Thursday, April 12, 2012

ЛИЦЕНЗИЙН ХАР СҮҮДЭР

Бүрэнхааны ордны фосфоритын орд нь нөөцөөрөө дэлхийд толгой цохино. Энэ орд Хөвсгөл айм­гийн төвөөс 20, Хөвсгөл нуураас урагш 100 км-т байрладаг юм. Мөрөн, Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох, Арбулаг, Сүмбэр сумын нутгийг дамнан орших Бүрэнхааны ордын батлагдсан нөөц нь 193 сая тонн. Энэ сав газрын нийт нөөц тэрбум хол давах тухай тооцоо ч буй. Фосфорын бордооны нөөц шавхагдаж буй өнөө үед Хятадуудад маш чухал түүхий эд. Тэд ийм төрлийнхөө бордооны үлэмж хэсгийг Мороккогоос нийлүүлдэг. Өнөөгийн байдлаар Бүрэнхааны ордын дийлэнх хэсгийг УИХ-ын гишүүн Батж Батбаяр хүүгийнхээ нэрээр “Талст маргад” компани байгуулан эзэмшдэг. Дээр нь Бразилийн уул уурхайн магнат  “Тефис Майнинг”, БНХАУ-ын “Топруо хэнцо”, “Сутай хэнцо” гэсэн дөрвөн компани эзэмшиж байна.
2008 онд энэ орд байрладаг Бүрэнтогтох, Арбулаг, Алаг-Эрдэнэ, Түнэл сумын нутагт нийт 291 тусгай зөвшөөрөл олгосон байсан. Ордын одоогийн дөрвөн эзний нэг “Талст маргад” компани 2008 онд хайгуулын цөөнгүй лиценз эзэмшиж байсан бөгөөд эдгээрээс гурвыг нь тэр үед олборлолтын лиценз болгуулж байсан юм.
 Монгол орны баруун хязгаарын нүүрсний хамгийн том орд Хөшөөт БНХАУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалттай компаний мэдэлд шилжиж Хонконгийн бирж дээр хувьцаа нь арилжигдаад эхэлчихсэн байгаа. Мөн саяхан Фридланд луйварчин өөрийн эзэмшлийн South Gobi Sands компаниа 30 лицензийн хамт хятадуудад тэрбум доллараар арилжаалах эрхийг Монголын Засгийн газар олгосон тухай гадаадын хэвлэлүүд шуугиж байна. Тухайлбал хэдхэн хоногийн өмнө "Financial Times сонины  4  сарын 2-ны өдрийн дугаарт "Саус Гоби” компанийн төлөөлөгч Монголын Улсын Засгийн газарт албан бусаар мэдэгдсэн, тэд дэмжиж байгаа" гэж мэдээлжээ. Удахгүй Дорнодын Гурванбулаг суманд 8500 ураны баяжмал олборлох ажилдаа БНХАУ-ын Засгийн газрын CNNC компани орохоор бэлтгэлээ базааж байгаа. Иймэрхүү маягаар Монгол орон маань баруун захаасаа эхлэн бяслаг шиг хэрчүүлээд зарагдаад дуусах нээ.

        ЛИЦЕНЗИЙН ХАР СҮҮДЭР                        
Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг орон даяар тэмдэглэж байсан цагаас хойш зургаан жил өнгөрчээ..  Гэвч тэр өдрүүдэд Монгол улсын нутаг дэвсгэрийн 50 гаруй хувийг эрх баригчид лиценз нэрээр хуваан авч, харийнханд 70 хүртэл жилээр түрээслэх, худалдах эрх олгосон хуулийг хоёрхон хоногийн өмнө нь шинэчлэн баталсныг мэдэх хүн хөөрсөн олны дотор тун цөөхөн байлаа.  1924 оны анхны үндсэн хуулинд газрыг улсын өмч хэмээн тусгасан байсан учраас газартай холбоотой бүх харилцааг төр өөрөө дангаараа зохицуулах эрх мэдэлтэй байв.  Харин ардчилсан засаг төр тогтсоноор энэ харилцаанд зарчмын өөрчлөлт орж, 1992 онд батлагдсан шинэ үндсэн хуулинд томьёолсноор газар  ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гээд заачихсан билээ. Харамсалтай нь үүнээс тавхан жилийн дараа буюу 1997 онд ашигт малтмалын хуулийг хам хум баталж орхисны уршгаар үндсэн хуулийн дээрх заалтыг эрх мэдэлтнүүд уландаа гишгэж, уул уурхайг дэмжиж улс орноо хөгжүүлэх лоозон өлгөчихөөд харин газар нутгаа гадныханд сорчлон  зарах их наймаанд ханцуй шамлан орцгоосонтой одоо хэн ч маргахгүй биз ээ.
Ашигт малтмалын хуулийг батлагсад “Монгол оронд хөрөнгө оруулагчдыг далласан хууль” болсон хэмээн тэр үед тунхаглан сүржигнэлдэж байсан боловч үнэн хэрэгтээ Монголын баялагийг харийнханд үнэгүй бэлэглэн дараа нь өөрсдөө дааж давшгүй өрөнд орох үүд хаалгыг нээж өгсөн гэж би хувьдаа боддог. Бидний хийж байсан судалгаагаар зөвхөн Сэлэнгэ аймгийн нутагт 1997-2000 онуудад 35 лиценз олгогдож байсан бол 2000-2004 он буюу МАХНам дангаараа төрийн жолоог атгаж байх үед 480 лиценз тараагдаж, Мандал сумын нутаг 100% “лицензлэгдэж”, Ерөө сумын нутагт 247  ашиглалтын лиценз  хэн нэгэн овсгоотны гарт орон худалдагдаж эхэлсэн байлаа. Хууль батлагдсаны дараахнаас алтаар баялаг энэ нутагт Канадын Сентерра Гоулд  120ш, Оросын “Алтан дорнод” компани  40ш, Өмнийн говийг тэр чигээр нь эзэгнэж байгаа “Айвенху Майнз” хүртэл энэ нутагт ашиглалтын 12 лиценз авчихсан байгаа гээд бод доо. Өнгөн дээрээ лиценз эзэмшигч  нь хэнбугай ч байж харагдах боловч, газар нутгийн далд наймааны жинхэнэ эзэд нь төрийн өндөр албан тушаалтнууд. Хэрвээ хүмүүс мартаагүй бол Германы “Шпигель” сэтгүүлд ч энэ тухай бичигдэж л байсан.  
  Энэ хуулийг даруй өөрчилж засаж залруулахгүй бол алсдаа улс орныг эгзэгтэй хүнд байдалд хүргэж болзошгүйг манай нэрт эрдэмтэд, судлаачид, ТББ, хөдөлгөөнүүд олон удаа ярьж, бичиж, жагсаал цуглаан хийж шаардсанаар УИХ нийтлэлийн эхэнд дурьдсанчлан 2006-7-8-ны өдөр буюу 800-н жилийн наадмын яг өмнөхөн нэмэлт өөрчлөлт хийсэн дүр эсгэн АМХ-ийг бараг хуучнаар нь буцаагаад баталчихсан билээ.
Нэгэн зүйл. Ашигт малтмалын хэрэгжүүлэх, хяналт тавих онцгой эрхийг засгийн газар,  тодруулбал яамны нэгэн агентлаг бүр АМХЭГазрын даргын мэдэлд өгснөөр Монгол улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал алдагдах хэмжээнд хүргэсэн талаар олон хүн харуусан ярьдаг. Уул уурхай хөгжсөн орнуудын жишгээс харахад тухайн орон нутагт компани нь лиценз эзэмшихийн тулд санхүүгийн болоод технологийнхоо чадварын хувьд өрсөлдөхүйц чадвартай гэдгээ харуулсан бүх үзүүлэлт, баталгаажсан тайлангуудаа вэб сайтандаа байршуулж, зарлагдсан нээлттэй тендерт өрсөлдөн ялж эрхээ олж авдаг жаягтай байдаг. Манайхан шиг хэн нь үл мэдэгдэх нэг нөхөр хэдэн зуугаар нь лиценз ямар ч замаар юм бүү мэд олж авчихаад “зарна” гэсэн пайз зүүчихээд Эрээний зах дээр явдаг жишиг дэлхийд хаа ч байхгүй ээ.
Нэгэн зүйл. Өнөөдөр мөрдөгдөж буй АМХ-ийн17.4Нэг тусгай зөвшөөрлөөр олгох хайгуулын талбайн хэмжээ 25 гектараас багагүй, 400 мянган гектараас ихгүй байна. 17.5. Нэг хуулийн этгээдэд олгох хайгуулын тусгай зөвшөөрлийн тоог хязгаарлахгүй. гэх мэтчилэн балмад заалтуудын хар балгаар нэг хүний хувийн эзэмшлийн компаний нэр дээр хэдэн зуун лиценз бүртгэгдэн  сая сая га газар нутаг гараас гар дамжин зарагдаж, Монголын нутгийг бүрхсэн газрын их наймаа нь энэ өмчийн эзэн ард түмэн, түүнийг хамгаалах үүрэгтэй төр гээчийн хяналтаас хэдийнэ гарсан байна. Мөн орд бүхий газар нутгийг эхлээд 30 жилээр эзэмшиж, дараа нь 20, 20 жилээр сунгах эрхийг нь олгохдоо тухайн хуулийн 26.3.2-т зааснаар “ажлын гурван өдөрт багтаан 30 жилийн хугацаагаар олгох” гээд биччихсэнээс харахад л энэ хуулийг хэний эрх ашигт нийцүүлж хийсэн нь илэрхий. Жирийн иргэд маань амьдарч байгаа хашааныхаа алга дарам газрынхаа гэрчилгээг авахын тулд хэдэн хоног сараар өчнөөн байгууллагын хаалга үүд сахьж, яаж үйлээ үздэг билээ.
Нэгэн зүйл. Энэ хуулийн 32.2-т. Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр эхний жилд 0,1 ам доллар, II жилд 0,2$, III жилд 0,3$,   IV-VI жилд 1,0$, VII-IX жилд тус бүр 1,5$ байна.  Мөн 32.3Ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь га тутамд 15$, харин нүүрс болон түгээмэл тархацтай ашигт малтмалын хувьд га тутамд 5$ доллар байна. гэсэн заалтууд буй. Одоогоос 150 жилийн өмнө Оросын эзэн хаан II Александр Аляскийн хойгийн эзэнгүй их хөлдүү тайгын нэг га таван центээр үнэлэн  АНУ-д зарсан тухай яригддаг байсан болохоос алт эрдэнэсээр арвин баялаг нутгаа гектарыг нь 10 центээр үнэлэн түрээсэлдэг мунхаг хуультай улс орон гэж би л хувьдаа сонсоогүй юм байна. Аливаа эд хөрөнгийг үнэгүйтүүлж байгаад хувьчилж, тэндээсээ дараа нь асар их ашиг унагадаг аргыг зах зээл эхэлсэн ерөөд оноос манай овсгойтнууд гайгүй сайн эзэмшсэн. Яг ийм замаар СЭВ-ийн орнуудын тусламжаар 40-50 жил босгосон үйлдвэр аж ахуйн газруудыг 4-5-хан жилийн дотор бүгдийг нь дампууруулсан шүү дээ. Одоо бид эх орон газар нутгаараа  ингэж “наадаж” хэрхэвч болмооргүй.

Нэгэн зүйл. АМХ-ийн 49.1Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нэгдэх, нийлэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан тохиолдолд шинээр бий болсон компанидаа тусгай зөвшөөрлийг шилжүүлж болно. 51.1Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь...шаардагдах санхүүжилт олох, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд холбогдох баримт бичгийн хамтаар банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж болох бөгөөд тусгай зөвшөөрөл нь дангаараа барьцааны зүйл болохгүйгэсэн заалтууд буй.
Зөвхөн энэ хоёр заалтыг хуулинд оруулснаар ашигт малтмалын хууль гарсан өдрөөс эхлэн улс төрийн хүчнүүд бие биенээсээ уралдан монгол газар нутгаа яаж зохистой ашиглах талаас нь биш гаднынханд хурдан түргэн дамлан худалдаж ашиг олох сонирхлын үүднээс хувааж авах ажилдаа чухам ханцуй шамлан орцгоосон билээ. Эзэмших эрхээ алга урвуулахын төдий өмчлөх эрх болгон өөрчилж, хотон дахь бог борлон шигээ зарж наймаалцдаг хуультай орон энэ орчлонд манайхаас өөр хаа ч байдаггүй. Лицензийн барьцаанд хуурагдсан хичнээн ч банк дампуурав даа. Наймаачдын гар дээр одоо эргэлдэж байгаа 5000 гаруй лицензийг дээрх хоёр зүйл ангийн дагуу нэгбүрчлэн шалгаж, авилгын  энэ аймшигт торон сүлжээг задлахын тулд одоогийнх шиг орон тоотой АТГ арвыг нэмэж байгуулсан ч хүчин мөхөсдөх буй заа.
    Өнөөдөр газрын наймаачдын хөлд өртөөгүй аймаг сум баг бригадыг Монголын нутгаас хайхад хэцүү болсон. Лиценз эзэмшигч улсуудын жагсаалтыг ажихад Хятад-232, Солонгос-70, Австрали-28, Ирланд-1, Кайманы арлууд-59, Орос-248, Канад-76, Унгар-2, Бермуд-156, Малайз-1, Япон-141, Герман-16, Люксембург-8, Болгар-8, Бельги-1, АНУ-12, Украйн-3,  Багами-98, Шинэ Зеланд-36, Англи-443, Чех-4, Франц-14, Антигуа, Барбода... гээд зарим нь дэлхийн газрын зураг дээр хаа байдаг нь мэдэгдэхгүй шахам улсууд харагддаг юм билээ. Ийнхүү Монгол улс өнөөдөр хүссэн болгонд нь газар нутгаасаа мянган мянган га-гаар, хамгийн хямд үнээр, 70 жил хүртэл хугацаагаар зарах, худалдах эрхийг нь дагуулан эзэмшүүлдэг дэлхийд хосгүй өгөөмөр засаг төртэй орноор тодроод байна. Энэ тухай 2005 онд Лондонд болсон дэлхийн уул уурхайн том хөрөнгө оруулагчдын хурал дээр Авенхоу Майнз компаны захирал ноён Фрийдланд Бид монголд Итали, Япон шиг том газар нутгийг эзэмшиж байна. Энэ асар их газар нутаг баялгийг би Монголын төр засаг, удирдлагуудын сэтгэл харамгүй тусламжийн ачаар авсан гэж сайрхан тэнд хуран цугласан олныг алмайруулж байв.

Хоёр жилийн өмнө ерөнхийлөгч маань ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох, лицензийг шилжүүлэн наймаалдгийг зогсоох үүрэг өгсөн боловч хэрэгжилт үр дүн нь өнөөх “урт нэртэй хуулийн” нэгэн адил урагшлахгүй байна.   
Монгол улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал нь улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой. Үе үеийн эх оронч баатарлаг эрс энэ газар нутгийг эрдэм ухаан, авьяас билиг, хөлс цусаа  урсган байж өнөө vед бидэнд өвлүүлж vлдээсэн. Гэтэл өнөөдөр Монгол улсыг гаднаас нь харахад бүрэн бүтэн мэт харагдавч, дотроо яг өтсөн гүзээтэй тос шиг болчихсон байгаа нь даанч гол харламаар. Бид нэгэнт лицензээр 40-50 жилээр харийнханд эзэмшүүлчихсэн нутгаа эргүүлээд авья гэтэл лицензийн эздийнх нь аманд орсон үнээр худалдан авахаас өөр аргагүйгээр урхидуулсан байна. Ойрхоны ганц нэг жишгээс харахад тэдний лицензийг цуцлахад тэрбум тэрбум долларын нөхөн төлбөрийн асуудал яригдсан. Иймэрхүү маягаар хэдэн мянган лицензийг цуцалж, наймаачдын гараар орсон газар нутгаа эргүүлэн авахын тулд сая сая доллараар өмгөөлөгч хөлслөн  олон улсын шүүхийн хаалгыг дараагийн хэдэн жил сахиж таарах нь.  Хатуухан хэлэхэд улс үндэстнээ хэдэн ногоон цаасны золиосонд ийм байдалд хүргэсэн  өнөөгийн эрх баригчдыг бид эх орноосоо урвагчдын зиндаанд авч үзэхэд буруудах юм алга.
XXI зууны эхин энэ цаг мөч алсдаа Монголын түүхэнд томоос том толбо, бидний үр ач нарт хамгийн шившигт дурсамж болон үлдэх нь дамжиггүй. Ашигт малтмалын хуулинд дорвитой өөрчлөлт хийж лицензийн асуудлыг нэн даруй хумих ажилд түрүү түрүүчийн их хуралд сууж, гадныхны захиалгаар “гал голомтыг маань самарсан” хууль батлахад гар бие оролцсон луйварчид лав тус болохгүй нь ойлгомжтой. Харин энэ нөхдийг цаашдаа монгол төрийн хойморт гишгэх газаргүй болгох цаг нь нэгэнт болсон байна шүү, ард түмэн минь.

No comments: