Tuesday, April 24, 2012

М Г У- г и й н х а н



Өнгөсөн жил агуа их эрдэмтэн М.Ломоносовын мэндэлсний  300 жилийн их ойг тэмдэглэх  арга хэмжээний өдрүүд орос орныг хамраад зогсохгүй  дэлхий даяар  болов.  Түүний нэрэмжит Москвагийн их сургууль хэмээх  их “уурхайгаас” эрдэм номыг шанага шанагаар нь  чадлынхаа хирээр хүрздэн аваад хорвоогийн өнцөг булан бүрд тарж одсон хүмүүний үрсийн тоо өнөөдөр хагас саяыг хол давжээ. Далаад оны эхээр Хар далайн хүүхдийн зуслан явах замдаа   “Төрснөөсөө  хойш өрөө болгонд нь нэг хоноод яваад байвал тэтгэвэрт гарсан хойноо гарч ирдэг” гэгддэг Москвагийн Их Сургуулийн агуу том байгууламжийг ангайн харж зогсохдоо хожим нь ирж сурч амьдарч, аагтай залуу насныхаа хийморьтой арван жилийг өнгөрүүлнэ гэж төсөөлөө ч үгүй явжээ.
Одоогоос гурван зууны тэртээ алс холын Архангельск мужийн үгээгүй ядуу нэгэн загасчин арван естэйдөө номын мөр хөөж Москва орохоор  зориг шулуудан гарч өгсөн нь хожим нь дэлхий даяар алдар цуу нь тархсан  Оросын анхны химич, астрономич, түүхч, яруу найрагч, геологич, математикч, эрдэмтэн судлаач Михайл Васильевич Ломоносов байлаа. Нутгийн жинчдийн морин чарга даган мянга гаруй км явган таваргахдаа холын урт замд бяцхан толгойдоо зүсэн зүйлийн мөрөөдөл тээж явсны нэг нь магадгүй өөрий нь нэрээр овоглосон өнөөгийн энэ сургуулийг байгуулах тухай бодол  ч байсан байж болох.
Их эрдэмтний санаачлага, Оросын хатан хаан Елизаветагийн зарлигаар анх гурван факультет, гучин багштайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан энэ сургууль одоо дэлхийн зуун тавин орны дөрвөн түмэн багачууд бужигналдсан, аль ч талаараа биеэ дааж тусгаар тогтносон  “эрдмийн вант улс” болтлоо өргөжөөд байгаа аж. МГУ бол ер нь анхнаасаа аль нэг яам тамгын газар харьяалалгүйгээр улсын Думаас санхүүжилтээ шууд авдаг тусгай статустай, диплом нь барууны аль ч оронд  хүлээн зөвшөөрөгддөг оросын цөөхөн сургуулийн нэг.
Хийсэн бүтээснээрээ төрөлх эх орондоо төдийгүй дэлхий нийтэд алдаршсан миний багш нарын нэр хүнд цол гуншинг жагсаах гэвэл нэгээхэн зузаан ном болох учир нуршихын оронд ганц нэг тоо өгүүлбэр тавихад л хангалттай болов уу. Өнөөг хүртэл орос гэдэг нэрээрээ дэлхийн дансанд бүртгэлтэй 18 нобелийн шагналтны 11 нь манай сургуулийн хананаас тодорсон юм. За тэгээд цаашилбал тухайн үед ЗХУ гэдэг их айлд бүртгэгдэн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, шинжлэх ухааны томоохон нээлтүүдийн аравны нэгийг эндхийнхэн хийж, одоо ажиллаж байгаа арваад мянган доктор профессоруудын дотроос төрийн, Лениний, ерөнхийлөгчийн гээд ланжгар ланжгар шагнал хүртэгсдийн тоо хоёр зуу хол давсан гээд  тоочоод байвал барагдахгүй. Михаил Горбачев, түүний гэргий Раиса Максимовнагаас авахуулад Зөвлөлтийн цөмийн физикчдээс Нобелийн шагнал  хүртсэн  цөөхөн хүний нэг Лев Давидович Ландауг еврей үндэстэн гэдгээр буруутган 1938 онд Сталин баривчлан шоронд хорьж байсан юм.
Энэ том сургуулиар овоглох хувьтай төрсөн монголын үр сад бид ч гэсэн тоолбол тоо нь  өчнөөн болно. Зөвхөн бидний үеэс гэхэд л  Кембрижийн их сургуулийн доктор Баясгалан, АНУ–даа шаггүй том  судалгааны лабораторийг    эзэмштлээ “толгой нь үнэлэгдсэн” манай нэртэй эрдэмтний үр сад болох профессор Б.Арьяа, Д. Баяраа нар, Хүний эрхийг хамгаалах байгууллагын тэргүүн, их хурлын гишүүн асан “хулгар” Бямбадорж, нийслэл хотын шадар  “халзан” Ганболд, үндэсний сонины “шатарчин”  Ганболд, “ТВ 25-ын” Алтай гээд “сайн эрчүүд” олоон олон. Монголын шинжлэх ухааныг 20 гаруй жил тэргүүлж байсан Чадраа академич, зохиолч Дондогийн Цэвэгмид, миний багш хөрс судлаач, академич Доржготов гуай нар эндхийн “уурхайчид” байсан. За тэгээд цааш нь ардчиллын анхны партизан Зориг асан, “математикийн” Мекей, олны танил эдийн засагч Жаргалсайхан, зохиолч сэтгүүлч Хатанбаатар, Тогоо, сумогийн тайлбарлагч, Япон судлаач Төмөрбаатар гээд жагсаалтыг цааш нь төгсгөлгүй  үргэлжлүүлж болно. 
1980 оны зун Монгол-Зөвлөлтийн хамтарсан экспедицэд оролцон Баянхонгорын Таацын цагаан нуурын орчмын хөрс ургамлын судалгаанд явж байгаад говийн их угалзанд дайруулж, нүд чихгүй их шуурганд элстэй консерв зажилж явсан академич одоо зуу дөхөж яваа Г.В.Добровольский хэмээх өвгөн  багш маань цагтаа Халх голын байлдаанд оролцож бидний төлөө цусаа асгаруулж  явсан мянга мянган баатруудын нэг. Энэ мэтчилэн дурьдаад байвал МГУ-гийн эрдэмтэдээс Монголын хөгжлийн төлөө оруулсан хувь нэмэр бас  шавхагдашгүй билээ.
Одоогоос хорь гаруй жилийн тэртээ  сансрын нисэгч баатруудаа мөн  сургуулийн 225 жилийнх нь ойгоор Сүхбаатарын ордон гардуулан ирэхэд нь Бал даргыгаа энэ сургуулийн зааланд бид угтан авч алга нижигнүүлж байсан үе саяхан мэт санагдана. Тэр үед Москвад сурч байсан монгол оюутнуудын арга хэмжээ бүгд яагаад ч юм манай сургууль дээр зохиогддог байлаа.
Энэ сургуулийн хаалгыг татсанаар миний амьдралын залуу насны хамгийн сайхан дурсамжтай он жилүүд эхэлж, амьдралын ханиа эндээс олж хоёр хүүхэд маань хүртэл оюутны байрны умгар өрөөнд чихэлдэн торницгоосон юм.
Мичурины гудамжинд байрлах таван давхар оюутны байрны нэг өрөөнд хэл, ёс заншил, үзэл бодлоор тэс өөрч сурах гэсэн нэг зорилготой орос, украин, монгол, этиопын хар арьстан хамт амьдарч байсан маань тэр үеийн нийтлэг төрх. Эхний жилийн  хамгийн хүнд хичээлүүдэд минералоги, петрографи. Хэдэн зуу, мянгаар тоологдох тэр олон чулуунуудын өнгө зүсийг нэг бүрчлэн  тогтоож нэрийг нь цээжлэх гэдэг тун амаргүй даваа. Хамгийн гайгүй нь хаа очиж очиж математик, физик мэтийн байгалийн ухааны хичээлүүд байлаа. Турууны арван жилд Самдан, Пүрэвжав багш нараар сайн “нүдүүлж” байсны ач л даа. Хагас сайн өдөр бүр зав гаргаж ангийн хам Лоохуузтай цуг кино үзэх л ганц “хоббитой”. Хоёулаа дуртай киногоо зарын дагуу хайгаад заримдаа бүр Подмосковье орчихсон явах энүүхэнд. Хоёр гурван кино угсруулж үзчихээд харих замд метро хаалгаа барьж, таксины мөнгөгүй бид хоёр шөнө хугаслан явган гүйж харьж байсан ч удаа бий. Xoжим нь аспирантурт байхад технологийн соёл арай л илүү нэвтэрч ганц хоёр рубль төлөөд оюутныхаа байранд видео кино үздэг болсон билээ. Киноны дон шүгэлнэ гэдэг л тэр байсан болов уу.
     -Хөдөөний маниус анх МГУ-д ирж африк хүн харчихаад ухаан алдталаа айсан гэж нэг найз маань маань одоо хүртэл дурсдаг юм. Эхний жил их олон төрлийн хичээл орох, тэгээд ч хэлэндээ тийм сайнгүй маньд маш хүнд байсан учраас сургууль дээр ихэнх цагаа өнгөрөөж номын санд бараг мэдрэлийн ядаргаа тустлаа суудаг байлаа. Ингээд хуурай яриагаа түр завсарлаж оюутан ахуй цагийнхаа “хөгжөөнтэй туужийг” сөхсү.
МГУ-гийн нүсэр том барилга дотор ангиа олохгүй будилж төөрөн хичээлээс хоцрох, хоорондоо цүнхээ солих тэр бүү хэл гуанзны  цэлийсэн зааланд үдийн үеэр хэдэн мянган оюутнууд чихэлдэх  учир ширээгээ эндүүрэх тохиолдол ч гарч байлаа.
Нэг өдөр би подноостой хоолоо эзэнгүй ширээн дээр тавьчихаад халбага сэрээгээ аваад ирэх хооронд  буржгар толгойтой өндөр хар миний ширээн дээр суучихсан хэнэг ч үгүй тавагтай шөлийг минь гөвж байна хөөе, би эхэндээ жаахан гайхсанаа хэлэндээ төдийлөн сайнгүй учир Почему ч гэж асууж дийлсэнгүй, мөнөөх цагаандаа гарчихсан хар эртэй зэрэгцэж сууж байгаад хоёрдугаар хоолоо аваад идэж эхэлтэл мань эр  над руу нэг том харснаа хажуудах тавагтай салатыг маань хаа хүү гэхийн зуургүй залгичихаад яваад өглөө. Би ч ногдсон хоолоо идэж дуусчихаад цүнхээ авах гэтэл байдаггүй, эргээд харсан чинь миний подноостой хоол цүнх хоёр зайтайхан ширээн дээр байхыг хараад ичсэндээ бушуухан цүнхээ шүүрч аваад гүйн гарч билээ. Тэр хар намайг одоогийнхоор бол лав “траншейных”  гэж бодсоноос зайлахгүй.
Тэр үед  водка гэгч хатуу ундаа нэн ховордож дэлгүүр бүрийн хаалган дээрх очер дугаар  хааяагүй Лениний мавзолей аятай болчихдог байлаа. Дээд курсын “ах нар” хаа нэг цуглаж халчихаад дэлгүүр рүү гүйлгэхэд овсгоотойдоо ч юм уу, орос хэл сайтаа даа ч тэр үү, хамгийн хурдан  амжуулдаг нь талийгаач С.Зориг асан байж билээ. Лифт ирэхийг ч хүлээх завдалгүй, цүнхтэй шил шажигнуулан, шатны гишгүүрийг хэд хэдээр нь алгасан Австралийн инж аятай харайлгаж яваа түүний төрх нүдэнд минь заримдаа харагдах шиг болдог юм.
Дарга болчихоод хүн тоохоо байчихсанаас биш “даварч” явсан андуудын маань нэг  хүний эрхийн хорооны “хулгар шар”. Одоо ч энэ нэрээр нь түүнийг ард түмэн андахаа  байж дээ. Бямбаа цуйванд угаасаа “нугасгүй” тул бид өөрөөр нь гурилыг нь  зууруулна. Сайндаа ч биш хатуу зуурсан гурилаа элдэх гэж бүх биеэрээ хүчлэх тусам бөгс нь хойш урагшаа бондгонон хөдлөхийг нь харж тэрүүхэндээ  шоолон хөхрөлдөх гэсэндээ тэр. Тэрүүхэндээ гэдгийн учир нь ажиллаж байгаад ирсэн, тэгээд бид нараас арай ахдуу, дээр нь намын үүрийн дарга болохоор нь түүнээс бяцхан эмээдгийнх. Нэг удаа Жагаа бид хоёрыг намын үүрийн хурал дээр зангиагүй ирлээ хэмээн  учиргүй хөөхөд нь дамшиглаж байна уу даа гэж бодсон  чинь нөгөө Гүндалайтай үздэг шигээ үнэнээсээ уурлачихсан, шүлс нь үсчин загнаж байж билээ. 
Эхийн алдар одонгоос бусдаар нь энгэрээ дүүргэчихсэн Брежнев даргын ид мандаж байсан үе. Геологийн ангид хөдөө нухлагдаж байгаад шагналын журмаар хуваарь авч ирсэн гэх Дорж биднээс арай ахимагдуу, модон хэлтэй нэгэн байлаа. Гай болж нэгдүгээр курсдаа “История КПСС”-ийн шалгалтанд нөгөө Брежневийн алдарт “Целинаг” сугалчихаж. Мөнөөхөө мэдэхгүй, дээр нь хэлгүй тэрээр: -Леонид Ильич Брежнев, вот такой человек  гэчихээд багшийнхаа өөдөөс эрхий хуруугаа гозойлгоод  байсан чинь арай унагачихсангүй гэсээр хөлс нь баагичихсан шалгалтнаас гарч ирэхэд нь бид ёстой татаж унатлаа хөхөрч байж билээ.
Хорин жилийн дараа толь бичгээс Леонид Ильич Брежнев гэж хэн бэ гээд харсан чинь “Мягкий политический деятель во времена Аллы Пугачевой” гэж ганц өгүүлбэр байна гэнэ хэмээн бидний ярьж  байсан онигоо өнөөдөр амилсан байна.
Жийнс гэж нэг золигийн моод тэр үед анх гарч түүнийг өмсөөгүй хүн бол бараг шалдан явах нь дээр  болчихсон, тэгээд бас үнэ нь маний гурван сарын стипендтэй тэнцэж байсан ч яаж ийгээд бусдыг дууриан хамаг юмаа гөвж байж авч бөгсөндөө угламшүү болдог байлаа.
1978 онд Хятад, Вьетнамын хооронд бяцхан будилаан болсноос оросууд хужаа нарыг үзэхээ больсон цаг байлаа. МГУ-гаас холгүй Хятадын элчин сайдын яам байдгаас болж бид нарыг  зарим согтуучууд гудамжинд хоргоон хэлмэгдүүлэх  үе гарна. “Я Братская Монголия” гэж хашгирч байж сална даа. Хагас сайн өдөр болгон оюутны байрны коридорт мөнөөхBoney M”, “ABBA” –гийн чих дөжрөөм аянд хөлсөө дусалтал бүжиглэх нь бидний ганц зугаа байлаа. Үе тэнгийн охидуудаа эргүүлэмчээ аядавч “вахтер” нэртэй улаан даавуу ханцуйндаа зүүсэн эмээ нарын нүдийг хариулж байгаад тэдний байр руу нэвтэрнэ гэж бас том урлаг.
Крымын дадлагад явж байхдаа нуруугаа наранд бүтэн түлж цэврүүтүүлснийг минь залуухан эмч бүсгүй үзчихээд айсандаа ч юм уу, өрөвдсөндөө ч юм уу  намайг тэнэг мангараар минь дуудан уйлан загнаж байсныг би мартдаггүй юм.  Орос хөөн гэж….
   Компьютер гэж энэ гайхал дөнгөж нэвтэрч эхэлж байсан үе.   Тэр үеийн нэг компьютер нь бүтэн гурван давхар байшинг тэр чигээр нь эзэлдэг байсан гэхээр одоо хүү маань үнэмшдэггүй юм. Компьютерын лаборатори гэх энэ байшин үүдэндээ цэрэгжүүлсэн харуултай, орох гарах болгонд онгоцны буудал руу нэвтэрч байгаа мэт шалгуулдаг журамтай байлаа. Өнгөрсөн жил Москвагаар дайрахдаа төрөлх сургуулиараа орох цаг зав гарлаа. Шинээр өргөтгөл баригдаж байгаа бололтой энд тэндгүй нүх сэндчээд хаячихсныг эс тооцвол бүх юм яг бахь байдгаараа. Бүр метроноос явдаг автобусны дугаарууд хүртэл хэвээрээ байна лээ. Харин багш нар маань л өтөлж өвгөрч зарим нэг нь  хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Үе тэнгийнхэн минь харин ихэнх нь профессор болчихоод   тэр үү толгой нь ерөнхийдөө халзарч хагдрах маяг оржээ. Бүх зүйл он цагийн хүрдэнд элэгдэж л таараа, гэхдээ л хэзээ ч эргээд очсон төрсөн гэр минь шиг дотно дулаахнаар угтах  төрөлх сургууль минь.
                                                                                     

Monday, April 23, 2012

Дэлхийг донсолгосон Чернобылийн АЦС


Одоогоос яг 26 жилийн өмнө Украин Белорусын хилийн зааг дээр орших Припять хэмээх жижиг хотод атомын цахилгаан станц дэлбэрч шатан онц аюултай цацрагт идэвхт бодисууд  тэр орчмын газар нутгийг нилэнхүйд нь хордуулсан юм. Атомын цахилгаан станцын түүхэнд гарсан энэ гамшгийн уршгаар 1945 онд Японы Хирошима хотод хаясан атомын бөмбөгөөс даруй 400 дахин их цацрагт бодис хүрээлэн орчинд тархжээ. Цацраг идэвхт бодис агуулсан үхлийн бараан үүл Белорус, Украин, Швед, Финлянд, зүүн Европ орнууд цаашлаад бүр АНУ-ын зүүн эргийн хотуудад хүрсэн байна. Цөмийн хүчтэй хордлогод  хамрагдсан нутагт амьдарч байсан 200 гаруй мянган хүнийг тухайн үед яаралтай нүүлгэн шилжүүлсэн боловч энэ бүс нутагт амьдарч байсан 10 сая шахам хүн цацрагт идэвхт бодисын тунгаас ямар нэг хэмжээгээр хүртсэн гэж мэрэгжилтнүүд дүгнэсэн байдаг. Гурван сая гаруй хүн амтай Украины хүн амын 84 хувь нь энэ осолд шууд өртсөн ба ослын хор хөнөөлийн үеэр дайчлагдан ажилласан 300 гаруй мянган албан хаагчдаас өнөөдөр 9О хувь нь цусны эргэлт, уушиг, амьсгалын зам, мэдрэл, ходоод шулуун гэдэс болон хэвлий, түрүү булчирхайн төрлийн ямар нэг өвчинд нэрвэгджээ.   
Өнөөдөр тэнд 90 мянган хүн тахир дутуу болж, бамбай булчирхайн хавдар хэд дахин нэмэгдсэн ба сая гаруй хүүхэд эмчийн байнгын хяналт   байна. Голомтод амьдарч буй ард иргэдийн дунд толгой өвдөх, хамраас цус гарах, сульдаж ядрах, анхаарлаа төвлөрүүлэх чадваргүй болох, даралт өндөрсөх гэх мэт өвчний шинж тэмдгүүд  илэрч байна.
    Дэлбэрч сүйдсэн станцын дээрээс нисдэг тэргээр мянга мянган тонн хар тугалга асган хэдэн арван метр зузаан бетоноор хучсан ч энэ авсан дотор явагдах цөмийн урвалыг бүрмөсөн зогсоох ямар ч боломжгүй учир үхлийн гамшигт туяа ялгарсаар байгаа билээ. Ураны хагас задралын үргэлжлэх хугацаа 4.5 тэрбум жил тул эх дэлхий маань сөнөсөн хойно л энэ гал бүрмөсөн унтарна гэсэн үг.
      Ослын хор хохирлын дүнг мөнгөөр бүрэн тооцон илэрхийлэх боломжгүй нь ойлгомжтой.  Гэхдээ ослын дараах дөрвөн жилд 10 тэрбум рубль зарцуулсан тухай эрх баригчид мэдээлж байв. 1991-2000 онуудад ослын үр дагаврыг арилгах арга хэмжээнд зургаан тэрбум доллар зарлагдсан боловч, энэ аюулыг саармагжуулах ажилд Украин улс өнөөг хүртэл жил бүр улсын төсвийнхөө 5 хувийг зарцуулсаар байна. Тэр үед дэлбэрэлтийн голомтонд өдөр шөнөгүй ажиллан амьд тамтай нүүр тулж байсан   дайчдын 60000 нь өнөөдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.  Гаж төрөлтүүд, нярайн эндэгдэл  энэ бүс нутагт эрс ихэссэн ба төрөл бүрийн хорт хавдраар өвчлөгсөд ялангуяа бамбай булчирхайн хорт хавдар өргөн түгээмэл болсон талаар ДЭМБ судалж тогтоосон байна. Уг бүс нутагт 300 шахам мянган хүн хорт хавдраар өвчилсөн  мөн энэ тоо цаашдаа улам өсөн нэмэгдэх хандлагатай байгаа талаар “Green Peace” байгууллагаас  мэдээлж байна.  
Дэлхийн олон нийтээс энэ аймшигт ослыг тухайн үед нуусан шалтгаан зөвхөн оросуудын хувьд төдийгүй цөмийн энергийнхэнд олон байлаа. Чернобылийн АЦС нь Украинд баригдсан эрчим хүчний анхны том байгууламж байсан ба энд осол гарснаар асар их хөрөнгө оруулалт хийгдэж баригдчихаад ашиглалтанд ороогүй байсан хэдэн арван АЦС-ууд үүд хаалгаа өнөөг хүртэл барихад хүргэсэнд оршино. Хоёрт, АЦС-тай холбоотой бүх мэдээллүүд нь улсын өндөр зэрэглэлийн нууцлалд ордог байсан ба энэ талаархи хууль тогтоомжоо 1998 онд өөрчилсөн байдаг.
   Чернобылийн энэ осол дэлхий нийтийг нэг хэсэгтээ шоконд оруулсан бөгөөд  ЗХУ болоод бусад орнуудад эрчимтэй хэрэгжиж байсан атомын цахилгаан станцыг барьж байгуулах ажил үндсэндээ зогсонги байдалд орсон юм. Ялангуяа Германы “Ногоонтнууд” атомын станцын эсрэг  маш хатуу бодлого явуулж байсны дээр 1986- 2002  оныг хүртэл  дэлхийн орнуудад нэг ч атомын цахилгаан станц шинээр баригдаагүй юм.  Өнөөдөр дэлхийн 31 оронд 440 АЦС ажиллаж дэлхийн цахилгаан эрчим хүчний 14 хувийг үйлдвэрлэж байгаа боловч, хүн төрөлхтөн Фукушимагийн ослын дараа энэ сонголтоос татгалзахаас өөр аргагүй байдалд хүрээд байгаа билээ.
     Хүмүүн бидний мэдрэхүйн таван эрхтэнд үл мэдрэгдэх хорт туяа ялгаруулагч бодис өнөө хүртэл  тэндхийн хөрсөнд шингэн хадгалагдаж, өвс ургамал, агаар усаар дамжин  хүнсний бүтээгдэхүүнд чимх чимхээр шингэж,  чимээгүй үхлийг далласаар буй.  Иймээс ч Европын  зарим орнууд Украин, Белорус, ОХУ-ын цацрагийн хор тархсан бүс нутгуудаас  зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахыг хориглож байна. Гэтэл өнөөдрийг хүртэл манай наймаачид тэндээс саахар чихрийг тонн тонноор нь зөөсөөр байгаа нь нууц биш ээ.  
                                                               
                                                                    

Saturday, April 14, 2012

МОНГОЛ ХАРХ

Эх газрын эрс тэс уур амьсгалтай, хахир хүйтэн Монгол нутагт харх гэгч амьтан угаасаа байгаагүй билээ. Ерээд оны үед Бээжин-Москвагийн галт тэргэнд нуугдан, хулгайгаар хил давж орж ирсэн нэгэн өнчин хархыг Улаанбаатарын вокзал дээр гүйлгэж алдчихаад хяналт шалгалтынхан барьж авах гэж хөөцөлдөн муур хулгана болж байсан цаг саяхан мэт санагдана.
Үхэр огдойны хэрийн биетэй харх гэгч энэ амьтан  цадах ханахыг мэддэггүй тун хомхой идэмхий, богинохон хугацаанд асар хурдан үрждэг бөөдий бөгөөд халуун хүйтэн ямар ч орчинд дасах чадвараараа тэдэнтэй эн зэрэгцэх амьтан хорвоод үгүй  бөлгөө. Талх тариа, өөх булчирхайнаас авахуулаад замаг хулс замдаа таарсан юм бүхнийг  ховх сордог тэд идэш тэжээл голно гэж ер үгүй. Тааралдсан бүхнээ бүхэл бүхлээр нь залгина, бүр их өлсвөл барилгын хана туурга, ган төмөр хоолойг ч хүртэл тас мэрж орхино.
Хөгшин Европынхон харх гэдэг үгийг сонсоод дагжин чичирдэгийн учир нь  одоогоос хагас мянган жилийн өмнө буюу XV  зууны үед энэ л амьтны тараасан  хөнөөлт өвчнөөс болж, тэндхийн дөрвөн хүний нэг буюу 25 сая халуун амьт бие  хэдхэн жилийн дотор хувхай араг яс болж байсных. Гэвч өнөөг хүртэл өнөөх  хархууд Америк, Европын соёлт цагаан арьстнуудаар тогтохгүй, Ази, Африкийн  хар шар хэн бүхэнтэй хамтран амьдрагч нь байсаар шинэ зуунтай залгаж байна. Харх бол аливаа ямар ч амьтнаас илүү байгаа орчиндоо дасан зохицож өсөж үрждэгээрээ тасархай чадвартай. Биднийг Оросод сурч байх 80-аад оны үед Москвагийн нэгэн метроны хонгилд харх олноор үржсэнийг мэрэгжлийн албад янзан бүрийн хороор утсан боловч  үхэхгүй болохоор нь тусгайнхан АКА-даж байж цааш нь харуулсан доргоны дайтай бүдүүн хархнуудыг зурагтаар харуулж бүхний айдас хүйдсийг төрүүлж байж билээ. 
Өнөөдөр ХХI зуунд шинжлэх ухаан асар хурдацтай хөгжин, нар руу бараг хүн нисгэх нь холгүй ухаажсан мөртлөө хархны эсрэг хими, биологи, бактериологийн төрөл  бүрийн хор өгөөш өчнөөн төчнөөнөөр нь хэрэглэлээ. Хүчин мөхөсдөж, аргаа барахаараа эрдэмтэн судлаачид хоёр гараа зэрэг өргөн энэ амьтан бол хүн үүсэхэд л анх байсан, одоо ч байна, алсдаа ч байх болно гэсэн дүгнэлт гаргажээ.
Тэгвэл өнөөдөр Монгол улсад маань хүн харх гэж айхтар босоо ороолонгууд дээр доргүй, энд тэндгүй үүрлэчихээд байна. Нарт дэлхийн оршин суугч хүмүүн хэмээх малаас ч дор арзгар шүдтэй араатанд  хазаарлаж болдоггүй гурван зүйл буйг эртний Грекчүүд шаштир бичигтээ тун энгийнээр өгүүлсэн байдаг. Энэ нь шунал, тачаал, тэнэглэл гэх бөлгөө. Үнэхээр харахад өмнөх хоёр нь ардах нэгийгээ хяналт хязгаарлалтгүй бол амархаан төрүүлдэг гэх авч нөгөө талаас нь авч үзвэл ардах ганц нь мулгуу нэгний өнчин тархинд төрөхөөс нь үүрэлчихсэн бол өмнөх хоёроос өөр юм бодох орон зай тун бага байдаг юм байна.
Эрдэмтэн хүн даруу, их мөрөн дөлгөөн гэж өвөг дээдэс маань сургадаг. Ухаант мэргэд нь ийм жамаараа даруу дөлгөөн орших орчин цагийн энэ сиймхийд жинхэнэ монгол хархууд хүчээ аван догшрох орон зай нэгэнт бий болчихож. Хэн дээдүүлийнхээ бөгсийг долоож, худал чалчиж, чанга хашгирч, цээжээ дэлдэж чаднав түүний төрийн хойморт орж эзлэх байр суурь нь саадгүй шулуухан байх геополитикийн гайхамшигтай үзэл санаа нам гэх том нэртэй цөөн хүний эзэмшлийн ХХК-аар дамжин Монголд орон зайгаа эзэлжээ. Одоо бүр дэндэж увайгүй улаан голтой хархуудын нэг хэсэг нь зулзагалах боллоо. Энэ амь бөхтэй дархлагдсан хархуудын нуувчны  туг сүлд, өнгө зүс, өмссөн хувцас нь л өөр болохоос үзэл санаа ганцхан зүгт чиглэнэ. Энэ нь ямар ч хамаагүй арга мэхээр хаанаас ч хамаагүй ахиухан хөрөнгө мөнгө цуглуулах. Намуудын нуувчинд орсон хархуудыг хүний өөрийн гэхгүй нэгтгээд  “Өмчийн төлөө”  ӨТ эсвээс албан тушаалын буюу АТ намын гишүүнд тооцож байваас зохилтой.
Европын хархууд цагтаа бетон төмөр хоолой мэрж байшин барилгыг нурааж байсан бол бидний сонгосон хүн хархууд  түүний дагуулууд Монгол түмний олон мянган жилийн турш  хөндөлгүй хадгалж ирсэн эрдэс баялагийг  асар  богинохон хугацаанд хүйс тэмтрэх хүсэлтэй, өнөөх үлгэрт гардаг арван таван толгойтой атгаалжин хар мангасаас дор бодгалиуд санж.
Ийм хархууд идэх уух, олох олз омгийнхоо хэмжээгээрээ хоорондоо эвсэн нэгдэж, арчаа муутай олонхийнхоо хоол тэжээлийг дайран булаахдаа тун гарамгай. Хам хум  тохирч тогтоосон тоглоомын дүрмээ ч хэн нэг нь хувиргаж өөрчилж, тэр ч бүү хэл үндсэн хуулийг маань  хүртэл дотроос нь сэмхэн мэрчихсэнийг нь олонхи түмэн нь нилээд хожуу мэдэж байх жишээтэй.
Монголд идээшсэн ийм хархуудад ханана цадна гэж байдаггүй, бөгөөд өөрөөсөө бусдыг өрөвдөх хайрлах сэтгэл гэж огт үгүй бөлгөө.  Цагтаа “Ху нам” гэж нэрлэгдэж байсан хувьцаат компаний толгойлох  хархуудын ёроолгүй ховдог хомхой шунал хотын цэцэрлэгт хүрээлэн, гудамж, талбайг хоёр гуравхан жилийн дотор дайран эзэлсэн.  Ашиг орлогын төлөөх энэ их дайн дажины явцад угаасаа суурь муутай байшин барилгуудынхаа хана туургыг нь хүртэл уралдан ухаж хөндийлснөөс түрүүч нь яажийж жайжийж, газар хөдөлсөн хөдлөөгүй өнөө маргаашгүй унах нурахад бэлэн болсон байна. Газрын энэ тулааны үр дүнд нийслэл хотын төв машин бүү хэл хоёр хүн ч зөрөхийн аргагүй болтол нь чигжирчихлээ. Энэ л хархуудын гайгаар бид утаатай, түгжрэлтэй, хогондоо дарагдсан, хордож бохирдсон хотод өнөөдөр бид амь зууцгааж байна.
Алт хөтөлбөр гэгчийг хархууд анх санаачлахдаа алсдаа өнөөдрийнх шиг байдалд орохыг тооцоогүй байсан байж магад. Гэхдээ л түүний угшилууд цадаж ханадаггүй ходоодондоо таарсан хууль дүрэм гаргаснаар  арваадхан жилийн дотор алт эрдэнэсээр баялаг   газруудыг маань сорчлон хувааж аваад гадны хархуудад зараад  дуусгав. Алтны нунтаг ялтас хайсан жижиг хархууд  уул толгодыг сарны гадаргуу шиг болтол нь нүхэлж сэндэчлэв. Хамгийн аймшигтай нь дээрээсээ дархлагдаж, хуяглагдсан жижиг дунд гарын хархуудын хятадаас оруулж ирж тараасан химийн хороор бидний цөөхөн хөх толботнуудын амь зуух, цаашдаа үр удам нь өв залгах орон гэр орд өргөө уул ус маань маань бузарлагдаж булингартсан.
Ийнхүү мянга мянган жилээр амар тайван аж төрж ирсэн малчин  түмэнд маань хаана нүүж суухыг нь өнөөдөр гэдэс нь хувалз мэт гэрэлтэж  цулайсан гадна дотны хархууд заахаар эрх нь нэгэнт баталгаажчихлаа. 50 тонн алтыг нь ухаж авчихаад татвараа төлөлгүй улс орныг маань олон улсын шүүхийн хаалга татуулчихаад бултдаг “Алтан Дорнодыг нь” больё л доо гэхэд  Зaамрын хөндийгөөс ил далд олборлосон 100 шахам тонн алт хэний гараар ороод хаашаа алга болчихов гэдгийг мэдэх хүн өнөөдөр Монголд нэг ч үгүй.  Харин үр дүнд нь Туул гол цэхийн булингартаж, тосон Заамар тоосон Заамар болсныг нүдтэй болгон нь харж байна.
Их эзэн Чингис Богд минь ийм хэдхэн хархуудад мэрүүлэхээр өргөн уудам нутгийг үлдээгээгүй нь лавтай. Монгол түмний маань үе удам дамжин мянга мянган жилээр сахин хамгаалж ирсэн тусгаар тогтнолын бүрэн бүтэн байдал дотроосоо алдагдаж, нутаг дэвсгэрийн бараг тэн хагас нь бидний нүүрэн дээр хайгуул болоод ашиглалтын лиценз нэрээр зуучлагдан гаднынхны тэр тусмаа эртнээс эх нутагт маань санаархаж байсан өмнөд хөршийн гарт аажим аажмаар гулсан орж байна. Дөч тавин жилийн дараа тэдний гараас төрөлх нутгаа бүрэн бүтэн салгаж авна ч гэж ёстой лөөлөө. Оросуудын орхиод явчихсан балгаснуудаас долоон дор сарны гадаргуу мэт  том том ангал нүхнүүд, үхлийн хор агуулсан өмхий ногоон нуурууд л үлдэнэ.
Өнөөдөр  далай мэт шуналын түймэртээ шатаж шартсан  монгол хархууд төрд олноороо хүч түрэн гарах нөхцөл  бүрдсэний гол буруутан нь  бид  өөрсдөө.
Дэлхийн II дайны төгсгөл буюу оросууд Берлин хотын зах руу орж ирж байх тэр агшинд фельдмаршал Адольф Хитлер дагалдагч нартайгаа салах ёс гүйцэтгэн амиа хорлох болсноо дуулгажээ. Цаадуул нь “Фюрер минь та хайртай ард түмнээ ингээд орхих гэж үү? Тэд нар чинь тэгээд таньгүйгээр цаашдаа яах билээ” хэмээн уйлагнацгааж. Тэгэхэд нь Хитлер  “Тэд намайг сонгосон, тэр үйлээ цаашдаа өөрсдөө эдлэг” хэмээн уурсан хашгирсан гэдэг.
Хархуудын амьдрах үүрийг бэлдэж, замыг нь засаж өгсөн бид ч бас Хитлерийн хэлдэг тэр үйл тамаа одоо эдлэх шиг болж байгаа юм биш үү. Мөлжүүргүй  яс чулуудсаных нь харамжинд хархууддаа амьдрах орон зайг нь өөрсдөө бүрдүүлж өгч   толгойн дээрээ зайдлуулчихаад одоо  нийтээрээ яав даа даанч хэмээн духаа шааж байгаа нь худлаа биш гэж үү.
 Цадаж ханадаггүйн хэнхэг туссан ийм хархуудын тэвшнээс гадагшилсан ялгадасны үнэр танарт нь хүртэл хүн ард хэдэн зуугаараа хиарч эхэлсний эхний дохио Хонгор сум болсон юм. Аймаг, сумдын засаг дарга хэмээн сүржигнэлдэх дунд гарын хархуудыг далдуур тэжээдэг хоёр зуу гаруй хорны тээрмийн эзэд хужаа монголгүй хавсарч байгаад газар нутгийг маань орвонгоор нь хордуулж байсан, одоо ч байдал бахь байдгаараа үргэлжилсээр... Тэндээс ялгарах хороор  хүн малгүй амьсгалж, ундаалж,  хооллож  амь зууж буйн лай ланчиг, гэм нүглийг алсдаа хэн үүрэх юм бол оо. Үр ач нар маань эрүүл төрж эсэн мэнд бойждог болов уу. Биднийг аврагч Бурхан гэж байна уу, та минь ээ.

                                                2011-12-25