Saturday, April 14, 2012

МОНГОЛ ХАРХ

Эх газрын эрс тэс уур амьсгалтай, хахир хүйтэн Монгол нутагт харх гэгч амьтан угаасаа байгаагүй билээ. Ерээд оны үед Бээжин-Москвагийн галт тэргэнд нуугдан, хулгайгаар хил давж орж ирсэн нэгэн өнчин хархыг Улаанбаатарын вокзал дээр гүйлгэж алдчихаад хяналт шалгалтынхан барьж авах гэж хөөцөлдөн муур хулгана болж байсан цаг саяхан мэт санагдана.
Үхэр огдойны хэрийн биетэй харх гэгч энэ амьтан  цадах ханахыг мэддэггүй тун хомхой идэмхий, богинохон хугацаанд асар хурдан үрждэг бөөдий бөгөөд халуун хүйтэн ямар ч орчинд дасах чадвараараа тэдэнтэй эн зэрэгцэх амьтан хорвоод үгүй  бөлгөө. Талх тариа, өөх булчирхайнаас авахуулаад замаг хулс замдаа таарсан юм бүхнийг  ховх сордог тэд идэш тэжээл голно гэж ер үгүй. Тааралдсан бүхнээ бүхэл бүхлээр нь залгина, бүр их өлсвөл барилгын хана туурга, ган төмөр хоолойг ч хүртэл тас мэрж орхино.
Хөгшин Европынхон харх гэдэг үгийг сонсоод дагжин чичирдэгийн учир нь  одоогоос хагас мянган жилийн өмнө буюу XV  зууны үед энэ л амьтны тараасан  хөнөөлт өвчнөөс болж, тэндхийн дөрвөн хүний нэг буюу 25 сая халуун амьт бие  хэдхэн жилийн дотор хувхай араг яс болж байсных. Гэвч өнөөг хүртэл өнөөх  хархууд Америк, Европын соёлт цагаан арьстнуудаар тогтохгүй, Ази, Африкийн  хар шар хэн бүхэнтэй хамтран амьдрагч нь байсаар шинэ зуунтай залгаж байна. Харх бол аливаа ямар ч амьтнаас илүү байгаа орчиндоо дасан зохицож өсөж үрждэгээрээ тасархай чадвартай. Биднийг Оросод сурч байх 80-аад оны үед Москвагийн нэгэн метроны хонгилд харх олноор үржсэнийг мэрэгжлийн албад янзан бүрийн хороор утсан боловч  үхэхгүй болохоор нь тусгайнхан АКА-даж байж цааш нь харуулсан доргоны дайтай бүдүүн хархнуудыг зурагтаар харуулж бүхний айдас хүйдсийг төрүүлж байж билээ. 
Өнөөдөр ХХI зуунд шинжлэх ухаан асар хурдацтай хөгжин, нар руу бараг хүн нисгэх нь холгүй ухаажсан мөртлөө хархны эсрэг хими, биологи, бактериологийн төрөл  бүрийн хор өгөөш өчнөөн төчнөөнөөр нь хэрэглэлээ. Хүчин мөхөсдөж, аргаа барахаараа эрдэмтэн судлаачид хоёр гараа зэрэг өргөн энэ амьтан бол хүн үүсэхэд л анх байсан, одоо ч байна, алсдаа ч байх болно гэсэн дүгнэлт гаргажээ.
Тэгвэл өнөөдөр Монгол улсад маань хүн харх гэж айхтар босоо ороолонгууд дээр доргүй, энд тэндгүй үүрлэчихээд байна. Нарт дэлхийн оршин суугч хүмүүн хэмээх малаас ч дор арзгар шүдтэй араатанд  хазаарлаж болдоггүй гурван зүйл буйг эртний Грекчүүд шаштир бичигтээ тун энгийнээр өгүүлсэн байдаг. Энэ нь шунал, тачаал, тэнэглэл гэх бөлгөө. Үнэхээр харахад өмнөх хоёр нь ардах нэгийгээ хяналт хязгаарлалтгүй бол амархаан төрүүлдэг гэх авч нөгөө талаас нь авч үзвэл ардах ганц нь мулгуу нэгний өнчин тархинд төрөхөөс нь үүрэлчихсэн бол өмнөх хоёроос өөр юм бодох орон зай тун бага байдаг юм байна.
Эрдэмтэн хүн даруу, их мөрөн дөлгөөн гэж өвөг дээдэс маань сургадаг. Ухаант мэргэд нь ийм жамаараа даруу дөлгөөн орших орчин цагийн энэ сиймхийд жинхэнэ монгол хархууд хүчээ аван догшрох орон зай нэгэнт бий болчихож. Хэн дээдүүлийнхээ бөгсийг долоож, худал чалчиж, чанга хашгирч, цээжээ дэлдэж чаднав түүний төрийн хойморт орж эзлэх байр суурь нь саадгүй шулуухан байх геополитикийн гайхамшигтай үзэл санаа нам гэх том нэртэй цөөн хүний эзэмшлийн ХХК-аар дамжин Монголд орон зайгаа эзэлжээ. Одоо бүр дэндэж увайгүй улаан голтой хархуудын нэг хэсэг нь зулзагалах боллоо. Энэ амь бөхтэй дархлагдсан хархуудын нуувчны  туг сүлд, өнгө зүс, өмссөн хувцас нь л өөр болохоос үзэл санаа ганцхан зүгт чиглэнэ. Энэ нь ямар ч хамаагүй арга мэхээр хаанаас ч хамаагүй ахиухан хөрөнгө мөнгө цуглуулах. Намуудын нуувчинд орсон хархуудыг хүний өөрийн гэхгүй нэгтгээд  “Өмчийн төлөө”  ӨТ эсвээс албан тушаалын буюу АТ намын гишүүнд тооцож байваас зохилтой.
Европын хархууд цагтаа бетон төмөр хоолой мэрж байшин барилгыг нурааж байсан бол бидний сонгосон хүн хархууд  түүний дагуулууд Монгол түмний олон мянган жилийн турш  хөндөлгүй хадгалж ирсэн эрдэс баялагийг  асар  богинохон хугацаанд хүйс тэмтрэх хүсэлтэй, өнөөх үлгэрт гардаг арван таван толгойтой атгаалжин хар мангасаас дор бодгалиуд санж.
Ийм хархууд идэх уух, олох олз омгийнхоо хэмжээгээрээ хоорондоо эвсэн нэгдэж, арчаа муутай олонхийнхоо хоол тэжээлийг дайран булаахдаа тун гарамгай. Хам хум  тохирч тогтоосон тоглоомын дүрмээ ч хэн нэг нь хувиргаж өөрчилж, тэр ч бүү хэл үндсэн хуулийг маань  хүртэл дотроос нь сэмхэн мэрчихсэнийг нь олонхи түмэн нь нилээд хожуу мэдэж байх жишээтэй.
Монголд идээшсэн ийм хархуудад ханана цадна гэж байдаггүй, бөгөөд өөрөөсөө бусдыг өрөвдөх хайрлах сэтгэл гэж огт үгүй бөлгөө.  Цагтаа “Ху нам” гэж нэрлэгдэж байсан хувьцаат компаний толгойлох  хархуудын ёроолгүй ховдог хомхой шунал хотын цэцэрлэгт хүрээлэн, гудамж, талбайг хоёр гуравхан жилийн дотор дайран эзэлсэн.  Ашиг орлогын төлөөх энэ их дайн дажины явцад угаасаа суурь муутай байшин барилгуудынхаа хана туургыг нь хүртэл уралдан ухаж хөндийлснөөс түрүүч нь яажийж жайжийж, газар хөдөлсөн хөдлөөгүй өнөө маргаашгүй унах нурахад бэлэн болсон байна. Газрын энэ тулааны үр дүнд нийслэл хотын төв машин бүү хэл хоёр хүн ч зөрөхийн аргагүй болтол нь чигжирчихлээ. Энэ л хархуудын гайгаар бид утаатай, түгжрэлтэй, хогондоо дарагдсан, хордож бохирдсон хотод өнөөдөр бид амь зууцгааж байна.
Алт хөтөлбөр гэгчийг хархууд анх санаачлахдаа алсдаа өнөөдрийнх шиг байдалд орохыг тооцоогүй байсан байж магад. Гэхдээ л түүний угшилууд цадаж ханадаггүй ходоодондоо таарсан хууль дүрэм гаргаснаар  арваадхан жилийн дотор алт эрдэнэсээр баялаг   газруудыг маань сорчлон хувааж аваад гадны хархуудад зараад  дуусгав. Алтны нунтаг ялтас хайсан жижиг хархууд  уул толгодыг сарны гадаргуу шиг болтол нь нүхэлж сэндэчлэв. Хамгийн аймшигтай нь дээрээсээ дархлагдаж, хуяглагдсан жижиг дунд гарын хархуудын хятадаас оруулж ирж тараасан химийн хороор бидний цөөхөн хөх толботнуудын амь зуух, цаашдаа үр удам нь өв залгах орон гэр орд өргөө уул ус маань маань бузарлагдаж булингартсан.
Ийнхүү мянга мянган жилээр амар тайван аж төрж ирсэн малчин  түмэнд маань хаана нүүж суухыг нь өнөөдөр гэдэс нь хувалз мэт гэрэлтэж  цулайсан гадна дотны хархууд заахаар эрх нь нэгэнт баталгаажчихлаа. 50 тонн алтыг нь ухаж авчихаад татвараа төлөлгүй улс орныг маань олон улсын шүүхийн хаалга татуулчихаад бултдаг “Алтан Дорнодыг нь” больё л доо гэхэд  Зaамрын хөндийгөөс ил далд олборлосон 100 шахам тонн алт хэний гараар ороод хаашаа алга болчихов гэдгийг мэдэх хүн өнөөдөр Монголд нэг ч үгүй.  Харин үр дүнд нь Туул гол цэхийн булингартаж, тосон Заамар тоосон Заамар болсныг нүдтэй болгон нь харж байна.
Их эзэн Чингис Богд минь ийм хэдхэн хархуудад мэрүүлэхээр өргөн уудам нутгийг үлдээгээгүй нь лавтай. Монгол түмний маань үе удам дамжин мянга мянган жилээр сахин хамгаалж ирсэн тусгаар тогтнолын бүрэн бүтэн байдал дотроосоо алдагдаж, нутаг дэвсгэрийн бараг тэн хагас нь бидний нүүрэн дээр хайгуул болоод ашиглалтын лиценз нэрээр зуучлагдан гаднынхны тэр тусмаа эртнээс эх нутагт маань санаархаж байсан өмнөд хөршийн гарт аажим аажмаар гулсан орж байна. Дөч тавин жилийн дараа тэдний гараас төрөлх нутгаа бүрэн бүтэн салгаж авна ч гэж ёстой лөөлөө. Оросуудын орхиод явчихсан балгаснуудаас долоон дор сарны гадаргуу мэт  том том ангал нүхнүүд, үхлийн хор агуулсан өмхий ногоон нуурууд л үлдэнэ.
Өнөөдөр  далай мэт шуналын түймэртээ шатаж шартсан  монгол хархууд төрд олноороо хүч түрэн гарах нөхцөл  бүрдсэний гол буруутан нь  бид  өөрсдөө.
Дэлхийн II дайны төгсгөл буюу оросууд Берлин хотын зах руу орж ирж байх тэр агшинд фельдмаршал Адольф Хитлер дагалдагч нартайгаа салах ёс гүйцэтгэн амиа хорлох болсноо дуулгажээ. Цаадуул нь “Фюрер минь та хайртай ард түмнээ ингээд орхих гэж үү? Тэд нар чинь тэгээд таньгүйгээр цаашдаа яах билээ” хэмээн уйлагнацгааж. Тэгэхэд нь Хитлер  “Тэд намайг сонгосон, тэр үйлээ цаашдаа өөрсдөө эдлэг” хэмээн уурсан хашгирсан гэдэг.
Хархуудын амьдрах үүрийг бэлдэж, замыг нь засаж өгсөн бид ч бас Хитлерийн хэлдэг тэр үйл тамаа одоо эдлэх шиг болж байгаа юм биш үү. Мөлжүүргүй  яс чулуудсаных нь харамжинд хархууддаа амьдрах орон зайг нь өөрсдөө бүрдүүлж өгч   толгойн дээрээ зайдлуулчихаад одоо  нийтээрээ яав даа даанч хэмээн духаа шааж байгаа нь худлаа биш гэж үү.
 Цадаж ханадаггүйн хэнхэг туссан ийм хархуудын тэвшнээс гадагшилсан ялгадасны үнэр танарт нь хүртэл хүн ард хэдэн зуугаараа хиарч эхэлсний эхний дохио Хонгор сум болсон юм. Аймаг, сумдын засаг дарга хэмээн сүржигнэлдэх дунд гарын хархуудыг далдуур тэжээдэг хоёр зуу гаруй хорны тээрмийн эзэд хужаа монголгүй хавсарч байгаад газар нутгийг маань орвонгоор нь хордуулж байсан, одоо ч байдал бахь байдгаараа үргэлжилсээр... Тэндээс ялгарах хороор  хүн малгүй амьсгалж, ундаалж,  хооллож  амь зууж буйн лай ланчиг, гэм нүглийг алсдаа хэн үүрэх юм бол оо. Үр ач нар маань эрүүл төрж эсэн мэнд бойждог болов уу. Биднийг аврагч Бурхан гэж байна уу, та минь ээ.

                                                2011-12-25

No comments: