Monday, March 26, 2012

МАНАЙ СУРГУУЛИЙНХАН

1965 онд намайг анх бага ангид орж байхад миний үеийн банди нар тоодгор хөвөнтэй куртка эсвэл голдуу хөх дээл голдуу өмсөж, ногоон бүс бүсэлдэг, охидууд нь ногоон дээл, хөх бүстэй, цөм дээлийнхээ заханд цагаан даавуун зах хадаж улаан галстук зүйсэн байх ёстой байлаа. Өглөө сургуульдаа ирэхдээ гутлаа тосолж өнгөлсөн байх журамтай, жижүүр ангийн сурагчид сургуулийн гаднах хаалган дээр нусны болон гутлын алчуур, галстук, “Хувиа борлуулах хайрцаг” шалгаж оруулдаг. “Хувиа борлуулах хайрцаг” гэгч гутлын тосны төмөр хайрцганд зүү утас, дээлийн өнгөний өөдөс даавуу байдаг, тэр нь ангидаа барилдаж байгаад ч юм уу, санаандгүй дээлээ онгилсон тохиолдолд нөхөх зориулалттай эд. Сандал хүрэлцдэггүй учир өглөө зарим нь ирэхдээ гар хийцийн эвхдэг сандал барьж ирнэ. Хичээл тараад сандлаа аваад явна.

Завсарлагаа бүрээр “долоон тасалгаатын” хонгилын хоёр хананд эгнэн, өөд өөдөөсөө харан зогсож дуу дуулцгаана, гуравдугаар цагийн завсарлагаагаар захирал өөрөө удирдан багш сурагчидгүй бүгд гимнастик хийнэ. Батмөнх багш нэг удаа “Интернациональ” дууг бидэнд завсарлагаанаар заан дуулцгааж байтал миний хажууд зогссон нэг нөхөр “үгээгүйчүүд” гэдгийг “үхээгүйчүүд” хэмээн дуулснаас болж би писхийн инээд алдаж багшийг шоолсон хэргээр бүдүүн модон “указка” хугартал тархин дундуураа татуулж билээ. Ангийн буланд хадсан хуваарийн дагуу өдөрт хоёр хүн хичээл тараад ангиа угааж цэвэрлэн эд хогшлыг эмхэлж цэгцэлнэ. Хичээл хонхны дуугаар эхэлнэ, хонх дуугарснаас хойш хоцорч ирвэл багш нарын конторт эхний цаг дуустал хоёр гараа алдлан өргөж зогсдог хатуу дэгтэй байлаа.

Анги бүрт “Цэдэнбалын нэрэмжит” гэх бусдаас онцгой цэвэрхэн шинэ ширээ нэг байх бөгөөд түүн дээр тухайн долоо хоног онц авсан, тэргүүний хоёр сурагч сууна. Нэг удаа би ангийнхаа Цэцгээ гэдэг улаан хацартай охинтой энэ хүндэтгэлийн тавцанд суух ээлжинд хэн нэгэн атаархуу этгээд ширээн дээр маань хүндэрчихсэн байж нэг өглөө бөөн хэрэг мандлаа. Цэцгээ маань учиргүй л уйлаад байдаг, шаварт унасан шарын эзэн би арайхийж хамар амаа таглаж байж цэвэрлэж байхдаа хэргийн эзнийг өөрөө олж “учрыг нь” мөн өөрөө олохоор дотроо хатуу шийдлээ.

Дамдин гэж хотоос шилжиж ирсэн манай ангийн сурлагандаа сайнгүй боловч биеийн тамирт гарамгай, ялангуяа турникан дээр “соонс” эргэж манай ангийн “гайгүй” охидуудад ид хаваа гайхуулдаг, биерхүү банди байлаа. Түүнийг л энэ хэргийг хийсэн болов уу гэж дотроо хардаж явсаар өшөө авах ажилдаа оров. Нэг өдөр түүнийг соонс эргэхээр хоёр гараа турникнаас бат бэхлүүлж дуусах үед нь би өмдийг нь өвдөгнөөс нь доош өнгөртөл шувт татаж “хамаг юмы нь” гаргаж хаячихаад зугатаачихлаа, түүнийг харахаар тойрон зогсож байсан охидууд ч дуу алдан таран гүйлдэж хөөрхий тэр гараа яаж салгаж өмдөө татаж авсан юм бүү мэд… Энэ нилээд хатуу тооцооны дараа бид хоёр учраа ололцон үй зайгүй найзууд болсон билээ.

Биеийн тамирын заалгүй учир аль ч улиралд хичээл гадаа орно. Өвөлд нь цана тэшүүр, хавар намарт нь гүйлт харайлт гээд хөнгөн атлетик голдуу орох. Биеийн тамирын багш “орилоо” Дашцэрэн, “ногоон” Цэвээн гэж ууртай бөгөөд хатуу шаардлагатай багш нарын ачаар манай сургуулийн олон сурагчид цана, тэшүүрээр аймагтаа бүү хэл баруун гурван аймагтаа байнга түрүүлж шалгаран тэр үеийн хүүхэд бидний мөрөөдлийн их хот Улаанбаатар явдаг байв. Би ч мөн V ангид байхдаа пионер сурагчдын спартакиадаар дөрвөн төрөлтийн тэмцээнд аймагт түрүүлж баруун бүсийн тэмцээнд орсон боловч аз дутаж явж чадаагүй ч тэр жилээ сургуулиасаа сурлагаар шалгарч Хар далайн олон улсын хүүхдийн “Орлёнок” зусланд явсан юм.

Хичээл оруулахгүй эртхэн тарах гэж яндангаа сугалан ангидаа утаа тавих, хүйтэн ангид дулаацахын шалтгаар дээлийнхээ сугыг ханзартал барилдах, бөөстэй гарсан хүүхдийг анги “хэсүүлдэг” байсан болохоор үе үе эмнэлгээс гэнэт ирэх ариун цэврийн үзлэгээс бултах гээд бидний хорлон сүйтгэл мондохгүй их. Ямар сайндаа өөрт нь зориулсан хайрын захиаг ангийн багшид шууд дамжуулж өгснөөс болж ангийнхны өмнө багагүй шараа болсон нэг банди, сумандаа урлагийн сор нь болж байсан Цэндмаагийн минь ёочингийн чихнүүдийг яг концерт эхлэхийн өмнө сэмхэн мушгиж орхисноос тайзан дээр бөөн уулиан дуулиан болж байсан сан.

Манай ангийн Алтан дээд ангийн нэг охиндоо дурлаж орхисон юм байх. Захидлын хариу нь ирэх болгонд л хоёулаа Туруун голын харгана дотор орж уншчихаад хариугий нь надаар бичүүлж аваад л туучихдаг, би түүнд түүний өмнөөс захиа бичсээр байгаад сүүлдээ бараг “рольдоо итгэчих” дөхсөн удаа бий. Хожим нь тэр хоёр олон үр хүүхэдтэй сайхан айл болцгоосон юм.

Ганц нэг төгрөг олдвол завсарлагаанаар дэлгүүрээс дөрөв арвын гэгдэх соёолон нохой ч даахгүй хатсан боов худалдаж аваад гол дээр очиж усанд дүрж идэцгээнэ. Нэг өдөр Алёшка багшийн хичээлийг тасалж тэр маягаар зуларснаас баригдаж захирал Алёшка багш хоёр дагуулчихсан бүгдээрээ боовоо толгой дээрээ өргөөд барьчихсан гудайсан юмнуудыг сумын төвөөр жагсаалаар явуулж шийтгүүлж билээ. -Эд нарыг хар, турж үхэх гэж байгаа юмнууд гээд л орлин зандчих бүр хичнээн ичгүүртэй байсныг төсөөлөхөд бэрх..

Магнитофон, цахилгаан гитар энээ тэрээ гэж байсангүй, баян хуур, бөмбөрийн хослолоор, хааяа баяр ёслолоор гуулин хөгжмийн аян доор мөсний хонгил шиг хүйтэн сумын клубт тоос манартал бүжиглэх эсвэл захирлаас бултан киномеханикч Лхайжав гуайгаар чихдүүлэн байж орчуулга ч үгүй орос кино үзэх л бидний зугаа болдог байжээ. Сургуулийн бүжгийн баян хуурыг миний мэдэхээс тэр үед Турууны Доржсүрэн, Тэсийн Намчин улсын начин Нэгдэл, Цагаанхайрханы “бүргэд хамарт” Бадам-Очир гээд хүүхдүүд гарамгай тоглодог байсан ба хожим нь Цэрэндорж бид хоёр халаагий нь авч нэг хэсэг “үзэж тарж байлаа”. Сумын клубт бол “жижиг” Батсуурь гэж Тэс сумаас ирсэн Найдан багшийн шавь тракторчин залуу баян дарна. Мууяа ахаас авахуулаад бүжгэнд нь манай Турууныхан мөн ч аатай байсандаа. Тэндээс л сумын ихэнх залуучууд заяаныхаа ханийг сонгож байсан гэхэд нэг их хилсдэхгүй л болов уу.

Багаасаа “номны өвчтэй” намайг сургуулийн пионерийн бүлгэмийн дарга УИХ-ын гишүүн асан Төмөр нэг удаа дуудан үүрэг өгсний дагуу би “Нацагдорж тэмдгийн” болзол хангахаар сумын жижиг номын санд ихэнх цагаа өнгөрүүлж сүүлдээ нөгөө номын хэнээ тусна гэдэг нь болсон уу яасан бүү мэд Иванов бид хоёр энд байсан бараг бүх номыг уралдаж уншсандаа.

Цэвгээ захирал

Хааяа нэг цуглаж нийлэх үед Цэвгээ захирлыг дурсахгүй өнгөрнө гэж миний үеийнхэн дотор л бараг байхгүйдээ. Хаврын өглөө Бухын голын эрэг дээр түүгээр командлуулан марш алхаж байснаа, эсвэл арван нэгэн сарын сүүлчээр дотуур байрны хүүхдүүдийн идэшний малыг хөвгүүд нь нядалж, охидууд нь гэдэс дотрыг нь цэвэрлэдэг байснаа, түүний шүглийн дуу өглөө бүр тачигнаж намрын хяруу буусан зэврүүхэн өглөө биеийн тамирын талбайг тойрон гүйдэг байснаа хүн бүр л ам уралдан ярих дуртай.

Хагас сайны өглөө болгон 7.30-д улс төрийн эсвэл хичээл хүмүүжлийн сэдэвт яриа ахлах дунд ангиудын дунд явагдаж түүнийг нь голцуу захирал өөрөө голдуу удирдан явуулах “хоббитэй” байлаа. 1966 онд хятадад “соёлын хувьсгал” гарч Мао Це Дуны улаан хамгаалагчид улс орноо яаж түйвээж байсныг бүр манай элчингийн жолоочийг хүртэл нэвширтэл зодсон тухай яриаг захирлынхаа амнаас бид алмайран сонсоно. 1973 оны намар хичээл эхлээд нэг их удаагүй байсан санагдана, захирал биднийг хичээл дундуур бүгдийг нь сургуулийн зааланд шавдан оруулж Чилид төрийн эргэлт болж Пиночет гэх фашист эр Чилийн ард түмний удирдагч Сальвадор Альендегийн амь насыг хөнөөсөн тухай түгшүүрт мэдээг хоолой нь зангиран нүдэндээ нулимс хуруулан байж дуулгалаа. Тэгэхэд бид Чили гэж хаа байдгийг ч мэдэхгүй төрийн эргэлт гэж юу яриад байгааг ч ойлгох чадваргүй балчирхан амьтад мөртлөө харин Вьетнамын хотуудыг Америкийн онгоцууд бөмбөгдөж байсныг өдөр бүр радиогоор сонсдгийн учир сайн мэддэг байлаа.

Аравдугаар ангийн нийгэм судлалын улсын шалгалтан дээр Цэвгээ захирал надаас –Фридрих Энгельсийн “Бич хүн болоход хөдөлмөрийн роль” гэдэг алдарт бүтээлийг уншсан эсэхийг лавлав.

–Уншсаан гээд л туучихлаа.

–За хө хүн бичнээс үүссэн юм бол үс ноос нь яаж гуужсан юм болоо гэж байна. Тэгэхээр нь би бодож бодож

-Хүмүүс махыг түүхийгээр нь идэхээ больж эхэлсэн цагаас л юм болов уу гээд залчихсан чинь хэрэг бишдэж

–Тэсийн Гомбосүрэнгийн эхнэр гэж нэг мах огт иддэггүй авгай байдаг юм. Тэр эмэгтэй чинийхээр бол цул үс ноостой амьтан байж таарлаа гээд тачигнатал хөхрөн намайг даапаалж байж билээ.

Захирал монгол гуталд их дургүй, үндсэрхэг үзэл гаргалаа, маяглаж моодорхлоо гэж загнаад үзэхгүй. Долдугаар ангид ордог жил Дорж гэдэг том биетэй шар хүүхэд Хяргасаас шилжиж ирлээ. Тэрээр захирлын хэлдгээр ёстой тохой урт монгол гуталтай, өвдөгнийхээ хооронд царцагтай \салтаатай\ шар торгон өмдтэй “гангардаг” байж билээ. Хөөрхий амьтанд одоо бодоход түүнээс нь өөр өмсөх юм байгаагүй бололтой, бид нар шоолж захирал загнасаар байгаад удалгүй сургуулиа хаян явсан юмдаг.

”Хүнд наад зах нь нусны, хөлсний, амны гэсэн алчуурууд байх ёстой” гэнгүйтээ гурван өөр халааснаасаа гурван өөр өнгийн алчуур гаргаж, тус бүрийг нь зориулалтаар нь хэрэглэж үзүүлчихээд “Энэ хар та нар, ийм байдаг юм, гэтэл та нарын заримд нь ганц ч алчуур байхгүй, зарим нь ганц байдгаараа бүгдийг холиод арччихдаг гэх нь өдөр бүр. “Жорлонд ч зөв суугаад бие засч чаддаггүй, хонгон дээрээ нүхтэй юм шиг банзан дээр нь палийлгадаг эсвэл тонгойж байгаад арын хана өөд нь годгодуулж орхидог гэх юм уу, “яван шээгч” нар зүгээр нэг сарчихаж чадахгүй бас цасан дээр О-Х, О-Х гэж бичин савируулдаг гэхчлэн үргэлж зандчиж явна.

Ямаа, захирал хоёр хэзээний дайснууд, яг хонь чоно хоёр л гэсэн үг. Тэдгээр “зүлэг мод сүйтгэгчдийг” сургуулийн хашаанд орж ирэнгүүт Балжив гуайгаар эсвэл бид нараар бариулж аваад гарахын аргагүй гүнзгий нүхэнд хийж эзэн нь ирж олж автал хорин гэсгээдэгсэн. Зуны цагт сургуулийн ойролцоо тааралдсан болгоноо дуудан морин тэргэнд оруулж ус зөөлгөн мод услуулна, ер нь захирлыг харсан хэн боловч тээр холоос бултан зугатадаг байлаа.

“Дотуур байрны давсаг султнууд” шөнө гарч морь харахдаа харанхуйгаас айдаг ч юм уу эсвэл хашааны булан дахь жорлон хүрэхээсээ залхуурдаг ч юм уу байрныхаа ойролцоо хөнгөрч орхидгийг нь болиулах гэж сурагчдын дотуур байрыг гаднаас нь цоожлон коридорт нь юмаа угаадаг ванны нь тавьж өгснөөс болж тэрээр аймгийн боловсролын хэлтсээс донго авч байсан удаатай.

Биднийг их жаргалтай цаг үед төрсөн азтай үр сад гэнэ. Захирлын үед дотуур байрны хүүхдүүд дотроо бандааш турсикгүй уртаашаа ганц нэхий өмдтэй байсан юм байх, тэрнийгээ бөөстчихөөр нь тайлж хүйтэнд хашааны толгойд өлгөчихөөд орой нь саваадахад орчны цас тэр чигээрээ харладаг байсан гэх ч юм уу. Тэр өдөр доогуураа юу ч үгүй хичээлдээ ирчихээд босохгүй суугаад байхаар сахилгагүйчүүд “энэ яагаад ийм томоотой болчихов хэмээн хормой сөхөж үйлийг нь үздэг байсан гэж ярин биднийг муужиртал хөхрөлдүүлдэг байсансан.

Далаад оны эхээр Анжела Девис гэх нэгэн САА-н каракуль хонь шиг толгойтой хар эмэгтэй Америкт хүний эрхийн төлөө яаж мятаршгүй тэмцэж байгаа тухай бас хэн ч билээ нэг нөхөр цагаан ордны гадаа өлсгөлөн зарлаад суучихсан босохгүй байгаа талаар ер нь л Америк гэж ямар аймшигтай империалист мангас биднийг залгихаар бэлтгэж буйг манай захирал зүүдэнд үзэгдтэл ярин маниусыгаа айлгадаг байлаа.

Сургуулийн зааланд улс төрийн товчооны долоон гишүүний зураг өлгөөтэй, хааяа ганц нэг нь “солигдох” бөгөөд тэдгээрийн нэрсийг мэдэхгүй байснаас уншиж сураагүй нь бараг дээрд тооцогддог байлаа.

Эх орны дайны тухай кино суманд хааяа ирэх юм бол сургуулийнхаа бүх багш, сурагчдад зохион байгуулалттайгаар үзүүлнэ. “Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм” гэдэг киног бидэнд бүр хоёр удаа үзүүлсэн гээд л бодчих. Багш сурагчидгүй түүнээс айцгаана, сургууль болоод сумынхан дотроос түүнийг эсэргүүцэх зоригтон тун цөөхөн байсан юмдаг. Өвлийн амралтаар багш нараа дайчлан сургуулийн хөлдүү жорлон ухуулна, намар ахлах ангийн бүх сурагчид сургуулийн түлшний мод бэлтгэхээр ууланд явна, САА-н хадлан, тариа, ногооны бүх ажилд дайчлагдана. Бид ингэж нухлуулснаар муудсан юм байгаагүй, харин ч багагүй ажлын дөр амьдралын туршлагатай болсон юмдаг. Биднийг хүүхэд байхад Сталины улаан фен байсан захирал маань сүүлдээ ардчилалынханд яс махнаасаа дургүй болсон байж билээ.

Биднийг оюутан байхад Ташкентэд сурч байсан хүүдээ бичсэн захидлыг нь консулын ажилтан тэнд сурч байсан бүх оюутнуудад уншиж өгч байлаа. Тийм онцгой сургамжтай үгс захидалд байсан болоод тэр. Харамсалтай нь тэр хөлдүү толгой аавынхаа сургаалт үгсийг огоорч явсны хар гайгаар хожим нь сургуулиа дүүргэлгүй хөөгдөж ирж байлаа.

Цэвгээ захирлаас гадна “химийн” Чулуун, “байрны” Цэрэнсамбуу гэж хүүхэд бүрийг айлгадаг ширүүн багш нар цөөнгүй байлаа. Энэ гараар нэг алгадахад та нараас юу үлдэхэв хэмээн Цэрэнсамбуу багшийг паривгар гарынхаа алгыг харуулахад нь бидний сүнс зайлчих дөхнө. Үнэн хэрэгтээ тэрээр биднийг алгадах нь байтугай хүчтэйхэн няслаж ч үзээгүй дөлгөөхөн хүн.Ялангуяа зэргэлдээ сумдаас ахлах ангид ирсэн дотуур байрны гүргэр “эрчүүд” Цэрэнсамбуу багшийн жижүүртэй өглөө түүнийг ирэхээс нь өөрсдөө яагаа ч үгүй эрт босчихдог мөртлөө дөнгөж багшийн сургууль төгсөөд ирсэн бага ангийн багш залуухан бүсгүй Пагамжавыг тоодоггүй харин ч эрчүүд нь өглөөд босохгүй нэгийнх нь хөнжлийг хуулах үед орондоо зориуд чармай нүцгэлчихсэн байж байгаад түүнийг ичээдэг байсан гэлцдэг.

Монгол хэл уранзохиолын “Го” багш буюу Гомбожав багшийг бид монгол дээл дэгжин щляпнаас салдаггүй болохоорнь ч тэр үү, хааяа “Малчин” сонинд шүлэг өгүүллэг нь нийтлэгддэг болохоор нь ч юм уу “Хөдөөгийн Нацагдорж” хэмээн хүндэтгэдэг бас ч чамгүй хатуу багш байв. Далаад оны хөдөөгийн бидний дунд нэрд гарч байсан Д.Пүрэвдоржийн “Сэгс цагаан богд” найраглалыг бүгдийг нь цээжлээгүй хүн түүнээс дүн авна гэж гонжийн жоо. Цээжлэхдээ гайгүй боловч хэл ам муу дольтроодуу, бүрэгдүү эрчүүд пүл пал хийж хамар дотроо пургих эсвэл нөгөө сүрхий баяд дөрвөд аялгатай нүүрэмгий охидууд нь унших гэж уянгалуулж өгнө дөө. Ангид шивэр авир, заримдаа писхийсэн бөөн инээдэм болно, тэр үед “Го” багш бидэнд ёстой мэнчийтэл уурлаж бидний инээдэм ханиадам болох үе ч олон. .

Орос хэлний багш Батмөнх бас номноос “Разговор” байнга цээжлүүлнэ.

-Как тебя зовут?

-Меня зовут Дорж

-Сколько тебе лет?

-Мне пятьнадцать лет... гэх маягаар л дуржиганатал самбарын өмнө өөрөө өөртэйгөө ярина даа.

Хөдөөний сумууд дотроос Тэсээс ирсэн хүүхдүүд орос хэлэндээ Өндөрхангайнханыг бодвол арай дөмөг. Учир нь манай ангийн Нямжав мэтийг хил орчмын Тувачуудтай багаасаа “контрбанд” хийсээр байгаад хэлэндээ сайжирсан ч гэж явуулцгаадаг байв.

Батмөнх багш байрны жижүүртэй өглөө орондоо хоргодоод босч өгөхгүй нэгнийг хөнжлийг нь сөхөж байгаад харгана шүүрээр нүцгэн гуяыг нь үрэхэд яах ч аргагүй үсрэн босдог байсан гэдэг. Бас л хатуу тоглоом байгаа биз?

Дотуур байрны хүүхдүүд үдийн хоолондоо орчихоод ирэхэд нь анги дүүрэн дарсан манжин байцааны үнэр сэнгэнэн гадуур бидний хагас өлсгөлөн ходоодны шүүсийг ялгаруулна. Заримдаа тэдний дунд бултан орж амжуулж чадах санаа байвч нөгөө нэрэлхүү зангаа бас тавимгүй байдгийн учир энэ тухай бодох ч шаардлагагүй.

Ийм л нэг хөдөөгийн бяцхан сууринд “хүн” болцгоох хувь тавилантай төрсөн ээж аав нар одоо хаа ч юм миний адилаар дараагийн үр удмаа бидний өссөнөөс тэс ондоо “орчлонд” өсгөх ачаа үүрэн тун завгүй яаваа байхдаа хөөрхийс гэж.

Thursday, March 22, 2012

Би Монгол хүн

Бурхан ч хүний сэтгэлээс гардаг, Буг ч сэтгэлээс бүтдэг. Данзанравжаа.

Би монгол хүн

Одоогоос хэдэн жилийн өмнө харийн нэгэн оронд олон улсын хуралд оролцох ажлаар явж байлаа. Хурлын төлөөлөгчдийг их хотоос салхинд гаргахаар хөдөөгүүр авч явах тэр агшинд гэнэт нэг их танил содон сайхан үнэр хамар цоргиод явчих нь тэр. Автобусанд явсан зарим нөхөд маань ам хамраа дарчихсан огих нь холгүй харагдана. Юу билээ гээд ийш тийшээ сайн ажвал нэгэн саалийн фермийн хашаан дотроос хөрзөнгийн хөх утаа уугиж харагдлаа. Чухам энэ үед л нэрт яруу найрагч Ч.Чимид агсны:
Аргалын утаа боргилсон
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог... гэх хар багаас зүрхэнд минь шингэсэн гайхамшигт мөртүүд сэтгэл зүрхэнд минь өөрийн эрхгүй зуны хур бороо мэт асгаран бууж байж билээ. Тиймээ, энэ л шүлгийн гэгээн мөртүүдээр эх нутагтаа би амилсан, энэ л шүлгийн халуун дулаан үгсээр үр хүүхдээ ч хожим нь амлуулсан юм.
“Жирэмсэн эмэгтэйн шээх газраас цаашлаагүй, жижиг тугалын бэлчээрээс бүр холдоогүй” гэдэг шиг юм үзээгүй нэгэн танил маань Токио хотын тансаг зочид буудалд жаахан согтчихоод “Би харанхуй бүдүүлэг Монголд төрсөндөө гутаж байна” хэмээн бархиран уйлж байсантай таарч байсан удаа бий ч гэлээ, өчүүхэн миний хувьд хэнбугайн ч өмнө ам бардам хэлж чадах ганцхан бахархал маань бусдаас ялгарах ууцандаа онцгой тамгатай, хөдөөгийн хөдсөн дээлтэй хөх Монголын удам болж төрснийх билээ.
Алс холын Америк, Австрали, арлын Япон, хөгшин Европ, хар Африк гээд эх дэлхийгээ хэдэн арвантаа тойрч, харийн нутгаар бишгүй л тэнэж бэдрэн нүд тайлах боломж надад энэ насанд маань олдсоон. Гэхдээ эрс тэс догшин уур амьсгалтай ч, эх орноос минь илүү зөөлөн дулаан газар шороо хаа ч таарч байсангүй. Бодоод байхад цэцэг жимс алагласан мөнхийн ногоон Малайзын ширэнгэн ойд ч тэр, уул ус, ой мод нь тэгширсэн Скандинавын хойгт ч бай ялгаагүй “Монголын үнэртэй” урьхан салхи яаж “хацар нүүрийг минь илбэх” билээ дээ.
Их зохиолч Д.Нацагдоржийнхаа “Миний нутгийг” уншаагүй, Дорнын их яруу найрагч Явуу гуайнхаа “Алаг дэлхийд төрсөн минь учиртай”-г мэдээгүй, буурал Бадарчийнхаа “Есөн эрдэнийн орноороо” аялаагүй, Бямбын Ренчин гуайн сургаалт үгсээс сонсоогүй монгол хүн бидний үеийнхэн дотор бий гэх үү.
Элэг зүрхнээс уяатай
Энхрий Монгол орон минь...Төрийн дууллаа бүрэн тогтоодоггүй хирнээ энэ дууг мэдэхгүй, дуулдаггүй хэн нэгэн найман настай бяцхан үрсээс минь авахуулаад наян настай буурал хүртэл бидний дунд бараг байхгүй гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй дээ. Эх орноо зүрхнээсээ, бүр элэгнээсээ уячихдаг дэлхийд ховорхон ард түмэн бол монголчууд бид нар бөлгөө.
Эзэн Чингисийн удам
Их Монголын үрс хэмээн бид цээжээ дэлдэх дуртай. Тиймээ, яалт ч үгүй үнэн. Гэхдээ өнөөдөр тэнгэр заяатай, дээшээ зовхитой, хөх тамгатай, урт ууцтай, майгадуу хөлтэй, бидний цөөхөн билиг танхай үндэстнийг хаа байгаа газраас нь бүгдийг нь хамаж шимлээ ч, зэрэгцэн аж төрж буй жунгаа нарын зууны нэг хувьд ч хүрэхгүй, нэгэн үе устаж алга болоход тун ойртож, мөхлийн гүн ангалын ирмэг дээр очиж байсан эмгэнэлт түүхтэй хүмүүс гэдгээ бас мартах ёсгүй билээ.
...Харийн газар давчдаад байна
Хандсан зүгтээ гүймээр л байна... Сонсоход хэзээ ч уйдахааргүй цоглог энэ дууг Жагаа гавьяат маань үнэхээр сэтгэлд шингэтэл дуулдаг юм шүү. Тиймээ, харийн оронд амьдарч байгаа хэдэд маань “Хар гэртээ хаан, бор гэртээ Богд” шиг баймаар санагдах үе зөндөө л гардаг байх. Гагцхүү эндээ буцаад ирлээ гэж бодоход хийх ажилгүй, хоногийнхоо хоолыг олж, аав ээж ах дүүсээ тэжээхэд хэцүү учраас л аргагүйн эрхэнд энд тэнд толгой хоргодох болоод байгаа юм. Түүнээс биш “Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь” л байхгүй юу. Өнгөрсөн жил нэгэн шавилхан өвөрлөгч бүсгүй энд ирчихээд зурагтаар ярилцлага өгч байлаа.
-Хэдий би амьдралын шаардлагаар Германы иргэн болсон, тэндхийн паспорттой боловч хэзээний монгол хүн хэвээрээ. Миний үс, зүс царай, хэл аялгуу хэзээ ч, яагаад ч үл өөрчлөгдөнө гэлээ. Тэр бүсгүйн хоолой, зүрх сэтгэлийн гүнээс гарах монгол эхийн бүүвэйн уянгалаг аялгууг сонсох гэж бүр холын Америкаас ч зарим үед Германыг зорьдог талаар түүнийг дагаж явсан нэгэн жуулчин надад өгүүлсэн юм.
Насаараа дипломат албанд зүтгэсэн Балжинням гуайг чисчүү дээлээ өмсчихөөд яруу найрагч Ч.Билигсайханы “Дээл” шүлгийг цагаан сарын үеэр сүрлэг сайхан уншихад нь Каир дахь Монголын элчин сайдын яамны ажилтнуудын бүгдийнх нь нүдэнд нулимс хурж байхыг би харсаан.

Хэдэн жилийн өмнө миний бие Индианагийн их сургуульд очих завшаанаар монголчуудын дунд “Хар Дорж” гэдэг нэрээрээ алдаршсан Жорж Кара гуайтай уулзан богинохон хугацаанд нилээд дотноссон юм.
Тэрээр надад “Танай монголчуудын нутгаа санадаг өвчин л надад халдчихсан шиг байна. Монгол хүн таараад монголоороо ярьсан чинь ямар сайхан байна аа, Бүр Монголдоо оччихсон юм шиг боллоо” гэж байж билээ. Унгар хүн хүртэл бас ийм “синдромтой” болдог байна шүү.
Өнөөдөр зуу гаруй мянган монголчууд амь амьдралаа залгуулахын эрхээр харь оронд бэдэрч явна. Тэд бүгдээрээ биш юмаа гэхэд олонхи нь над шиг эх нутгаараа “өвчилдөг” хөх толботнуудын үр сад гэдэгтэй маргах хүн цөөхөн гарах болов уу. Нэг хэсэг нь тэндээсээ хань ижлээ сонгоно, байр сууриа олно, гэх мэтчилэнгээр цөөнгүй хэд нь амьдралын шахалт шаардлагаар тухайн орныхоо харьяат хүссэн хүсээгүй ч болцгоож л таараа.
Америк, Солонгост хараар ажиллаж байгаа хорин хэдтэй залуучууд одоохондоо эх нутгаа бодох сөхөөгүй зүтгэж яваа ч нас тогтоод ирэхээрээ эх орноос нь илүү торгон хөнжил хаа ч байхгүй гэдгийг өөрийн эрхгүй мэдэрч эхлэх нь дамжиггүй ээ.
Одоо би нуршихаа зогсож гол асуудлаа хөндье. Арав гаруй жилийн өмнө буюу 1995 онд их хурлаас батлан гаргасан “Харьяаллын тухай” хуулийн 4 дүгээр зүйлд “Монгол улсын харьяат хүн нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй” гээд тас хийтэл заачихсан нь тун харалган шийдвэр болсон юм.
Хэрэв та омголон залуу насандаа амьдралын эрхээр аль нэг орны иргэн болчих юм бол энэ хуулийн дагуу Монгол гэсэн овгоо гээхээр барахгүй буцаад хүсвэл яг гадаадын иргэний нэгэн адил хүсэлтээ гаргаж, бас нилээдгүй хүнд суртлыг аль аль талаасаа даван туулж байж буцаж эх орондоо эргэж ирэх боломжтой болно гэсэн үг. Ганц өгүүлбэрээр илэрхийлэхэд Вьетнамаас гүйж ирсэн монгол морьны домог аятай л байх болов уу.
Ядаж эх орондоо ирж ээж аав дээрээ ирж амарчихаад буцахын тулд харийн хүний адил ЭСЯамандаа виз мэдүүлээд зогсож байх нь сэтгэл зүйн хувьд ч тийм таатай байна гэж үү. Энэ үедээ л тэрээр эх орон, элгэн саднаа гэх хүйн холбоо нэгэнт тасарчихсан байх хөнгөн гунигаар барахгүй, хүнд дарамтанд ч ордог байх. Эдийн засгийн талаас нь ч бодсон тэдний зарим нэг нь бүр үр сад нь ч магад хөлжчихөөд эх орондоо хөрөнгө оруулах хүсэлт гаргаад ирэхийг хэн ч үгүйсгэхгүй шүү дээ. Өмнөд хөршийн маань хамгийн том хөрөнгө оруулагчид нь гадаадад амьдарч буй нутаг нэгтнүүд нь л байдаг биш билүү.
Бид нар шиг хүн ам цөөтэй улс иргэдээ ингэж гадагш нь алдчихаад буцаад ирэх гэхэд нь хаалгаа дотроос нь янгинатал түгжчихээд суугаад байх нь зөв үү? Манайхтай ижил Израиль улс хоёрдмол харьяаллыг зөвшөөрдөг цөөхөн орны нэг юм болов уу гэж бодсон чинь би бас эндүүрч. Хойт их хөрш маань ч бас Израильтай нэгэн адил хуультай юм байна. Орос хүн төрсөн газар шороондоо, эх нутагтаа ямар их хайртайг би мэднэ. Түүнийг нь төр засгаас боож хавчина гэвэл юу болох бол?
Амьдрахын эрхээр гадагшаа гарч буй иргэдээ нэгийг нь ч болов алдахыг лав л Назарбаев ерөнхийлөгч хэрхэвч хүсэхгүй дээ. Тэр тусмаа хамгийн ухаантай, амьдрах чадвартай хэсэг нь хамгийн олноор ийш тийшээ цагаачилдаг нь хүн төрөлхтний жам. Манайд бол нөгөө л тамын тогооны үлгэр нь ингэж хаана хаанаа үйлчилсээр байх ёстой гэж үү? Хоёрхон жишээ дурьдъя.
Баримт 1. Монгол улсын иргэн Б. Герман улсад суралцаж байхдаа нэгэн словак бүсгүйтэй амьдралаа холбон үр хүүхэдтэй болчихоод одоо Братислав хотноо ажиллаж амьдарч байна. Тэрээр орос сургуулийг Улаанбаатар хотноо дүүргэсэн, монгол, орос, англи, герман, словак таван хэлтэй ховорхон авьяастай нэгэн аж. Тэндээ Европын холбооны улсын нэгэн олон улсын байгууллагад ажилд орохоор шалгагдаж бүх шалгуураараа тэнцсэн боловч хүлээж аваагүйн учир нь Европын холбоонд гишүүн бус орны хүнийг ажилд авдаггүй журамтай юм байна. Братислав хотноо түүнд сард 800 доллараас дээш цалинтай ажил цусаар уйлсан ч олдохгүй, яагаад гэвэл тэнд гаднын цагаач иргэдийн цалингийн дээд хэмжээг нь хуулиар бас тогтоочихсон байдаг гэнэ. Өөрөө хэлбэл харийн хүн нутгийн иргэний дунджаас дээш цалин авахгүй л гэсэн үг. Иймээс тэрээр яах ч аргагүй Словак улсын иргэн болох хүсэлтээ гаргаад байгаа учир энэ хуулиар бол Монголын иргэн Б маань эхлээд эндээ “данс дугуйлах” хэрэгтэй болж байна.
Баримт 2. Иргэн эмэгтэй Т. архичин нөхөртөө байнга зодуулж, дарамтлуулж барагтай хүн тэсэхийн аргагүй гэр бүлийн хүчирхийлэл дор амьдарч байж. Тэрээр өөртэй байсан бүх өнгөтэй өөдтэй бүгдийг зарчихаад хэн нэгнээр зуучлуулан охинтойгоо хамт Герман руу бараг л гэр орноосоо зугатах шахам гарчээ. Одоо тэндээ Герман хүнтэй суугаад амьдарч байна. Нөхрийнхөө
шахалтанд орж удалгүй охинтойгоо хоёулаа Герман улсын иргэд болжээ. Ингэхийн тулд Монгол улсын хуулиар иргэн байх эрхээ мөн л хасуулж. Амьдралын хувь заяа хаашаагаа ч эргээ билээ, гэнэт нэг өдөр хүний газар юу ч үгүй болоход тосоод авах эх орон нь нэгэнт харийн орон болчихсон байж байх жишээтэй.




Францад ажиллаж буй “Рено” автомашины үйлдвэрийн дэлхийд нэртэй дизайнер монгол залуу аль хэдийнэ тэндхийн иргэн болсон тухай ярьж л байсан. Бид иймэрхүү маягаар гавьяат тамирчин Мөнхбаярыгаа, сумоч Цэвэгнямыгаа, “Microsoft” компанид толгойгоо үнэлүүлж буй авьяаслаг залуусаа энэ хуулийнхаа дагуу эх орныхоо данснаас хасаж шийтгэх гэж үү ? Үгүй ээ, алдас болно. Цаад ноёдууд нь л ингэхийг хүсээгүй бол бид нар өөрсдөө ийм хууль санаачлах ёсгүй.
Монгол оронд маань өнөөдөр амьдрал хүнд байгаа нь үнэн. Гурван хүний нэг нь тодорхой эрхэлсэн ажилгүй, ажилтай нэр зүүж зарим нь гэлдрэвч, авч байгаа хэдэн цаас нь амьдралынх нь өртгийн хаана нь ч хүрэхгүй байгаа. Дээр нь авилгал, хүнд суртал, гэмт хэрэг, дээр нь хууль нь гууль болчихсон байгаа байдал гээд амьдрах таатай орчин урьд өмнө байгаагүйгээр бохирдчихоод байна.
Гадаадад улсын зардлаар одоогоор таван зуу гаруй хүн явснаас хуруу дарам тоотой хэд нь эргэж иржээ. Гэтэл тэд нарт нь энд ажил олдохгүй тун хэцүү байгаа талаар саяхан нэг залуу сонинд бичсэн байна лээ. Ёс бус ийм байдал хэзээ нэгэн цагт зөв гольдрилдоо орж л таарна, тэр үед нь бид эх орон нэгтнүүдээ ямар ч саадгүйгээр хилээрээ нэвтрүүлэхийг одоо л хуульчлах хэрэгтэй юм шиг ээ. Тэднийгээ хадаг сүү барьж угтдаггүй юмаа гэхэд саад бүү тавиарай даа, та минь ээ.
Хүн өтлөхөөрөө нутгаа, тураг хөгшрөхөөрөө уулаа гэж ярьдаг туйлын үнэн үг. 90-ээд оны үед дэлхийд данстай нэрт монголч эрдэмтэн Хангин Гомбожав гуай Улаанбаатарт ажлаар ирчихээд буцахынхаа өмнөхөн гэнэт бурхан болчихож билээ. Их эрдэмтнийг бид “Алтан өлгийд” гүн хүндэтгэлтэйгээр нутаглуулсан. Харь газар олон жил амьдарсан, дал хол гарчихсан түүнийг би нутагтаа ясаа тавих хувьтай, азтай, ховорхон хувь тавилантай хүн гэж боддог. Мань хүний оронд өөрийгөө тавиад бодоход би ч мөн насныхаа эцэст наашаагаа л тэмүүлэх байсан байхдаа гэж санагддаг юм.
...Энэрэнгүй сайхан санагдахад
Элэг зүрх минь догдолж
Хосгүй баярын нулимс
Хоёр нүдийг минь бүрхдэг гэсэн Ч.Чимид гуайн нөгөө л сайхан мөртүүдээр нийтлэлээ өндөрлөе дөө.
Монголын ард түмний төлөөлөл болох их хурлын эрхэм гишүүд минь энэ хуулиа эргэж нэг харахыг харийн газраас эх нутгаа санагалзах мянга мянган монголчуудынхаа өмнөөс мөргөн гуйх минь энэ буюу.

2004-11-26

Буурал ээж

Буурал ээж маань цэл залуудаа долоон хүүхэдтэй өөрөөсөө нилээд ахимаг хүнтэй дэр нийлэн хожим нь хань нөхрөө бие барж хүүхдүүд нь бүгд тусдаа гарсны дараа өөр дээрээ өргөж авч өсгөсөн охин нь миний ээж. Буурал ээжийн нөхөр асан Буянцог гуай нь эхээсээ багадаа өнчин хоцорсон Нүдэнхүү, Гөлгөө, Хорлоо, Шогоорой, Цэвээн, Хулганаа, Ламжав нарын долоон хүүхэдтэй байжээ. Хүүхдийнх нь тоо цөөдсөн юм шиг буурал ээж минь манай ээж мөн түүний дүү Шагдарсүрэн нарыг өргөж авч өсгөн хүний зэрэгт хүргэсэн ачтан билээ. Ээжийн минь эмээ, бидний бол элэнц эмээ маань ная хол гарчихсан Турууныханд бүгдэд нь буурал ээж хэмээн дуудагддаг ч жинхэнэ нэрийг нь мэддэг хүн ховорхон байв. Диваа гэдэг нэртэй, давжаа биетэй, чих хатуутай энэ хөгшин бидэнтэй хамт амьдарч Мууяа ахаас авахуулаад бидний есөн хүүхэд тэр хөгшний өвөрт мөөмийг нь үлгэж өссөн болохоор бидний хувьд төрсөн ээжээс минь огт өөрцгүй хүн байсан юм. Дээр нь тэр үед сургууль дотуур байргүй учир манайхаар дамжиж өссөн ах дүүгийн арав гаруй хүүхэд бүгдээрээ буурал ээжийн хийсэн хоолыг идэж өссөн дөө.
Бид хэд ээжээсээ хоёр, хоёр насны зөрөөтэй төрж байсан болохоор дараагийн дүү төрсөн өдрөөс эхлэн бид хүссэн хүсээгүй буурал ээжийн өвөр лүү шилждэг байлаа. Эхний үед хөгшний өвөрт дасахгүй ээ, шөнө эмээгийнхээ мөөмийг хөхөвч сүү гарахгүй болохоор нь ээжийнхээ өвөр лүү мөлхөж бөөн уйлаан дуулиан болно, эмээдээ хэд хэд алгадуулж аваад хувь заяатайгаа эвлэрнэ дээ. Өөрөө гаргасан хүүхэдгүй буурай маань бид бүгдийг яг өөрийнхөө төрүүлсэн үр шигээ хайрладаг, тэр тусмаа Хорлоо бид хоёрт онцгой сайн байлаа. Хөхөөд сүү гарахгүй болохоор нь мөөмийг нь хазчихдаг гээд манай зарим дүү нарт жаахан тиймэрхүү. Ээж багадаа нэг өдөр дүү Гармаагийнхаа нуруунд үхрийн нойтон баас шавж орхиж. Төрсөн ээж нь гүйж ирээд яав ийв хэмээн тас загнахад нь:
-Танайх хүүхдүүдээ айлд өргүүлэх дуртай юм гэсэн. Хэн нэгэнд нь өгчихөж магадгүй гэж бодоод тэр мууд чинь тэмдэг тавьсан юм гэж хэлээд бөөн инээд болж байсан гэдэг. Тэднийхэн Ханхөхийн ар Суврайд өвөлжиж Луудайн булан, Баг мод, Бургаст ам, Арцатын товгороор дамжин ар Хангилцаг, Шодонгийн ам, Тугалын эрүү орж зусаад намартаа Ганц модны ам өгсөн Халзангийн даваагаар давж ирж өвөлжөө рүүгээ дөхдөг, зарим зуд турхантай жил бүр Мөндөөхэйн ам өгсөн урагшаа давж эсвэл Их давааны ам уруудан говь руугаа орж өвөлждөг байсан гэлцдэг. Олуулаа учраас тэр хэдийн идэх уух нь дийлдэхгүй ямар сайндаа намар оройшиж сүү, цагаан идээ татрах үед самартай хольж өтгөрүүлсэн тараг хийж өгдөг байж. Энэ тухай соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч М. Гүрсэд гуай дурсан ярихдаа:
-Танай буурал аавынхан манайхтай олон жил айл саахалт явсан юм. Тэднийхэн адуу сарлаг олонтой, өнөр өтгөн сайхан айл байсан. Том хүргэнийг нь Наянбаатар, бага хүргэнийг Чийбаатар гэдэг. Ямартаа л бараан голдуу адуутай, баатар голдуу хүргэнтэй гэж нутгийнхан хошигнодог байхав. Намар болохоор би тэдний хүүхдүүдтэй хөтөлгөө морьтой самарт явдаг байлаа. Түүсэн самраа бид цайруулан бэлдэж өгөхөд Диваа гуай түүнийг нь намрын наранд хэд хоног хатааж байгаад ноос савж байгаатай адил саваагаар өдөржин нүдэж цайруулна. Дараа нь түүнийгээ сүүтэй самарч байгаад шүүн тараг бүрдэг байсансан. Тос даан шаргалтсан тэр өтгөн таргийг эхлээд уухад хоолой аргасан, ялимгүй газар амттай юм шиг санагддаг байсан ч сүүлдээ дасчихаад түүн шиг сайхан амттай тараг одоо хүртэл идэж үзээгүй шүү” гэж хуучилж билээ. Буурал ээжийн самартай тарагийг хавь ойрынхон нь анддаггүй байсан аж. Манай нутгийнхан хүүхэд орж ирэхэд заавал тараг хийж өгдөг, тиймээс ч бид айлын эзэгтэйн унд ус зан чанарыг бүрсэн тарагных нь амтаар ихэнхдээ хэмждэг байсан даа. “Тэднийх сайхан тарагтай тийшээ очих уу” гэлцэн гүйлддэг байсан санагдана.
Бидний Живаа хэмээн авгайлдаг Цэвээн ах маань бөөн онигооны эзэн. Тохийсон өндөр нуруутай, цэрэг хувцастай тэр өвгөн манайд нэг зун буурал ээж дээр ирж хэд хоног байхдаа ганц халуун савыг нь дайрч унагаж хагалсныхаа төлөө эмгэнээр загнуулж бараг хөөгдөх дөхөж байж билээ. Тэгэхэд халуун сав гэдэг юм хөдөө газар нүдний гэм байж. Хойтон жил нь хотод ирээд Цэвээн ахын элдэв онигоог сонсон элгээ хөштөл хөхөрдөг байлаа.
Мань хүн тэр үед хотын гал командад ажилладаг байж. Нэг удаа гэрийнх нь хажуугийн улаан булан шатаж байх үед гүйж очсоноо гал унтрааж байсан хүмүүс рүү “Наадах гал чинь нэгдүгээр үедээ орчихсон байна, нэмэргүй, нэмэргүй” гэж орилж байгаад хотын буурал ээжид ёстой нэг сайн бангадуулж билээ. Бас нэг удаа тэдний бандийг Американ дэнжийн орос хүүхдүүд шоглочихож. Хүүгээ дагуулсаар тэр хавийн оросуудтай очиж:
-Өчнөөн төчнөөн мальчик байхад заавал миний муу мальчикийн носыг тас цохихдоо яадаг байна аа гэж хэлсэн гээд л Тогтмол эгч “татаж унаад” байж билээ. Буурал ээжийн өргөмөл хүүхдүүдийн нэг Хулгана адиагийнх Цагаанхайрханаас нэг зун нүүж ирэн Туруунд манайхтай айл зуслаа. Жигтэйхэн майга хөлтэй ёстой хулгана шиг жижигхэн биетэй, намхан бор хүн өмдөө дээр үеийн бөхчүүд аятай бөгснийхөө яг тал дундуур татчихаад тэр хавийн айл хэсээд аяга тагш юм эргүүлээд явдаг байв. Ээжтэй хамт ажилладаг Минсэл эгч түүнд нь их дургүй. Ээжид:
-Чи тэр нагац ахдаа өмдөө сайн татаж бай гэж хэлэл дээ хэмээн үгэлдэгсэн.
Буурал ээжийн минь гарын бор талхны амтыг гүйцэх торт ч үгүй мэт надад санагддаг. Талх нь тансаг сайхандаа биш, тэр хүний биднийг гэсэн юугаар ч сольшгүй хайрын “хөлстэй” байсандаа тэр байх. Тавиурын өмнө бөгтийн зогсчихоод бор талхаа хиртэй дээлнийхээ энгэрт нааж байгаад мохоо хутгаар арай ядан зүсэж байгаа буурал ээжийнхээ дүрийг бид яахан мартах билээ.
Буурал ээж орон доороо нэг жижигхэн цоожтой авдартай, түүндээ энд тэндээс зочин гийчин ирэхдээ өгсөн бэлгүүдийг нь хадгална. Энэ “сейфэнд” нь байхгүй юм гэж ер үгүй, дөрөв арвын хатсан боовноос өгсүүлээд үзэм, чавга, төрөл бүрийн чихэр, торго, дурдан заримдаа бүр өөрийнхөө хийдэг бор талхаа хүртэл нууж орхино. “Алтан өргөө” кинон дээр гардаг өвгөн шиг түлхүүрээ хүзүүндээ зүүчихдэг болохоор бид нар тэр авдраас юм хүртэх боломж олддоггүй байлаа. Нэг өдөр эмээ маань түлхүүрээ гээж бөөн эрэл болох нь тэр. Оосор нь тасраад хаана ч унасан юм бүү мэд. Зочин ирчихсэн байдаг, тавагны чихэргүй тул ээж маань эмээг сурсан зангаараа царайчлахаас өөр аргагүй болов. Буурал ээж түлхүүрээ хаячихсан юм чинь яах ч аргагүй. Гэнэт Мууяа ах тэсэлгүй: –Би онгойлгоод өгөх үү гэв.
–Яаж? Зөвшөөрөхөөс өөр аргагүй байсан тул түүн рүү дохитол мань эр авдрын таглааны арын нэг банзыг нь төвөггүй мултлах нь тэр.
–Аа муу турсага, даанч чихэр алга болоод байсан юм гэнгүүтээ буурал ээж таягаараа Мууяагийн нуруун дундуур гөвөөд авлаа. Ингэж чихрийн хулгайч өөрөө өөрийгөө илчилж, аав маань модон хайрцганд нь цоож түлхүүр шинээр тааруулж бөхөлж өгснөөр буурал ээжийн дотор уужирсан ч бидэнд итгэх итгэл нь нэг хэмээр доошилсон байж мэднэ.
Аав ээж хоёр ажилдаа өглөө гараад л явчихна, лекц, дугуйлан, сонин уншлага гээд ихэнхдээ оройтно доо. Арван дөрөв, тавуулаа амьдардаг энэ айлын арын бүх албыг буурал ээж удирдан зохицуулдаг байлаа. Морь мал, өвс, тэжээл, түлээ түлш, ус цас, хоол унд гээд буурал ээжид оролцохгүй ажил нэг ч үгүй. Буурал ээж манай өглөө хамгийн түрүүн босч гал түлж, эхлээд өөрийнхөө өтгөн бор цайгаа чанана, дараа нь ээж босч бидний нийтийн хар цайг болгосноор манай гэрийнхэн увуу цувуу босоцгоож шуухитнан тус тусынхаа ажил төрөлдөө шамдацгаана. Эмээгийн маань шөлний тосоор амталж зуухан дээр хайрсан тосгүй гамбир мөн ч амттай байсандаа. Намайг хааяа харж үзэж бор цайнаасаа аягалж өгнө, түүнийг нь хүртсээр байгаад сүүлдээ цайгүй удаан явахаар толгой өвддөг болтлоо дасчихсан байж билээ. Буурал ээжийн чих хатуу учир манай гэрийнхэн төвөгшөөгөөд ярих хүн ховор, ээжийн ярьсныг амны нь хайрцгаар сайн ойлгочихно, харин бид нар хэл амаа ололцох гэж хашгичиж өгнө өө. “Битгий гуугачаад бай, ярих гэж байгаа юм бол ойрхон суугаад олигтойхон чанга хэл” гэж загнана. Буурал ээжтэй хэсэг ярьчихвал тэр инерциэрээ анги дээрээ орилж ярин шоолуулах учраас тэгэсгээд татахаас өөр аргагүй.
Тэр үед одоогийнхтой адил сүү цагаан идээ борлуулдаггүй байсан болохоор өвөлдөө сумын төвд сүү гэж ёстой нүдний гэм. Сургуулийн жолооч Нямандорж гуайн авгай Дуламсүрэн гэж сайхан зантай эмэгтэй өдөр болгон шахуу литр сүүгээ илүүчлэн манайд авчирч буурайд өгнө. Тогоотой цай буцлах зуур хавь ойрын болоод хорвоогийн сониноос “Тунгалаг тамир” дээр гардаг өртөөний хоёр өвгөн аятай буурал ээжийн чихэнд хошуугаа наах шахуу ярьж дуулгана. Цаадах нь их таатай, хөгшин залуу хоёр ингэж санаа нийлэн их дотносно оо.
Эмээгийн маань ганц үндсэн хөрөнгө нь далиу эвэртэй алаг үнээ байсан. Тугалласныхаа дараахан далиу эвэрт их муухай ааштай, эмээгээс өөр хэнийг ч ойртуулахгүй, саалгахгүй, манийгаа хүртэл мөргөж унагана. Буурал ээж яг хүнтэй ярьж байгаа юм шиг түүнтэйгээ ярина. Алаг үнээ жил болгон тугаллаж, эмээд маань мөн ч олон жил цайны сүү уулгаж, гарсан бяруу шүдлэнгээр нь бид ч тогоогоо олон жил тосолсон доо.
Хэвтэр хөрзөнг нь хөлдөөхгүйн тулд нялх тугалыг шөнө босож шээсийг нь тосно гэж нэг тамтай ажил байлаа. Өвлийн шөнө яг дуг нойрон дунд аав дуудна, сэрэхгүй бол хөнжил дээр хучсан дээлний ханцуйнаас бүсээрээ оосорлож бэлдчихсэн байж байгаад хуу татна даа. Нүдээ бараг нээлгүй шахам хувин аваад өвлийн тачигнасан хүйтэнд харанхуйд тэмтчин тугалын амбаарт орж нөгөөх муу тугалыг өшиглөж босгоод шээлгэх гэж чивнийх нь үсийг маажаад хүлээгээд л байна, хүлээгээд л байна... арайхийж шээлгэж аваад бас болоогүй шээсийг нь аавд үзүүлж шалгуулж байж унтанаа. Мууяа ах тугал их хурдан шээлгээд байдгийн учир нь гадаа гаруут өөрөө шээчихээд аавд үзүүлчихдэг байсных юм билээ. Сүүлдээ тугал дасчихаад босонгуут дуулгавартай нь аргагүй түргэхэн шээчихээд буцаад хэвтчихдэг болдогсон.
Яваандаа буурал ээжийн алаг үнээ хөгширч тугаллахаа болилоо. Аав нэг өвөл энэ үнээг төхөөрөх цаг нь болжээ ухааны юм ярьтал эмээ маань урьдуур нь орж: -Та нар эхлээд намайг алчих, тэгээд үүнд гар хүр гэж хориг тавьсан тул яах ч арга байгаагүй. Алаг үнээ өглөө болгон өргүүлсээр тэр өвөл байгалийн жамаараа нүд аньсан юмдаг.
Залуудаа их нүгэл хийсэн хүн өтлөхдөө их шаналж зовдог, бүр үхэж ч чаддаггүй юм гэнэлээ гэж буурай бидэнд үргэлж ярьдагсан. Намайг орос руу сурахаар явахад:
-Чамайг эргээд ирэхэд буурал ээж нь байхгүй болчихсон байх шүү гэж уйлаад л торойгоод хоцордог, хойтон нь ирэхэд улам жижгэрчихсэн байж л байдаг эмээ минь намайг сургуулиа төгссөн жил нэг хатуу үүрэг өглөө.
-Чи дахиад ирэхдээ үрийнхээ зулайг үнэрлүүлээрэй, тэр болтол чинь би тэсээд байж байя гэв. Би ч амласнаа биелүүлж гурван жилийн дараа эхнэр хүүхдүүдтэйгээ зуныхаа амралтаар очоод буцахад:
-Одоо надад хоргодох юм байхгүйэ гээд их л тайвширсан аятай үлдсэн юм. Тэр зун буурал ээж, хүүд маань хөнгөн цагааны хайлшаар хийсэн жижигхэн морь бэлэглэж, “За миний бяцхан хүү эмээд нь чамд өгөх мөнгө төгрөг энээ тэрээ байхгүй ээ, үүнийг л өгөх гэж олон жил хадгалсан юм. Алсдаа аав ээж хоёртоо, унасан эзэндээ үнэнч морь лугаа адил ачтай тустай сайн хүү болоорой” хэмээн захисныг дөрөвхөн настай байсан хүү маань сүнсээрээ мэдэрсэн юм уу үнэхээр бид хоёртоо дуулгавартай сайн хүү болж өссөн билээ. Хүү минь настай цаашдаа буурайгийнхаа захиснаар ээж аав хоёрыгоо ивээж явах нь мэдээж.
Ер хүртлээ ямар ч өвчин тусч үзээгүй тэрээр урин хаврын нэгэн шөнө дахин сэрэхгүйгээр нэгмөсөн нойрсчихсон доо. Буурал ээж минь тун их буянтай хүн байсан юм. Тэрээр Бурханы оронд очсон нь гарцаагүй. Ум ма ни пад ми хум.

2005 оны 10 дугаар сар 17

Ээжийнхэн

Ээж минь бар жилтэй, багаасаа өвөө, эмээ дээр өргөгдөн өссөн, нилээдгүй эрх нэгэн байсан гэдэг. Аав нь Чийбаатар, ээж нь Гөлгөө гэдэг хүмүүс байсан ба эхээс арван хоёулаа төрсөн боловч Бунчмаа, Маамуу, Жамбалрагчаа, Гарамдорж, Шагдарсүрэн, Тогтмол нар нь хорвоогийн жамаар жирийн нэгний амьдралыг туулж, одоо үр хүүхэд ач гуч зээ нийлээд дал гаруй халуун амь болж үржсэн байна.
Ээжийн ээж буюу эмээгээ бид хотын буурал ээж гэж дуудна. Тэрээр хүүхдүүдээ дагаад жараад оны эхээр хот руу нүүчихсэн болохоор бид тэгж авгайлдаг байж. Их том биетэй, чанга дуутай бид хэдийг “умруулдаг ” хүний нэг байсансан. Хүнд их итгэмтгий цайлган, нэг удаа зурагт гэж юм анх гарч эхэлж байх үед манай нутгийн партизан Бадрахын хүү Энэбиш гэж нэг сахилгагүй банди буурал ээжийнд ирчихээд түүгээр даапаалсныг би сайн санаж байна.
Хотын буурал ээж түүнд “Зурагтгүй болохоор хүүхдүүд айл руу гүйгээд гэртээ тогтохгүй байна” гэхэд нь тэр золиг “Алив эмээ нэг сайхан хоол хийж бай би одоохон танд тэрнийг чинь хийгээд өгье, ядах юмгүй “ гэж. Буурал ээж ч баярлан сүйд болж ганц үмх махаараа гараа гарган хоол хийж байх хооронд мань эр гадаа байсан цайны хунзыг задлан хайрцаг маягийн юм хийж эхэлжээ. Хоол ч болж мань хүн орж ирж идчихээд доторхы нь дараа ирж хийж өгнө гээд тэр чигээрээ арилсан байж билээ.
Бид олуулаа болохоор хотын буурал ээж боорцгоо амбарт хийгээд цоожилчихно. Нэг өдөр боорцог авах гээд гарсан буурал ээж маань байдаггүй. Бид хойноос нь гарвал амбаар дотор тас гэдэргээ саваад ухаан алдаад уначихаж. Бид хэд бөөн уйлаан майлаан болж арайхийж дамжилж гэрт оруулж ирчихээд үнэртэй ус хөвөнд шингээгээд үнэртүүлж байтал дээлийнх нь захнаас нэг жижигхэн хулгана шурхийн гарч одох нь тэр. Ухаан алдсаны учир нь эмээ боорцогныхоо уут руу гараа шургуултал ханцуйгаар нь тэр муу оготно дамжаад нүцгэн суга руу нь гүйгээд орчихсон хэрэг байж.
Намжилдорж оогиогийн ээж буюу биднийхээр бол гоё ээж гэж авгайлдаг бас нэг буурай Цагаанхайрханд байлаа. Жинхэнэ нэрийг нь хэн ч гэдэг байсан юм бүү мэд. Юм харж байгаа эсэх нь мэдэгдэхээргүй, хоёр нүд нь үргэлж хагас аниатай, ам нь бувтнаад гарынхаа алгыг үргэлж хавсарчихсан, зуухныхаа өмнө сууж байдагсан.
-Эмээ та юм цээжлээд байгаа юм уу гэхээр,
–Цөг, дуугай бай гээд л загнадаг мөртлөө үдэш биднийг орондоо орохын үед жигтэйхэн гоё гоё үлгэр ярьж өгдөг байсан хүн байлаа. Гоё ээж орой бүр хургаа ялгаж дуусангуут хоолоо гал дээрээ хийж тавьчихаад, муу умгар гэрээ тойрч, сунаж унаад мөргөөд л байна, мөргөөд л байна.. Яагаад ингэдэг юм болоо гээд бид нар битүүдээ шоолцгооно. Түүнийг залуудаа ноёны шивэгчин явсан юм гэнэлээ гэж нутгийнхан ярьцгаадаг байлаа.
Ээжийн том эгч Бунчмаа буюу бидний авгайлдгаар Умбаа маань яг манай ээж шиг сайхан сэтгэлтэй, тас тас инээсэн, ёстой Энхамгалан хаан гэж ийм байсан болов уу гэмээр хүн байсан юм. Тэр үед өвөр дээрээ дүүрэн хүүхэд шавуулчихсан тарган хүний дүрстэй хятад шаазан баримлыг айлууд хоймортоо Энх-Aмгалан хаан хэмээн залчихсан байдагтай их төстэй. Маш уран, намайг оросод оюутан байхад цамц, костюмнаас өгсүүлээд миний бараг бүх хувцсыг оёж өгч явуулдаг хүн байлаа. Дорлигсүрэн буюу бидний авгайлдгаар Доолиогийнх яг тэр шавар баримал шиг олон хүүхэдтэй бужигнасан энэ айл Американ дэнж буюу одоогийнхоор 15-р хорооллын орчим байхад буурал ээж бид хоёр нэг өвөл тэднийд хөдөөнөөс ирж өвөлжиж билээ. Сайндаа ч биш юм аа, буурал ээж бид хоёр Цагаанхайрхан руу айлын гэрийн бүрэлгэнд явж байгаад замдаа Хангилцагийн голд машин сууж намрын эхэн сарын хүйтэн шөнө дан тэрлэгтэй хээр хоносноос хойш миний нүд, чих байнга өвддөг болж хот руу эмчлүүлэхээр ирж байгаа нь тэр. Хоёр нүд час улайж нуух нулимсандаа битүү наалдаад хонох учир өглөө сэрээд нүдээ нээж чаддаггүй, шүлсдэж маажиж байж ховхолдог, ээжийн хөхний сүү, пенициллин хоёроос өөр эмчилгээгүй явсаар хүндэрч ийнхүү буурал ээж намайг хотод авч ирсэн хэрэг. Дээр нь бас шөнө болгон шахуу чихээр хатгаж хоёр чихнээс булаг гоожиж зовооно, ер нь тэр гайтай найр хуриманд явснаас болж би нэг хэсэг үйлээ үзсэндээ.
Хотод ирээд эмнэлэг домнолгоор нилээдгүй явсан боловч олигтой засал авдаггүй, эмч нар нүдний махыг нь хусна, чихэнд нь хагалгаа хийнэ гэх зэрэг оношилж байсан боловч харин нэг эм барьдаг өвгөнтэй золоор таарч, тэр хүн миний аминд орсон билээ. Доолиогийнхтой айл байсан Ламзав хэмээх тэр өвөө судсыг минь барьж үзчихээд: –Энэ хүү их даарснаас болж бөөр нь өвдөн хий цус дээшилж, нүд чих хоёрыг нь барьж авсан байна, бөөрийг нь эхлээд эмнэх хэрэгтэй хэмээн дүгнэсэн нь болсон явдалтай гайхалтай таарлаа. Ингээд өвгөн надад бөөрний элдэв тан уулгаж эхэлсэн өдрөөс эхлэн миний нүд чих зэрэг маш хурдан засал авсан юм. Ардын эмнэлгийн гайхамшгийг тэгж би өөр дээрээ анх мэдэрсэн дээ.
Жамбалрагчаа буюу бидний нэрлэдгээр Оогио бол харин залуудаа багагүй ширүүн догшин зантай, нилээд балгачихдаг, дарангуйлагч маягийн эр байсан бөгөөд одоо хүртэл өөрийнхөө ах дүү нараа бүгдийг нь захиргааддаг хүн. Гармаа ахыг хааяа юм амсчихаад ирэхээр нь Оогио толгой түрүүгүй балбадаг, буурал ээж оролцож байж хоёр тийш нь болгохгүй бол бидний хэнбугай нь ч тэр хоёр “хувилгааны” дундуур орж зүрхэлдэгдэггүй байлаа. Оогиогийн эхнэр бидний бэр эгч Оролмаа гэж дуу цөөтэй, ах дүү нараа хүний өөрийн гэдэггүй, бүгдэд нь сэтгэл гаргаж ханддаг, зургаан хүүхдийн эх, намхан нуруутай, дөлгөөхөн хүн байв. Хүүхдүүдээ өсөж өндийлгэх гэж Орлом эгч маань бас л борви бохисгүй шогшсон доо.
Ээжийн дараагийн дүү Шагдарсүрэн буюу биднийхээр бол Шаалаа эгч нутгаасаа нилээд эрт гарч Завхан Тэсийн Давга гэдэг айлд бэр орсон хүн. Шаалаа, манай ээжтэй хамт өвөөгийндөө өргөгдөн буурал ээж дээр хамт өссөн хоёр. Завхан Тэсэд насаараа жолооч хийсэн хүргэн Давга ах маань буурал ээжийг аваачиж гэртээ хэд хонуулахаар Баруунтуруунд ирлээ. Нэг орой гадаа хүн амьтан шуугилдах чимээнээр бид гүйлдэн гарч харвал миний эрэгтэй дүү Батсүх буурал ээжийг авч явах сургаар Давга ахын машиныг нь шатаана гэчихсэн түмпэн дүүрэн түлээ овоолоод машин доогуур хийчихсэн утаа манаруулж байхад нь ашгүй хүн харсан байлаа.
Эднийхний хамгийн бага нь болох ээжийнхний дууддагаар “бор гэзэгтэй” буюу Тогтмол эгч маань орсон гарсан хүнд ундтай устай, нэг үе Архангайн Сүхээ бариачийг дагалдаж явсны хувьд бас муугүй “оточ” билээ. Манай ах дүү нарын хэн боловч хүүхдээ уйлагнахаар нь мань хүн рүү шогшчихдог, толгой түрүүгий нь хэд илээд л асуудал барагтай бол шийдэгдчихдэг байсан юм. Түүний нөхөр болох манай хүргэн ах Сүхбат маань уртын дууны ёстой мастер байлаа. Уг нь энэ авьяасыг багаас нь тордсон бол улсдаа дээгүүр орох дуучин болох байсныг хэн нь ч үгүйсгэхгүй. Би мань хүнтэй мөн ч олон удаа дуутай, хууртай шөнийг өнгөрөөж “Нарийн сайхан хээрийг” нь дахин дахин дуулуулж байсандаа.
Миний ээжийн өвөг эцэг Шагж гэдэг хүн. Тэднийх Чулуунбаатар, Батдорж, Чийбаатар, Дарамбазар, Цэгмид, Шарав, Намжилдорж гээд дан эрэгтэй хүүхдүүдтэй, Норолхойжав гэж ганц өргөмөл охинтой айл байж. Ээжийн авга ах Ханхөхийн хошууны сайн эр Шарав гэгч хүний тухай домог түүх мэт зүйлийг өгүүлэх хүн олон.
Шарав ах “Тунгалаг тамирын цахиур Төмөр” аятай аймаг сум дамжуулан адуу хөөж. нутгийнхандаа дамжуулдаг байсан нь баригдаж Улаангомын шорон руу ачигдсан боловч тэндээсээ оргож, Ханхөхий ууланд ирээд бүгчихэж. Уртын дуу сайхан дуулдаг байсан тэрээр Хөхийн арын ой модыг цууриаттал нь дуулахад нь зэлэн дээрээ сааль хийж байсан бүсгүйчүүдийн нүдэнд нь нулимс гүйдэг байсан гэлцдэг байлаа. Цагдаа нарт хөөгдөн амь тэмцэж явахдаа үертэй Ховд гол дээгүүр бугуйл залган шидэж хамгийн сайн моринд углан бугуйлаасаа зүүгдэж чирэгдэн ус гарч зайдлан унаад нутгийн зүг арилж одсон ч, жилийн дараа тэр морийг мөнгөн хазаар эмээлтэй эзэнд нь хүргэж өгч байсныг тэр нутгийн хүмүүс надад гэрчлэн ярьдаг юм. Арван жил ганцаараа уул хадаар тэнэн амьдарч байсан тэрээр хожим нь НАХ-ынхны тулгалтаар хамгийн сайн найздаа буудуулан хүнд шархадсанаас болж баригдсан юм. Тэрээр цээжиндээ бууны шархтай, явахдаа буудуулсан гараараа харгалзаж явсан хүний бүсэнд хавчуулгатай явсан өөрийнхөө хутгыг шүүрэн авч амиа егүүтгэсэн юм гэнэ лээ. Түүнийг барьж өгсөн багын найз нь тэр явдлаас хойш “чөтгөр” хоч зүүж нутгийнхандаа адлагдан үр хүүхдүүд нь тийм сайн яваагүй гэж ярьдаг юм билээ.
Ээж минь насаараа цэцэрлэгт ажиллан, хүний өөрийн хүүхдийг ялгалгүй бөөцийлдөг байсан буянтай буурал. Би багаасаа цэцэрлэгийн хоолны амтанд орсондоо тэр үү, ээждээ эрхэлдэг байсандаа ч тэр үү сургуульд орсон хойноо хааяа ээжийнхээ гараар хийсэн цэцэрлэгийнхээ хоолыг “бууддаг” байв. Залуудаа урт үстэй, улаа бутарсан их сайхан бүсгүй байсан гэж үе тэнгийнхэн нь ярьдаг юм. Зуны өдрийн уртад ажлаасаа нар дээр байхад ирдэг тэрээр гэрийнхээ сүүдэрт суун бид хэдийн түмпэн дүүрэн хиртэй хувцсыг угаах зуураа “Улаан торгон уутыг” сэнгэнэтэл исгэрдэгсэн. Ээжийн үеийнхэн тэр үед анхан шатны боловсролтой болгох дугуйланд хамрагддаг байв. Пагамжав гуай гэж ээжийн үеийн нэг бүдүүн авгай хичээл дээр үзэх тоогоо урьд өдөр нь хүүхдээрээ гэртээ бодуулж ирчихээд дэвтрээ шагайснаа -Энэ Баттогтох чинь юу гээд биччихсэн хар золигов гэж хэлээд ангийнхнаа нирхийтэл инээлгэсэн гээд л ярьдаг байсансан.
Манай хөрш хашааны Тарган Тунаа хэмээх нилээд лагс бүдүүн өвгөн аахилсаар нэг удаа манайд орж ирэн хоймор гарч, аавтай зэрэгцэн завилан суулаа. Ээж түүн рүү аягатай цай барин тонгойсноо писхийтэл инээд алдаад гүйгээд гарч одох нь тэр. Аав ч уурлаж амандаа үгэлсэн боловч, над руу сэмхэн нүдээрээ дохиход учрыг нь би ойлголоо. Тунаа гуайн өмдний салтаа онгойж, зайлуул бандааж түрсийк байхгүй байсан уу, эсвэл давхраараа зад явчихсан байсан уу бүү мэд бүдүүн гуяных нь цаанаас нь үхсэн хулгана аятай үрчийсэн хар “юм” цухуйж байсныг аав аятайхан сануулж орхитол өвгөн учиргүй сандран нөгөө муу “юмаа” хоёр гараараа цааш нь чихэж орхиход нь би ч тэсэлгүй инээд алдан гэрээсээ ээжийн араас гүйн гарч байж билээ. Тунаа гуай эл явдлаас хойш дараа жилийн цагаан сар болтол манайхаар нэг ч орж ирээгүй билээ.
Уурлана аашлана гэж ер мэддэгүй ээждээ нэг сайн балбуулах “аз” надад нэг удаа тохиож билээ. Би багаасаа анд хорхойтой, буу шийдэм үүрч, зурам туулайтай их хөөцөлдөх дуртай байж. Ээж маань үүнд их дургүй, гэвч яаж ч хориод дийлдэхгүй учир аминчлан захидаг зүйл нь:
–Миний хүү усны шувуу л битгий буудаарай, насныхаа дагуулыг амьдралдаа ганцхан удаа сонгодог болохоор нэгийг нь хороочихвол нөгөөх нь үхэн үхтлээ ганцаараа шаналдаг юм гэнэ лээ гэдэг байв. Нэг намар би бор галуу алж найз нартайгаа хээр шарж идчихээд жаахан мах өвөртлөж хариад ээждээ туулайны мах гээд өгч орхилоо. Идэж дууссаны нь дараа би:
–Та нөгөө битгий, битгий гээд байдаг амьтныхаа махыг хүртчихлээ ш дээ гэчихсэн чинь намайг уйлж байгаад галынхаа хайчаар ганц сайн гөвшсөндөө. Их ч өвдсөн, ижийн маань сэтгэл ч түүнээс илүү өвдсөнийг хожим нь би ухаарсан юм.
Оросод аспирантурт сурч байх үедээ ээжийгээ санах үедээ бас болоогүй шүлэг тэрлэх гэж оролдоно, гэвч тэр маань олигтой юм болдоггүй байлаа.

Ижийгээ би хайрлана

Ариун цагаан сэтгэлийг
Бурхан танд заяаж ээ
Ахиад олдохгүй ижийгээ
Борхон зүрхэндээ хайрлана

Эвийн уяхан сэтгэлийг
Ээж минь надад өвлүүлжээ
Энэ хорвоод таныгаа
Элэг зүрхэндээ хайрлана

Төөлөм биеийг минь төрүүлж
Туулах амьдралд хүргэсэн
Ачтай буурал ижийгээ
Амин голоосоо хайрлана

Нартын сүмбэр Хөхийн
Налгар буурал удамдаа
Намайгаа гэсэн Таныгаа
Насан туршдаа хайрлана

Үр нь ээжээ хайрладаг нь
Үйзэн хорвоогийн ёс
Үнэхээр миний түшиг
Үлэмжийн ачтай буурал даа гэж бичиж бас дуулж ч үзэв.
Намайг тэнд байхад ээж маань таван өдөр шөнө вагонд түчигнүүлэн явж ирж замдаа нилээд ядарсан боловч Москва хотыг бас үзчихээд бөөн баяр болж байж билээ. Хойтон жил нь Тогтмол эгч бас Москвад хөл тавиад их баярласан.
Бид хэдийг төрүүлж өсгөх гэж тарчигхан амьдралд нухлуулан зүтгэсээр багагүй ядарсан ч бидэндээ бол одоо ч сайхнаараа байгаа ээж минь. Бид хүнээс юм авахдаа ихэвчлэн баярладаг бол манай ээж эсрэгээрээ, хүнд юм өгөхдөө их баярлана. Нөөцлөх, хадгалах гэж ер мэдэхгүй, байгаагаа хүнд тарааж өгчихөөд өөрөө хоосон сууж байдаг хүн. Хааяа очиход хашаагаараа дүүрэн нохой, гэрээрээ дүүрэн муур тэжээчихсэн, хүний өөрийн гэхгүй хавийн хүүхдүүд хооллодог, “хоббитэй” ээж минь нэг л мэдэхэд “хотын” буурал ээжтэй маань усан дусал шиг адилхан эмээ болчихсон байлаа.
2010-03-05


Аав минь

Аавыг маань Шаарав гэдэг боловч манай нутгийнхан нь Шийлаа гэж авгайлна. Туруун суманд миний мэдэх лав гурван Шаарав байсан юм. Бүлтгэр Шаарав, Хар Шаарав, хаминдаа Шаарав гэж. Хаминдаа Шаарав гэдэг нь насаараа нярав хийсэн манай аав бөгөөд комендант гэдэг орос үг явсаар байгаад хаминдаа болж буусан хэрэг. Манай нутагт хочгүй хүн гэж ганц ч байдаггүй юм. Зарим үе тэнгийнхэн нь тарган Шаарав бүр цүдгэр Шаарав ч гэнэ. Ид барилдаж байхдаа зуу гаруй кг жинтэй нилээд биерхүү тарган хүн байсан учраас ийм хочтой болсон байх. Багадаа манай авга ах Гэжээпил лам ахынд сууж тангад ном заалгаж байгаад ламхыг 37 онд до яамныханд баригдаад явсны дараа гэртээ ирж мал маллаж байгаад цэрэгт явсан юм билээ. Аав маань цэргийн албыг долоон жил Дорнод аймагт хашсан бөгөөд тэнд байхдаа бүх цэргийн наадамд үзүүрлэж цэргийн заан цол авч байжээ. Тэр наадамд оролцохоор ганцаараа Тамсагбулагаас хөтөлгөө морьтой гарч 400 шахам км Мэнэнгийн уудам талыг туулан зам зуураа гурав хонож байж аймгийн төвд ирж барилдаад түрүүлэхэд дарга нар нь баяр хүргэж буцахад нь нэг цэрэг хань болгон явуулж байсан гэж ярьдаг юм.
Цэрэгт байхдаа маршал Чойбалсан, Жуков нарын гал зууханд хэсэг хугацаанд ажилласан нь мань хүний амьдралын хамгийн онцгой дурсгалтай мөч байсан болов уу гэж бодогддог. Түүнийгээ үе үе нутгийн хөгшчүүдэд хуучлах дуртай. Халх голын байлдаанд оруулахаар Тамсагбулагаас цааш хороог нь татаж байсан үед азаар дайн дуусч халагдан аавыг хойш нь Орос руу цэргийн сургуульд явуулахаар шийд гарсан ч нутагтаа байгаа хөгшчүүддээ сэтгэл хоргодож сургуульд нь явалгүй элдэв шалтаг заасаар буцаж ирсэн гэдэг.
Тэрээр эцэг эхээсээ наймуулаа байсан гэж ярьдаг. Аавын аав бидний өвөө Түмэн-Өлзий гэгч хүн ах дүү дөрвүүлээ байж. Түүний нэг Цөөсөө бөх нь биеэр жижиг боловч маш их хүч тэнхээтэй, нутгийнхны дунд “харгана сугалдаг” хэмээн хочлогдсон хүн. Цөөсөөгийн өргөсөн чулуу хэмээх нэгэн дөрвөлжин чулуу Их давааны аманд байсныг хүргэн Бямбасүрэн, үеэл Бат-Эрдэнэ бид гурав гурвуулаа өргөх гээд байрнаас нь ч хөдөлгөж чадаагүй юмдаг.
“Өвөл түлээ түлш хомосдох үед Цөөсөөтэй харгананд явах урамтайсан. Бүдүүн улаан харганыг бид нар шиг өргөсөнд гараа хатгуулан цавчина энээ тэрээ гэж зовохгүй, ёроолоор нь сураар оосорлоод өгөхөөр үндсээр нь суга суга татаад гаргаад хаячихна. Цөөсөөг харгана үүрээд ирж явахыг алсаас харахад бие нь харагддаггүй, өвсөн бухал хөдөлж яваа юм шиг л харагддаг” хэмээн нутгийн өвгөн Дашцэрэн гуай надад хуучилж байж билээ. Арснагийн голын адагт намагт зоогдоод үхчихсэн тарган сувай үнээг шавраас суга татаж гаргаад Арснагийн голоос Уужим булан хүртэл арваад км газар үүрээд ирж байсан тухай аав ярьдаг байлаа.
Аав маань цэргээс ирээд тэр үеийн Туруун буюу одоогийн Цагаанхайрхан суманд хүн эмнэлэг, бага сургуульд нярав хийж байгаад Баруунтуруун сум байгуулагдаж эхлэх үе буюу 1958 онд Мөндөөхөөгөөс нүүж ирж Чийбаатар, Дэмбэрэл гуайнхантай Турууны голын хөвөөнд айл байсныг би бүүр түүр санадаг. Намайг нэг ойтой, нэхий өлгийтэй байхад, миний ах Мууяаг дөнгөж төрүүт эх нь бурхан болсон учир аав минь хүлээн авч түүнээс хойш долоон дүү төрснөөр бид нэг гэрт есүүлээ бужигналдаж өссөн юм. Өөрсдөө хэдийгээр умгар гэртээ багтааж ядаж байж жил болгон гаднаас ах дүү нарынхаа нэгээс хоёр хүүхдийг сургууль төгстөл нь гэртээ бас байлгана. Тэр үед Турууны арван жил дөнгөж байгуулагдсан, дотуур байр сав ч гэж байдаггүй байж.
Мөн анхнаасаа манайд байсан гэр бүлийн бас нэг гишүүн бол буурал ээж маань буюу ээжийг багад нь өргөж авч хүн болгосон ээжийн маань эмээ Диваа болох гэж буурал байлаа. Ингээд энэ гэрт бид байнга арван хэдүүлээ. Яаж багтаж яаж хоол унд нь хүрэлцэж байсан юм бүү мэд.
Тогоо дүүрэн хярамцаг хийхэд овсгоотой нь хоёр дахьдаг олиг муутай нь хоосон шахуу хоцордог байсан гэж одоо Дариймаа ах маань хуучилдаг. Гүндсамбуу, Нямжав, Гарамдорж, Барсүрэн ах нар гээд манайхаар өссөн хүүхдүүдийг тоолбол зөндөө, зөндөө. Ядаж цагаан сараар ганц удаа ирж золгосонгүй хэмээн заримд нь аав бөөн гомдол болдог нь тэднийг бараг өөрийнхөө хүүхэд аятай боддог байснаас л тэр. Аав минь насаараа нярав хийсэн, эзэмшиж буй эд хөрөнгөнөөсөө нэг ч төгрөг дутааж байгаагүй нягт нямбай хүн. Нэг удаа аймгаас санхүүгийн гэнэтийн шалгалт ирж бүх хөрөнгийг нь тоолоод данстай нь тулгахад хоёр ширхэг барааны саван дутаж Турууныхан бөөн инээдэм болж байсансан. Хүн юм зээлэх, гуйхад “байхгүй” гэдэг ганц үгээр амыг нь тагладаг байсан хүн гэлцдэг.
Ямар сайндаа Турууны “таван бирдийн нэг гэсэн хоч зүүж байхав Таван бирд гэх сангийн аж ахуйн нярав “халзан” Бадраа, цэцэрлэгийн нярав “харамч” Гүрцоо, артелийн нярав “шар” Жамбал, сургуулийн нярав “үглээ” Банди нарын аавын үеийн өвгөчүүл. Тэд нар хүнд юм зээлнэ, хялайлгана гэж ёстой гонжийн жоо. “Тэднээс юм гуйснаас тэнгэрээс хур гуйсан нь дээр” гэж Турууныхан ярьцгаадаг байсан юм. Аав маань биднийг үе үе “чадна”, тэр зан нь бидэнд бас өвлөгдсөн юм шигээ. Оросод оюутан байсан үе. Нэг зун би амралтаараа гэртээ ирчихээд бараг хагас жил цуглуулсан мөнгөөрөө худалдаж авсан хос “Wrangler” жинсээ өмсөж гангарах гэтэл өвдөг, бөгс, тохой нь энд тэндгүй цайчихсан байгааг аав харснаа:
–Миний хүү аавынхаа дээлнээс дор гандчихсан хувцас өмсөх муухай юм биш үү гэж байна. Тэгэхээр нь явуулмаар санагдаад “тэгвэл та авах уу” гэсэн чинь дуртай нь аргагүй “тэгье л дээ” гэж байна. Тэр өдрөө аав нөгөөхийгөө өмсөж аваад хашин хул морио унаад гарч өгөв өө. Турууны залуучуудын нүд нь орой дээр гарч Шийлаа өвөө хос жинстэй явж байна гээд дагаж гүйлдээд л шуугиж өгнө биз дээ. Орой нь аав их л ууртай орж ирснээ нөгөөхийг минь учир зүггүй угзчиж тайлаад над руу буцаагаад шидчихэж билээ.
Амьдрал тарчиг, олон хүүхдээ хооллож ундлах амаргүй байсандаа л тэгдэг байсан байх аав маань хааяа нилээд үглэнэ түүнийг нь зогсоох их амархан. Ээж нэг удаа сайн уурлуулахад л болоо. Уурлахаараа дуугаа хураачихна, заримдаа бүр долоо хоногоор дуугарахгүй шүү. Энэ үед бид түүнээс их айна, бүр хоорондоо ч чанга ярихгүй дээ.
Хүүхдээ загнана, зодно гэж ер үгүй. Харин Мууяа ах л хааяа нэг сайн ‘чимхүүлдэг’ байсан санагдана. Мууяа ахын яагаад ч юм нүүр ам, гар хөл хамаг юм нь нил черниль болчихсон тууж явна. Тэр үеийн хөх черниль угаагаад угаагаад арилна гэж нэг байхгүй. Нэг удаа аав түүнийг барьж аваад хашраах санаатай өмдий нь шувталтал бөгс нь хүртэл хөх алаг болчихсныг нь хараад инээдээ барьж чадалгүй буцаагаад тавьчихаж билээ.
Аавд нэг инээдтэй зан байсан нь элдэв өт хорхой хулгана шавьжнаас сүнс нь зайлчих дөхдөгсөн. Хүзүүн дээр чинь хачиг гэх юм уу нуруун дээр чинь үстэй хорхой гэнгүүт л алив аваадах гэсээр нүүр нь байдгаараа улайчихсан хүзүүгээ сунган ээж рүү босон харайдаг байсансан. Гэрийн хоймроор ор засан унтахдаа дээл даавуу, элдэв бусын юм мушгин өөрийгөө тойруулж тавих нь хулганаас өөрийгөө хамгаалж хил тогтоож байгаа хэрэг. Бид хоёр нэг удаа анд явж замдаа Тарвагат хар усны хэдэн цохионы өвөрт тохмоо дэвсэж аваад хонолоо. Аав маань шөнөжин дөрөөгөөрөө хад балбаад унтуулсангүй. Маргааш өглөө нь би “яаваа” гэсэн чинь “Хулгана энд тэнүүгээр гүйгээд.. чи мөн бөх нойртой хүн юмаа” гэсээр хүзүүгээ шөргөөж суусансан..
Үдийн цайгаа уучихаад гэрийнхээ хойморт тухлан нүдээ анин хэвтэж байхдаа намайг толгойныхоо хажууд суулган Бальзакийн “Обломов” Р.Таагүрийн “Гора” гэх мэт зузаан зузаан номуудыг чанга дуугаар уншуулах дуртай. Дээр нь бас болоогүй сахлаа зулгаалгана. Зулгаасан сахлаа бас тоолох ёстой, нэг удаадаа зуу хүргэж байж сална даа. Мууяа ах энэ тэр бол алгасч тоолж байгаад баригдана, харин би яг яс зулгаадагт аав дуртай байлаа. Орой бүр охидуудаараа нуруугаа маажуулна, нурууг нь маажихын өмнө бас хумсаа авсан эсэхээ шалгуулна. Энхбатыг сайн мааждаг гэж магтаан сайшаана, харин Бадагт “хумсаараа нуруу урдаг” гээд жаахан тиймэрхүү.
Маршал Чойбалсан болон гучин долоон оны их хэлмэгдүүлэлт, Ханхөхийн хүрээг дотоод яамны төлөөлөгч Омбо, Гарамдорж нар ирж устгаж байсан тухай, феодалын хөрөнгө хураалтын тухай, мал сүргийн тоог таван жилийн дотор 200 сая хүргэх шийдвэр, ноосны төлөвлөгөө биелээгүй үед үстэй дээлээ бараг хайчилдаг байсан, Чойбалсанг нас барах үед намын ухуулагч нар нь “Маршал байхгүй бид одоо яанаа” гээд хэнгэнэтэл уйлалдаж байсан тухай, Сталин, Хрущев нар болон ЗХУКН-ын онц XX их хурлын тухай гээд дуусашгүй урт түүхийг аав үе тэнгийнхэнтэйгээ хуучлах үед нь “үгэнд дурласнаас” болж заримдаа хөөгдөх боловч орон доогуураа орж хэвтэж байгаад томчуудын ярианд чихээ дэвсдэг байсансан. Тэр үед хөдөө орон нутагт зурагт энээ тэрээ гэж байсангүй, Монголын радио, “Үнэн” сонин хоёроор л хорвоог төсөөлнө. Хааяа намын гишүүдэд хаалттай мэдээ ирэх боловч би түүнийг нь аав Бадрай гуай хоёрын ярианаас дээрх маягаар төвөггүй олж авдаг байв. Хоёр өвгөн 1968 онд оросын цэрэг Прага руу орсон тухай, Америкийн ерөнхийлөгч Кеннедийг Даллас гэдэг хотод буудан хөнөөсөн тухай гайхшран хөөрөлддөг байсансан.
Тэрээр мөн мундаг гарын дүйтэй хүн байсан. Зураг зурна, модоор сийлбэр хийнэ, ихээхэн гал түлж хөөрөгдөж байгаад мөнгөн бөгж, бугуйвч хонх бас цутгаж хийнэ. Түүний хийж ах дүү нартаа бэлэглэсэн мөнгөн хонх бугуйвчнууд одоо олон айлд бий дээ. Аавын хийсэн хачин гоё зүмбэр Улаангомын музейд одоо хүртэл хадгалагдаж буй. Оросод сурч байхдаа би аавыгаа нэг удаа ч гэсэн баярлуулахаар урилгаар авч явж Москва, Ленинградыг үзүүлсэн юм. Тэр тухайгаа дараа нь Гэндэн гуай, Чимэддорж гуай, Бадраа гуай Малиа начин гээд үеийнхээ хөгшчүүддээ бараг бүтэн сар ‘лекц’ уншсан гэнэлээ.
Аав минь 84 насыг зооглоод бурхан болсон. Хэдий нас өндөр болсон ч өвдөж шаналж өөрийгөө ч, үр хүүхдээ ч нэг ч удаа зовоогоогүй их буянтай хүн байж дээ гэж бодогддог. Архи тамхи огт хэрэглэдэггүй маш тэнхлүүн чулуу шиг биетэй хүн байсансан. Өөд болдгийн нь өмнөхөн эмч тариа хийх гэхэд ихэд айж сандраад байхаар нь яасан юм бол гэсэн чинь насандаа судас тариа хийлгэж үзээгүй байсандаа тэр байж.
Миний амьдралдаа мөрдөж явдаг “Хүнд муу юм битгий хийгээрэй эргээд өөрт чинь, бүр үгүй юмаа гэхэд үр хүүхдэд чинь хүнд гай тусдаг юм шүү” гэдэг үг аавын минь олон захиасуудын нэг юм шүү.

Бал даргыг оргуулсан минь

1990 оны хавар ардчилал Монголд ид бужигнаж байсан цаг үед би Москвагийн их сургуулийн аспирантурт сурч байлаа. Тэр үед Москвагийн ойролцоо Подольск тосгон дахь Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд Даваахүү, Бат-Эрдэнэ гэж үе тэнгийн хоёр залуус бас сурдаг, амралтын өдрүүдэд бид хэд манайд голдуу цуглаж “улс төрждөг” байлаа. Ярианы маань гол сэдвийн нэг мэдээж Цэдэнбал дарга.
Ардчиллыг Даваахүү бид хэд бүхий л талаар талархан хүлээж авсан боловч Монголд болж байгаа ганцхан юман дээр санал огт нийлдэггүй байсан нь Бал даргад элдэв нэр хаяг зүүн гоочилж эхэлсэн зүйл. Сайндаа ч биш, биеэр маань “Увсын цус” гүйж байсандаа л тэр байх. Бал даргаас одон медаль, цол, зэрэг бүгдийг хураан авч намаас нь хүртэл хөөж байсан тэр хавар одоо хүртэл миний санаанаас гардаггүй юм. Гэхдээ үүнийг муу нэртэй, луу данстай нөгөө ардчиллын “хэдэн банди нар” биш Ху намын хулгарууд өөрсдөө санаачлан хийж орхисон нь бүр гайхшрал төрүүлэм. Нас өндөр болж өвчинд нэрвэгдсэн хөөрхий тэр өвгөн үүнийг сонсоод:
-Миний нам намайг хөөх ёсгүй... Тэр бол миний нам биш байна гэж аяархан хэлсэн гэдэг. Тэр үед ихээхэн сүр дуулиантай хурааж авч байсан биднийг Подольск явах бүр замд харагдах түүний хувийн орон сууц гэдэг нь одоо манай баячуудын бариулаад байгаа харшуудын дэргэд нэг муу хөгийн амбаар л байсан байхгүй юу.
МГУ-гийн оюутны байрны долоон давхрын умгар өрөөнд оюутан байх үеэс энэ сургуульд хамт сурч бие биенийгээ сайн мэдэх болсон Бал даргын дүү Аюуш гуайн охин Буянтөгс гэж эмэгтэй тэр үед бас сурч амьдарч байлаа. Буянаа Бал даргынд багаасаа өссөн, мөн тэднийхээр үргэлж очиж хоёр хөгшнийг асарч тусалдаг байсан учир би түүнээс тааралдах болгондоо өвгөний биеийг асуухаас цаашгүй.
Миний аав Бал даргатай нас чацуу өвгөн Увсын Баруунтуруунд амьдардаг, намайг амралтаараа зун очих бүрт аав надаас Бал даргыг асууна,
-Чи чинь Москвад нэг дор байж ганц удаа гэрээр нь ороод биеий нь асуугаад гарахад болохгүй нь юу байх билээ гээд л үглэнэ. Аав маань түүнийг тусгай хамгаалалтанд байдаг, хэн ч уулзах боломжгүй гэдгийг яаж ч ухаарах билээ. Яг л хамар хашааны Бадрай гуайнд ороод гарахтай адил юм бодно.
90 оны тэр намар Буянаатай уулзаад ярьж байсан чинь тэрээр:
-Чи юу гэж бодно, цаадах өвгөн чинь нутгаа санаад эгээ л галзуурах гэж байх шиг байна. Гэртээ уншиж байсан сонингийнхоо булан захаар нь хуучин монголоор “Чи гэртээ харь, Чи гэртээ харь” гээд дүүрэн эрээччихсэн уйлаад сууж байсан гэхийг сонсуут самсай шархирч, тэр оройгоо муу улаан “Ладагаа” асааж аваад Даваахүүгийнд давхиж хүрлээ.
-Ерөөсөө цаад өвгөнийг чинь нутгийг нь бараадуулбал яасан юм. Би Москвагаас Кызыль рүү онгоцоор авч явахыг нь хариуцъя, чи цааш нь Самгалтай хавиар аргалаад хил давуулчихсан цагт цаашдаа юу л болбол болог гэх ухааны юм ярьсан чинь нөгөөх чинь хөөрцөглөж байгаа гэж жигтэйхэн. Тэсийн “юм” болохоороо тэдний хамаатан саднаас ганц хүн бүү хэл азарга адуу, сүрэг үхэр давуулчих хамууд захаас аван олдоно гэлээ. Бат-Эрдэнэ бид хоёрын яриаг сонсчихоод:
–Наадах чинь бүтэхгүй та хоёр алуулна гэж байсан боловч сүүлдээ уярч бид хоёртой хүч хавсрах юм болж байнаа. Мэдээж бидэнд тэр үед ямар нэг улс төрийн ашиг хонжоо, нэр алдар олох гэсэн ч юм уу атгаг санаа байсангүй, гагцхүү насаараа бидний төлөө зүтгээд эцэст нь өрөвдөлтэй байдалд орчихсон аавтайгаа адил өвгөнийг нутагт нь аваачиж ясыг нь тавиулах боломж олгох зорилго агуулсан царай нь тэр.
Би Москвад аэрофлотын кассны нэгэн эмэгтэйг сайн таньдгийн хувьд орон нутгийн рейсээр Зөвлөлтийн аль ч хот руу нисэхэд түвэггүй байсан юм. Тэр үед ЗХУ-ын өөрийнх нь иргэдэд дотоодын нислэг маш хямдхан байсан учир би хэн нэг буриад ч юм уу казак найзынхаа паспортоор тийз бичүүлж аваад Москвагаас Улаан-Үдээр дамжин жилдээ хоёр удаа харьдаг, нутаг нэгт найз нартаа ч шаардлага гарсан үед нь ингэж тусалдаг, мөн нисэх буудлуудын хяналт шалгалт ч одоогийнхтой адилгүй задгай үе байлаа.
Ганц удаа боловч аавынхаа захиасаар Бал даргын гэрт нь очиж уулзах боломж гаргаж өгөхийг нэг удаа гуйхад Буянаа эелдгээр татгалзаж:
–Тэр бүтэхгүй, харин чи Лениний уулан дээр боломжтой өдрөө яг хоёр цагт байж бай би салхинд гаргахаар аваад ирье, тэгээд л уулзахгүй юу гэж ярьснаас л түүнийг оргуулах төлөвлөгөөг бас хэрэгжүүлж болохоор санагдаад явчихсан хэрэг. Дараахан нь дурьдсан өдрүүдэд Лениний уулан дээр товлосон цагаас өмнө би хэд хэдэн удаа очиж ажиглалт хийхэд нүдэндээ хар шил зүүсэн, хоёр зэвүүн эр аль хэдий нь “байраа эзэлчихсэн” хөлхөж харагддаг нь нүдэнд шууд тусаж өвгөнтэй уулзах учрах, оргуулах талаар мөрөөдөхийн ч хэрэггүй гэдгийг ойлголоо.
Одоо ч Леонид Шинкарёв гуайн Бал даргын амьдралын тухай бичсэн дурдатгалын номноос тэрээр амьдралын сүүлчийн өдрүүдээ хүртэл ямар хатуу мөрдлөг хамгаалалтан доор байсныг уншаад юун бид нарын тэр үед бодож ярьж байсан зүйлээ санахаас хөх инээд хүрэх шиг болдог юм. Гэхдээ л хэрвээ бид үзээд алдсан бол яах байсан болоо гэж бодохоор бас сонин.
Аав маань тэр үед амьд сэрүүн байсан болохоор юу ч болсон намайг зэмлэхгүй харин “оргуулалт” бүтсэн бол үнэхээр үхтлээ баярлах байсан юм шүү.

Өдрийн сонин 2005-02-02 # 031