Monday, May 14, 2012

Увсын цэнхэр хязгаараар аялахуй

  Аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн их баяртай давхцуулан Увс нутгийнхаа гайхамшгийн талаар уншигч түмэнтэйгээ хуваалцахаар төрсөн нутагаан зоривоо би.
   Өглөө эрт ургах нартай уралдан Улаанбаатар хотоос гарвал 360 км засмалаар давхиад бага үдийн алдад эртний их нийслэл Хархорин хот орно. Монголчууд бидний эртний их домог түүхийг хөрсөн дээрээ ч, дороо ч агуулдаг Орхоны их хөндийг туулан дахиад 200 гаран км яваад Архангай аймгийн төв хүрнэ. Тэндээ үдэлж аваад их “Цагаан давааг” даван уруудахад тэртэй доор та бүхний танил “Тунгалаг тамир” кинон дээр гардаг  Тайхар чулуу хүрэнтэж, Тамирын гол мяралзах нь үнэхээр үзэсгэлэн төгс. Цаашлаад балар эртний асар хүчтэй газар хөдлөлийн нөлөөгөөр ан цав үүсэн тогтсон, гүн ангалд сүү мэт хөөсрөн цайрах Чулуутын голыг  хөвөөлөн галт уулын хүрмэн чулууг сүлжин явбаас Архангайн Тариат сумын төвд хүрнэ. Тэр өдрөө амжвал Суман голыг өгсөөд Тэрхийн цагаан нуурт хүрч, Хоргын тогойг бишрэн харж болно.  Нуурын хөвөөнд ялаа шумуул гэж үгүй бөгөөд аян замын ядаргаагаа тайлан амарч хоноход маш тохиромжтой. Тэндээсээ эртлэн хөдөлж Завхан аймгийн Их-Уул сумын нутаг “Солонготын” даваагаар давах агшин бүр гоё. Дээр үед тээврийн тэрэгний тэнхээ, жолооч нарын тэвчээрийг шалгадаг байсан энэ  давааны орчмын замыг засмалдан хучсанаар одоо ямар ч машин тэрэг зорчиход чөлөөтэй болсон юм билээ. Тэндээсээ уруудан Хангайн их нурууны баруун хойд захын шилмүүст их ойн бартаат замаар тонгочуулсаар Тосонцэнгэл сум орно. Энд үдэлж аваад шингэх нартай уралдан гарч, шөнөжин давхих юм бол үүрээр шинэ аваргын нутаг Баруунтуруун суманд хүрдэг юм.  /1200 км-урт аян замын бяцхан оршил/
    Улаангомд онгоцоор ирэх бүрт тэртээ доор Ханхөхийн нуруу цэнхэртэж, Хяргас, Увс нуур  цэлэлзэн,  Бөөрөг дэлийн их элс шаргалтаж, Хархираан их уулс тун сүрлэгээр угтдагсан.   Манай улсын Туватай залгасан хилээс Хар ус нуур хүртэл үргэлжлэх Хархираа, Түргэний уулсийн ноён оргил нь далайн түвшнээс 4245метр Цагаан дэглий. Энэ ууланд  гарахаар уулчид 1963 оны намар авиралт хийх үеэр  зураглаач Явуухүү осолдсон юм. Энэ тухайгаа уулын спортын мастер Халтар гуай  “Бид авиралт хийхийнхээ урьд орой нь хээр хонохоор хоол ундаа бэлдэж байтал урьд өмнө үзэж таарч байгаагүй онцгой сонин цагаан шувуу хажуугийн хадан дээр биднийг хараад суугаад байсан. Бидний зарим олзуурхаж зарим нь ч гайхаж байтал -энэ муу золигийн бодийг нь хөтөлчихье хэмээн талийгаач Явуухүү дөхөж очингоо нам буудчихсан. Түүнийг  ослын дараа бүгд зэрэг эргэн санасан нь их учиртай шүү. Цаг агаар маш хүйтэн, Цэрэндаш замдаа морьноос унаад бэртэлттэй, дээр нь Нордог бас халуурч бөөлжөөд тэр хоёрыг замдаа үлдээчихээд бид тавуулаа цаашаа аялалаа үргэлжлүүлсэн юм. Замд гучаад метр ханан хад таарч, тэр өөд мацах гэж үйлээ барсныг эс тооцвол цаашаа хялбархан ноён оргилд хүрэн, эх орныхоо далбааг мандуулж, арц  хүжээ уугиулж баярын нулимсаа унагацгаасан. Төдий удалгүй тэнгэр гэнэт хуйсганаж, цасаар шуурч эхэлсэн тул бид яаравчлан буух замдаа халтирч, мөнх цаст уулын бараг оройгоос шахам бүгдээрээ холбоотой гулгаж замдаа тогтох ямар ч боломж ололгүй нисэцгээсэн юм. Замд тогтохоор хамгаалалтын гадсууд мөсөнд шаалттай байсан ч тавын таван хүний хурдтай гулгалтанд тэссэнгүй мулт үсэрч бид 800 гаруй метр шидэгдэн жалганы хонхорын гүнзгий хунгарт шигдэн унацгаасан. Доор үлдсэн хоёр маань хажуугаар нь  цас хуйлруулан “чаргалж” яваа нөхдөө харан сандарч,  очсон боловч бүгд ухаангүй нэг нь аль хэдийнэ амьсгал хураачихсан дээр дээрээсээ давхралдан ундуу сундуй хэвтэж байсан гэдэг.  Энэ ослын үеэр гэмтэж бэртсэн нөхдөө аврах ажиллагаанд тухайлбал дөрвөн хавирга хугараад бүх бие хаданд цохигдчихсон миний биеийг эргэж хүн төрхөө олоход минь тусалсан Дэлэг эмчийн ач гавьяаг үнэлж барамгүй” гэж ярьж байсан юм.
  Түргэн хойшоогоо Байрамын нуруу болж, Тагнын нурууны өмнөд хэсэг болох Мөнгөн тайгад тулна. Хархираа Түргэнээс өмнө зүгт Ёл, Харгайт, Бураат зэрэг бэсрэг уулс үргэлжилсээр Ховд голын зүүн хойт талд сүндэрлэх домогт Алтанхөхийн нуруунд хүрдэг бөлгөө.
     Манай нутгийнхны очих дуртай “Хархираан” амралтнаас доошоо дурандахад алган дээр мэт хөхөртөн цэлэлзэх Увс нуур эндээс 30 гаруйхан км боловч, Хархираан ноён оргилоос 3500 метрээр нам гэхэд үнэмшмээргүй санагддаг.  Манай орны хамгийн том энэ нуур нь далайн түвшнээс 760 м бөгөөд 3350 кв.км талбайг эзлэн тогтоно. ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгэлтэй үзэсгэлэнт Увс нуур маань 200 гаруй сая жилийн настай.  Нуурт Тэс, Нарийн, Хархираа, Боршоо, Сагиль, Хөндлөн, Хандгайт, Торхилог гээд их бага нийлсэн дөчөөд гол горхи цутгадаг ч загас, жараахай байдаггүйн учир нь давс маш ихтэй. Гэсэн ч ногтруу, галуу, нугас, цахлай зэрэг нүүдлийн шувууд олноор цугласан үед нь дэргэд нь очих юм бол ертөнцийн диваажин гэлтэй сэтгэгдэл төрдөг юм даа.
Биднийг дунд сургуульд сурч байх үед Увс нутгийнхны сүлд дуу байсан
Улаангом дууны: 
Далан хэлийн жигүүртэн шувууд
Далавч мэдэн зугаалан цэнгэсэн
Тунгалаг Увсын цэнхэр  мандалд
Тольдон байдаг Улаангом  гэсэн мөртүүд одоо хүртэл сэтгэл зүрхэнд шингэн үлджээ. 
     Хангайн нурууны үргэлжлэл болох Ханхөхийн нуруу нь хойшоогоо Тогтохын шил болон нэрээ өөрчилж, 180 гаруй км үргэлжилсээр Хархираан их уулсад дөхөж очдог. Ханхөхийн нурууны ноён оргил болох Алтан Дуулга 2923 м, бол Гурван Цагаанхайрхан уулын дунд оргил нь 2512 м бөлгөө. 1905 оны  зун Ханхөхий, Булнайн нурууг хамарсан асар хүчтэй газар хөдлөлт болж, Ханхөхийн баруун хойд ар Хилэнгийн амнаас Хангилцагийн голыг дайран зүүн тийш үргэлжилсээр Булнайн нурууны ар Сангийн далай нуур хүртэл 400 гаруй км урт газар нутгийг хамарсан цууралт үүссэн мөр одоо хүртэл  бий. Энэхүү урт хагархайн хажуугаар салбарласан цууралтууд олон. Ийм нэг цууралт  Ханхөхийн нурууг давж Далантүрүү нуурыг дайран зуу гаруй км үргэлжилдэг. Газрын энэ хагархайг нутгийнхан Сартагдайн мөр гэж ярьдаг ба газар хөдлөлтийн үеэр дээрх нууруудын ус маш өндөр цацагдан ойж байхыг олон хүн харсан байдаг. Хөхийн арын Өвгөн овоо гэдэг газар малчин Дүүрэн гэдэг айлын арван хэдтэй хүүгийн хариулж явсан хонь, дагуулж явсан нохой нь хүртэл тэр их ангал руу орон хонь шуугих дуу хэд хоног тасрахгүй байсан тухай газарзүйч, эрдэмтэн Намнансүрэн гуайн тэмдэглэлд буй. Ханхөхийн нурууны ар өврөөр нутагладаг илжгэн  халхууд XVII зууны үед Хөвсгөл, Архангайн зааг орчмоос нүүдэллэн ирж суурьшсан бол баяд ястнууд Тогтохын шилээ даган Баян нуур, Тэсийн голоо шүтэж амьдардаг. Харин дөрвөдүүд Улаангомоос хойш Хархираа, Түргэний уулс, Мөнгөн тайгын өвөр хэсгээр нутагладаг юм.  
    Тэс гол Булнайн нуруунаас эх авч Тагнын нурууны өмнөд уулсыг сүлжин 700 гаруй километр туулсаар Бөөрөг дэлийн элсийг хаяалж Увс нуурт цутгахдаа зэгс, намаг бүхий таван салаа үүсгэдэг учир таван Тэс гэдэг хэллэг үүсчээ. Энэхүү таван салааг нутгийнхан Оргих, Хос эрэг, Их гол, Жийрэг, Үкэг хэмээн нэрлэнэ. Тэсийн голыг даган зэрлэг чацаргана их ургадаг байлаа.
    Харин Бөхмөрөн гол Мөнгөн тайгаас эх авч Ачит нуурт цутган тэндээсээ Ховд гол болон гарч 500 гаруй км туулан хүн малыг унаалсаар Хар ус нуурт нийлдэг.    Хангилцаг, Баруун, Зүүн Турууны голууд нь Өлөнгийн тал, Алтан элс рүү шургаж  тэндээсээ Баруун, Зүүн Нарийний голууд болон элсэн дундаас бургилан гарч Увс нуураа тэжээдэг юм.   
 Москвагийн их сургуульд сурч байх 30 гаруй жилийн тэртээ шалгалт шүүлгийнххэ чамгүй давааг давчихаад төрсөн нутаг аав ээжийгээ зорин Ярославын галт тэрэгний буудлаас хөдлөх тэр мөч  хамгийн сэтгэл хөдлөм үе байдаг байж билээ. Галт тэргээр тав хоног түжигнүүлсээр Улаанбаатарт ирнэ, унаа олж Увс руу хөдлөх хүртэл нойр бараг хүрэхгүй дээ. Замын зардал болох 188 төгрөгийг барж дийлэхгүйгээс нагац ахынхаа чиргүүлтэй “ЗИЛ-130” машины барааны брезентэн доогуур нуугдсаар “22-ын товчооны” шалгалтыг өнгөрөөд санаа жаахан уужрана,  ачаандаа түүртсэн моторын яраглах дуунд нойр хагаслан явсаар гурав дахь хоногийн үүрээр Туруун ордог байлаа. Аав ээждээ, хөгшин буурайдаа удахгүй очиж үнсүүлнэ гэхээс хоол ч хоолойгоор давдаггүй байлаа.  Үргэлжлэлийг удахгүй хэвлэгдэн гарах "Миний ертөнц" номноос уншина уу

No comments: