Monday, June 11, 2012

ИРГЭН ТАНД ХҮРГЭХ ЗАХИДАЛ

ИРГЭН ТАНД ХҮРГЭХ ИЛ ЗАХИДАЛ
Монгол орны газар нутаг лиценз нэрээр харийнханд дамлан худалдагдаж, эх орны маань тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал үндсэндээ алдагдахад хүрээд байгааг бид мэдэх билээ. Гол ус бохирдож, ширгэж, ой мод хэрчигдэж дуусаж байгаа энэ үед бидэнд өнөөдөр эд хөрөнгө гэхээс илүүтэйгээр эх орноо үр ач нартаа бүрэн бүтэн, онгон дагшин байдлаар нь хүлээлгэн өгөх хариуцлагатай үүрэг ногдоод байна. Миний бие 1997 оноос “Ногоон загалмай” нийгэмлэг ТББ-ыг санаачлан байгуулж, газрын наймаа, усны хомсдол, орчны бохирдолтой тэмцэх ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаль орчны салбарт өөрийн мэдлэг туршлагаа олон түмэнтэйгээ хуваалцаж ирснийг Та бүхэн сайн мэдэх болов уу. Хонгорын хоронд нэрвэгдсэн хүмүүсийн өмнөөс төр засгийн цагаандаа гарсан луйварчидтай тэмцэхэд хэвлэл мэдээллийнхэн бидний талд үргэлж байж, үнэний дуу хоолойг олон нийтэд хүргэдэг байсанд би их баярлаж явдаг.
 Зорьсон зүтгэсэн аливаа зүйлдээ хүрэхийг эрмэлзсэн хүнд элдэв саад бэрхшээл мундахгүй их байдгийн нэг нь  хөрөнгө мөнгөний гачаал болохыг би 2008 онд болсон УИХ-ын сонгуулийн үеэр өөрийн биеэр мэдэрсэн юм. Тэр үед УИХ-д гурван суудлын төлөө өрсөлдөгчид Дарханы 19-р тойргийн сонгогчдод аль ч нам эвсэл ялгаагүй баруун солгойгүй мөнгө цацаж байсан. Тэрбум тэрбумаар нь ингэж цацаж хийсгэчихээд түүнээсээ ихийг олох зорилготой хүмүүсд бизнесийнхэн тэр тусмаа гаднынхан ёстой гар татдаггүй юм билээ.  Сонгуулийн шинэ хууль батлагдсанаар энэ зам хаагдаж, бохир аргаар хөрөнгө мөнгө хураагаагүй мань мэтэд нь нэгэн шинэ боломж олдож байгаад би их баяртай байна. Мөн машинаар санал тоолох болсон  нь сонгууль луйварддаг эрх баригчдын дардан зам хаагдлаа гэж ойлгож байна.  Гэхдээ 280 мянган хүн амтай Улаанбаатар хотын хамгийн том энэ дүүрэгт сонгогч болгонд хүрч ажиллахад та бүхний санхүүгийн дэмжлэг хэрэгтэй болоод байна.

 Миний бие эх орон ард түмнээ дээдэлж, авилга хээл хахуулийн торонд хүлүүлэхгүй явахаар зам шулуудсан бөгөөд хүмүүний шунал, тачаал тэнэглэл гурвыг үзэн яддаг нэгэн.   Би энэ удаагийн сонгуульд зарцуулах хандиваа хэдхэн хүнээс их хэмжээгээр биш, өөрийгөө дэмжигч мянга мянган хүнээс тав арваар нь ч болов цуглуулах нь хожмоо их мөнгөний барьцаанд орохгүй, нэр цэвэр явах баталгаа гэж үзэж байна.

 Хүндэт ахан дүүс, найз нөхөд, андууд аа!!!
 Хэрэв Та миний үзэл бодол, итгэл үнэмшилтэй санал нэгдэж, намайг улс төрд орохыг зөвшөөрөн дэмжиж байгаа бол Монгол улсын сонгуулийн хуулинд заасан ёсоор хувь хүн нэгээс нэг сая, пүүс компани бол гурав хүртэлх сая төгрөгний  дэмжлэгийг Голомт банкин дахь миний 1605021509 тоот дансанд 6 сарын 27-ны дотор хандивлана уу. 
Ийнхүү хандив өргөхдөө хувь хүн 1-1.000.000, пүүс компаниуд 3 сая хүртэл төгрөгийг хуулинд зааснаар хандивлаж болох ба “гүйлгээний утга” гэдэг дээр нь "Нэр дэвшигч Ш.Пүрэвсүрэнд өргөх хандив" гэж бичээд өөрсдийн нэр хаяг, утсаа үлдээнэ үү. Баярлалаа.
Би та бүхнээс авсан мөнгөн хандивын зарцуулалтын тайланг хуулийн дагуу сонгуулийн дараа хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд нээлттэй зарлах болно.

Та бүхний итгэлийг дааж “Эрүүл нутаг”, “эрүүл нийгэм” “эрүүл төрийн” төлөө
ШУНАЛГҮЙ, ШУЛУУН, ШУДАРГА ажиллахаа би амалъя.  Миний энэхүү хүсэлтийг цааш нь өөрсдийнхөө таньж мэдэх ах дүүс найз нөхдөдөө дамжуулж намайг болоод намыг маань дэмжээрэй. 

                               МОНГОЛДОО САЙХАН АМЬДАРЪЯ!!!

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх УИХ-ын 26-р тойрогт ИЗНН-аас нэр дэвшигч Шаравын Пүрэвсүрэн 

Эрхэм Д.Жаргалсайхан танаа

Эдийн засагч Д.Жаргалсайхан таны УИХ-д дэвшигч надад
                    тавьсан арван асуултын тань хариу
1. Таны Их Хурлын гишүүн болох туйлын зорилго юу вэ? Хамгийн чухал гурван зорилтоо хэлнэ үү?  Энэ бүхэн чин үнэн гэдгийг эх, эцгийнхээ нэрийг барьж тангараглаж чадах уу?  Та үүндээ бүрэн итгэлтэй байна уу?  
  Миний бие 2008 онд явагдсан УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймагт Монголын Ногоон Намаас нэр дэвшихдээ “Эрүүл нутаг, эрүүл нийгэм, эрүүл төр” уриатай оролцсон юм. Энэ бол миний эргэлт буцалтгүй туйлын зорилго гэдгийг бурхан болсон аав, амьд сэрүүн байгаа ээжийнхээ нэрийг барин тангараглаж байна. Өөртөө тавьсан энэ тангарагтаа би үхэн үхтлээ үнэнч явна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Үр ач нартаа ч бас давхар андгайлж байна.
2. Монголын үндэсний аюулгүй байдалд хамгийн ноцтой заналхийлж байгаа засаглалын авлигыг хаанаас нь эхэлж цэвэрлэх вэ? Улаанбаатар хотын газар болон ашигт малтмалын лицензийн наймааг удирдаж байгаа төрийн зохион байгуулалттай гэмт хэргийг яаж зогсоох вэ? 
Энэ удаа ИЗННамаас УИХ болоод НИТХ-д нэр дэвшиж байгаа бүх хүмүүс үүнийг  өөрсдөөсөө эхлэн хийх ёстой гэж үзэж байгаа. Эс чадваас бид эгүүлэн татагдах хариуцлага үүрэх учиртай. Бид намаасаа нэр дэвшин батламж авахдаа бүгдээрээ ингэж тангараглацгаасан юм. Хоосорч ядуурсан үедээ та эд хөрөнгөө бүр аргаа барвал орон байраа худалдаж, барьцаалж болно. Харин эх орноо хэзээ ч худалдах ёсгүй. Ингэвээс эх орноосоо урвагч гэдэг нэр хочийг өөрөө төдийгүй үр хүүхэд минь үүрнэ гэдгийг би хатуу ухамсарлаж байна. Дээрх авилгын сүлжээг таслан зогсооход биднээр зогсохгүй Монгол хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Одоогийн “Ашигт малтмалын” хуулийн 49.1-д Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлж болно. 51.1 Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж болно гэсэн  бурангуй зүйлүүд буй. Мөн хуулийн 17.4-т Нэг тусгай зөвшөөрлөөр олгох хайгуулын талбайн хэмжээ 25 гектараас багагүй, 400 мянган гектараас ихгүй байна. 17.5. Нэг хуулийн этгээдэд олгох хайгуулын тусгай зөвшөөрлийн тоог хязгаарлахгүй..    гэх мэт хэрээс хэтэрсэн айхтар заалтууд  буй.  Ер нь өмчилсөн биш эзэмшиж буй газрыг өөрийн өмч мэт бусдад худалдаж болдог хуулийн хуудуутай заалтуудыг хүчингүй болгохын төлөө би сүүлийн арван жилийн турш тэмцэж ирсэн, цаашдаа ч  энэ тэмцлээсээ ухрахгүй гэдгээ ард түмнийхээ өмнө дахин амалж байна.
3. Та муур хулганын үлгэр шиг болсон гол мөрөн, ойн сав газарт ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулахыг хориглосон “урт нэртэй хуулийг” хэрэгжүүлж чадах уу?  Энэ хуулийг анхнаасаа байгаль орчны төлөө ТББ-ууд санаачлан УИХ-аар батлуулахын тулд зарим нь өлсгөлөн хүртэл зарлан тэмцэж байсныг та мэднэ.  Хууль батлагдаад таван жил өнгөрлөө, эрх баригч МАНАН хуулийг хэрэгжүүлэхийн тулд хуруугаа ч хөдөлгөсөнгүй, харин ч нэр бүхий зарим гишүүд энэ хуулийг өөрчлөнө гээд төсөл барьчихсан гүйлдэж явахыг бид харлаа. Байгаль орчны чиглэлээр ажилладаг 400 шахам байгууллагыг эгнээндээ нэгтгэдэг Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн удирдах зөвлөлд 2008 онд сонгогдон сүүлийн дөрвөн жил ажиллаж байгаагийн хувьд энэ хуулийг хэрэгжтэл өөрийн эхэлсэн тэмцлээ зогсоохгүй үргэлжлүүлнэ. Бидэнд өнөөдөр уух ус, ургаа мод хэрэгтэй юу? эсвэл алт чухал уу? гэдгийг сонгох цаг нэгэнт болсон, харин ч бүр хэтэрхий оройтоод байна.
4. Та манлайлагч мөн үү? Шийдвэр гаргахад нь бусдад нөлөөлж чадах уу?  Өнгөрсөн сонгуулийн үймээнээр нэг намын байр, соёл урлагийн ордон шатсан ч төрийн эрх баригчид төсвийн 14 тэрбум төгрөгөөр сүрлэг том ордон барьсан атлаа соёл урлагийн ордныг шатсан балгас хэвээр нь үлдээсэнд та ямар дүгнэлт хийж байна вэ? Таван хүнийг хэн буудаж алсныг мэдэн будилж, улс төрийн жүжиг тавьсаар дараачийн сонгуулийг хүргэж байгааг юу гэж үзэж байна вэ? 
 Эхний асуултанд би өөрөө биш миний удирдлага доор ажиллаж байсан тэр үеийн ХХААЯ, ХААИС-ийн багш, оюутнууд, Мянганы сорилтын байгаль орчны албаны ажилтнуудаас асуувал илүү баталгаатай юм ярих болов уу. Харин сүүлчийн асуултын хариуг тэр үеийн эрх баригчид, одоогийн сонгуульд нүүрээ ширлэчихээд оролцож байгаа этгээдүүдээс эрэх нь зүйтэй биз дээ. Миний зүгээс үүнд өгөх хариулт бол жирийн түмнээс тэдний энэ үйл ажиллагаанд тавьж буй дүнгээс явч зөрөхгүй гэдэгт итгэлтэй байна.
5. Эх орноо хөгжүүлэн бадраах их үйлсийг удирдан жолоодоход Та өөрийнхөө мэдлэг, боловсрол, ёс зүй, соёл, гадаад хэлний чадвараа хангалттай гэж дүгнэж байна уу? Даяаршсан Монголыг дан хэлээр удирдах боломжгүй шүү.
  ОХУ-ын Эрхүү, Москва хотуудад сурч боловсорч амьдралынхаа арван жилийг өнгөрөөсөн учир орос хэл миний хоёр дахь хэл. Харин англи хэлийг нэлээд хожим хойно үзсэн ч энд тэндхийн орнуудад зохиогдсон олон улсын хурал цуглаанд хорь гаруй удаа оролцож байгаль орчны чиглэлээр илтгэл хэлэлцүүллээ, англи хэлнээс хэд хэдэн ном орчууллаа, Мянганы сорилтын сангийн төслийн бичиг баримтыг анхнаас нь англи хэлээр  боловсруулахад оролцлоо, хэнбугайд нь ч миний англи хэлний мэдлэг гологдоогүй.
6 Та том томоор намдаа хандив өргөн “лангуу биш дэлгүүрийг” нь бүхэлд нь худалдаад авчихдаг “үнэмлэхүй авлигачдын” нэг үү?
  Би амьдралдаа хэнээс ч авилга авч үзээгүй, бусдад өгье гэсэн сэтгэл ч байхгүй, халаас хоосон нэгэн.
7. Та Их Хурлын гишүүн болоод юуны өмнө хувийнхаа хэрэгцээг хангах төлөвлөгөөтэй байна уу?  
  Би өнөөдөр амьдрах байртай, унах унаатай, хүүхдүүд бүгд тусдаа гарсан учраас надад хувийнхаа хэрэгцээг хангахад одоогийн их хурлын гишүүний цалин болох сая төгрөг элбэг хүрэлцэнэ. Үүнд элдэв зүйлийг төлөвлөх шаардлагагүй.
8. Та Их Хурлын гишүүний хувьд Монгол Улсын, иргэд бидний нүүр царай болно. Таны үг яриа, үйл ажиллагаа олон хүнд, ялангуяа залуучуудад зөв сайхан үлгэр дуурайл болно гэдэгт итгэж байна уу?
  1985 оноос хойш ХААИС төгссөн мянга мянган залуус хот хөдөө хаана ч таарсан намайг “багш аа” гэж хүндэлдэг, байнга санал зөвлөгөө авдаг юм. Энэ нь би тэдэнд өөрийнхөө үлгэр жишгээр амьдралд нь үлгэр дууриал үзүүлж чадсаных юм болов уу гэж боддог, цаашдаа ч энэ имижээ хадгалаад явахаас өөр сонголт надад байхгүй.
9. Таны сонгуулийн сурталчилгааны зардал хаанаас гарсан бэ? Хэнээс хичнээн хандив авснаа сонгуулийн нярав тань тодорхой бүртгэх ёстой.  Тайлангаа ялсан ч, үгүй ч гаргах ёстой. Та баахан өр тавьж төрийн эрхийг авмагцаа зээлдэгчийнхээ эрх ашгийг хамгаалсан хууль журам гаргах, тендерт ялуулах, албан тушаал бэлэглэх зэрэг замаар төлөх гэж байгаа бол үүнийг засаглалын авлига гэдэг. Хуулиар таныг шийтгэх болно гэдгийг сануулья.
  Би сурталчилгааныхаа зардлыг одоо хүртэл бүрэн бүрдүүлж чадаагүй яваа жирийн амьдралтай нэгэн. Зорилго нэгт нам маань болох бүтэхээрээ тусалж байна. Ах дүүс найз нөхдөдөө ард түмэндээ энэ талаар хандсан байгаа. Анхнаасаа зай барьж явсан болохоор надад бизнесийн бүлэглэлд ажилладаг баян найз нөхөд алга. Хүнээс юм гуйж үзээгүй надад хандив босгох гэдэг чинь хамгийн хэцүү даваа юм байна. Гэхдээ олны төлөө гэсэн сэтгэл зориг байгаа болохоор бүтэж л таараа. Мөнгө цацаж байгаад их хуралд гардаг биш харин эсрэгээрээ тэднээс дэмжлэг тусламж авч байгаад төрд сонгогддог ардчилсан орны жишгээр яагаад явж болохгүй гэж.
10. Их Хурлын гишүүн болбол Та ард түмнийхээ дарга нь биш зарц нь болж буйгаа хүлээн зөвшөөрөх үү?  Та төрийн ажлыг мэргэжил гэж ойлгоод үр хүүхдэдээ уламжлуулан, эзэмшүүлэхийг хичээж байгааг юу гэж үздэг вэ?
Миний аав Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Т.Шарав Халх голын дайны үед цэргийн албыг таван жил хааж, маршал Х.Чойбалсан гуайн цайг нь хүртэл зөөж өгч явснаараа байнга бахархдаг жирийн ажилчин хүн байсан. Би харин өөрөө эр цэргийн алба хаагаагүй учраас эх орондоо ихээхэн өртэй хүн. Хэрэв Сонгинохайран дүүргийн сонгогч олон надад итгэл хүлээлгэвэл үлдэж байгаа насандаа ганц удаа боловч ард түмнийхээ зарц болоход бэлэн, бүр мэдэхгүй чадахгүйдээ хүрэх юм бол сонгогчдынхоо шахалтаар биш өөрийнхөө санаачлагаар нэрээ татахад ч бэлэн. Харин төрийн өндөрлөгт оччихоод дорвитой хийсэн бүтээсэн юмгүй мөртлөө буг болтлоо тэнд шигдэх, тэр бүү хэл үр хүүхдэдээ үе залгамжлуулна гэдэг эрүүл ухаантай хүний хувьд байж болшгүй ёс бус үйлдэл. Ямар хойд Солонгос, Куба биш, өнөөдөр бид чинь хаант засаглалтай бус ардчилсан төртэй оронд амьдарч байгаа биш бил үү?
                 Таны хүндэтгэсэн,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх УИХ-ын 26-р тойрогт ИЗНН-аас нэр дэвшигч доктор Шаравын Пүрэвсүрэн

Friday, May 18, 2012

DO YOU SPEAK ENGLISH ?

             
Та англи хэл сурах гэж үзэж байна уу ? Яах гэж? Англи хэл юу юм бэ, эцсийн эцэст. Долоон буудлын дэлгүүрээс ганц юм аваад уухад тэр англи хэлний чинь хэрэг байгаа юм уу? Үхсэн хойноо, Америкийн элчин рүү виз горьдоод ороход урьдаас англиар ус цас шиг ярьдаг монгол охидууд угтаад л асуудлыг шийдүүлчихдэг юм байна лээ ш дээ. Би тэрийг чинь энд сурахгүй ээ, сурдаг амьдардаг газар нь аз таараад очвол  сурч л таараа,  хаашаа зайлах юм гэх ч юм уу эсвэл англи хэлийг сурахын тулд үг цээжлэж өөрийгөө зовоохын хэрэг юу байна, ердөө 200 үг мэдэж байхад л та нар торохгүй яринаш дээ. Ийм маягийн  хөгийн ухуулгууд, зурагт хуудсууд гадуур тархаж эцэст нь хүмүүс англи хэл сурах гэж үйлээ үзэх хэрэгтэй ч юм уу гэх буюу эсвэл тэрэн шиг амархан юм байдаггүй юм байна гэдэг ойлголттой болоод байх шиг байна.
Тэгвэл би дээрх ойлголттой явдаг хүмүүст юуны өмнө шууд эндүүрэл гэдгийг хэлчихье. Юун хоёр зуухан үг. Гар хөлөө гозолзуулж, нүд амаа бүлтэгнүүлж дохио зангаагаар л ярих гээгүй юм бол дээрх цэцдийн хэлж байгааг бүү ойшоо. Горьдсоны чинь гарз.Энэ чинь орчин үеийн компьютерийн тооцон гаргаснаар 866569 үгтэй баялаг хэл. Та ядаж үүний зуу хуваасны нэгтэй тэнцэх үгийг мэдэж байж сая чих чинь бага зэрэг онгойж, ам чинь ангалзаж, жаахан хүүхэд маягаар хэлд орж эхэлнэ гээд бод.
Англи хэлийг эх хэлээ гэж тооцдог хүмүүсийн  тоо өнөөдөр дэлхийн нийт хүн амтай харьцуулахад тийм ч олон биш 340-хөн сая гэдэг боловч  ач холбогдол болон хэрэглээгээрээ дэлхийд нэг номер болж чадсаны учир нь шинжлэх ухаан, техникийн ном, сэтгүүлүүд, радио, зурагт, интернет гээд  мэдээллийн хэрэгслүүдийн ная гаран хувь нь энэ хэл  дээр гарч, ашиглаж байгаатай холбоотой нь мэдээж. Дээр нь дэлхийн нийт бүтээгдэхүүний дөрөвний нэгийг ганцаараа үйлдвэрлэдэг, гарч байгаа шинэ нээлтүүдийн патентын ихэнхийг дангаараа эзэмшдэг АНУ гэж том мангас байгаа болохоор энэ хэлгүй бол яалтай ч билээ. Хүссэн ч хүсээгүй ч, дуртай дургүй ч, хаана ч очсон хоолоо олж идэхийн  тулд хоёр гурван үг боловч англиар солихоос өөр аргагүй.
Англи хэлний гарал үүслийг арлын Англичуудаас үүдэлтэй гэвэл худлаа гэнэ. Энэ хэлээр Германы хойд нутгаар амьдардаг байсан эртний омгууд эхэндээ ярьдаг байжээ. Яваандаа эдгээр нүүдэлчин омгууд Даниар дамжин одоогийн Англид хүрч тэндээсээ Их Британийн колончлолын үеэр дэлхий даяар тэр тусмаа XVII зууны үеэс хойд Америк тивд тархаж эзэмшлээ тэлжээ.  Одоо энэ хэл нь дэлхийн 600 сая гаруй иргэдийн хоёр дахь хэл болж өөрөөр хэлбэл өнөөдөр англиар тэрбум гаруй хүн чөлөөтэй ярьж наймаа худалдаа хийхээс өгсүүлээд нарийн нандин  ажил төрлөө амжуулдаг болоод байна. 
Их Ренчин гуай, Лувсанжав багш нарыг англи хэлнээс гадна арав гаруй хэлийг төгс эзэмшсэн гэж ярьдаг. Эдгээр буурал эрдэмтэд гадаад хэлийг “ертөнцийг харах цонх”  гэж нэрлэн тэр үеийн залуус биднийг гадаад хэл бүрэн төгс эзэмшихийг ямагт уриалан дууддаг байлаа. “Та эх хэлнээсээ гадна ганц хэл маруухан мэддэг бол нэг жижигхэн цонхтой өрөөнд амьдарч байна гэж төсөөл, хоёртой бол тасалгаа чинь арай уужим гэрэлтэй болноо доо. Харин огт байхгүй бол худгийн мэлхий далайн томыг төсөөлдөггүйтэй адил гэсэн үг үү” гэж Лу багш маань нэг удаагийн лекцэн дээрээ биднийгээ даапаалж байж билээ. Хэдийгээр би хэлний мэдлэгийн ач тусыг хожуу ухаарсан ч гэлээ ганц охиноо хэлд орохоос нь эхлэн нүдсээр байгаад таван хэлний зах зухтай болгож чадсан гавьяатай хүн гэж өөрийгөө тооцож явдаг юм шүү.

Ш.Пүрэвсүрэн    \2005-5-17\

Monday, May 14, 2012

Увсын цэнхэр хязгаараар аялахуй

  Аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн их баяртай давхцуулан Увс нутгийнхаа гайхамшгийн талаар уншигч түмэнтэйгээ хуваалцахаар төрсөн нутагаан зоривоо би.
   Өглөө эрт ургах нартай уралдан Улаанбаатар хотоос гарвал 360 км засмалаар давхиад бага үдийн алдад эртний их нийслэл Хархорин хот орно. Монголчууд бидний эртний их домог түүхийг хөрсөн дээрээ ч, дороо ч агуулдаг Орхоны их хөндийг туулан дахиад 200 гаран км яваад Архангай аймгийн төв хүрнэ. Тэндээ үдэлж аваад их “Цагаан давааг” даван уруудахад тэртэй доор та бүхний танил “Тунгалаг тамир” кинон дээр гардаг  Тайхар чулуу хүрэнтэж, Тамирын гол мяралзах нь үнэхээр үзэсгэлэн төгс. Цаашлаад балар эртний асар хүчтэй газар хөдлөлийн нөлөөгөөр ан цав үүсэн тогтсон, гүн ангалд сүү мэт хөөсрөн цайрах Чулуутын голыг  хөвөөлөн галт уулын хүрмэн чулууг сүлжин явбаас Архангайн Тариат сумын төвд хүрнэ. Тэр өдрөө амжвал Суман голыг өгсөөд Тэрхийн цагаан нуурт хүрч, Хоргын тогойг бишрэн харж болно.  Нуурын хөвөөнд ялаа шумуул гэж үгүй бөгөөд аян замын ядаргаагаа тайлан амарч хоноход маш тохиромжтой. Тэндээсээ эртлэн хөдөлж Завхан аймгийн Их-Уул сумын нутаг “Солонготын” даваагаар давах агшин бүр гоё. Дээр үед тээврийн тэрэгний тэнхээ, жолооч нарын тэвчээрийг шалгадаг байсан энэ  давааны орчмын замыг засмалдан хучсанаар одоо ямар ч машин тэрэг зорчиход чөлөөтэй болсон юм билээ. Тэндээсээ уруудан Хангайн их нурууны баруун хойд захын шилмүүст их ойн бартаат замаар тонгочуулсаар Тосонцэнгэл сум орно. Энд үдэлж аваад шингэх нартай уралдан гарч, шөнөжин давхих юм бол үүрээр шинэ аваргын нутаг Баруунтуруун суманд хүрдэг юм.  /1200 км-урт аян замын бяцхан оршил/
    Улаангомд онгоцоор ирэх бүрт тэртээ доор Ханхөхийн нуруу цэнхэртэж, Хяргас, Увс нуур  цэлэлзэн,  Бөөрөг дэлийн их элс шаргалтаж, Хархираан их уулс тун сүрлэгээр угтдагсан.   Манай улсын Туватай залгасан хилээс Хар ус нуур хүртэл үргэлжлэх Хархираа, Түргэний уулсийн ноён оргил нь далайн түвшнээс 4245метр Цагаан дэглий. Энэ ууланд  гарахаар уулчид 1963 оны намар авиралт хийх үеэр  зураглаач Явуухүү осолдсон юм. Энэ тухайгаа уулын спортын мастер Халтар гуай  “Бид авиралт хийхийнхээ урьд орой нь хээр хонохоор хоол ундаа бэлдэж байтал урьд өмнө үзэж таарч байгаагүй онцгой сонин цагаан шувуу хажуугийн хадан дээр биднийг хараад суугаад байсан. Бидний зарим олзуурхаж зарим нь ч гайхаж байтал -энэ муу золигийн бодийг нь хөтөлчихье хэмээн талийгаач Явуухүү дөхөж очингоо нам буудчихсан. Түүнийг  ослын дараа бүгд зэрэг эргэн санасан нь их учиртай шүү. Цаг агаар маш хүйтэн, Цэрэндаш замдаа морьноос унаад бэртэлттэй, дээр нь Нордог бас халуурч бөөлжөөд тэр хоёрыг замдаа үлдээчихээд бид тавуулаа цаашаа аялалаа үргэлжлүүлсэн юм. Замд гучаад метр ханан хад таарч, тэр өөд мацах гэж үйлээ барсныг эс тооцвол цаашаа хялбархан ноён оргилд хүрэн, эх орныхоо далбааг мандуулж, арц  хүжээ уугиулж баярын нулимсаа унагацгаасан. Төдий удалгүй тэнгэр гэнэт хуйсганаж, цасаар шуурч эхэлсэн тул бид яаравчлан буух замдаа халтирч, мөнх цаст уулын бараг оройгоос шахам бүгдээрээ холбоотой гулгаж замдаа тогтох ямар ч боломж ололгүй нисэцгээсэн юм. Замд тогтохоор хамгаалалтын гадсууд мөсөнд шаалттай байсан ч тавын таван хүний хурдтай гулгалтанд тэссэнгүй мулт үсэрч бид 800 гаруй метр шидэгдэн жалганы хонхорын гүнзгий хунгарт шигдэн унацгаасан. Доор үлдсэн хоёр маань хажуугаар нь  цас хуйлруулан “чаргалж” яваа нөхдөө харан сандарч,  очсон боловч бүгд ухаангүй нэг нь аль хэдийнэ амьсгал хураачихсан дээр дээрээсээ давхралдан ундуу сундуй хэвтэж байсан гэдэг.  Энэ ослын үеэр гэмтэж бэртсэн нөхдөө аврах ажиллагаанд тухайлбал дөрвөн хавирга хугараад бүх бие хаданд цохигдчихсон миний биеийг эргэж хүн төрхөө олоход минь тусалсан Дэлэг эмчийн ач гавьяаг үнэлж барамгүй” гэж ярьж байсан юм.
  Түргэн хойшоогоо Байрамын нуруу болж, Тагнын нурууны өмнөд хэсэг болох Мөнгөн тайгад тулна. Хархираа Түргэнээс өмнө зүгт Ёл, Харгайт, Бураат зэрэг бэсрэг уулс үргэлжилсээр Ховд голын зүүн хойт талд сүндэрлэх домогт Алтанхөхийн нуруунд хүрдэг бөлгөө.
     Манай нутгийнхны очих дуртай “Хархираан” амралтнаас доошоо дурандахад алган дээр мэт хөхөртөн цэлэлзэх Увс нуур эндээс 30 гаруйхан км боловч, Хархираан ноён оргилоос 3500 метрээр нам гэхэд үнэмшмээргүй санагддаг.  Манай орны хамгийн том энэ нуур нь далайн түвшнээс 760 м бөгөөд 3350 кв.км талбайг эзлэн тогтоно. ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгэлтэй үзэсгэлэнт Увс нуур маань 200 гаруй сая жилийн настай.  Нуурт Тэс, Нарийн, Хархираа, Боршоо, Сагиль, Хөндлөн, Хандгайт, Торхилог гээд их бага нийлсэн дөчөөд гол горхи цутгадаг ч загас, жараахай байдаггүйн учир нь давс маш ихтэй. Гэсэн ч ногтруу, галуу, нугас, цахлай зэрэг нүүдлийн шувууд олноор цугласан үед нь дэргэд нь очих юм бол ертөнцийн диваажин гэлтэй сэтгэгдэл төрдөг юм даа.
Биднийг дунд сургуульд сурч байх үед Увс нутгийнхны сүлд дуу байсан
Улаангом дууны: 
Далан хэлийн жигүүртэн шувууд
Далавч мэдэн зугаалан цэнгэсэн
Тунгалаг Увсын цэнхэр  мандалд
Тольдон байдаг Улаангом  гэсэн мөртүүд одоо хүртэл сэтгэл зүрхэнд шингэн үлджээ. 
     Хангайн нурууны үргэлжлэл болох Ханхөхийн нуруу нь хойшоогоо Тогтохын шил болон нэрээ өөрчилж, 180 гаруй км үргэлжилсээр Хархираан их уулсад дөхөж очдог. Ханхөхийн нурууны ноён оргил болох Алтан Дуулга 2923 м, бол Гурван Цагаанхайрхан уулын дунд оргил нь 2512 м бөлгөө. 1905 оны  зун Ханхөхий, Булнайн нурууг хамарсан асар хүчтэй газар хөдлөлт болж, Ханхөхийн баруун хойд ар Хилэнгийн амнаас Хангилцагийн голыг дайран зүүн тийш үргэлжилсээр Булнайн нурууны ар Сангийн далай нуур хүртэл 400 гаруй км урт газар нутгийг хамарсан цууралт үүссэн мөр одоо хүртэл  бий. Энэхүү урт хагархайн хажуугаар салбарласан цууралтууд олон. Ийм нэг цууралт  Ханхөхийн нурууг давж Далантүрүү нуурыг дайран зуу гаруй км үргэлжилдэг. Газрын энэ хагархайг нутгийнхан Сартагдайн мөр гэж ярьдаг ба газар хөдлөлтийн үеэр дээрх нууруудын ус маш өндөр цацагдан ойж байхыг олон хүн харсан байдаг. Хөхийн арын Өвгөн овоо гэдэг газар малчин Дүүрэн гэдэг айлын арван хэдтэй хүүгийн хариулж явсан хонь, дагуулж явсан нохой нь хүртэл тэр их ангал руу орон хонь шуугих дуу хэд хоног тасрахгүй байсан тухай газарзүйч, эрдэмтэн Намнансүрэн гуайн тэмдэглэлд буй. Ханхөхийн нурууны ар өврөөр нутагладаг илжгэн  халхууд XVII зууны үед Хөвсгөл, Архангайн зааг орчмоос нүүдэллэн ирж суурьшсан бол баяд ястнууд Тогтохын шилээ даган Баян нуур, Тэсийн голоо шүтэж амьдардаг. Харин дөрвөдүүд Улаангомоос хойш Хархираа, Түргэний уулс, Мөнгөн тайгын өвөр хэсгээр нутагладаг юм.  
    Тэс гол Булнайн нуруунаас эх авч Тагнын нурууны өмнөд уулсыг сүлжин 700 гаруй километр туулсаар Бөөрөг дэлийн элсийг хаяалж Увс нуурт цутгахдаа зэгс, намаг бүхий таван салаа үүсгэдэг учир таван Тэс гэдэг хэллэг үүсчээ. Энэхүү таван салааг нутгийнхан Оргих, Хос эрэг, Их гол, Жийрэг, Үкэг хэмээн нэрлэнэ. Тэсийн голыг даган зэрлэг чацаргана их ургадаг байлаа.
    Харин Бөхмөрөн гол Мөнгөн тайгаас эх авч Ачит нуурт цутган тэндээсээ Ховд гол болон гарч 500 гаруй км туулан хүн малыг унаалсаар Хар ус нуурт нийлдэг.    Хангилцаг, Баруун, Зүүн Турууны голууд нь Өлөнгийн тал, Алтан элс рүү шургаж  тэндээсээ Баруун, Зүүн Нарийний голууд болон элсэн дундаас бургилан гарч Увс нуураа тэжээдэг юм.   
 Москвагийн их сургуульд сурч байх 30 гаруй жилийн тэртээ шалгалт шүүлгийнххэ чамгүй давааг давчихаад төрсөн нутаг аав ээжийгээ зорин Ярославын галт тэрэгний буудлаас хөдлөх тэр мөч  хамгийн сэтгэл хөдлөм үе байдаг байж билээ. Галт тэргээр тав хоног түжигнүүлсээр Улаанбаатарт ирнэ, унаа олж Увс руу хөдлөх хүртэл нойр бараг хүрэхгүй дээ. Замын зардал болох 188 төгрөгийг барж дийлэхгүйгээс нагац ахынхаа чиргүүлтэй “ЗИЛ-130” машины барааны брезентэн доогуур нуугдсаар “22-ын товчооны” шалгалтыг өнгөрөөд санаа жаахан уужрана,  ачаандаа түүртсэн моторын яраглах дуунд нойр хагаслан явсаар гурав дахь хоногийн үүрээр Туруун ордог байлаа. Аав ээждээ, хөгшин буурайдаа удахгүй очиж үнсүүлнэ гэхээс хоол ч хоолойгоор давдаггүй байлаа.  Үргэлжлэлийг удахгүй хэвлэгдэн гарах "Миний ертөнц" номноос уншина уу