Friday, March 30, 2012

Туруун нутаг минь

Домог түүхт буурал Хөхийн сүрлэг уулсын ар хормойг дэрлэн Их Боригдол элсээр эх орныхоо хойд хилийг манаж уул толгод уудам хөндий хослон орших миний Туруун нутаг. Сүрлэг уулсын суга бүрээс садран урсах булаг шандууд нийлэн нийлсээр Баруунтуруун Зүүнтуруун гэгдэх голууд болж Өлөнгийн талыг ундаалсаар Их элсэнд шингэж тэгснээ гэнэт Баруун, Зүүн нарийны гол болон элсэн манхан дундаас дэлбэрэн гарч ирэх нь үнэхээр байгаль эхийн тайлагдашгүй оньсгуудын нэгээ. Та миний нутгийн энэ гайхамшгийг нүдээр харсан л бол ертөнцийн долоон гайхамшгийг үзэж чадаагүйдээ бүү гунихраарай. Хавар хавартаа усны шувуудыг цэнгүүлэх Алтан элсний Дөрөө нуур, намар намартаа алтан тариа шаагиулах Өлөнгийн тал-Энэ л миний хүүхэд насаа үдсэн юугаар ч сольшгүй нутаг минь билээ.

Уртаашаа зуу гаруй км үргэлжлэх дэлхийн бөмбөрцгийн хамгийн хойд цэгт орших монгол нутгийн хамгийн том элсэн цөлийг та энд л үзнэ. Их элсэн дундаас урсах Нарийны голуудын эхэнд хус, улиас, шинэс, гацуур, бургас, харган, улаалзгана, хармаг гээд энэ нутагт ургадаг бүх мод бут ургамлын цуглуулга байдаг нь үнэхээр гайхам.

Эрт эдүгээгээс Турууны энэ нутаг баяд, дөрвөд, урианхай, халх хүмүүсийн уулзвар газар байжээ. Өлөнгийн Бор толгойн урьд талын Улаан чулууны хонхор гэдэг газар Урайнхайн Алтан тайга, Мөнгөн тайгын хошууны хүмүүс, Дөрвөд Далай хаан арван баядын төлөөлөгчид, Засагт хаан аймгийн Луу гүний хушууны жанжин занги нар хоёр жилд нэг удаа цуглаж хурал чуулган хийж, ажил төрлөө ярилцаж шийдвэрлэдэг байжээ. Энэ нутагт тухайн жил нь Ханхөхийн хошууны ноёных олон гэр бариулан бэлдэж дээрх үндэстнүүдийн төлөөлөгч нар цуглан хүн, малын халдварт өвчин, ган зуд, хулгай дээрэм, хууль ном зөрчсөн асуудлуудаа шийдвэрлэдэг мөн жилийн хугацаанд өөр өөрийн нутагт болсон гол үйл явдлуудаа харилцан мэдээлэлцдэг уламжлалтай байжээ. Улаан чулууны хонхор гэж нэрлэсний учир нь уг дөрвөн том улаан чулуунуудын хоёрыг нь баяд, дөрвөдүүд Зээрэнгийн усны Улаан толгойгоос, нижгээдийг Тывагийн урианхайчууд Дөрөө нуурын ард байдаг Улаан уулнаас, элжигэн халхчууд Зүүнхангайн ард байдаг Бялын уулнаас авч ирж тавьсан гэдэг юм билээ. Хүний амь нас хөнөөсөн гэмтнүүдийг дөрвөн мөчнөөс нь дөрвөн чулуунаас тэлж татан уяж байгаад хэргийг нь хурлаараа хэлэлцэж шүүдэг байсан гэнэ. Улаан чулууны хонхрыг тэр үед ийнхүү шорон маягаар ашигладаг, тэгээд ч тэр хонхрын хавьд нутгийн ардууд зэвүүрхээд очдоггүй байжээ.

Жаран жилийн түүхэндээ 600 мянган тонн тариа хураасан ард олон, үүнийг ургуулсан агуу үнэт газар шороо. Үүнийг нь биетээр хэмжвэл 100 гаруй мянган тэвш будаа буюу Монгол нутгийн баруун захаас зүүн хязгаар хүртэлх хоорондоо 30 м зайтай явах автомашины цуваа болно гэсэн үг. Тухайн үедээ өнгө амт чанараараа Баруунтурууны гурил улсдаа гайхуулж байсны нууц нь Альбидум-43 хэмээх алдарт сортыг нутагшуулж чадсан үе үеийн агрономчдын минь ач гавьяа. Хөдөлмөрийн аваргууд, эрдэмтэн докторууд. бөх морьд юм юмаараа алдартай миний нутаг. Би танаараа бахархнам мөн өвдөг сөгдөн талархнам.

Эх орны дуудлагаар, нам, эвлэлийн илгээлтээр анх Улаансан байгуулагдаж эхэлсэн үеэс цугласан халх баяд, хасаг дөрвөд...олон ястнууд ах дүүс найз нөхөд болон дотносож Турууныхан гэсэн шинэ үеийн голомтыг асаасан юм. Зөвхөн Монголын олон ястнуудын “хярамцаг” болсон төдийгүй тариаланч орос ах нар, барилгачин хятад урчууд энд л цуглацгааж бие биенийгээ би чи гэж гадуурхдаггүй “интенационалч” хамт олон бүрдэж нутгийн бүтээн байгуулалтанд оролцож жаргал зовлонгоо хуваалцан амьдарч байсан сонин түүхтэй хязгаар. Улсын хэмжээнд анхны сум дундын эмнэлэг энд л байгуулагдаж Хятад Лю ши хүү энд төрж орос эмч Тоня олон зуун эх хүүгийн аминд орж Торгашин, Цэвээнов, Иванов нарыг эх барьж авч байсан нутаг. Өвөр монголын цагаачид хүртэл энд нутаг заагдан амьдарч шаварчин Үржин гуайг хоньчин болгосон бэлчээр. Техникийн нүргээнээр онгон талыг сэрээж атрын аянг алс баруун хязгаарт эхлүүлсэн гавьяатнууд. Тэшүүр цана теннис хөл бөмбөгийг анх удаа баруун хязгаарын бөглүү нутгийнханд таниулсан газар... гээд тоочоод байвал барагдахгүй.

Хичээл давтана гэж хэдэн дэвтэр өвөртлөж гараад өдөржин нөмөрт нь тэвэгддэг байсан Шовгор хад минь, түлээ түүхээр өглөө очоод өнжин усанд орж сүүдэрт нь жараахай шарж иддэг байсан аврага ‘Баобаб’ улиас минь ээ. Хүүхэд насны минь тэртээ он жилүүд саяхан л юм шиг сэтгэлд тод нүднээ илхэн.

Газар тариалан ид цэцэглэж байсан өнгөрсөн зууны ная, ерээд оны үед 40 гаруй мянган га буюу улсдаа эхний байранд орох их талбайд тариалан эрхэлж жилдээ 50 гаруй мянган тонн будаа ургуулан авч байсан цаг саяхаан. Арваадхан жилийн дотор Эрдэнээ Сундуйжав Цэрэн Батсуурь гээд эгнээнээсээ дөвийн дөрвөн хөдөлмөрийн баатар төрүүлж байсан ажилсаг ард түмэнтэй сумыг би л бараг санадаггүй . Атрын шанг анх таталцаж байсан агротехник Очир гуай Турууных. Арван мянган га-г гуравхан жилийн дотор хагалуулж байсан Мандалсүрэн дарга маань харин хожим нь Лоохуузтай Москвад “нэг тогооноос хооллож байсандаа” буруудаж хэлмэгдэн 25 жилийн дараа л хэргээ “цайруулгаж” байсан түүх үнэн.

Ер нь л газартай “оролдох” тун хэцүү. Итгэхгүй бол та ганц удаа хүрзний мөр тултал гишгэх гээд үзээрэй. Тэгвэл түүнийг онгичдог техниктэй “ноцолдох” бүр хэцүү. Буяндэлгэр эгч гэж сайхан бүсгүй Завхан аймгаас ирэн энэ нутагт атрын үеэс амьдралын гараагаа эхэлж хаврын хаварт хань нөхөртэйгөө трактор унан газар хагалалцаж намартаа эрчүүдтэй зэрэгцэн комбайнаар тариа хураалцаж явсныг нутгийнхан андахгүй ээ. Хожим нь 1967 онд комбайны жатканд хөлөө тасдуулан Улаанбаатар руу явахад нь Турууныхан тэр аяараа яаж уйлан гашуудаж байсныг би мэднэ.

Бидний үеийн хүүхдүүдийн мэдэх хамгийн амттай “алим нь” САА-н хар хуцнуудын “хүч тамир” нэмэгдүүлэх зориулалттай тарьдаг байсан ногоочин Лууяа гуайн лууван байлаа. Намар ургац болох үед хэдэн луувангаа биднээс хамгаалах гэж өвгөн мөн ч олон шөнө нойргүй хонодог байж дээ. Лууяа гуайн ногоог эхний үед авах хүн олдохгүй, айл айлын хашаанд нь аваачиж шуудай шуудайгаар нь буулгаж өгчихөөд аав ээжийн цалин дээрээс нь үний нь суутгаад авчихдаг байсансан. Төмсий нь нурманд булж идэхэд ямар амттай байсан гээч, харин байцаагий нь бол ихэнх айлууд үхэртээ өгчихдөг байлаа.

Гучаад оноос эхлэн нутгийн иргэд тариа тарьж морьтой нь мориороо морьгүй нь мөрөөрөө анжис хөлөглөн газраа хагалан тариа тарьж, ургасан буудайгаа гараараа зулгаан авч, мориороо гишгүүлэн цайруулж чулуун тээрмээрээ тээрэмдэж гурилаа хийж идэж байсныг түүх гэрчилнэ. Хожин заан гэж амьдрал нь тарчигдуу нэгэн бульдозер шиг эр анжис мөрлөн чирч газар хагалдаг байсныг нутгийн өвгөчүүд маань хуучилдагсан. Хөрс гэж тосоо тос. Ялангуяа Өлөн, Хангилцаг, Харцагаан Ус, Хар хад, Ногоон толгой, Соёо уулын хормойд тарьсан болгон нь л бараг ургана даа

Анхны Улаан сан гэж 1929 онд байгуулагдсан үеэс оросууд ирж Өлөнгийн талыг хадаж нутгийн малчдад өвс хүчээр шахдаг байсныг аав маань хуучилдаг байж билээ. Тэртээ хол Ханхөхийн нурууг даван нүүж одсон малчдад айл бүр арав арван боодол өвс авах тушаал аймгийн намын хорооноос иржээ. Нам засгийн шийдвэрийг биелүүлэхгүй бол юу болдгийг мэдэх авга ах маань хэдэн тэмээ хөтлөн Уушигт Дуурхын говиос явахад нь өвөө За миний хүү тэр өвсийг нь тоо ёсоор хүлээж аваад замдаа жалганд булчихаад Хөхийн араас түлшний мод аваад ирээрэй гэж захиж байсан гэдэг.

Энэ нутгийн шороон дээр төрж өссөн ч улсын аварга С.Мөнхбат, арслан Б. Ганбатаас бусад нь яагаад ч юм эцгийнхээ угуул нутгаар улсын наадамд цоллуулахад нь би дургүй. Харцагаан Усанд насаараа амьдарсан Баяндай гуайн хүү улсын начин Эрдэнэбилэг Хяргасынх, манайхны доохон талд Дэрстэй хошуунд төрсөн Дамиран жолоочийн хүү улсын заан Бумбаяр Тэсийнх хэмээн дуудуулна. Энэ улсын заан Бумбаярын авга ах нь Баруунтуруунд насаа элээсэн Юнрэн гэж сайхан хөгшин байлаа.

-Баруунтуруун сумын харьяат аймгийн заан Юнрээн- гэж ирээд л аав маань цолыг нь уянгалуулан дууддаг байлаа. Урьд төрөлдөө ёстой л заан байсан болов уу гэмээр сүрдмээр сайхан хүн байж. Юун Бумбаярыг дагуулахгүйгээр тэр нутагтаа дархлагдсан бөх байсныг тэр хавийнхан бүгд андахгүй. Лав л Бат- Эрдэнэ аваргын рекордоос хол илүү олон удаа сумандаа түрүүлсэн дээ. Би ч гэсэн багадаа Юнрэн заан шиг л бөх болохыг мөрөөдөж өглөө бүр нялх тугал өргөсөөр сүүлдээ даахаа болиод ирэхээрээ шарандаа уйлдаг байж билээ.

Японы сумод нэрд гарч явсан бөх Бадамсамбуугийн Ганболд, Афиний олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга жүдоч Х.Цагаанбаатар нар Турууны хүүхдүүд, бие бялдар гоо үзэсгэлэнгээрээ олноо алдаршиж явсан бүсгүй Д.Уянгалянхуа Турууны уугуул. Мисс энэ бүсгүйн өвөө Дондовцэрэн гуай сургуулийн багш, захирлаас САА-н намын хороон даргыг хүртэл алба хашиж насаараа энэ нутгийн төлөө зүтгэснийг нутгийнхан нь бүгд андахгүй ээ.

Атар эзэмшиж анхны САА байгуулагдаж байсан үеэс орос ах нар атар эзэмшилцэж, хятад андууд шавар зууран тоосго цохиж баруун хязгаартаа бараг анхны хоёр давхар сургуулийг маань барилцаж байлаа. Орос хятадууд нутгийнханд яаж ногоо тарихыг зааснаар барахгүй яаж иддэгийг нь “үзүүлж” байсныг нь бид мэднэ. Өвөр Монголоос тэр үед оргож босон ирж Дотоод Яамны шийдвэрээр нутаг заагдан амьдарч байсан Кайхар, Үржин, Цогтоо гуай нарыг нутгийнхан маань хэзээ ч ад үзэж байгаагүйэ. Ямар ч гэсэн сум маань тэр үедээ л баруун аймагтаа “барууны “ соёлыг түгээдэг төв нь байсан юмдаг.

Каракуль хонь гэж анхандаа хүн бүрт ад үзэгддэг байсан малыг манай нутгийн шаггүй хүйтэнд зохицон амьдрахад хэцүү байсан болоод ч тэр үү хорь гаруй жил суурьшуулчихаад сүүлдээ одоогийн Говьсүмбэр аймаг руу нам засгийн шийдвэрээр малчидтай нь явуулж орон нутгийн удирдлагууд нэг ялнаас салж санаа нь амарч байж билээ. Жараад оны эхээр анх энэ нутагт ирсэн хар хуцнууд бараг л сумандаа хамгийн тансаг “идээ” хэрэглэдэг байж. Өглөө бүр маниусынхаа амсах нь бүү хэл зүүдэлж ч үзээгүй өндгийг луувангаар хачирлан зооглодог , өвдөх юм бол эмч жижүүрлэн сахьж хонодог, үхүүлэх юм бол намаас арга хэмжээ авагдаж нутгийн хониноос даруй тав дахин өндөр төлбөрт унагадаг байжээ. Сэгсийсэн их буржгар үстэй, нохой сүүлтэй энэ малыг хараад эхэндээ нутгийн хүмүүс битгий хэл морь мал нь хүртэл зэвүүрхэн үргэдэг байсан гэлцэнэ. Дөнгөж эхээсээ төрөөд хоёр гурав хонож байгаа нялх амьтныг нядалж арьсы нь хуулж авна гэдэг эхний үед хамгийн бэрх байсан гэж тэр үеийн зоотехникч Бат-Очир гуай хуучилдаг юм. Арьсы нь хуулчихсан хурганы зулгадас уул овоо шиг болж өвөлжин үнэг хэрээ найрладаг, хавар дулаарах үед үнэр танар ч гэж бэрх юм болдог байлаа. Хожим нь үүн шиг их өндөр ашиг шимтэй мал байдаггүй талаар нутгийнхан маань дурсан ярьцгаадаг юм.

Турууны сургуулийнхнаараа би бахархдаг. Манай сургуулийнхан жараад оны үеэс цана тэшүүрээрээ аймагтаа бүү хэл улсдаа дээгүүр байр эзэлж байсныг Увсынхан андахгүй. Аначин-цаначин-хоньчин Нямхүү гэж нэгэн этгээд эр байлаа. 60-аад оны эхээр Польшид болсон олон улсын цанын трамплинт харайлтын тэмцээнд түрүүлж Монголын нэрийг Европоор нэг шуугиулчихаад нутагтаа амралтаараа ирснээ сүнс нь хоргодсон уу, андаа хорхойссон уу буцаад хаашаа ч явалгүй өвөлдөө хонио мориор биш цанаар явж хариулж цанаараа ууланд явж ан хийсээр нутагтаа үүрд үлдсэндээ хөөрхий.

-40 хэмийн өвлийн тэсгим хүйтэнд эсгий гутал дээрээ тэшүүр баглаад харзны усанд дүрж хөдлөхгүй болтол нь хөлдөөж аваад хөлнийхөө хурууг хайрагдснаа ч мэдрэх сөхөөгүй хоккейдно. Хагас бүтэн сайнд багш сурагчгүй цасан дээр хөл бөмбөг байнга тоглоно. Хөл бөмбөг тоглож байх үед харин нэг хор шар гозгонож зарим үед багш сурагчийн ялгаа арилдаг байж билээ. Академич Баатар, Авдай, доктор Очир, Самдан, Дүгэржав ... гээд манай сургуулийнх. Энэ сургуулийг төгсөгчид бид одоо зургаан мянга хол давжээ. Биднийг сурган хүмүүжүүлэхийн тулд нөр их хөдөлмөр авьяас билгээ дайчлан ажилладаг байсан үе үеийн багш нар минь. Та нарынхаа чихийг зарим заримдаа мөн ч их халууцуулдаг байсандаа энэ далимд хүлцэл өчих минь.

Манай сургууль төгссөн эрдмийн зэрэг цолтой гуч гаруй хүн байдгаас гадна улс аймгийн цолтой мөн төчнөөн бөх байдаг гээд бодохоор ачит багш нар маань биднийг эрдэм мэдлэгийг олох амтыг мэдрүүлснээс дутуугүйгээр энэ нутгийн амьсгал биднийг чамгүй хатуужуулж байжээ гэж бодогддог. Ямартаа л энэ сургуулийн “бүтээгдэхүүний” нэг анхны байгаль орчны гавьяат ажилтан, Цэрэндэлэг гуай Өмнөт туйлд оччихоод:

–Хүйтэн хүйтэн л гээд байсан манай нутгаас нэг их хүйтэнгүй л юм байна гэж онгирч байсан удаатай. Манай ангийн доктор Л.Дүгэржав маань Цэрэндэлэг гуайн “шийрийг хатаан” бяр зааж, шинэ зуунд Антарктид руу гурвантаа зорчив. Одоо энэ мөсөн тивийн судалгааг тэрээр Монголдоо тэргүүлж явна. Сум сумаараа талцан сургуулийн дотуур байрны жижиг өрөөнд дээлийнхээ хормой сугыг тасартал ноцолддог байсан сурагчдын нэг улсын арслан Хайдав гуай, аварга Мөнхбат, арслан Ганбат, заан Ганболд, Бумбаяр, Төрмөнх, Жанчивдорж гээд начингууд.

Нэг удаа сургуулийнхан ууланд мод хийж байгаад бугын эр тугал олж авчраад тэжээчихэж. Хожим нь тэжээсэн бяруу тэрэг эвдэхийн үлгэр амилж бие гүйцсэн хагас тэжээвэр хагас зэрлэг амьтан уулнаасаа үе үе бууж ирэн хүн малгүй мөргөж шоглоно. Болохоо байгаад буудаж байж хоёр сая салсандаа.

Сургуулийнхны маань хамгийн том баяр 5 сарын 1-нд болдог байсан гэвэл та гайхаж магадгүй. Энэ өдөр сумын төвөөр нэг улаан туг хийсгэнэ. “Салхи шуурга дуудлаа” гээд эмээ маань их зэвүүцдэг байсансан. Нээрээ л майн нэгний өдөр улаан манан хадтал шуурдаг байж билээ. Захирал Цэвгээ гэж одоо бодоход ёстой улаан коммунист байлаа. Энэ хүнээр удирдуулан “империализмын эсрэг даян дэлхийн бүх хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн баярын” жагсаалыг сургуулиараа ёстой мундаг ёслол төгөлдөр хийнэ дээ. Жагсаалын бэлтгэлийг гуулин хөгжим хангинуулан бүтэн хоёр долоо хоногийн турш багш сурагчидгүй хийнэ. Өглөө бүр 7.00-д эхлэх энэ жагсаалын бэлтгэлийг хаврын хавсрага, цас, шуурга юу ч зогсоож үл чадна.

Баярын параданд алхаж буй цэрэг хүний шинелийн хормой чихний үзүүр шүргэдэг юм хэмээн зааварчлаад Цэвгээ захирал өөрөө биеэрээ алхаж удирдана. Бидэнд ямар шинель минель гэж байх биш дээлийнхээ хормойг л дэрвэтэл алханаа. Захирал маань тарган биерхүү атлаа Кремлийн хүндэт харуул аятай мундаг алхана. Бид нар хөл нийлүүлж сурах гэж араас нь тоос манаргана, ер нь хөглөнөө хөглөнө. Чадахгүй нэгнийг нь галуун цуваагаар мөлхүүлж шийтгэнэ, парадын бэлтгэл тасалбал бараг л сургуулиас хөөгдөнө дөө.

Сумынхны маань хувьд хавар хаварт болдог бас нэг том үйл явдал бол цэргийнхээ залуусыг гаргаж өгөх үдэлт байлаа. Улаан самбарын хажууд за даа бараг л сумаараа цуглацгаана даа. Цэрэгт явна гэдэг тэр үед одоогийнхтой огт адилгүй, сумын залуусын маань хувьд нэр төрийн асуудал байж, тэр албыг хаагаагүй нэгнийг нь хүүхнүүд нь ч барагтай тоохгүй талдаа ер нь л цэрэгт тэнцээгүй ‘асман банди’ нар тэдний хувьд САА-н ‘брак’ хуцнаас дээргүй л байр суурьтай байсандаг.

Турууныхан өнөр өтгөн. Дундаж айл таваас зургаан хүүхэдтэй, би аав ээжээсээ есүүлээ. Манай доод талын хашааны Мянганыхан мөн төдүүлээ. Хамгийн олон хүүхэдтэй нь миний одоо санаж байгаагаар Харцагаан Усны үхэрчин Сундуйжав гэдэг айл арван хэдэн ч билээ охидуудтай хоёр гурван шар бандитай айл байлаа. Манайх л өдийд хүргэн хүүхэн ач гуч нийлээд тавь шахам болчихсон гээд бодохоор тэднийх өдийд лав зуу хол гараадаа.

Турууныхан их шооч. Хүн бүр нэрээрээ биш хочоороо бараг дуудалцана. Одоо зарим үед бүр нэрийг хэлэхээр санахгүй мөртлөө хочийг нь хэлэхээр санаанд бууна. Гал Бямбаа, догшин Баатар, номхон Баатар, мөсөн уул Сухбаатар гээд л ...явж өгнөө. Яахаараа ч ‘мөсөн уул’ болгочихсон юм бүү мэд. Эндхийнхний онигоог цуглуулах юм бол нэг битгий хэл ном болох байх. Хар сахалтай “харааман” Гатав гэж сайхан өвгөн байлаа. Сайн малчдын анхдугаар зөвлөгөөнд хотод ирчихээд “шаазанд нь” бие засч чаддаггүй “Улаанбаатар” зочид буудлаас гарч морь хардаг байсан тухай нутгийнхан ярьцгаадаг байсансан. Намартаа эхний цаснаар эрчүүд нь анд их явцгаана. Насаараа шахуу манаач байсан болохоор ч тэрүү өглөө эрт босдогдоо ч тэрүү тахиа Дамиран гэж хочтой өвгөн байж билээ. Анд явах их дуртай. Нэг удаа Дамиран гуайг суудалд суулгачихаад үргээлгэнийхэн мод руу ортол л шахуу хэдэн буга Дамиран гуайн суусан зүг рүү харайлгаж, хүмүүс ч

-Дамиран гуай Дамиран гуай наанаас чинь гээд л хашгирцгааж, харин Дамиран гуай нь урдаас нь

–Мэдэж байнаа гэж орилоод нөгөөдүүлээ эргүүлээд алдчихаж. Түүнээс хойш Дамиран гуай суудалд суух эрхээ шууд алдаж үргэлж л үргээлгэчийн алба хаших болсон гэдэг.

Тувагийн хулгайч нар амар тайван байлгана гэж ер үгүй. Нутгийн сайн эрүүд ч бас мөчөөгөө өгөхгүй даагаа нэхэлцэнэ. Харин хожим нь “ардчиллын хэдийн” буянгаар суманд маань хилийн цэргийн анги ирж байдал арай дээрдсэндэгээ.

САА-н адууны удам нь Ханхөхийн Хошууны зартай баячуудын нэг Зузаан даяны нэгдэлжих хөдөлгөөний үед хураагдаж ирсэн торгон сүрэг. Хурдан удам сайтай, одоо тэр орчимдоо бүү хэл улсад дээгүүр ордог морьд. Хэдэн жилийн өмнө Хархоринд болсон их уралдаанд Ганбаатарын улаан морь алс энэ нутгаас хөлөөрөө ирж оролцоод айргийн тавд давхиж байсныг хүн бүхэн андахгүй. Гурван жилийн өмнө улсын наадамд тасархай түрүүлсэн хүрэн морь бас Турууных.

Сангийн улаан, хавчиг хээр гээд нэг азарганы удам ах дүү хоёр морь нэг үе сумын наадмыг ээлжлэн авч байсансан. Хавчих насандаа суманд түрүүлсэн учир “хавчиг хээр” нэртэй. Далаад оны үед нэг удаа надад СААн даргын хүүтэй нь дотносдогийн хувьд түүний “А-69” гэгч албаны орос жипэнд сууж морь дагах аз тохиолоо. Их насны морийг Зүүнговийн хөдөөгөөс гуч гаруй км зайнаас тавьдаг байв. Ах дүү хоёр морь ч гараанаас тасардгаараа тасарч барианд ороход арваад км дутуу явтал харганы сүүдэрт хэвтэж байсан үхэр дээгүүр хавчиг хээр харайгаад хүүхэд нь үсрээд өгөх нь тэр. Морь маань номхон болохоор тэгсгээд хүүхдээсээ холдсонгүй, зогслоо. Ард нь ойрхон дагаж явсан САА-н дарга Дэндэв гуай машинаасаа буун харайн мордож аваад гуядаж өгөх нь тэр. Зуу хол давсан жинтэй “даргаа” суулгасан морь алсаасаа өгсүүр газар арай ядан цогиж явтал Сар толгой дээрээс морио дурандаж суусан адуучин Сандуйжав гуай тоос татуулан ирж сэлгээ хийлээ. Бид унаж ухаан түр балартсан хүүхдээ сэргээж аваад араас нь ирж дахин мордуулаад тавихад хавчиг хээр чарлан хурдалсаар аман хүзүүнд ахынхаа ард ирж байж билээ. Ахиад хоёр гурван километр байсан бол ч тэр гарцаагүй түрүүлэх байсан юм. Ийм нэгэн онцгой хурдан хүлэг байсансан.

Жаран жилээ тэмдэглэсэн энэ нутагт дуурсах түүх арвин. Нутгийнхан минь тэр зун наадамдаа очих далимаар Турууныхаа усанд биеэ ариусгаад, алтан элсэн дээрээ очиж нэг сайн хөрвөөцгөөсөн нь лавтай.

No comments: