний хажууд юу ч биш. Сургуулийн дотуур байранд амьдардаг хэдийг долоо хоног болгоны Бямба гарагт хүчээр усанд оруулж үйлийг нь үзнэ. Энэ үеэр эмэгтэй Цэвгээ “чангалж” байгаад эрчүүдийг бүгдийг нь чармай нүцэглүүлнэ, тэгснээ хэн нэгнийх нь бөгсний харыг гайхаж өөрөө тачигнатал хөхрөх нь бүр зэвүүн. Даваасамба маань халуун усны ээлжтэй өдрөө айл хэсэж яваад хоцорчихоод ариун цэврийн үзлэгт “фактлахгүйн” тулд тасагтаа чармай нүцэглэн төмөр ваннд усанд орж байгаад Цэвгээ захиралд баригдаж, маргааш нь ангийнхныхаа өмнө “хар бөгст” нэрээр цоллуулсан гээд хэрэг зөрчил ер тасрана гэж үгүй.

Хааяа бид цуглаж нийлэх үедээ Цэвгээ захирлыгаа дурсахгүй өнгөрнө гэж бараг байхгүй дээ. Майн нэгний парадын бэлтгэл марш алхуулдаг байсныг нь, эсвэл арван нэгэн сарын сүүлчээр дотуур байрны хүүхдүүдийн идэшний малыг хөвгүүд нь нядалж, охидууд нь гэдэс дотрыг нь цэвэрлэдэг байснаа, түүний шүглийн дуу өглөө бүр тачигнаж намрын хяруу буусан зэврүүхэн өглөө биеийн тамирын талбайг тойрон гүйдэг байснаа хүн бүр л ам уралдан ярих дуртай.

Соёлт хүнд наад зах нь нусны, хөлсний, амны гэсэн гурван алчуур байх ёстой” гэнгүйтээ өөрөө гурван өөр өнгийн алчуур гаргаж, тус бүрийг нь зориулалтаар нь хэрэглэж үзүүлчихээд Ийм байдаг юм, гэтэл та нарын заримд нь ганц ч алчуур байхгүй, зарим нь ганц байдгаараа бүгдийг холиод арччихдаг гэх мэтээр биднийг сургадаг байсныг хэн ч мартаагүй.

Өвлийн амралтаар багш нараа дайчлан сургуулийн хөлдүү жорлон ухуулна, намар ахлах ангийн бүх сурагчид бүгдээрээ сургуулийн түлшний мод бэлтгэхээр ууланд явна, САА-н хадлан, тариа, ногооны бүх ажилд дайчлагдана. Бид ингэж нухлуулснаар муудсан юм байгаагүй, харин ч багагүй ажлын дөр амьдралын туршлагатай болсон юмдаг.

Захирлын маань хамгийн ад үздэг хувцас бол монгол гутал, орос бахиал хоёр байлаа. Яагаад гээч, монгол гутал нь монголчуудын хоцрогдлын илэрхийлэл, орос бахиалыг болохоор сургуулийн хана, шал харлуулдаг, түүнийг нь угааж зүлгээд арилна гэж байдаггүй учраас тэр. Дотуур байрныхныг цуглуулж хуралдуулж байгаад олны өмнө Ганбаагийн өнөөх гайтай орос бахиалыг нь тайлуулж, харласан ороолтоо угаахыг шаардаж, гөжөөд хөдлөхгүй болохоор нь захирал өөрөө угааж үлгэрлэж байсныг ангийнхан маань санаж байна уу?

Гуравдугаар цагийн завсарлагаа болгоноор багш шавь ялгалгүй хөхөө өвлийн хүйтэнд бүгдийг нь хөөж гаргаж байгаад гимнастик хийлгэнэ, өрөөсөн хөл дээр нь босгож суулгана. Сууж босож чадахгүй нэг нь салтаа руугаа өшгөлүүлнэ. Өөрөө тэрээр махлаг тарган, тавь хол гарсан хэрнээ өрөөсөн хөл дээрээ хэд л бол хэд сууж босож чадна. Захирлын хэлдгээр “нялцгай биетнүүд” бидэнд бол тэр нь ёстой давахгүй даваа байлаа. Дөлгөөхөн, дуу цөөтэй Жанчив багш маань түүний өмнөөс ам ангайхаас эмээдэг байсан бол нөгөө ангийн багш Өсөхөөгөөс маань захирал жаахан жийрхдэг байсан болов уу гэж боддог. Ер нь ямар ч догшин эр, эмэгтэй хүний өмнө жаахан хулчгар байдаг нь хорвоогийн жам ёс юм даа.

“Говийн” Батжаргал, “Хайрханы Догоо” гээд дуучин охидуудаас гадна онгод нь орвол ганц нэг шүлэг толгой холбоод уншчихдаг “их” Доржрааг бол захирал нэг нүдээрээ үзэхгүй. “Та нарын урлаг уран сайхан гэж юу байсан юм, хичээлээ дийлэхгүй байж” хэмээн зандчих нь энүүхэнд. Цэвгээ захирлаас гадна “химийн” Чулуун, “байрны” Цэрэнсамбуу гэж хүүхэд бүрийг айлгадаг ширүүн багш нар цөөнгүй байлаа. Хэл уранзохиолын “Го” буюу Гомбожав багшийг бид монгол дээл, дэгжин щляпнаас салдаггүй болохоор тэр үү, хааяа “Малчин” сонинд шүлэг өгүүллэг нь нийтлэгддэг болохоор ч юм уу “Хөдөөгийн Нацагдорж” хэмээн хүндэтгэдэг байсансан.

Тэсээс ирсэн хүүхдүүд орос хэлэндээ Хангайнханыг бодвол арай дөмөг. Манай ангийн Нямжав мэт нь хил орчмын Тувачуудтай нийлж хулгай хийсээр байгаад хэлэндээ сайжирсан ч гэж явуулцгаадаг байв. Цэвээндээ, Нямжав хоёрынхоо орос хэлний мэдлэгийг Тэсийнхэн гайхан шагширцгаахад нь Ганболдынхаа бяр чадлыг магтан Өндөрхангайнхан хөөрцөглөдөг байлаа. Ганбаа маань тэрхэн үедээ ноцолдоход бидэнтэйгээ аваа өгөөтэй байснаа өсвөр үеийн үндэсний бөхийн улсын аваргын тэмцээнд хот руу яваад ирсэнийхээ дараа маниасаа хол тасарчихсан байсан.

Шатраар Доржрагчаа, Дүгэржав, Давааням, Буяндэлгэр нар хоорондоо ан мана үздэг байлаа. Хамгийн өрсөлдөөнтэй хичээл бол математик байсан. Дамдинхүү, Рашзэвэг бид хэд сэтгэлгээний бодлогын зангилааг бие биенээсээ түрүүлж тайлах гэж мөн ч их ач тач үзэлцсэн дээ. Аймагт болох математикийн олимпиадад бэлтгэж байгаа нь гэж гуравдугаар улирлын амралтаар хэдүүлээ сургууль дээрээ үлдэж, тоо бодохоосоо өмнө дотуур байрны жижиг өрөөнд тоос манартал барилддаг байлаа. Ээжийн хийж өгсөн сэгсүүргэн дээлнээс өөр олигтойхон солих хувцасгүй байж, “ганц дээлт барилдаач, ганц морьт уралдаач” гэдэг шиг хормойг нь шууж байгаад нөгөөдүүлтэйгээ үзээд явчихна. Ээж маань энд тэндхийн мөн ч олон хүүхдийн суганы ханзархайг нойлын бүдүүн утсаар шидэж торгойж өгсөн дөө.. Бөөрийг нь улайстал галласан дотуур байрны зуухан дээр бие биенийхээ нурууг арай л шарчихаагүй ч, төмөр орны өнцөг юм уу шал мөргөж мөн ч олон нь духаа шалбалсан даа.

Үдийн хоолондоо ороод ирсний нь дараа дотуур байрныхнаас анги дүүрэн жигнэсэн манжин ханхлах нь өглөөнөөс хойш аяганы ам зуугаагүй Турууны төвийн бид хэдийн ходоодыг хоржигонуулна. Дүгэржав нэг удаа аягатай хөц будаагаа адууны тэжээл хэмээн идээгүйгээсээ болж, Цэвгээ захирлаар жилийн турш бангадуулж, “идэх юмгүй гуйлгачин байж хоол голдог” хэмээгдсэн бол дээд ангийн Сүхээ харин маанны кааш шунан идсэнээсээ болж пологтож, “бөөлж” хочтой төгссөн юмдаг. Дүгэржав захиралтай ингэж муудалцсанаасаа хойш арваа төгсөхөд хэдхэн сар дутуу байхад аймгийн төв рүү эгчийгээ бараадахаар дутаачихсан юм. Ингэсэн нь зөв болж, хожим нь шинжлэх ухааны доктор хэмээх хүндтэй хэргэмийг өвөрлөх эхлэлийг тавьсан байхыг ч үгүйсгэхгүй ээ.

Гучин таван жилийн тэртээх хаврын тэр нэгэн өдрүүдийг санацгаая. Тавин долуулаа Турууны сургуулиа орхин хэн нь хаана очиж хувь заяаны төөргөөр хаана очиж, хэнтэй учрах нь тодорхойгүй, бид хэдийг хамгийн түгшээж байсан зүйл бол аймагт болох конкурс л байлаа шүү дээ. Чухам эндээс л ирээдүй тодордог тэр үедээ бидний өмнөө тавьсан хамгийн том зорилго нь цаашид суралцаж эрдэм мэдлэгээ ахиулах л байсан. Хэрэв энэхүү хүсэл мөрөөдөл нь өнөөх конкурсаар хаагдчихвал чадах ядахаараа ажиллаж, зүтгэж хэнээс ч дутахгүй амьдрах гэсэн чин эрмэлзэл байсаан. Ийм л мөрөөдөлтэйгөөр хүүхэд насаа ардаа орхин явцгааж байсан тэр үе маань нэг бодлын саяхан мэт. Конкурсанд явахаар Нямнаа жолоочийн ачааны тэрэгний тэвшинд суухын өмнөхөн захирал маань дотуур байрны гал тогоонд гадна дотнын гэлтгүй бүгдийг нь урин том том аягатай гурилтай шөлөөр дайлж, ширээн дээр тавьсан гангар шаазан бүрт дүүртэл нь хийсэн тарагаа амжилт хүсэн тулгаж уугаад хөдөлцгөөж байлаа.

Өнөөдөр уулзаад харахад их сонин дүр зураг нүдэнд буух шиг. Бие биенийхээ өвөр лүү гурвалжилж эвхсэн захиа чихээд л сүйд болцгоогоод байсан хирнээ эцэст нь Идэш Оюунчимэг хоёроос маань бусад нь өөр нутгийн хүргэн, бэр болох хувь тавилантай байсан бөгөөд одоо бүгдээрээ аль хэдий нь өвөө эмээ нар болсон байна. Харин Чимидээ маань чалх зааж, хамгийн отгон охинтой болж таарлаа. Нөгөө давжаа биетэй Бэгзээ маань Хөдөө аж ахуйн дээдэд ирж суга өсөж том эр болчихоод, Мал аж ахуйн хүрээлэн гэдэг газар ямаа хөөгөөд байна гэнэ гэж дуулдаад байсан, хожим нь ангийнхандаа ч хэлж мэдэгдэлгүй түүгээрээ доктор хамгаалж гэнээ гэж сонсогдоод байсан. Одоо харин ямаагаа орхиод авааль эхнэртээ уусаж, мэргэжлээ ч бас солиод хүлэмжний шинэ ногоогоор хотынхныг хангадаг агрономч-менежер болсон байна.

Гавьяат Ганбаагийн араас алдарт гурван Д-нүүд цол зэрэг, амжилтаараа анги хамт олноо хошуучилж яваа юм байна. Дүгэржав доктор Өмнөт туйл руу ойр ойрхон гурвантаа зорчиж, Антарктид судлаач болсон төдийгүй, Монгол улсаа энэ салбарт тэргүүлэн одоо тэнд өөрийн гэсэн “газартай” болохоор эрчимтэй хөөцөлдөж явна, Доржрагчаа ангиасаа төрсөн анхны генералаар тодорч, өмссөн зүүсэн нь холын холоос бараа сүртэй харагдаж байна, харин “Хяргасын” Даваасамбуу маань бэлхүүсээрээ нилээд бүдүүрсэн төдийгүй мөрдсөн дээрх өлзий утаснууд нь бас эзнээ даган томорч, хурандаа цолтой, Хил хамгаалах ерөнхий газрын санхүүг атгадаг “босс” болжээ.

Ангийнхнаас маань харин хамгийн олон болж үржсэн нь нөгөө охидуудаас мaaнь хамгийн нарийхан бэлхүүстэйгээрээ гайхагддаг байсан Догоо, улаан хацартай Цэрэнбадам, өндөр гоолиг Оюун, Цэрэнпүрэв нар болж таарлаа. Эд нар маань энгэрээрээ дүүрэн эхийн одон мяралзуулж, ангийнхныхаа төдийгүй Монгол улсынхаа өмнө Гамбаа заанаас дутахааргүй том гавьяатнууд болцгоосон байна. Үүнийг цааш нь үргэжлүүлэн бичицгээнэ ¿¿...

Ангийн дарга асан Пүүлээ миний бие хүндэтгэн ёслов.

2012-02-20

No comments: