Tuesday, February 21, 2012

Шүтэн тахих уу? Сүйтгэн бузарлах уу?

Богд уулын Чандманы аман дахь Хийморийн овоо хэмээх овоон дээр саяхан гарахдаа би энэхүү асуултыг өөрийн эрхгүй тэнд очсон хүмүүсээс асуумаар санагдлаа. Энэхүү овоо нь олон түмний шүтэн тахьдаг онцгой газар гэх боловч очоод үзэхэд овоолж хөглөрч хогийн цэгээс онц ялгарах зүйлгүй харагдаж байв. Овоонд хүрэх замд уулын ёроолоос авахуулаад орой хүртэл архины шил, хуванцар сав, гялгар уут, сүүний уут баглаа энд тэндгүй хөглөрч, дөхөж очоод ажихад Улаанчулуутаас өөр хаа нэгтээ шинэ хогийн цэг нээгдсэн мэт сэтгэгдэл төрсөн юм. Бидний очихын өмнөхөн уг овоонд гал гарч байгаль хамгаалагч нь шөнөжин ажиллаж байж унтраасан гэж байлаа. Уугиж буй үнс нурман дотор дутуу хагас шатсан хадагны тасархай, эрээн мяраан дарцагны өөдсүүд, хайлж урссан хуванцар савтай зунгааралдан наалдсан байв. Хагарч бутарсан зүсэн зүйлийн шошготой архины шил, арцны тавагнууд, шаазан аяганы хагархай хэлтэрхийнүүд, янз бүрийн хийцтэй бойпор, сүүний уут, хөгзөрч харласан ул боов, саахар чихэр, төрөл бүрийн идээ будаа холилдсон байлаа. Юун салхинд гарч хиймороо сэргээх, ой гутмаар муухай үнэр танар өөдөөс хамар цоргино.

Цагаан сарын үеэр зурагтаар гарсан мэдээнээс үзвэл хэдэн мянган хүмүүс энэ овоонд гарч ургах нарыг үзэж хийморио сэргээсэн гэх. Үүнээс хэд хоногийн дараа хамт ажилладаг австрали залуу маань найз нартайгаа хамт монгол ёс заншлыг дагаж хиймороо сэргээхээр ийшээ ирсэн бөгөөд энэ овоог хогийн цэг болчихсон байгаа талаар надад гайхшран ярьсныг сонсоод эх дэлхий, байгалаа гэсэн сэтгэлтэй хэсэг найз нарыгаа уриалан дагуулж ирж хогийг нь цэвэрлэх санаа надад төрсөн юм. Ингээд өнгөрсөн хагас сайн өдөр Хийморийн овоо өөд явсан маань энэ билээ. Бид овоон дээр гарч хоёр цаг гаруй ноцолдсоны үр дүнд авч ирсэн 25 шуудайгаа түнтийтэл чихэж хогоор дүүргээд буцахад цаана нь ахиад 200 шуудай авчирсан ч дундрахааргүй их хог үлдсэн. Хамт хог түүлцсэн нөхөд маань “арай ч дээ” гэж үглэх нь чихэнд байн байн сонсогдож байлаа.

Аав ээжийн сургаснаар миний хар багаасаа ойлгосноор бол аль ч овоонд гарахдаа уулын бэлээс авч ирсэн хэдэн чулуугаа нэмэрлээд гурван удаа тойрдог, овоолсон чулууных нь хэмжээгээр уг овоог хэр удаж буй болон, үүгээр хэр олон хүн ирдэг болохыг нь гадарладаг байлаа. Гэвч одоо цагт овоон дээр овоолсон тансаг архины шил, сүүний сав, арц хүж уугиулаад орхисон варений шилний таг, шаазан таваг, ойр орчны модноос зангидсан хадаг, туг зэрэг зүйлээр нь энд хир зэргийн бэл бэнчинтэй, зүрх сэтгэлтэй хүн ирж буцдагийг нь мэдэхээр болжээ.

Ер нь юуны учир ямар зорилгоор овоонд гарч тахин шүтдэг юм бэ? Би монголын уламжлалт ёс зүйг бүрэн сайн мэдэхгүй тул сайн тайлбар өгч чадахгүй л дээ. Гэхдээ миний ойлголтоор бол энэ нь тухайн газар нутагт хүндэтгэл үзүүлэн уул усаа хайрлан хамгаалъя гэсэн сэтгэлийн үүднээс Монголчууд ийм үйлдэл хийдэг болов уу гэж би боддог. Тэгэхээр энэ бол байгаль дэлхийгээсээ ашиг шим хүртэж ирсэндээ талархлаа илэрхийлдэг өвгөд дээдсийн маань бидэнд уламжлуулсан ёс заншил юм болов уу. Ер нь Монголчуудын ихэнх зан үйл, ёс заншил бол өвөг дээдсээсээ хэдэн үеэрээ дагаж ирсэн ёс журмыг хойч үедээ өвлүүлэн үлдээх үр хүүхдээ байгаль дэлхийдээ буянтай үйлс бүтээх төлөвшүүлэхэд зориулагдсан байдаг.

Гэтэл одоо цагт овоон дээр гарч буй, тэр тусмаа Хийморийн овоон дээр гарч буй ихэнх нийслэлчүүд маань газар дэлхий, байгаль устайгаа тэр болгон харьцаж амьдардаггүй, байгалийн ашиг шимийг нь арилжааны захаас авсан мах ногоогоороо төсөөлөн ойлгодог тул байгаль дэлхийн ач ивээлийг хүссэндээ овоо өөд гардаггүй нь лавтай. Харин ийшээ мацагсдын дийлэнх нь ажил төрөл, бизнесийнхээ ашиг орлогыг аривжуулахын төлөө л овоон дээр гарч залбиран гуйх сэтгэл өвөрлөдөг болов уу. Учир нь “Овооны эх нь таньдаа, олзны эх нь наддаа” хэмээн идээнийхээ дээж хэмээх архиа, эсвэл өөр нэг нь сүүгээ цацчихаад уусан архины шил болоод сүүнийхээ савыг хамтад нь овоондоо “өргөж” орхидог нь ёс мэт болсон байна. Цацсан сүү, өргөсөн архи, тарьсан хог новшных нь төлөө Хийморийн овоо олз хишгээ тэдэнд хир их хайрлах бол? Эрт цагийн малчин ард маань нутаг усаа хүндлэн хайрлах хайраа овоон дээрх зан үйлээр төлөөлүүлэн үзүүлдэг байсан бол орчин цагийн эздүүд мөнгө, амжилт, албан тушаалын төлөөх шунаг сэтгэлээ өвөрлөн овоондоо гардаг нь энд тарьсан их хогноос нь л төвөггүй танигдахаар.

Богд уул маань хэрэв лус савдагтай бол, тэрээр өөрийнх нь эзэмшил нутгийг хүндэтгэж буй хүнд л ач ивээлээ үзүүлэх нь лав. Харин өөрийг нь хогийн цэг болгон бузарлаж байгаа хэн нэгэнд ивээл адислал юугаан үзүүлэх нь юу л бол доо.

П. Эрдэнэбилэг

No comments: