Thursday, April 12, 2012

Aкадемич Чадраа гуай та андуурав уу эсвэл эндүүрээд байна уу?

“Өдрийн сонины” энэ оны 4 сарын 18-нд мөн саяхны “Ардын эрх” сонинд өгсөн ярилцлагануудаа Чадраа гуай та “атомын цахилгаан станцгүйгээр Монгол улс хөгжихгүй ээ” хэмээн гарчиглажээ. АЦС бол аливаа улс орны хөгжлийн хэмжүүр огт биш болсон гэдгийг тань шиг том эрдэмтэн мэргэд байтугай захын шалдан банди одоо мэдэх болсон цаг үе шүү дээ. Өнгөрсөн хаврын Японд болсон газар хөдлөлийн улмаас Фукушимагийн станцын гурван реактор дэлбэрсэн. Энэ аймшигт сүйрлийн дараа Герман улс цөмийн хөтөлбөрөө зогсоож, тус улсын аж үйлдвэрлэлийн тэргүүлэгч, “Siemens” компани ОХУ-ын “РосАтом”-тай хэлэлцэж байсан цөмийн эрчим хүчний талаарх гэрээгээ цуцалж байгаа тухайгаа олон нийтэд зарлалаа. Япон, Франц болоод бусад орнууд цөмийн эрчим хүчнийхэн олон нийтийн эсэргүүцлийн улмаас яахаа мэдэхээ больчихоод байгаагаас харахад АЦС нь харин ч бүр тухайн орны хөгжил дэвшлийн хэмжүүр болох нь байтугай бүр чөдөр тушаа болох нь тодорхой болж байна. Хятадын ерөнхий сайд Вэнь Жибао ойрын жилүүдэд барихаар төлөвлөж байсан 140 атомын станцын асуудлыг зогсоосноо саяхан мөн мэдэгдэв. Хөрш Хятадууд ийнхүү атомын цахилгаан станцаас татгалзсанаар одоо ашиглаж буй нарны эрчим хүчний 10 гигаваттыг 2020 он гэхэд 50 болгож, мөн салхины эрчим хүч үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэн 2015 он гэхэд 100 Гигаватт үйлдвэрлэдэг болохоор шамдан ажиллаж байна. Ийм үед та “Хүн төрөлхтөн үйлдвэрийн, интернетийн хувьсгал хийчихээд одоо атомын эрин үед орж байна...атомын цахилгаан станц аюулгүй орчинг дээд зэргээр хангасан.. Фукушимагийн дэлбэрэлт АЦС-ын хөгжилд онцгой шинэ үеийг авчирсан..., дэлхийн улс орнууд атомын хөтөлбөрөө огтхон ч зогсоогоогүй... дэлхий дахин экологи, эрүүл мэндэд халгүйгээр нь атомын цахилгаан станцыг сонгож байгаа.. манайхаас бусад орнууд атомын цахилгаан станцтай болох гэж зорьж байна..манай улс хүссэн хүсээгүй энэ замаар явах болно...” гэх мэтчилэн эрдэмтэн бүү хэл эрүүл хүний амнаас унамааргүй сонин сонин юм ярьж явааг би хараад гайхаж байна. Таныхаар бол Оросууд 1986 онд хуурай газар Чернобылийн атомын станц дээр, Япончууд 35 жилийн дараа энэ хавар Номхон далайн эрэг орчимд “амжилттай туршилт” явуулсан бололтой. Цөмийн физикч хүн атомын станцын ослыг “онцгой шинэ үе, туршилт” гэж үзэж байгаа бол жирийн иргэд үүнийг дээд зэргийн гамшиг сүйрэл, цөмийн эрчим хүчний найдваргүйн баталгаа гэж хүлээн авч байна. Америкийн “General electric” компаний хамгийн сүүлийн үеийн технологиор барьсан гэх Фукушимагийн энэ станцад 1973 онд байгуулагдсан өдрөөсөө эхлэн өнгөрсөн дөчөөд жилийн туршид 140 гаруй удаа том жижиг осол гарч, үүнийг нь тухай бүрт нь Японы засгийн газар нуун дарагдуулж байсан талаар Японы “Days Japan” сэтгүүлийн өнгөрсөн 8 сарын дугаарт бичжээ. Мөн хэдхэн хоногийн өмнө Франц улсын цөмийн хаягдлыг хадгалах байгууламжид дэлбэрэлт болов. Засгийн газар нь ноцтой юм болоогүй хэмээн бас л хаацайлсаар өнгөрч байх шиг байна. Өнөөдөр цөмийн эрчим хүчний технологи нь нэгэнт өвгөрч хоцрогдсоныг барууны эрдэмтэд хүлээн зөвшөөрч, атомын цахилгаан станцыг дэлхий нийт бүр жорлонгүй орон сууцтай адилтгах болжээ. Одоо ажиллаж буй 430 гаруй атомын станцууд гаргасан “ялгадсаа” хаях газар олдохгүйгээс дэргэдэх усан сангууддаа түрүүч нь тавин жил хадгалж байна. 80-аад оны үед аргаа барахдаа тэд торхтой цөмийн хаягдлаа далай тэнгис рүү бөөн бөөнөөр нь хаяж байгааг нь “Green Peace” байгууллагынхан илрүүлсэн бичлэг интернетэд тавиатай буй. Өнөөгийн байдлаар цөмийн ийм хаягдлын хэмжээ 100.000 тонн даваад байгаа ч тухай мэдээлэл ч интернетээр цацагдаж байна. Онцгой их аюул эрсдлийг дагуулдаг учир дэлхий нийтээрээ татгалзаж эхэлж байгаа цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг “моод Монголоор дуусдаг” гэдэг шиг нааш нь даллаж яах гэсийм. Миний мэдэхээс сүүлийн хорин жил та байнга сэргээгдэх эрчим хүчний тухай ярьдаг байснаа гэнэт зангаа хувиргаж юманд хатгуулсан мэт яагаад АЦС яриад эхлэв ээ? Бүр “..нар салхи, усан цахилгаан станц байгуулъя гэхэд бид хэрэгцээгээ хэзээ ч хангаж чадахгүй...” гэж хүртэл ярьж хамгийн сайн мэддэг гэх энэ салбараа мурьсан байх юм. АНУ-д одоо ашиглаж байгаа салхин турбинууд нь 600 кваттаас дээш хүчин чадалтай, гаргаж буй цахилгааных нь үнэ нэг киловатт нь 3.5 цент байдаг юм билээ. Хавар хаврын хавсаргатай өдрүүд, говийн их салхи хангалтгүй гэж байгаа бол АНУ-д үйлдвэрлэдэг 300 гаруй мегаваттын нарны коллектор авъя л даа. Тэр нь үнэтэй санагдвал Испанид ашигладаг шиг 100 мегаваттын нарны коллектор хэд хэдийг авчраад эрчим хүчний гачаалад ороод байгаа аймаг сумуудад суурилуулчихвал хэдэн зуун км цахилгааны шугам татаж мөнгө үрэх ч шаардлагагүй болно. Эдгээр нь таны олон жил ярьсан хямд төсөр энергийн эх үүсвэр үнэхээр биш гэж үү? Бүр байг гэхэд Тавантолгойн 10 тэрбум тонн нүүрснийхээ өчүүхэн хэсгийг боловсруулж бүрэн шатдаг болгоод үйлдвэр, уурхай, хот тосгоноо хангая л даа. Хангалттай нөөц биш гэж үү? Мэрэгжлийн бус мань мэтийн нүдээр харахад эрчим хүчний асар их баялаг бидэнд бурханы хишгээр заяагджээ. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, төрийн шагнал, одон медалиуд бараг л Монгол улсын бүх шагнал, цол хэргэмийг нь хүртчихээд мөнгөний лоббинд орчихсон улс төрч аятай үеэ өнгөрөөчихөөд байгаа атомын цахилгаан станцыг магтан дуулж, настай хүний намба төрхөө алдан хөлөө хугалчих шахам гүйгээд байгаагаа боливол яасийм? Монголын шинжлэх ухааныг хорин жил толгойлсон академич маань өнөөдөр ард түмнийхээ ирээдүй, язгуур эрх ашгийн эсрэг юм хэвлэл мэдээллээр яриад иргэдийн тархийг угаагаад яваа нь ний нуугүй хэлэхэд ямар нэгэн далдын хүчний хатгалга мэт хар төрүүлээд байна. Технологи болоод бэлтгэгдсэн боловсон хүчин байхгүй, хангалттай хөрөнгө мөнгөний эх үүсвэргүй, дэд бүтэц муу зэрэг Монголд АЦС барих үндэслэлгүй маш олон шалтгаан байдгийн дотор зөвхөн байгалаас хамааралтай усны нөөц, газар хөдлөлт гээд бодит хоёр хүчин зүйл буй. Одоо Японд ажиллаж буй зөвхөн ганцхан ийм төрлийн станцын хөргүүрийн усны хэрэглээ нь секунд тутамд долоон тонн хүрдэг, үүнийгээ тэд далай тэнгисээс соруулж авч хангадаг юм билээ. Манай оронд дээрх жишгээр хоногт 600 мянган тонныг ашиглах аугаа их усны нөөц бийсэн бил үү? Оюутолгойн зэсийг баяжуулахад Өмнөговийн “Гүний хоолойн” усыг хорин жилд хангалттай гэж тооцсон боловч тэр нь маш өндөр эрдэсжилттэй учир хүн мал уухын аргагүй эд. Удахгүй үйлдвэр ашиглалтанд ороход тэнд ажиллах 20-30 мянган хүний ундны усны асуудлыг одоо хүртэл шийдэж чадахгүй, Орхон, Хэрлэн голуудыг тийш нь татах ухааны юм яриад сууж байгаа улс шүү дээ бид. Хоёрдугаарт, Монгол улс газар хөдлөлийн өндөр идэвхтэй бүсд оршдог. Хорьдугаар зууны судалгаанаас үзэхэд хүчтэй газар хөдлөлтийн давтамж 50 жил орчим байна. 1905 онд Рейхтерийн шаталбарын дээд түвшин буюу 12 баллын хүчтэй газар хөдөлж, Завханы Булнайн нуруунаас эхлээд Увсын Ханхөхийн нурууг дайрсан 300 гаруй км урт гүн ангал цууралт үүсэн маш олон хот айл, хүн мал сүйрсэн байдаг. Үүнээс тавь гаран жилийн дараа буюу 1957 онд Их Богдод мөн 12 баллын газар хөдлөлт болж, Баянхонгор, Говь-Алтай аймгуудын нутагт дээрх хэмжээний урттай гүн ангал үүсчээ. Судлаачид үүнийг ХХ зууны хамгийн хүчтэй газар хөдлөлт болсон гэж үздэг. Тэр үед одоогийнх шиг өндөр барилга байгууламж Монголд байсан бол хичнээн их сүйрэл амсах байсан бол гэж бодохоос аймаар. Уржигдархан Куба, Калифорни, Японд нэгэн зэрэг газар доргилоо. Өчигдөр Японд дахиад газар хөдөллөө. Газар хөдлөлийн чичирхийллийн давтамж өдрөөс өдөрт ихэссээр байгаа өнөө үед атомын цахилгаан станцыг 2017 оноос барьж эхлэх тухай яриад сууж байх нь хир зохистой юм бол оо гэж танаас дахин асуумаар байна. Өнгөрсөн 8 сарын сүүлээр Өмнөговьд газар жаахан доргиход л Улаанбаатарын өндөр барилгууд чичирлээ шүү дээ. Японы энэ хаврын газар хөдлөлт 20000 хүний амийг авч одож, Фукушимагийн ослын үр дагаврыг тооцохгүйгээр 215 тэрбум долларын хор уршиг учрууллаа. Ийм эрсдэлтэй газар оронд цөмийн реактор барьсны дараа ийм аюул гэнэт нүүрлэбэл пянгий нь бид дааж чадах уу? “...Цөмийн хог хаягдлыг нутаг дээрээ байрлуулах нь эдийн засгийн өндөр ач холбогдолтой, хэрвээ манай улс Японы 50 гаруй атомын цахилгаан станцын тавин жилийн турш хуримтлагдсан их хогийг авчраад Монголын говьд булшлах юм бол тэр нь динозаврын яс шиг 250 сая жил аюулгүй хадгалагдах болно, үүний төлөөсөнд Япончууд зуун жил цахигаанаар хангах атомын цахилгаан станцыг үнэгүй бариад өгнө...” ч гэх шиг коммунизмын хий үзэгдэл шиг утгагүй утопи яриаг чинь хэдэн шунаг улстөрчид амьдрал дээр гүйцүүлдэх гэж болчимгүйтэж яваад хэвлэл мэдээллийнхэнд чихдүүлж, Монголдоо төдийгүй дэвэн дэлхийгээр нэг нүдний булай болов доо. Саяхан МНТВ-гээр гарсан “100 мянган жилийн дараах аюулгүй байдал” нэртэй Финляндад баригдаж буй цөмийн хаягдлын агуулахын тухай баримтат киног та үзсэн байх. ”100 жилийн эрчим хүчний хэрэгцээний төлөө 100 мянган жил асах цөмийн халуун цурмыг бид Монголд бий болгох гэж үү? Мөнгө яах вэ, төрийн томчууд тэрбум тэрбумаар нь олж л байдаг, тансаглаад үрж л байдаг эд. Харин хойчийн ирээдүй, үр ач нараа л мөрөөдөөд байгаа тэр хэдэн ногоон цаасны чинь золиос болгочихгүй юмсан гэж санаа зовон үүнийг танд үзэглэж байна. “Зууны мэдээ” 2011-9-20

No comments: