Monday, April 9, 2012

ХХ ЗУУНЫ ЭХНЭЭС ХОРОНД УМБАСАН МОНГОЛЧУУД


                             
     Түүхийн шарласан хуудсыг сөхвөөс: 1900 онд Бельги, Орос, Хятадын худалдаачид хувь нийлүүлж “Монгол-Ор” хэмээх нийгэмлэг байгуулан одоогийн Сэлэнгэ аймгийн нутагт  алт ухаж эхэлжээ. Үүнийг нь эсэргүүцэн Чин ван Ханддорж тэргүүтэй халхын ноёд Манжийн засгийн газарт  удаа дараа гомдол гаргаж байсан авч алтны уурхайнууд 1912 оныг хүртэл  ажилласан байна.   Хамгийн хорлонтой нь тэд алтаа угаахдаа мөнгөн ус ашигладаг байв.   1921 оны хувьсгалын дараа хятадууд нутаг буцаж,  Монголд алт олборлох асуудал бүрмөсөн зогссон байдаг. Хожим нь 1960-аад оны үед алт угаах нэгэн нууц үйлдвэр таван тонн мөнгөн ус алдаж асгаснаас Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг, Бороо голын нэгэн тохойд их хэмжээний мөнгөн ус хуримтлагдсан байна. Үүнийг нь саяхан хүртэл орон нутгийн хүмүүс ухаж олборлон нинжа нарт борлуулдаг байсан юм. Харин Чех улсын засгийн газрын төслийн хүрээнд уг газрыг хоёр гурван жилийн өмнө ухаж цэвэрлэн 100-гаад кг мөнгөн ус ялгаж авсан ч тэр хавийг бүрэн цэвэрлэх ямар ч боломжгүй болсон байдаг.
         Алтны шинэ үеийнхний түүх дээрх явдлаас яг зуун жилийн дараа буюу 2000 оноос эхэлдэг. 1994 онд ерөнхийлөгч П.Очирбат санаачлан “алт хөтөлбөргаргаж, 1997 онд их хурал “ашигт малтмалын хууль” батлагдсанаар Монголд алтны ангуучид газар орныг чухам харх мэт сэндийчиж эхэлсэн билээ.  Үүгээр тогтохгүй тэд хүн мал, аливаа амьд организмд хамгийн хортой мөнгөн усыг эмх замбараагүй ашиглан энд тэндгүй байгаль орчныг бохирдуулж эхэлжээ. Мөнгөн уснаас үүдэлтэй Минамата өвчин” нь хүмүүст ямар их зовлон шаналал, гай гамшиг авчирдгийг биеэрээ туулсан япончууд 2002 онд “Жайка” байгууллагаараа дамжуулан төсөл хэрэгжүүлэв. Тэд Төв аймгийн Борнуур, Сүмбэр, Сэлэнгэ аймгийн Баянгол сумдад хувиараа алт олборлогчид жилд хагас тонн мөнгөн ус хэрэглэснээс хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой өөрчлөлт гарч байгаа талаар судлаж тогтоон тайлангаа төр засгийнханд хүргүүлсэн боловч, ҮАБЗ тухайлбал тэр үеийн ерөнхийлөгч Н.Багабанди болоод ерөнхий сайд Н.Энхбаярын засгийн газар үүнийг нь үл ойшоосон юм.
       100 гр грамм алт ялгаж авахын тулд 200 гр мөнгөн ус дунджаар хэрэглэдэг, тэгвэл тонн тонноор нь  алт угаан урагш нь гаргаж байсан 60000 гаруй нинжа нарын уршгаар өнөөдөр Монгол орон говь хангайгүй бүхэлдээ бохирдсон гэхэд нэг их хилсдэхгүй. Хэргийн гол учиг нь хэрэглэж байгаа металл мөнгөн усанд биш алтаа ялгаж авахын тулд гал дээр ууршуулж байгаа хэсэг нь хүн амьтан, байгаль орчинд хамгийн их сүйтгэлтэй. Ундааны шилэнд хийчихсэн мөнгөн усыг согтуудаа уучихаад ходоодоо цоолуулж авахуулж байсан хүн одоо хүртэл зүв зүгээр явж л байна. Харин гал дээр ууршуулсан ганцхан грамм мөнгөн ус бороо цасны устай эргээд хөрсөн дээр буухдаа 20 га газрыг бохирдуулдаг нь хамгийн аймшигтай.
    2003 онд Борнуур, Сүмбэр, Баянгол суманд үзлэгт хамрагдсан хүмүүсийн 70 гаруй хувийнх нь шээсэнд мөнгөн ус зохих хэмжээнээс 50-60 хувь их байсан ба заримынх нь үс, хумсанд бүр цусанд нь мөнгөн ус илэрсэн байдаг. Эмч нарын явуулсан үзлэгийн дүнгээс үзэхэд тэдгээр хүмүүс мөнгөн устай харьцаж эхэлснээс хоёр гурван жилийн дараагаас хөлрөмтгий, бие нь салгалан чичирдэг болсон, элэг нь томорсон, даралт ихэссэн, нүдний салст нь шархалж үрэвссэн зэрэг зовиурууд илэрдэг юм билээ.
     Яг энэ үетэй зэрэгцэн 1999 оноос Канадын “Сентерра гоулд” компани Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сумын нутагт хэд хэдэн хайгуулын болоод ашиглалтын лиценз эзэмшсэнээр “ Бороо Гоулд” ХХК үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Унц алтны үнэ дэлхийн зах зээл дээр 2000 онд 250$ хүртэл шалдаа уначихсан байсан боловч тэд ашиг олно гэж тооцсон нь алдсангүй, өнөөдөр унц алтны үнэ бараг 2000$ хүрээд байна.  Бороо гоулдынхан алттай чулуулгийг буталж угаахдаа циан хэмээх органик нэгдлийг агуулсан асар хүчтэй химийн хорт бодис ашиглана гэдгийг тэр үед хэн ч тааж мэдэж байсангүй. Хэрэв санаандгүй осол аваар гарах юм бол циант нэгдэл нь цөмийн цацрагт бодисоос дутахааргүй хор хөнөөл байгаль орчинд учруулдаг гэдгийг тааварлах хүн төр засагт нэг ч  байсангүй ээ. Дэлхийн II дайны үед Германы дээд офицерүүдийн захандаа зүүж явдаг ганцхан грамм циан тэднийг агшин зуур үхүүлэхэд хангалттай байв.  2000 оноос өмнө дэлхий нийтэд циантай холбоотой осол эндэгдэл 360 гаруй удаа гарч 10 мянга гаруй хүн өртсөн гэдэг. Сүүлийн жишээ нь: 2000 онд Румын улсад циантай бодис алдагдаж голын усыг бохирдоноос эрэг хавийн 1000 гаруй өрхийг нүүлгэн шилжүүлж зардал нь гурван тэрбум долларт хүрч байлаа.
    БНХАУ нь циант натрийн үйлдвэрлэлээрээ дэлхийд толгой цохидог орон. БОЯ-ны тусгай зөвшөөрлөөр “Бороо Гоулд компани 2005 он хүртэл жилд 500 тонн цаашаа өссөөр 2007 онд 1300 тонн циант натрийг Хятадаас оруулж ирж байв. “Бороо Гоулдынхан” үйлдвэрийн аргаар цианид натрийг ашигладаг учраас ОК гээд орхиё гэтэл хятадуудыг нууцаар нутаг орондоо авчран хөдөө хээр нүх ухаж байгаад ил задгай орчинд энэхүү хорыг зуурч алт угаадаг бүлэглэлүүд бий болж хүмүүсийн амьдардаг хүрээлэн орчныг сүйтгэж эхэлжээ. Үүнийг нь БОЯам нь хүлээн зөвшөөрч циант натри оруулж ирэх тусгай зөвшөөрлийг “Капитал Ресорс” “Анд Интернейшнл” “Гүнбилигт”, “Эн жи Эч” “Тэн Хун” гэх мэтийн 9 компанид олгож байсан байдаг. Үүнээс  гадна хил гаалиар хулгайн замаар ч их хэмжээгээр оруулдаг болов. Орон сууцны хороолол, оффис тасалгаа энд тэндгүй мөнгөн ус асгарч,  бүр хагас тонн циант натри Улаанбаатар хотод хадгалж байгаад иргэдийн мэдээллээр илэрч байсан цаг тун саяхан. Гэтэл энэ үед дайран дээр давс нэмэв гэгчээр 2006 оны сүүлээр химийн хорт бодисыг дөрвөн боомтоор оруулж байхаар шийдвэр гаргаж байсан  М.Энхболдын Засгийн газар гуравхан сарын дараа буюу 2007-3-20-нд 65-р тогтоол гаргаж, Дорнод аймгийн Баянхошуу, Сүхбаатар аймгийн Бичигт зэрэг мэргэжлийн хүнгүй, багаж төхөөрөмж лабораторигүй боомтуудаар   химийн хорт бодис чөлөөтэй нэвтрэх боломж олгосон нь тун хачирхалтай.
   Циан, мөнгөн усны хорыг хамгийн түрүүн мэдэрдэг амьтад бол бор шувуу, оготно хулгана мэтийн жижиг амьтад.  2004 онд Өмнөговийн Мандал-Овоо суманд цианид натритай ус ууснаас нэг айлын суурь хонь, 2006 оны 11 сард “Цагаан цахирт Гоулд” компаний хятадуудын балагаар Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд 64 ямаа, тэр орчмын чогчиго туулай бөөн бөөнөөрөө хиарч, энэ тухай тухай хэвлэл мэдээллээр орон даяар цацагдаж байсан даа.  Тэр үед төр засгийнхан мөн л нүдэн балай, чих нь дүлий загнаж, химийн хорт бодисоор  нутаг орныг хүн малтай нь хордуулсан   “Цагаан цахир гоулд”, Төв аймгийн Борнуур суман дахь “Анд Интернейшнл”, Дарханы Хонгор сумын “Мич” компаний эзэн хятадуудыг хуулийн ямар ч хариуцлага хүлээлгэлгүйгээр  цагдаагийн хамгаалалтан дор нутаг буцаацгааж байлаа.        
    Ингээд олон юм нуршилгүй одоогоос таван жилийн өмнө Хонгор суманд гарсан үйл явдал руу оръё. 
                                          Хонгорын гамшиг болоод төрийн тохуурхал
 Хонгорт гардаг хэрэг явдлаас бүр жилийн өмнө Дархан-Уул аймгийн үйлдвэрийн районд манай төрийн нууц ноёнтнуудын ивээл дор хятад ажилчид авчран циант натриар алт угаалгаж эхэлсэн байдаг. Мөнгөн усаар алтыг нь угаагаад авчихсан шлам гэх шаар элсийг хаанаас хэн зөөж авчирч байсныг цаагуураа мэдэж байсан цагдаа нар халуун мөрөөр нь энэ үед орсон бол Хонгор суманд гарах аюулыг газар дээр нь зогсоох байлаа, харамсалтай нь тэгсэнгүй. Дархан сумын нутаг дэвсгэр дээр байрладаг “Орд харш” компаний хашаанд бараг жилийн дараа хийсэн Мэрэгжлийн хяналтын шалгалтын дүнгээс харахад тэр үед хашаанд овоолгоотой байсан шлам элсэнд мөнгөн ус 23.17 мг/кг, циан 15.2 мг/кг илэрч, энэ нь байвал зохих хэмжээнээс мөнгөн ус 10 дахин өндөр байсан, устгал хийсэн цэгээс салхины доод 100 метрийн зайнд багажнаас илэрсэн циан эрүүл ахуйд зөвшөөрөгдөх хэмжээнээс 3.6-5.6 дахин их байсан талаар дурьдагджээ. Өвөл болж хүйтэрч эхэлсэн тул тэд ил задгай орчинд ажиллаж байсан үйлдвэрлэлээ явуулах цэгээр Хонгор сумын төв дахь “Мич” /Mongolian Industrial chemicals/ компанийг сонгосон байна.
   Энэ үед Хонгор сумын засаг дарга Б. Батнарангийн “Мич” компани тус сумын нутаг дэвсгэр дээр байрлах үйлдвэрийн хуучин байрандаа алттай чулууг тээрэмдэн буталж, мөнгөн ус ашиглан алт угааж байжээ. Ийм аргаар тухайн чулуулагт агуулагдах алтны тал хүрэхгүй хувийг л ялгаж авч болдог. Харин тэд үүндээ сэтгэл нь ханасангүй, хятадуудтай нийлж цианид натри ашиглан үлдсэн алтыг нь ялгаж авахаар шийджээ. Түүгээр барахгүй мөнгөн ус, циантай элсээ зарж иргэд түүнийг нь байшин шавах, сургуулийн шалан доор дэвсэж байж.  Хятад ажилчид алт угаасан мөнгөн ус, цианид натритай усаа шууд сантехникийн шугам руу хийснээс бохирын байгууламж хальж, бохир устай цөөрөм үүсчээ. 2007 оны 4 сарын 23-нд эндээс уусан 2 үхэр гэдэс нь хөөж үхсэн байсныг задалж үзэхэд дотроос нь мөнгөн ус циан илэрснээр энэ хэрэг мандсан түүхтэй. 
 Хонгор сумын төвд тархсан химийн бодис нь циан, мөнгөн ус дан дангаараа биш циант мөнгөн ус хэмээх шинэ төрлийн бодисын хордлого байсан нь АНУ-д төвтэй Хүрээлэн орчны аюулгүй байдал эрүүл мэндийн хүрээлэнгийн  http://www.cdc.gov/niosh/mining/topics/ вэб хуудаснаас үзэхэд тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл металл мөнгөн ус ашиглан алтыг нь бариулаад авчихсан элсийг дахиад циант натри ашиглан  угаахад элсэнд үлдсэн мөнгөн усны молекул хоёр валенттай ион хэлбэрт шилждэг. Нөгөө “Галсан Мээрэнгийн хатан  чинь шал хөгшин чавганц байхгүй юу” гэдэг шиг металл мөнгөн уснаасаа энэ бол тэс өөр нэгдэл. Ийм дэгдэмтгий хор их хэмжээгээр цацагдах үеэр тэнд амьдарч байсан эхчүүд болоод эх малаас өнөөдөр эрүүл хүүхэд, төл гарч буй бол ховор азтай тохиолдол гэж үзэхээс өөр аргагүй. Учир нь энэ бодис дөнгөж бүрэлдэж буй урагт асар хүчтэй нөлөөлж ургийн хөгжлийг зогсоож зулбуулах, эсвэл эдгэж засаршгүй гаж урод болгодог байна. Дээр нь алттай чулуулагт агуулагдах хүнцлийн хэмжээ маш өндөр байсан нь тухайн газраас дээж авч ОХУ-ын лабораторт хийлгэсэн шинжилгээний дүнгээс харагддаг. Мөн Германы эрдэмтэдийн Хонгорын 4 худгийн усанд хийсэн шинжилгээнд хүнцлийн агууламж өндөр байснаар нотлогддог. Ийнхүү тухайн үед аймгийн засаг даргын оролцоотойгоор томилсон сумынхаа өндөрлөгүүдийн “буянаар” ганцхан гайтай мөнгөн ус ч биш гурвын гурван химийн онцгой хорт бодисд Хонгорчууд нэрвүүлсэн юм.
     
  Энэ суманд хамгийн түрүүнд дуудлагаар очсон  монголдоо тэргүүлэх хордлого судлаач, С.Юндэн  доктор Хонгорынхон асар хүчтэй химийн бодисонд хордсон гэдэг дүгнэлт гарган Эрүүл мэндийн сайд Д.Туяад өгч яаралтай арга хэмжээ авахыг сануулсан байдаг. Уг хэрэг явдал гарснаас хоёр сарын дараа хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах байгууллагын  шугамаар ирсэн НҮБ-ийн байгаль орчны хөтөлбөрийн шинжээч Паш гэгч хүн Хонгор суманд долоо хоног ажиллаад гаргасан тайландаа   “Хонгор сумын хөрс, уснаас дээж авч шинжлэхэд мөнгөн ус, цианид маш өндөр, ундны усан дахь цианидын агууламж улсын стандартаас 13-65 дахин, бохирын усанд 3700 дахин их байсан талаар тусгасан нь дэлхийн олон нийтийг цочроосон юм.
Тухайн үед онцгойнхон  нийтдээ 50000 шахам квадрат метр газрын хөрс, ундны болон гүний ус, мөн бохир цэвэрлэх байгууламжийг хоргүйжүүлж,  ЭМЯамнаас химийн бодисонд хордсон гэх 1427 хүнд эмнэлгийн үзлэг хийж, хүнд хордсон таван хүнийг эмнэлэгт Улаанбаатар руу авчирч хордлогын төвд хэвтүүлж эмчилсэн, 612 хүнд гэрээр нь эмчилгээ хийсэн, 30 хүнд хүндэвтэр зэргийн, 196 хүнд хөнгөн хэлбэрийн хордлогын шинж тэмдэг илэрсэн гэж үзсэн байдаг. Мөн Хүний эрхийн үндэсний комиссоос 2007-8-16-нд ҮАБЗөвлөлд өгсөн тайланд “..сумын төвд байрлах энгийн 9, гүний 8, уурхайн 1 худгийн усыг шинжлэхэд бүгдэд нь циан, мөнгөн ус илэрсэн,” гэж дүгнэсэн байгаа. Орон сууцны цэвэр усны шугаманд хүртэл мөнгөн ус илэрсэн учраас уухыг хориглож, Дарханаас зөөврийн ус авч ашигладаг байв. Аймгийн засаг дарга асан Хаянхярваа сайд тухайн үед Эрүүл мэндийн  сайд байсан Д. Туяад явуулсан албан бичигтээ “2007 оны 7 сарын 9-ний байдлаар агаарт буй мөнгөн усны хэмжээ зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 90 дахин их, мөн тохиолдлын судалгааны аргаар 15 хүнд мөнгөн усны шинжилгээнд хамруулахад гуравт нь мөнгөн ус илэрсэн” гэж бичиж байснаа гэнэт могойд хатгуулсан мэт  хэлсэн ярьсан нь хоёрхон сарын дараа 180 градус эргэж энэ бүхэн нь химийн хордлого биш хамуу тэмбүү, чонын хярвас болоод явчихсан нь хэрэг явдлын үнэн мөнийг олох гэж будилж, дарга нарт доромжлуулж чичлүүлж явсан манийгаа бүү хэл монголын олон нийтийг  алмайруулсан хэрэг явдал болсон билээ.
    Онцгойнхон Хонгор суманд ажиллаж байх үедээ хорыг саармагжуулахын тулд детокс буюу полисульфид болон метабисульфидын уусмал ашиглан 600 кв метр шахам талбайтай бохирын цөөрөм рүү дусааснаар циант мөнгөн ус болоод хүнцэл нь бүрэн саармагжсан гэж үзсэн нь тун инээдтэй. Харин ашиглагдаагүй үлдсэн 20 орчим тонн цианид натрийг устгал хийхийн оронд БОЯамны боссуудын шийдвэрээр Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь “Буман Трейд” компани руу ачуулсан байна.  Үйлдвэрийн хашаанаас бохирдолтой 1200 тонн шлам элсийг Бороо Голдын уурхай руу ачуулаад, газрыг нь мөн өнөөх уусмалaapаа шүршжээ.  Энэ үеэр тэнд ажиллаж байсан БОЯ болон мэргэжлийн хяналтынхан, онцгой байдлын мэргэжилтнүүд  химийн хорт бодистой ажиллаж үзээгүй, энэ талаар мэдлэг мэдээлэлгүй төдийгүй   тусгай өмсгөл, резинэн бээлий, баг, нүдний шил зэрэг наад захын хамгаалалтын хувцас, хэрэгсэлгүй байсан талаар дээрх НҮБ-ийн шинжээчийн тайланд дурьдагдсан байв.
Удалгүй 7-р  сараас зуны халуун шатаж, борооны улирал эхэлснээр Хонгор суманд байдал улам хүндэрсэн билээ. Энэ хүчтэй хавсарсан хорны ууршилтаас үүдэн хүмүүсийн толгой эргэж согтуу юм шиг гуйвж дайвах, хоолой бачуурах, биеэр нь юм туурч загатнах, арьс ширүүн болох, идээтэй зүйл гарах, ходоод  өвдөх, дотор муухайрч огиудас хүрэх, гэдэс гүйлгэх, шүлс гоожих,  ханиалгах, төмөр амтагдаж амнаас эвгүй үнэр гарах, уур уцаартай цухалдуу, сэтгэл санаа тогтворгүй болох, зэрэг гадаад шинж тэмдгүүдээс эхлээд хөгшин залуугүй даралт гэнэт ихсэж багасах, булчирхай үрэвсэж томрох, түүнчлэн жирэмсэн эхчүүд зулбах, гажигтай хүүхэд төрөх явдлууд хэдэн арваараа гарав. Тэр үед тууралттай байсан зарим эхчүүд айсандаа аборт хийлгэсэн тохиолдол ч нэг бус удаа гарав. Мөн Хонгороос мухар олгой авахуулахаар очсон хүмүүсийн хэвлийнээс идээ гарч байсан талаар Дархан хотын эмч нар ярьцгаадаг.  
Үүний зэрэгцээ өнөөх хордсон хүмүүс маань агшин зуур хамуу тэмбүүний үүр хэмээн цоллогдож эхлэв. ЭМЯамныхан хамуу, тэмбүү хэмээн онош тавьж, хордсон түмнээ олноос  тусгаарлах увайгүй гүтгэлэг орон даяар цацав. ЭМЯамныхны дүгнэсэнчлэн хэрэв сумын төвийн үзлэгт орсон мянгаад хүнээс 112 нь тэмбүүрч, хагас нь хамуундаа таталдчихсан яваа гэдэгтэй санал нийлэх юм бол Монгол улс өнөөдөр өнгөрсөн зууны 60-аад оны өнөөх алдарт “улаан тарианыхаа” үе рүү эргээд оччихсон, дэлхийд тэмбүүгээрээ тэргүүлэх орон болчихсон яваа гэж ойлго. Хамуу, тэмбүүний онош тавигдсаны дараахан БХЯамны химийн тусгай салаа дохио хангинуулан ирж Хонгорынхныг толгой дараалан халуун усанд оруулж, хөнжил гудас, хувцас хунар, гэр орныг нь хүртэл химийн бодисоор ариутгаж байсан нь одоо эргээд бодоход онигоо ч юм шиг. Дарханаас хот руу явдаг галт тэрэг Хонгорт зогсохоо больж, такси унаа ч зам тоссон нэгнийг авахаа больсон байв. Замын хүмүүс Хонгорынхноор орж, амар мэндийг нь асууж, аяга цай амсах нь бүү хэл хотод ирсэн заримыг нь ах дүү нар нь хүртэл хажиглах  болчихсон байсан энэ үеийг түүх мартана гэж үү? Автобусанд явбал Хонгорын хамуунууд цаашаа, тэмбүүтэй Хонгороос бэр бүү буулгаарай гэдэг явган яриа ч энд тэндгүй гарч байлаа. Би энэ тухай “Эрх чөлөө” сэтгүүлийн 2008 оны №4-т бичиж байсныг олон хүн санаж байгаа болов уу. Ийм балмад Засгийн газар Монгол төрийн оршин тогтносон 800 гаруй жилийн түүхэнд тохиож байгаагүй бөлгөө.

Сумын төвийн хорт бодисоор бохирдсон цооногийн урьд буюу салхин талд нь амьдардаг айлуудын дунд тархсан нийтлэг хам шинжтэй өвчлөл бол ямар ч арьсны өвчин тэр тусмаа хамуу тэмбүү биш гэдгийг ЭМЯамныхан болон эмч нар мэдэхгүй байсан гэвэл хэн ч үнэмшихгүй. Хүн мал, нохой шувуугүй ингэж бөөн бөөнөөрөө зэрэг зэрэг өвдөж, үхэж, хээл хаяж, хачин гаж төрхтэй юмнууд гаргаж байсан тохиолдол урьд өмнө нь Монгол бүү хэл гаднын ямар ч улс орнуудад гарч  байсангүй.  Дээрх хэсэгт амьдарч байсан иргэдийн ногооны талбайгаас авсан манжингийн дээжинд мөнгөн ус 0.03-0.16 мг/кг, байцаанд 0.21-028 мг/кг илэрсэн нь хүнсний түүхий эд бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлага, норм дүрэмтэй харьцуулахад их гарсан учир эдгээр айлуудын тариалсан байцаа, шар манжинг хүнс тэжээлд хэрэглэх, нийтийн хэрэгцээнд ашиглах боломжгүй гэж дүгнэсэн байдаг. Энэ айлуудын ногоон хураан авч устган нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсний дагуу Засгийн газраас 61 сая төгрөг гаргаснаас 23 сая нь замаасаа алга болсон хачирхалтай явдал гарсныг иргэд АТГ өгч шалгуулахад засаг дарга нар буруугүй гэж оношлосон байсан. Зуд болоход нохой таргалж, зовлон ихсэхэд лам цулайдаг гэдэг шиг Хонгор суманд гурван худаг шинээр ухах шугам солих ажилд зарцуулах засгийн газраас гаргасан тэрбум шахам төгрөгийг аймгийн засаг дарга тендергүйгээр нэгэн компанид олгосон тухай ихээхэн шуугиан дэгдсэн.   Мөн өнөөх устгах ёстой байсан 150 тонн хүнсний ногоог хорих анги руу ачуулсан нь илэрч бөөн хэл ам болж байв.
    Хонгорынхон тэр үед эмнэлэг цагдаа шүүхээр тавхайгаа эргэтэл явж, Улаанбаатарт ТББ-ууд жагсаал цуглаан хийж бүр үндсэн хуулийн цэцэд хандаад хад мөргөв. Ерөнхийлөгч Энхбаяртай уулзаж учир байдлаа ярих  гэж Хонгорынхон хэд хэдэн удаа хот руу орж ирээд саарал ордны хана мөргөөд буцаж байлаа. Харин  манай сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн энэ үеэр Хонгорынхны талд баттай зогсож олон түмэнд бодитой мэдээлэл өгч байсныг цохон тэмдэглэх нь зүйтэй.
    Харин ДЭМБ, болон НҮБ-ын шинжээчдээс бүрдсэн баг хэрэг дээрх явдал гарснаас бараг жилийн дараа 2008 оны 3 сард Хонгор суманд очиж ажилласан боловч эдний дунд циант мөнгөн ус, хүнцлийн хавсарсан хордлоготой урьд өмнө нь учирч байсан мэргэжлийн хүн нэг ч байсангүй. Мөн хамгийн эргэлзээтэй нь арьсны өвчин судлалын мэргэжилтэй эмчгүй гартаа барьсан дуран авайгүй атлаа  Хонгорынхон хордоогүй, харин хамуурсан гэдэг ЭМЯамныхны дүгнэлтийг доорхи байдлаар баталсан явдал байлаа.                                       
Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр Дархан-Уул аймгийн Хонгор суманд химийн хорт бодисын хордлогын төлөв байдлыг тогтоох чиглэлээр ажилласан олон улсын шинжээчид Ерөнхий сайд С.Баярт судалгааны урьдчилсан дүгнэлтээ танилцуулав.
ДЭМБ-ын Женев дэх ажилтан, НҮБ-ын зөвлөх багийн ахлагч Др. Керстен Гутшмидт, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ажилтан Коо-Ошима нар уг танилцуулгыг хийсэн юм. Тэд тодорхой тооны иргэдийн цус, шээсэнд хийсэн шинжилгээ, мөнгөн усны харшлыг тодорхойлох арьсны сорил, эрүүл мэндийн үзлэгийн дүндээ үндэслэн: 
·         Хонгор сумын хүн ам ойрын хугацаанд мөнгөн усны нөлөөлөлд өртөөгүй байх магадлалтай. Мэдрэлийн үзлэгээр мөнгөн ус хүний эрүүл мэндэд нөлөөлсөн байж болзошгүй зүйл илрээгүй
·         Хонгор суманд арьсны гаралтай өвчлөл харьцангуй өндөр байна. Энэ нь мөнгөн усны хордлогын үед илэрдэг шинж тэмдгүүдтэй төсгүй, мөнгөн усны хордлоготой холбох үндэслэлгүй байна.
·         Арьсны халдварт өвчин нь нян, мөөгөнцрийн гаралтай, арьсны шимэгчдээр үүсгэгджээ гэсэн урьдчилсан дүгнэлт хийжээ. Харин Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын Талбулаг багт хийсэн судалгааны дүнгээс харвал дээрх сумдын хүн амын дунд мөнгөн усны хордлого тодорхой хэмжээнд байна гэж үзжээ. 
   Өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад манай засаг төр ямар шуу дампуурлын байдалд байгаа нь тод харагдана. Сумын ИТХ-ын дарга, засаг дарга, байгаль орчны улсын байцаагчтайгаа гурвуулаа нийлж, харийн хүмүүстэй хавсаадаж байгаад сум орон нутагаа хордуулж хохироодог, түүнийг нь төр засгийнхан нь хамгаалж, ард олныхоо нэр төрийг гутаадаг, гол буруутан хятадуудыг нь оргуулан нутаг буцааснаар зогсохгүй, эрүүгийн хуулийн холбогдох зүйл ангийг нь сугалж авч байгаад дээрх нөхдүүдийг улаан цайм цагаатгадаг арга ардчилсан улс оронд байж болох зүйл мөн үү?
 Ерөнхий сайд нь уучлал гуйснаар Хонгорын “тэмбүүнүүд” / Уучлаарай, манай нутгийнхан заримдаа бие биенээ ингэж хошигнон дууддаг юм / төр засгийг наандаж хамуугаа эдгэрүүлээд өгнө, цаандаж эрүүл мэнд, эд хохирлын нөхөн төлбөрийг өгөх байх гэж таван жил харлаа. Тэдний төлөө нилээд зоригтой дугардаг байсан Гансүх, Ламбаа нар сайд болонгуутаа амаа үдүүллээ. Энэ таван жилд юу ч өөрчлөгдсөнгүй, харин өнөөдөр тус сумынхан хүүхэд хөгшидгүй хавдраар талийсаар байгаа бөгөөд үнэнийг хэлсэн нэгэнд нь өширхөж, доромжилж, ажил албанаас нь халахаар заналхийлж, намын харьяалал, төрөл саднаар нь бутлан хагаргаж, талцуулж  байгаа нь даанч хэрээс хэтэрсэн үйлдэл болж байна. Тэр үед “үхрээс минь час улаан сүү гарч байна” хэмээн хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч байсан зарим хүмүүс өнөөдөр дуугаа нам хураасны учир шалтгаан нь дарга нар түлээ нүүрс, тав арван цаас өгч нам болгосон гэж ярих юм билээ. Өнөөдөр МАН-ын бүрдүүлсэн шинэ засгийн газар нь намын дарга бөгөөд ерөнхий асан С.Баярынхаа өршөөл уучлал гуйсан үгийг нь баталж, таван жилийн өмнөх хэлсэн амандаа хүрмээр байна. Эрүүл мэндийн залуу сайд Хүрэлбаатар эрч хүчтэй ажиллан Хонгорынхны хавдар, хамуу аль нь ч болог яаралтай эмчилж, будаг нь ханхалсан сангийн сайд Хаянхярваа эрх үүргийнхээ хэмжээнд өмнөх нүглээ наминчлан Хонгорынхныхоо хохирлыг Иргэний хуулийн 498- д заасны дагуу төрөөс хариуцан барагдуулах ёстой.  Тэр үед  сумын хорыг саармагжуулахад гаргаж байсан шигээ ганц хоёр тэрбум төгрөгийг одоо гаргаад өгчихөд уул уурхайн өчнөөн магнатуудтай өнөөдрийн засаг төрийнхөнд юу юм, нохой долоо гэж...
         Үргэлжлэлийг удахгүй хэвлэлтнээс гарах “Миний орчлон II” цувралаас  уншаарай.
          2012-2-2

No comments: