Thursday, April 12, 2012

Усны гайхамшиг


Ус шингэн боловч
Мөс болон хатуурна.
Ус хар боловч
Цас болон цайрна.
Ус хүнд боловч
Уур болон дэгдэнэ.
Ус шимгvй боловч
Түмэн бодисыг тэжээнэ…
хэмээн эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн гуай усны гайхамшгийн талаар далан жилийн тэртээ бичиж байжээ. Бидний амьдарч буй  цэнхэр гаригийн түмэн бодис, мянган эрдэнэсийн дотроос хамгийн гайхамшигтай нь ус юм билээ. Манай дэлхийг сансрын уудмаас харахад цэнхэртэж харагддагийн учир нь бөмбөрцгийн  маань дөрөвний гурвыг усан мандал бүрхдэгт байгаа юм. “Оломгүй далай онгоцоо дүүрээд мэлтэлзэнэ гэж Монголчууд дуулдаг даа. Оломгүй их далайн оволзож буй давалгаанаас нь энергийг нь аваад ашиглаж чаддагсан бол 100 сая киловатт эрчим хүч одоо ч тэнд бэлэн буй. Түүгээр барахгүй их далайн гүнд загас жараахайнаас авахуулаад идэх хоол, эдлэх эрдэнэ бүгд байгаа. Бусад үнэт металлыг нь больё ганцхан алтыг нь л ялгаж авч чаддагсан бол манай гаригийн иргэн бүрт гурав гурван кг хүрэлцэхээр нөөц тэнд байгаа гээд бод доо.
Нарны аймгийн бусад гарагуудаас зөвхөн манай дэлхийнхэн л “ус уух” хувьтай төрснийг судлаачид баталдаг. Энэ их ус л алтан нарны адил амьдралыг тэтгэх шидтэн буюу. Далай тэнгисийн их усны ачаар нарнаас ирэх их энерги, дэлхийн дотоодоос ялгарах их дулаан саармагжиж бороо цас орон, байгаль дэлхий үе үе сэрүүсч байдаг бус уу. Хэрэв энэ их ус үгүй бол дэлхий маань зуухан дээр тавьсан усгүй тогоо мэт хоромхон зуур улайсан шатах буйзаа.
Ус бол хорвоо дээрх хамгийн энгийн мөртлөө хамгийн гайхамшигт эрдэс. Дамдинсүрэн гуайн шүлэглэсэнчлэн ус шиг гурван биеэр зэрэгцэн оршдог тийм шидтэн энэ хорвоод үгүй бөлгөө. Бидний тэр болгон  анзаардаггүй энэ чандмань эрдэнэд  нууцлаг, эмзэг, бас сонин ааш араншин туйлын олон.  Байгаль дээрх түмэн зүйлийн ургамал, амьтныг анхнаас нь ус бий болгож, тэдний амьдрах таатай орчныг ус өөрөө бүрдүүлдэг. Хүн та энэ дэлхийд мэндлэхдээ эхийн умайд анх усан дотор үүсэн бий болсноо үргэлж санаж явууштай. Усанд нийлсэн өндгөн эс л уншигч таныг өдий зэрэгтэй хүн болгожээ. Иймээс эхийн ачийг үргэлж санадаг шигээ усны ачийг бид мартах учиргүй.
Бидний хүрээлэн орчинг усгүйгээр та төсөөлөх үү. Ой мод ургамал амьтан усгүйгээр оршин тогтнодог бил үү. Агаарт байгаа таны нүдэнд эс харагдах уур усны хэмжээ 20 хувиас доошлоход л хамар ам чинь хатаж биенд байгаа ус чинь эрчимтэй гадагшилж эхэлнэ. Учир нь бидний цусны 90 хувь, булчингийн 75 хувь, ясны 28 хувь, уураг тархины 70 хувь уснаас бvрддэг. Хүмүүс бид бие биеэ хайрладаг, үзэн яддаг, шоолдог ааш араншин нь усанд ууссан биетийн цогц гэж үздэг. Энэ усныхаа аравны нэгийг л алдахад л арьс хагарч язран, хараа бvрэлзэж, шээс хаагдан, хоолой боогдож амь тэмцэж эхэлнэ. Ийнхүү бидний утсан чинээ улаан амь урд, хойд талаар урсаж байгаа гол мөрөн, дэлхий ээжийн хэвлийд агуулагдан буй аршаан булагаас хамааралтайг үргэлж санаж яваарай.  
Мөн 70-80 хувийн ус тээж явдаг биеийн чинь усны балансыг зөвхөн ууж байгаа усны хэмжээгээр биш уушгиараа сорж авч байгаа ус, арьсаараа нэвчүүлэн авч байгаа ус гээд олон эх үүсвэр байдгийг та анзаардаггүй байх. Таныг цааш нь харуулахын тулд заавал хамар амыг чинь таглах боохын хэрэггүй. Хамаг биеийг чинь скочдоод хурц наранд тавихад л хэдхэн цагийн дотор аймшгийн муухайгаар тарчилж үхнэ. Учир нь арьсаар дамждаг ус болоод агаарын солилцоо бүрмөсөн зогссоноос тэр.
  Бидний мэддэг уснаас гадна энэ орчлонд 240 тєрлийн ус байдаг болой. Түүнээс зєвхєн нэгийг нь л бид гадарладаг, хэрэглэдэг. Онцгой чанартай энэ эрдсийн нууцыг бүрэн тайлж чадвал алмазнаас хатуу ган  хийж, даавуу шиг эвхдэг, мушгирдаг мєртлєє тємєр бетоноос олон дахин бат бэх хавтан гарган авч, гол мєрєн дээгүүр цааснаас нимгэн мєртлєє  танкнаас хvнд зүйлийг дааж чадах  гүүр тавьж, одоогийн бидний мэдэх атомын бөмбөгнөөс хэд дахин илүү хvчтэй зэвсэг хийж болох талаар эрдэмтэд бичиж байна. Жирийн ус хүртэл бидний хувьд өнөөдөр тайлагдашгүй оньсого хэвээрээ байгаа.   
                                     Ус-туйлын ухаантай бас эмзэг бодис
  Ус ухаантай, сүнс сүлдтэй, бас маш эмзэг, гомдомтгой бодгаль аж. Тэрээр өөртөө тохиолдсон бүхнийг мартддаггүй бөгөөд өөрөөр хэлбэл хэн гэдэг этгээд хэдийд түүнийг туулаад гарсан тухай мэдээллийг хэдэн зууны турш хадгалан авч үлддэг онцгой чанарын тухай судлаачид бичиж байна. Хэрэв бид энэ чанарыг нь нээж чаддагсан бол гэмт этгээдийг хурууны хээгээр нь илрүүлдэг шиг аль хэдийнэ болоод өнгөрсөн мөн ч олон зүйлсийн тухай ус бидэнд хүүрнэж чадах нээ дээ. Та биднийг, ундаалж хооллон, цангаагаа гаргаж, сэрүүцүүлдэг үхэшгүй мөнхийн энэ аршаан зөв хэрэглэбэл бидэнд баяр баясгалан аз жаргал  авчирдаг. Хэрэв хүмүүн бид түүнтэй  араатнаас дор харьцах юм бол  ус эмзэглэн гомдож, цөхрөнгөө барахдаа байн байн нүүр буруулан нуугдан, хатааж гандааж бас үе үе үер буулган догширч, цунами дэгдээж, хариугаа авдаг жамтай. 1944 онд Монголд тохиосон мичин жилийн их ган зудны талаар ардын уран зохиолч Д.Пүрэвдорж гуай:
...Тэр жилийн бороо
Тэнгэртээ хатлаа
Тэр зуны ногоо
Газартаа шатлаа
Хувхай тэнгэр улайдаж
Хумхийн тоос манарч
Хуурай сайрын гол
Хугархай зүү шиг тасарлаа
Манайхан тэр өвөл
Малгайн бүч тайлсангүй
Махтай айл үлдсэнээс
Малтай айл үлдсэнгүй... гэж харуусан шүлэглэсэн байдаг нь юутай үнэн.
Ус биднийг байнга анхааралтай сонсдог талаар Японы эрдэмтэн Масурагийн хийсэн сонирхолтой судалгаа буй. Тэрээр яг адилхан гурван шилэн саванд устай цагаан будаа хийж нэг нэгнээс нь нилээд зайдуу тавьчихаад нэгийг нь өглөө болгон санаанд ормооргүй үгээр зүхэн харааж, нөгөөг нь уран гоё үгээр магтаж, ерөөж, гурав дахийг нь зөнд нь орхиод хэдэн хоног ажиглахад хараалгасан саванд байгаа будаа өмхийрэн илжирч, ерөөлгөсөн савны будаа исэн анхилуун сайхан дарс болж, гурав дахь савны будаа нь илжирч өмхийрөөгүй боловч аятайхан амттай дарс болсон тухай бичсэн байдаг. Тэр ч бүү хэл ус Моцартын дуунд уяран молекулын бүтцийн тор нь хачин гоё сувдан сондор шиг болсноо рок, поп хєгжимд дvрсээ хувирган зєв биш хурц жадан үзүүртэй болсон байжээ. Христ, Будда, Ислам аль ч шашины зан үйлийн салшгүй нэг хэсэг нь усыг адислаж ариусгаж, бусдад түгээж түүгээрээ дамжуулан сүсэгтэн олноо элдэв хир буртаг, гэм нүглээс ангижруулах ариусгах ёслол байдаг. Оросын үнэн алдарт шашны сүмд болдог цуглааны үеэр хийдийн лам хуврагуудын адисласан уснаас нь авч хөлдөөгөөд молекулын бүтцийг нь микроскопоор харахад жирийн уснаас эрс ялгарч талстууд нь 100 хувь эмх цэгцэнд орсон байсныг “НТВ” сувгаар харуулж байсныг санаж байна.  Усанд ийнхүү тайлагдашгүй олон нууцлаг зүйлс буй.
     Усны молекулууд гаднын биетийн нөлөөгөөр амархан гэмтэж  бүтцээ алддаг. Үүгээр нь эрдэмтэд нээлт хийж амьд ус гаргаж олон хүнийг эмчлэн эдгэрүүлж байсан туршлага буй. Орон сууцанд амьдардаг бидний крантаар гоожиж байгаа ус бол хэдэн арав зуун км хоолойгоор хүчтэй насосанд шахагдан явах замдаа төмөр хоолойнуудын нугаралт бүр дээр цохигдон үйлээ үзэж хэлбэр дүрсээ алдан “үхсэн ус” болдогийг судлаачид аль хэдийнэ тогтоожээ.  Усны молекулууд цөмийн цацрагт туяанд өртөх юм бол хэлбэр дүрс ой санамжаа бүрмөсөн алдан түүнийг нь уусан хүмүүс олноороо мэдрэл нь муудаж солиорч үхэж байсныг Японы эрдэмтэд дэлхийн 2-р дайны дараахан олж илрүүлсэн байдаг.
                                           Ус  зөрүүдэлдгийн учир шалтгаан
 Бүх бодис хөрөх хөлдөхдөө агшдаг байхад ус ганцаараа тэлдэг. Хөлдєхдөө усанд агуулагдсан элдэв бодисыг төв хэсэг рүүгээ татаж цэвэр молекулуудаа гадагшлуулан дотроосоо цэвэршдэг. Айргийг хөлдөөхөд голд нь охь үлддэгийг санаж байна уу.  Яг тийм маягаар. Ус хөлдсөнийхөө дараа өөрийнхөө бий болгосон амьд байгалаа аварч хамгаалах гэсэндээ дахин тэлдэг. Тэгдэггүйсэн бол гол мөрөн далай тэнгисийн мєс доошлон живж,  ёроолдоо хvртэл хєлдєж бүх ургамал, амьтан мєхнө дөө. Ус бидэндээ хайртайдаа л ингэж байгаа хэрэг. Эзлэхүүнээрээ тэлж, хөнгөрч хөвж -100 градус хүрдэг Антарктидийн хахир өвлийн хүйтнээс  хүртэл доороо байгаа бvхнийг хамгаалж амьдралыг нь тэтгэдэг.  Ийнхүү ус мєс болон хєлдєхдєє тэлж  гажилт орсон эд эсээ өөрөө засч, үүнийг нь хэрэглэдэг хүн амьтныг эрүүлжүүлэх увдистай. Хойт туйлын орчимд амьдардаг цаатнууд мөсөн уулаас хагалан аваачиж цай хоол хийхэд жирийн уснаас хэд дахин амттай болдог, мөн бие организм нь архи болоод бусад зүйлд хордлогод орсон үед гайхалтай хурдан эрүүлждэг талаар ярихыг сонссон юм байна. Туйлын мөсөн уулс нь доор хаяж хэдэн арван мянгаас сая жил хүртэл настай учир тэр үед хөлдөж хатуурсан ус ямар гайхалтай цэвэр цэнгэг эрүүл байх нь тодорхой. Мєстэй коко колаг бид бvгд л таалан хүртдэг нь коландаа биш мєсєндөө байгаа хэрэг.  Дэлхийн дулаарал энэ чигээрээ үргэлжлэх юм бол хойд урьд туйлын бүх  мөс хайлж Номхон далайн усны төвшин 800 метрээр дээшлэнэ. Аймшигтай санагдаж байгаа биз?
Агаарт байгаа уур зундаа бороо, өвөлдөө цас болон бударна. Хамгийн гайхалтай нь хоорондоо ив ижилхэн цасан ширхэг гэж нэг ч байдаггүй. Цас шиг цагаан гэж ярьдаг ч хойд туйлын орчмын нутгуудад ягаан тэр бүү хэл улаан өнгөтэй цас ордог  нь  цасан талст хооронд амьдардаг бичил биетнүүдтэй холбоотой  гэнэ. Хаврын цас халйан ус руу орохдоо "дуулдаг" аж. Энэхүү дуу чимээг хүмүүн бидний чих сонсох “тэнхээгүй” боловч эрдэмтэн судлаачид энэ дуу чимээг загас л сонсдог болохыг баталжээ.  
Гол мөрний адагт амьдардаг загас жараахай бүгд л өөдөөгөө єгсөж, цас мєстэй усан доогуур хэдэн зуу, мянган км амь тэмцэж шурган явсаар голын эхэнд үр төлөө үлдээж байхыг нь бид телевизээр хардаг билээ.  Халуун орны шувууд хүртэл зундаа үр төлөө хөлдөж цэвэршсэн эрүүл устай орчинд төрүүлж бойжуулахаар Монгол нутгийг зорин ирдэг юм болов уу.
                                                 Ус бидний авралын од
      Хүчилтөрөгч хэмээх бодис нь химийн бусад элементүүдтэй харьцуулахад  хамгийн эрчимтэй урвалд орж исэлддэг тул байгальд дангаараа оршин тогтнож чаддаггүй. Тэрээр бусдын эд эсийг өөртөө татан авч тємрийг зэврүүлж, мєнгийг харлуулж, зэсийг ногооруулдаг хүчтэн. Түүнийг дийлэх шидтэн хорвоо ертєнцөд үгүй юу гэтэл тийм биш ээ. Ус хvчилтєрєгчийг бусдаасаа өмнө   булаан авч урвалд оруулалгүйгээр өөрийнхөө “сейфэнд”  хийж найдвартай хадгалдаг. Тэгээд үүнийгээ бидэнд шаардагдлагатай үед бага багаар нь багцлан өгдөг. Бидний амьсгалдаг агаарт байх 20 хувийн хүчилтөрөгчийн агууламж буудаг ч үгүй, өсдөг ч үгүй нэгэн хэмжээндээ байгаад байдгийн гол нууц нь энэ.
      Нуур, цөөрмийн ус биологийн бохирдолд орох үедээ ялзарсан ургамал, амьтны гаралтай бодисыг исэлдүүлэн өөрөөсөө зайлуулна. Хүн амьтны биед санамсаргүй орсон аливаа хорт бодисыг ус исэлдүүлэн тундасжуулж, цэвэршүүлэн ариутгана. Өөрєєр хэлбэл ус өөртөө байгаа энерги бүхнээрээ єєрийгєє болоод манийхаа бие организмыг хорин дөрвөн цагийн туршид байнга цэвэршүүлдэг бидний эрүүл мэндийн мөнхийн сахиул. Энэ бүгд нь хэмжээтэй тул энерги нь дуусаад ирэхийн үед лусын  эзэн уурлан догширч бид бүхнийгээ үе үе хөнөөчих дөхдөг нь цаанаа бас л учиртай.  
                                                          
  

No comments: