Tuesday, March 20, 2012

ßìàà ä¿¿æèëäýã ÿãã¿é àíäóóä

Одоогоос хорь гаруй жилийн өмнө юмсан, намрын нэгэн налгар өдөр найз нөхөдтэйгөө хөглөж явсан бяцхан түүхээ дурсахуй.

Урьд орой нь ажлынхантайгаа зуслан дээр нилээд залчихсанаас болж өрвийтөл шартчихсан бид хэд Улаанбаатар ресторанд орж ганц ганц шил шар айраг авангаа нижгээд таваг хууцай захиалчихаад сууж байтал Ганбаа гүйгээд ороод ирлээ. Миний хаана байгааг ХААЯаман дээрээс сураглаад мэдчихэж. Ганбаа гэдэг нь одоо улсын заан, гавьяат тамирчин Ж.Ганболд.

-Наадахаа одоохон орхи, Жааяа бид хэд тарваганд явж байна, ингэж сууснаас хөдөө гарч тарваганы боодог идэж айраг уух нь чамд арай дээргүй юу гэхийг сонсоод уухайн тас тэдэнтэйгээ нийлэхээр шийдлээ.

“801”-ын офицер Жадамбаа маань цагдаагийн алаг эрээн фургонтой том дарга болчихоод биднийгээ салхилуулахаар ирсэн нь тэр байж. Яармаг гарч Түвшээгийнд очлоо. Одоогийн улсын гавьяат жүжигчин, уртын дууч Түвшинжаргалын эхнэр гэж тэнгэрт тулсан гэдэстэй эмэгтэй манийгаа бас дагах болчихсон юм хумаа янзалж байна. Ийм өнөө маргаашдаа тулчихсан хүн бидэнтэй явна гэхээс би ч дотроо жаахан дурамжхан л байлаа. “Дотнын найзындаа очно, айраг авчирч цэргийн карантинд байгаа дүүгээ эргэнэ” гээд л зуун литрийн том цэнхэр савнаас өгсүүлээд үзэм чихэр, архи дарс зөндөө л юм авцгаалаа.

Замдаа тэд хэд тэмцээн уралдаанд оролцож яаж хөглөж байсан тухайгаа ярьж хөхрөлдсөөр нэг л мэдэхэд Партизаны САА орчихож. Наахан талд нь зогсоод нөгөө найзынхаагаа сураглах болсон чинь Түвшинжаргалын дуу нь гэнэт цаашаа ороод нүүр нь барайчих нь тэр.

-Яасан бэ, Түвшээ?

-За байз нөгөөхийг чинь Баагий гэдэг бил үү, Саагий ч бил үү, түрүүнээс хойш золигийн чинь нэрийг нь санах гээд бүр ядлаа гэх нь тэр. Бид хэд нөгөөхийгөө шоолоод тасарч унатлаа хөхрөлдлөө. Талийгаач Далай маань нүд нь жоохийчихоод Түвшинжаргалыгаа явуулж байгаа гэж учиргүй. Далай гэдэг нь самбо бөхийн дэлхийн хэд хэдэн удаагийн аварга, гавьяат тамирчин Дэлгэрдалай агсныг хэлж байгаа юм.

Урьд өдрөөс хойш аяганы ам зуугаагүй би тэсэхээ байгаад нөгөөдүүлдээ ажлаа бодохыг нь сануултал Жадамбаа, Далай хоёр хангайн тарвагыг хамаад ирэх юм болоод л буу саадгаа агсаад буулаа. Бид хэд цаашаа хөдөлж нэг уулын орой дээр зогсоод нөгөө хоёроо хүлээлээ, цаг өнгөрлөө, хоёр, гурван цаг боллоо, байдаггүй ээ. Нөгөө хэдэн бөхчүүд дуусдаггүй яриагаа үргэлжлүүлэн байн байн хөхрөлдөөд л бөөн зугаатай хүмүүс. Миний хоосон ходоод хоржигоноод бүр бишдлээ.

Тэр үед бусдаасаа арай дотно байсан Ганбаадаа жигтэйхэн өлсөж байгаагаа шивэгнэтэл нөгөөх чинь санаачлага гарган ойр хавийн айлуудаас гайгүй сэрх авч бооё гэснийг бүгдээрээ нэгэн дуугаар дэмжиж байна аа. Тэр хавийн нэг тууварчнаас арай ч борлон биш юмаа, гэхдээ л бага шиг эр ямаа том сэрхний үнээр худалдаж авлаа. Ямар аргаар ч хамаагүй нөгөө муу борлонгоо бушуухан бодийг нь хөтлөөд юу ч хамаагүй хэлэн дээрээ тавих минь.

Гэнэт Хүрлээ заан тэндээс:

-Наадах чинь бүтэхгүй ээ. Пүүлээ минь бидэнд гэдсийг нь гаргах түмпэн сав байтугай олигтойхон хутга ч алга, ядаж ус ч байхгүй, хэн яаж гэдэс дотрыг нь угааж цэвэрлэх болж байна аа?.

Нүдэнд ямаа биш мах харагдаж, юу ч байсан хамаагүй баасыг нь ч болтугай долооход бэлэн байсан миний уур гэнэт хүрч:

-Та нарыг би гайгүй сайн найзуудаа гэж бодож байсан чинь ёстой бүтэхгүй эрчүүд байна, бие биенийгээ л явуулахаас цааш өөр хийж чадах юм үнэндээ юу ч алга гэж загначихаад нөгөөдүүлдээ тунирхсандаа үйлтэй ямаагаа орилуулан чирч гулдарсаар машинаас аваад буулаа.

Ганбаа заан арай дуулгавартайгаараа намайг дагаж гарч ирээд хоёулаа нөгөөхийгөө яаж аятайхан шиг цааш нь харуулах тухайгаа хэсэг зөвлөлдөв. Боодог хийх учраас нугасалж алах ёстой юм байна гэж би ойлголоо. Хүзүүн доогуур нь нэг гараа шургуулж, нөгөө гараараа эрүүгий нь тохойн дээрээ тээж байгаад өргөөд сэгсрэхэд л болчихдог ухааны юм тэр яриад байх юм.

-Алив чи өөрөө үзээд алд гэсэн чинь нөгөөх чинь ухраад ойртох янзгүй ээ. Би тэр зааварчилгааны нь дагуу гүйцэтгэх гэж үзсэн боловч борлонг газраас хөндийрүүлж дийлсэнгүй. Өглөөнөөс хойш хэлэн дээрээ юу ч тавиагүй миний бие ямаа нэг гар дээрээ өргөж сэгсрэх нь бүү хэл, толгой эргэж гуйваад өөрөө хөл дээрээ арайхийж тогтож байгаа юм чинь.

Бөх хүн ямаа алж болдоггүй юм уу хаашаа юм бусад нь хуруугаа ч хөдөлгөхийг хүссэнгүй, машин дотор марзганаад суугаад байлаа. Ганбаа маань гаргасан санаачилгаа өөрөө гүйцээх гэсэн боловч бас барсангүй. Борлон өргөчих бяргүйдээ биш, дээш нь өргөхөөр нөгөөх чинь намхан учраас рост нь тулчихаад ямааны хойд хоёр хөлийг газраас хөндийрүүлж дийлдэггүй ээ.

Дугуй хагарахад хужаа данхраад ханачихаад машинаа өргөж чадахгүй болчихдог ш дээ. Яг л тийм юм боллоо. Одоо хааяа хөдөө гадаа явж байгаад данхраад ханаад мунгинах үед л нөгөө ямаа өргөөд газраас хөндийрүүлж чадалгүй алцайчихаад зогсож байгаа Ганбаа маань нүдэнд харагдаад байдаг юм. Сурагч байхдаа Цэвгээ захирлын номхон командаар өсгийгөө хүчээр нийлүүлдэг боловч, хоёр өвдөгнийх нь хооронд мухар сөөм зай гардагт нь бид түүнийг ац гэж хочилдог байсан билээ.

“Аравтын бидонтой ус салтаанаас нь дүүжилчихсэн юм шиг алцаганаад явж ядаад яачихсан золиг вэ чи” гэж захиралд загнуулдаг байлаа тэр. Барилдахдаа ч тэр баргийн хүүгийн мэхэнд унана гэж байхгүй, яг л ацаар нь газар луу шаачихсан мод аятай хааш нь ч татсан хөдөлдөггүй байсансан. “Гуяны мах нь дотогшоогоо бүдүүрээд өмдөө хавирсаар байгаад цоолчихдог болохоор нь аав нь багаас нь загнасаар байгаад одоогийн сумо бөхчүүд аята алцаганаж явуулдаг болгочихсон” гэж багын зарим найз нөхөд нь ярьдаг байсан нь бараг ортой л болов уу.

“Эвэртэй ямаа л авна шүү” гэж Ганбаагийн маань үглээд байсны учрыг нь сая ойлголоо. Уг нь эвэрнээс нь хоёр гараараа сайн атгаж байгаад л гэдрэг нь эргүүлж өргөөд сэгсрээд зүйл дуусгах байж л дээ. Гэтэл бидэнтэй хамт явсан биеийн тамирын багш гэх мөртлөө харваас туниа муутай томоос том линз зүүчихсэн нэг туранхай нөхөр нөгөө муу ямааг дүүжилж алах санаачилга гаргасныг нь уухайн тас дэмжээд би бүсээ тайлаад өглөө. Нөгөө хараа муут чинь ойролцоо хусны оройд сармагчин аятай дүүлээд гарчихлаа, Ганбаа бид хоёр ямааныхаа хүзүүг янгинатал нь бүсээрээ уянгаа дороос нь хүч хавсарч өргөж байгаад нөгөөхөөрөө нэг бүдүүн мөчрөөс оосорлуулав. Модны бүдүүн мөчрөөс дүүжилсэн ямаагаа “нээг хоёрын гурав аа” гэнгээ гэнэт доош нь тавьтал хуучин дурдан бүс тас үсэрч ямаа цахилаад алга болох нь тэр.

“Ингээд идэх юмгүй боллоо” гэж бодохоос хоолойд бөөн хар юм тээгэлчихээд зогсож байхад Дамдин Хүрлээ хоёрын савж унаж хөхөрч байгааг хараад Нямдорж даргын хэлдгээр ёстой дорвинкадчихмаар санагдаж билээ. Би одоогийн олимпын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат Дамдин, Хөвсгөлөөрөө цоллуулдаг Хүрэлбаатар заан хоёрын тухай би ярьж байна л даа.

Азаар нөгөө муу борлон маань тэр чигээрээ дэгдээд явчихсангүй, уулын хажуугийн хэсэгхэн бутан дотор ороод хяраад зогсчихдог юм байна. Хэдүүлээ алсаар нь тойрч аваад аажим аажмаар гэтэж дөхөн бүслэлтээ хумилаа. “Түрүүлж хөдөлж болохгүй шүү” гэсэн бидний анхааруулгыг үл ойшоон Түвшээ цус чинь сурсан юмыг сураар боож болдоггүй, нөгөө чөлөөтөөр барилддаг шигээ холоос ухасхийн хойд хөлд нь дутуу сууж алдаад ямаагаа дахиад тавиад туучихваа. Энэ удаа ямаа маань бүр хэц хадтай өндөр уул даваад арилж өгөх нь тэр. Хэргийн эзэн хэнгэргийн дохиур Түвшээ нөгөө ямааны араас гүйж бид хэд дуугаа хураачихаад хайртай нэгийгээ алдчихсан аятай дүмбийтэл хэсэг сууцгаалаа. Тэгтэл нөгөө дүүжлүүр санаачлагч хараа муут:

-Уг нь дээрээс нь харахад ямаа унжиж байгаа юм шиг харагдсанаа гэнэтхэн доошоо буунгуутаа тэс хөндлөн болчихоор нь гайхсан шүү гээд дуугарчихсан чинь бүгдээрээ хөхөрсөөр байгаад сүүлд нь Хүрлээ заан инээж дийлэхээ байчихаад ам нь ангалзан шүлс нь гоожоод байхыг хараад “нөгөө элэг уушиг нь хөшинө” гэдэг болчих шиг санагдсан.

Ашгүй Далай маань толгойгоо унжуулаад дохийчихсон ирж яваа харагдана. Дурандлаа, байдаггүй ээ, гартаа барьсан юм юу ч алга. Бид нар мэдээж нөгөөхийгөө тал талаас нь “бариад идчих” дөхөх үед би ч тэвчсэнгүй хошуу нэмэрлэж:

-За чи минь бушуухан Түвшээгийн араас явж үз, Буудаж алаад ч атугай тэр ямааг одоохон авчир гэж сөөнгөтөв. Хүн их өлсөхөөрөө дуу хүртэл цаашаа орчихдог юм билээ. Ашгүй, хүзүүнээс нь уясан бүсээрээ бутанд ороолдчихсон ямааг дор нь олж чирч гулдарсаар Түвшээ маань Жааяагийн хамт хүрээд ирлээ. Намрын урт өдөр биднийг ингэж будилсаар байтал нар аль хэдийнэ уулын цаагуур оржээ. Яахыгаа зөвлөлдөж байтал гэнэт Дамдин начин маань багшийн дээдэд хамт сурч байсан ангийнх нь нэг оюутан Партизаны САА-н төв дээр биеийн тамирын багш хийдгийг саналаа.

-Нэрийг нь мартчихаагүй биз гэж намайг асуутал дахиад л бүгдээрээ ээрч мууртал хөхрөлдөцгөөв. Надад тэд нар шиг элгээ хөштөл инээлдэх нь бүү хэл, амаа шазайлгах ч тэнхээ байсангүй. Айл амьтнаас асууж сурагласаар нөгөө нөхрийнхийг олж очвол хэн ч байдаггүй, түгжээтэй хашаа байшин мөргөх нь тэр. Жадамбаа цагдаагийн дэслэгч хүн байтлаа хүүе хаая гэхийн зуургүй цоож цүүгий нь хулгайч аятай хуга мушгиж хаячихаад хашаа руу яваад орчих нь тэр.

-Үнэхээр найз чинь л юм бол яав л гэж, учраа хэлэхэд ойлгоно биз гэснээ хашаан дотор нь сэргийлэхийнхээ дохиотой шар машиныг оруулж тавьчихаад бид хэд зарим нь гал түлж чулуу улайсгаж, зарим маань нөгөө алдуул ямааг төхөөрлөө. Жадамбаа Далай хоёрт ангаас хоосон ирснийх нь төлөө арай хүнд нь буюу түлээ хөрөөдөж хагалах ажил ногдож байсан санагдана.

Ингэж бид хэдийг бужигнаж байтал хашааны гадаа нэг машин ирж зог туссанаа учиргүй хаазлаад л зугатчихдаг юм байна. Удалгүй гэрийн эзэн гэмгүй царайлан ирснээр хэргийн учир тайлагдав. Тарваганы хорио арай тавигдаагүй байсан тэр үед нөгөөх чинь хэдэн тарвага алчихаад ирснээ сэргийлэхийн алаг тэрэг хашаан дотор нь зогсож байхыг хараад ухаангүй зугатсан хэрэг. Ямаагаа төхөөрлөө, тарвагаа боолоо, нөгөө айлд өгөхөөр авч явсан архиа ч багагүй сөгнөцгөөлөө. Бүх юм окей боллоо. Амартүвшин зааных ч тэнд байж, шөнө дөлөөр орж тэднийхийг баахан түйвээлээ.

Замдаа Баянчандманы цэргийн адуу малладаг хэдэн цэрэгтэй таарч тэнд дуулалдсаар хөхүүртэй айргийг нь хуу хоосоллоо. Үүрээр хот орж ирэх замдаа Сонгино уулын хормойд байсан цэргийн карантинаар дайрч Даваадоржийгоо эргэлээ. Түвшээгийн төрсөн дүү улсын начин Даваадорж тэгэхэд бараг хүүхдээрээ байж дээ. Дараа нь тэндээсээ III хороололд байсан гавьяат Дамдингийнд очиж нэг өрөөнийнх нь шалан дээгүүр зулж ажлаа таслан өдөржин унтчихаад Бадамжав сайдаар үхтлээ бангадуулж, ажлаасаа халагдах дөхөж байж билээ.

Одоо бид хэд уулзах болгондоо үүнийгээ ярьж савж унатлаа хөхрөлддөг билээ. Тэр үед ээжийнхээ гэдсэнд тарвалзаж байсан Дамдингийн банди өнөөдөр шижигнэсэн сайхан залуу болчихоод ааваасаа дутахгүй барилдаж явааг сонсоход сэтгэлд нэг л өег. Улсын шигшээ багийнхантай хамт ямаа дүүжилсэн үнэн түүх ийм буюу.

1983- 8-1

No comments: