Friday, May 18, 2012

DO YOU SPEAK ENGLISH ?

             
Та англи хэл сурах гэж үзэж байна уу ? Яах гэж? Англи хэл юу юм бэ, эцсийн эцэст. Долоон буудлын дэлгүүрээс ганц юм аваад уухад тэр англи хэлний чинь хэрэг байгаа юм уу? Үхсэн хойноо, Америкийн элчин рүү виз горьдоод ороход урьдаас англиар ус цас шиг ярьдаг монгол охидууд угтаад л асуудлыг шийдүүлчихдэг юм байна лээ ш дээ. Би тэрийг чинь энд сурахгүй ээ, сурдаг амьдардаг газар нь аз таараад очвол  сурч л таараа,  хаашаа зайлах юм гэх ч юм уу эсвэл англи хэлийг сурахын тулд үг цээжлэж өөрийгөө зовоохын хэрэг юу байна, ердөө 200 үг мэдэж байхад л та нар торохгүй яринаш дээ. Ийм маягийн  хөгийн ухуулгууд, зурагт хуудсууд гадуур тархаж эцэст нь хүмүүс англи хэл сурах гэж үйлээ үзэх хэрэгтэй ч юм уу гэх буюу эсвэл тэрэн шиг амархан юм байдаггүй юм байна гэдэг ойлголттой болоод байх шиг байна.
Тэгвэл би дээрх ойлголттой явдаг хүмүүст юуны өмнө шууд эндүүрэл гэдгийг хэлчихье. Юун хоёр зуухан үг. Гар хөлөө гозолзуулж, нүд амаа бүлтэгнүүлж дохио зангаагаар л ярих гээгүй юм бол дээрх цэцдийн хэлж байгааг бүү ойшоо. Горьдсоны чинь гарз.Энэ чинь орчин үеийн компьютерийн тооцон гаргаснаар 866569 үгтэй баялаг хэл. Та ядаж үүний зуу хуваасны нэгтэй тэнцэх үгийг мэдэж байж сая чих чинь бага зэрэг онгойж, ам чинь ангалзаж, жаахан хүүхэд маягаар хэлд орж эхэлнэ гээд бод.
Англи хэлийг эх хэлээ гэж тооцдог хүмүүсийн  тоо өнөөдөр дэлхийн нийт хүн амтай харьцуулахад тийм ч олон биш 340-хөн сая гэдэг боловч  ач холбогдол болон хэрэглээгээрээ дэлхийд нэг номер болж чадсаны учир нь шинжлэх ухаан, техникийн ном, сэтгүүлүүд, радио, зурагт, интернет гээд  мэдээллийн хэрэгслүүдийн ная гаран хувь нь энэ хэл  дээр гарч, ашиглаж байгаатай холбоотой нь мэдээж. Дээр нь дэлхийн нийт бүтээгдэхүүний дөрөвний нэгийг ганцаараа үйлдвэрлэдэг, гарч байгаа шинэ нээлтүүдийн патентын ихэнхийг дангаараа эзэмшдэг АНУ гэж том мангас байгаа болохоор энэ хэлгүй бол яалтай ч билээ. Хүссэн ч хүсээгүй ч, дуртай дургүй ч, хаана ч очсон хоолоо олж идэхийн  тулд хоёр гурван үг боловч англиар солихоос өөр аргагүй.
Англи хэлний гарал үүслийг арлын Англичуудаас үүдэлтэй гэвэл худлаа гэнэ. Энэ хэлээр Германы хойд нутгаар амьдардаг байсан эртний омгууд эхэндээ ярьдаг байжээ. Яваандаа эдгээр нүүдэлчин омгууд Даниар дамжин одоогийн Англид хүрч тэндээсээ Их Британийн колончлолын үеэр дэлхий даяар тэр тусмаа XVII зууны үеэс хойд Америк тивд тархаж эзэмшлээ тэлжээ.  Одоо энэ хэл нь дэлхийн 600 сая гаруй иргэдийн хоёр дахь хэл болж өөрөөр хэлбэл өнөөдөр англиар тэрбум гаруй хүн чөлөөтэй ярьж наймаа худалдаа хийхээс өгсүүлээд нарийн нандин  ажил төрлөө амжуулдаг болоод байна. 
Их Ренчин гуай, Лувсанжав багш нарыг англи хэлнээс гадна арав гаруй хэлийг төгс эзэмшсэн гэж ярьдаг. Эдгээр буурал эрдэмтэд гадаад хэлийг “ертөнцийг харах цонх”  гэж нэрлэн тэр үеийн залуус биднийг гадаад хэл бүрэн төгс эзэмшихийг ямагт уриалан дууддаг байлаа. “Та эх хэлнээсээ гадна ганц хэл маруухан мэддэг бол нэг жижигхэн цонхтой өрөөнд амьдарч байна гэж төсөөл, хоёртой бол тасалгаа чинь арай уужим гэрэлтэй болноо доо. Харин огт байхгүй бол худгийн мэлхий далайн томыг төсөөлдөггүйтэй адил гэсэн үг үү” гэж Лу багш маань нэг удаагийн лекцэн дээрээ биднийгээ даапаалж байж билээ. Хэдийгээр би хэлний мэдлэгийн ач тусыг хожуу ухаарсан ч гэлээ ганц охиноо хэлд орохоос нь эхлэн нүдсээр байгаад таван хэлний зах зухтай болгож чадсан гавьяатай хүн гэж өөрийгөө тооцож явдаг юм шүү.

Ш.Пүрэвсүрэн    \2005-5-17\

Monday, May 14, 2012

Увсын цэнхэр хязгаараар аялахуй

  Аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн их баяртай давхцуулан Увс нутгийнхаа гайхамшгийн талаар уншигч түмэнтэйгээ хуваалцахаар төрсөн нутагаан зоривоо би.
   Өглөө эрт ургах нартай уралдан Улаанбаатар хотоос гарвал 360 км засмалаар давхиад бага үдийн алдад эртний их нийслэл Хархорин хот орно. Монголчууд бидний эртний их домог түүхийг хөрсөн дээрээ ч, дороо ч агуулдаг Орхоны их хөндийг туулан дахиад 200 гаран км яваад Архангай аймгийн төв хүрнэ. Тэндээ үдэлж аваад их “Цагаан давааг” даван уруудахад тэртэй доор та бүхний танил “Тунгалаг тамир” кинон дээр гардаг  Тайхар чулуу хүрэнтэж, Тамирын гол мяралзах нь үнэхээр үзэсгэлэн төгс. Цаашлаад балар эртний асар хүчтэй газар хөдлөлийн нөлөөгөөр ан цав үүсэн тогтсон, гүн ангалд сүү мэт хөөсрөн цайрах Чулуутын голыг  хөвөөлөн галт уулын хүрмэн чулууг сүлжин явбаас Архангайн Тариат сумын төвд хүрнэ. Тэр өдрөө амжвал Суман голыг өгсөөд Тэрхийн цагаан нуурт хүрч, Хоргын тогойг бишрэн харж болно.  Нуурын хөвөөнд ялаа шумуул гэж үгүй бөгөөд аян замын ядаргаагаа тайлан амарч хоноход маш тохиромжтой. Тэндээсээ эртлэн хөдөлж Завхан аймгийн Их-Уул сумын нутаг “Солонготын” даваагаар давах агшин бүр гоё. Дээр үед тээврийн тэрэгний тэнхээ, жолооч нарын тэвчээрийг шалгадаг байсан энэ  давааны орчмын замыг засмалдан хучсанаар одоо ямар ч машин тэрэг зорчиход чөлөөтэй болсон юм билээ. Тэндээсээ уруудан Хангайн их нурууны баруун хойд захын шилмүүст их ойн бартаат замаар тонгочуулсаар Тосонцэнгэл сум орно. Энд үдэлж аваад шингэх нартай уралдан гарч, шөнөжин давхих юм бол үүрээр шинэ аваргын нутаг Баруунтуруун суманд хүрдэг юм.  /1200 км-урт аян замын бяцхан оршил/
    Улаангомд онгоцоор ирэх бүрт тэртээ доор Ханхөхийн нуруу цэнхэртэж, Хяргас, Увс нуур  цэлэлзэн,  Бөөрөг дэлийн их элс шаргалтаж, Хархираан их уулс тун сүрлэгээр угтдагсан.   Манай улсын Туватай залгасан хилээс Хар ус нуур хүртэл үргэлжлэх Хархираа, Түргэний уулсийн ноён оргил нь далайн түвшнээс 4245метр Цагаан дэглий. Энэ ууланд  гарахаар уулчид 1963 оны намар авиралт хийх үеэр  зураглаач Явуухүү осолдсон юм. Энэ тухайгаа уулын спортын мастер Халтар гуай  “Бид авиралт хийхийнхээ урьд орой нь хээр хонохоор хоол ундаа бэлдэж байтал урьд өмнө үзэж таарч байгаагүй онцгой сонин цагаан шувуу хажуугийн хадан дээр биднийг хараад суугаад байсан. Бидний зарим олзуурхаж зарим нь ч гайхаж байтал -энэ муу золигийн бодийг нь хөтөлчихье хэмээн талийгаач Явуухүү дөхөж очингоо нам буудчихсан. Түүнийг  ослын дараа бүгд зэрэг эргэн санасан нь их учиртай шүү. Цаг агаар маш хүйтэн, Цэрэндаш замдаа морьноос унаад бэртэлттэй, дээр нь Нордог бас халуурч бөөлжөөд тэр хоёрыг замдаа үлдээчихээд бид тавуулаа цаашаа аялалаа үргэлжлүүлсэн юм. Замд гучаад метр ханан хад таарч, тэр өөд мацах гэж үйлээ барсныг эс тооцвол цаашаа хялбархан ноён оргилд хүрэн, эх орныхоо далбааг мандуулж, арц  хүжээ уугиулж баярын нулимсаа унагацгаасан. Төдий удалгүй тэнгэр гэнэт хуйсганаж, цасаар шуурч эхэлсэн тул бид яаравчлан буух замдаа халтирч, мөнх цаст уулын бараг оройгоос шахам бүгдээрээ холбоотой гулгаж замдаа тогтох ямар ч боломж ололгүй нисэцгээсэн юм. Замд тогтохоор хамгаалалтын гадсууд мөсөнд шаалттай байсан ч тавын таван хүний хурдтай гулгалтанд тэссэнгүй мулт үсэрч бид 800 гаруй метр шидэгдэн жалганы хонхорын гүнзгий хунгарт шигдэн унацгаасан. Доор үлдсэн хоёр маань хажуугаар нь  цас хуйлруулан “чаргалж” яваа нөхдөө харан сандарч,  очсон боловч бүгд ухаангүй нэг нь аль хэдийнэ амьсгал хураачихсан дээр дээрээсээ давхралдан ундуу сундуй хэвтэж байсан гэдэг.  Энэ ослын үеэр гэмтэж бэртсэн нөхдөө аврах ажиллагаанд тухайлбал дөрвөн хавирга хугараад бүх бие хаданд цохигдчихсон миний биеийг эргэж хүн төрхөө олоход минь тусалсан Дэлэг эмчийн ач гавьяаг үнэлж барамгүй” гэж ярьж байсан юм.
  Түргэн хойшоогоо Байрамын нуруу болж, Тагнын нурууны өмнөд хэсэг болох Мөнгөн тайгад тулна. Хархираа Түргэнээс өмнө зүгт Ёл, Харгайт, Бураат зэрэг бэсрэг уулс үргэлжилсээр Ховд голын зүүн хойт талд сүндэрлэх домогт Алтанхөхийн нуруунд хүрдэг бөлгөө.
     Манай нутгийнхны очих дуртай “Хархираан” амралтнаас доошоо дурандахад алган дээр мэт хөхөртөн цэлэлзэх Увс нуур эндээс 30 гаруйхан км боловч, Хархираан ноён оргилоос 3500 метрээр нам гэхэд үнэмшмээргүй санагддаг.  Манай орны хамгийн том энэ нуур нь далайн түвшнээс 760 м бөгөөд 3350 кв.км талбайг эзлэн тогтоно. ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгэлтэй үзэсгэлэнт Увс нуур маань 200 гаруй сая жилийн настай.  Нуурт Тэс, Нарийн, Хархираа, Боршоо, Сагиль, Хөндлөн, Хандгайт, Торхилог гээд их бага нийлсэн дөчөөд гол горхи цутгадаг ч загас, жараахай байдаггүйн учир нь давс маш ихтэй. Гэсэн ч ногтруу, галуу, нугас, цахлай зэрэг нүүдлийн шувууд олноор цугласан үед нь дэргэд нь очих юм бол ертөнцийн диваажин гэлтэй сэтгэгдэл төрдөг юм даа.
Биднийг дунд сургуульд сурч байх үед Увс нутгийнхны сүлд дуу байсан
Улаангом дууны: 
Далан хэлийн жигүүртэн шувууд
Далавч мэдэн зугаалан цэнгэсэн
Тунгалаг Увсын цэнхэр  мандалд
Тольдон байдаг Улаангом  гэсэн мөртүүд одоо хүртэл сэтгэл зүрхэнд шингэн үлджээ. 
     Хангайн нурууны үргэлжлэл болох Ханхөхийн нуруу нь хойшоогоо Тогтохын шил болон нэрээ өөрчилж, 180 гаруй км үргэлжилсээр Хархираан их уулсад дөхөж очдог. Ханхөхийн нурууны ноён оргил болох Алтан Дуулга 2923 м, бол Гурван Цагаанхайрхан уулын дунд оргил нь 2512 м бөлгөө. 1905 оны  зун Ханхөхий, Булнайн нурууг хамарсан асар хүчтэй газар хөдлөлт болж, Ханхөхийн баруун хойд ар Хилэнгийн амнаас Хангилцагийн голыг дайран зүүн тийш үргэлжилсээр Булнайн нурууны ар Сангийн далай нуур хүртэл 400 гаруй км урт газар нутгийг хамарсан цууралт үүссэн мөр одоо хүртэл  бий. Энэхүү урт хагархайн хажуугаар салбарласан цууралтууд олон. Ийм нэг цууралт  Ханхөхийн нурууг давж Далантүрүү нуурыг дайран зуу гаруй км үргэлжилдэг. Газрын энэ хагархайг нутгийнхан Сартагдайн мөр гэж ярьдаг ба газар хөдлөлтийн үеэр дээрх нууруудын ус маш өндөр цацагдан ойж байхыг олон хүн харсан байдаг. Хөхийн арын Өвгөн овоо гэдэг газар малчин Дүүрэн гэдэг айлын арван хэдтэй хүүгийн хариулж явсан хонь, дагуулж явсан нохой нь хүртэл тэр их ангал руу орон хонь шуугих дуу хэд хоног тасрахгүй байсан тухай газарзүйч, эрдэмтэн Намнансүрэн гуайн тэмдэглэлд буй. Ханхөхийн нурууны ар өврөөр нутагладаг илжгэн  халхууд XVII зууны үед Хөвсгөл, Архангайн зааг орчмоос нүүдэллэн ирж суурьшсан бол баяд ястнууд Тогтохын шилээ даган Баян нуур, Тэсийн голоо шүтэж амьдардаг. Харин дөрвөдүүд Улаангомоос хойш Хархираа, Түргэний уулс, Мөнгөн тайгын өвөр хэсгээр нутагладаг юм.  
    Тэс гол Булнайн нуруунаас эх авч Тагнын нурууны өмнөд уулсыг сүлжин 700 гаруй километр туулсаар Бөөрөг дэлийн элсийг хаяалж Увс нуурт цутгахдаа зэгс, намаг бүхий таван салаа үүсгэдэг учир таван Тэс гэдэг хэллэг үүсчээ. Энэхүү таван салааг нутгийнхан Оргих, Хос эрэг, Их гол, Жийрэг, Үкэг хэмээн нэрлэнэ. Тэсийн голыг даган зэрлэг чацаргана их ургадаг байлаа.
    Харин Бөхмөрөн гол Мөнгөн тайгаас эх авч Ачит нуурт цутган тэндээсээ Ховд гол болон гарч 500 гаруй км туулан хүн малыг унаалсаар Хар ус нуурт нийлдэг.    Хангилцаг, Баруун, Зүүн Турууны голууд нь Өлөнгийн тал, Алтан элс рүү шургаж  тэндээсээ Баруун, Зүүн Нарийний голууд болон элсэн дундаас бургилан гарч Увс нуураа тэжээдэг юм.   
 Москвагийн их сургуульд сурч байх 30 гаруй жилийн тэртээ шалгалт шүүлгийнххэ чамгүй давааг давчихаад төрсөн нутаг аав ээжийгээ зорин Ярославын галт тэрэгний буудлаас хөдлөх тэр мөч  хамгийн сэтгэл хөдлөм үе байдаг байж билээ. Галт тэргээр тав хоног түжигнүүлсээр Улаанбаатарт ирнэ, унаа олж Увс руу хөдлөх хүртэл нойр бараг хүрэхгүй дээ. Замын зардал болох 188 төгрөгийг барж дийлэхгүйгээс нагац ахынхаа чиргүүлтэй “ЗИЛ-130” машины барааны брезентэн доогуур нуугдсаар “22-ын товчооны” шалгалтыг өнгөрөөд санаа жаахан уужрана,  ачаандаа түүртсэн моторын яраглах дуунд нойр хагаслан явсаар гурав дахь хоногийн үүрээр Туруун ордог байлаа. Аав ээждээ, хөгшин буурайдаа удахгүй очиж үнсүүлнэ гэхээс хоол ч хоолойгоор давдаггүй байлаа.  Үргэлжлэлийг удахгүй хэвлэгдэн гарах "Миний ертөнц" номноос уншина уу

Вангагийн зөгнөл

 Болгарын их зөнч Ванга эмээ багадаа дүүтэйгээ усанд яваж байгаад хүчтэй шороон шуурганд өртөж сохорсон гэдэг юм билээ. Түүнээс хойш тэрээр хүний хувь заяаг урьдчилан мэдэх авъяастай болсон ба түүний хэлсэн зүйлүүд биелэлээ олсон талаар дэлхий даяар ярьж бичдэг. 16 настайгаасаа ирээдүйд болох үйл явдлыг итгэлтэй хэлдэг болсон Ванга зөнчөөс гадна оточ байжээ. Дэлхийн II дайны үед түүний зөгнөлүүд биелж, А.Гитлер өөрийн биеэр Вангагийн Болгар дахь гэрт нь зочилж байсан гэдэг. Түүний тухай Дэлхийн шатрын холбооны  ерөнхийлөгч Кирсан Илюмжинов  Намайг Халимагийн ерөнхийлөгчөөр ажиллаж байх 1995 оны 4 сард түүний туслах нь над руу залгажТа зүгээр биз дээ? Эмээ таныг хоёр болж харагдаад байна гэхээр нь би онгоцоороо түүн дээр шууд яваад очлоо. Бүгд хамтдаа оройн хоол идэцгээж байтал гэнэт Ванга над руу заагаад: “Ийм туранхай, жижигхэн мөртлөө хоёр том суудал эзэлнэ шүү” гэж билээ. Түүнээс хойш хэдхэн сарын дараа намайг Олон Улсын Шатрын Холбооны ерөнхийлөгчөөр сонгосон юм” гэж дурссан байдаг.
   Тэрээр бүр 1980 онд энэ зууны төгсгөлд   "Курск" усанд автана, түүний араас бүх нийтээрээ харамсан гашуудах болно гэж хэлж байж. Түүний хэлснээс  20 жилийн дараа Курск хот усанд автах нь гэж хүмүүс таамаглаж байсан нь зөрж, Оросын цөмийн шумбагч "Курск"  онгоц 2000 оны наймдугаар сард  живжээ. Түүнчлэн тэрбээр 1989 онд "төмөр шувууд халдсаны дараа Америкийн ахан дүүс унана. Гэмгүй хүмүүсийн цус асгарсанаас бутан дотроос чононууд улина" гэжээ. "Бутан дотроос чононууд улина" гэдгийг зарим шинжээч тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буштай холбон тайлбарласан байдаг. Bush гэдэг нь бут гэсэн үг. Үнэхээр 2001 оны есдүгээр сарын 11-нд Нью-Йорк дахь дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхгийг зорчигчидтой "төмөр шувуу"-нууд мөргөсөн юм. Дөрвөн улсын удирдагч алагдана. Тэдгээрийн нэгнээс үүдэж дэлхийн III дайн эхэлнэ гэдэг нь үндсэндээ биелж эхэлж байна. Иракийн Ерөнхийлөгч Саддам Хуссейн, Ливийн Ерөнхийлөгч Муаммар Каддафи хэдийнэ алагдсан.  Ийнхүү дэлхийн III дайны талаархи түүний зөгнөл цаг хугацааны хувьд оройтсон ч биелж эхэлж байгаад дэлхий нийт түгшиж байна.
     "Дэлхийн бөмбөрцгийн хойт хагас цацраг идэвхт бодист автаж ургамал амьтангүй болно.  Үүнээс улбаалан дэлхийн хүмүүсийн ихэнх арьсны хорт хавдар, мөн янз бүрийн өвчнөөр өвчилнө. Европ тивд бараг хүн үлдэхгүй. 2018 онд Хятад дэлхийн шинэ хүчирхэг гүрэн болно” гэж  түүний хэлсэнчлэн Хятад улс жилээс жилд хүчирхэгжиж , эдийн засаг, ДНБ-ийнхээ өсөлтөөрөө Японыг гүйцэж түрүүлэн АНУ-ын ард гишгэх боллоо. Европын холбооны тэргүүлэх гүрэн Герман улс хүртэл Хятадаас тусламж гуйж байна. 
     Түүний амьд сэрүүндээ  XXI зуунд болох үйл явдлыг зөгнөн хэлсэн зарим зүйлсийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс иш татан  авч бичлээ.
             Итгэх итгэхгүй нь харин таны хэрэг.
2010 он. Дэлхийн гуравдугаар дайн эхэлнэ. Энэ дайн 2010 оны 11 сард эхэлж 2014 оны 10  сард дуусна.    Эхлээд цөмийн дараа нь химийн зэвсэг хэрэглэнэ.
2011 он.
Цацраг идэвхт тунадаснаас  дэлхийн хойт хагасын ан амьтан, ургамал устана. Ислам шашинтнууд Европын эсрэг химийн дайн дэгдээнэ.
2014 он. Энэ дайны уршгаар ихэнх х
үн арьсны хорт хавдар, болон арьсны бусад өвчнөөр өвчилнө.
2016 он. Европ тив бараг х
үнгүй болно.
2018 он. Хятад дэлхийн хамгийн х
үчирхэг гүрэн болно. Хөгжингүй  орнууд  мөлжигдөгч болон хувирна.
2023 он. Дэлхийн тойрог зам бага зэрэг
өөрчлөгдөнө.
2025 он. Европ тив маш ц
өөхөн оршин суугчидтай болно.
2028 он. Эрчим х
үчний шинэ эх үүсвэртэй болно. Өлсгөлөн газар авна. Сугар гараг руу хөлөг хөөргөнө.
2033 он. Туйлын м
өс хайлж далайн түвшин эрс нэмэгдэнэ.
2043 он. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хөгжин
ө. Европт исламчууд эрх мэдлийг барина.
2046 он. Х
үний ямар ч эд эрхтэнг ургуулдаг болж, эрхтэн солих нь эмчилгээний шилдэг арга болно.
2066 он. Америк
чууд шинэ төрлийн зэвсэг хэрэглэнэ. Энэ зэвсгийн нөлөөгөөр огцом хүйтрэнэ.
2076 он. Ангиг
үй нийгэм байгуулагдана.
2084 он. Байгаль дэлхий эргэн сэргэнэ.
2088 он.
Агшин зуур хөгширдөг шинэ төрлийн өвчин гарна.
2097 он. Хурдан хөгшр
өлтийг ялан дийлнэ.
2100 он. Хиймэл нар дэлхийн харанхуй хэсгийг гэрэлт
үүлнэ гэсэн байна.