Monday, March 26, 2012

Ангийнхандаа илгээх захидал

Манай ангийнхан өнгөрсөн намрын нэгэн урт шар өдөр нийслэл хотдоо тал талаас цуглацгааж, Туруун нутаг, төгссөн сургууль, ачит багш нар, анги хамт олноо дурсан хоёр өдөр нэг шөнийг хамтдаа өнгөрүүлэв ээ. Энэ уулзалтанд оролцохоор алс холын Улаангом сумаас пургон машин хөлслөн гарсан хэд маань 1400 гаруй км-ийг хоёрхон хоног туулж, өдөр шөнөгүй довтолгож ирсэн байлаа. Дал хол гарчихсан Өсөхөө багшийгаа энэ холын замд ядраа болов уу? гэж жаахан санаа зовж суусан чинь “дажгүй ээ” гээд инээчихсэн сэмбэлзэж явна. Дөчөөд жилийн өмнө 1974-ны 9 сарын 1-ний намрын нарлаг өглөө сумандаа хамгийн том хоёр давхар сургуулийнхаа өмнөх талбай дээр тоодон хөх даалимбан дээлтэй сөөсгөр хэдэн банди нар, ногоон дээлтэй, улаан хацартай, салаа гэзэгтэй охидууд сум сумаараа ялгаран бие биеэсээ бишүүрхэн зогсож байсан үеийг эргээд санахад саяхан мэт. Захирал Цэвгээ хичээлийн шинэ жилийн нээлтийг удирдан товчхон үг хэлсний дараа “хичээл анги” Батсүх багш намуухан боловч цовоолог дуугаар сургуулийн дотоод журмыг цаг шахам танилцуулж байсан нь одоо хүртэл чихэнд сонсогдох мэт. “Сурагч бүр өглөө хичээлдээ ирэхдээ дээлийнхээ заханд цагаан даавуу хадсан байх, түүнийгээ хоёр хоног тутам угааж индүүдсэн байх ёстой, нусны болоод гутлын алчуур нижгээдтэй байх бөгөөд энэ бүгдийг жижүүр ангийн сурагчид сургуулийн гаднах хаалган дээр өглөө бүр шалгаж оруулах үүрэгтэй, сургууль анги танхим дотор хараалын үг хэлэх, гүйж харайх, бархирах дуулах, барилдах ноцолдох хориотой, хог цаас, шүлс цэрээ хаяхгүй, хана шал харлуулахгүй байх гээд дэг журам бол туйлын хатуу байлаа.

Энэ бүгдийг санаад өнөөдөр эргээд бие бие рүүгээ харсан чинь еэ бүү үзэгд. Хорвоогийн хатуу амьдралын нугачаанд нухлагдсан бидний нүд шүд, зүс царай танигдахын аргагүй өөрчлөгддөг юм байна. Дүгэржав доктор, Доржрагчаа генерал хоёрын маань үс нь бүү хэл сахал нь хүртэл Богд уулын арын мод шиг бууралтсан байна. Саарал ордноос гарч бараагаа бидэнд нэг их харагддаггүй болохоор Цэнджавын маань нүүр царай бусадтайгаа харьцуулахад арай толигордуу юм уу гэлтэй. Харин жилийн дөрвөн улиралд мөнхийн гадаа гандаж хөдөө хөхөрч явсан гэхэд Даваанямын хацар нүүр пудртчихсан охидуудынхаас маань дутахгүй өнгөлөг цагаан гөлчгөр харагдана. За энэ яахав, хамгийн хөгжилтэй нь бид зарим нь дөчөөд жил бие биенийгээ хараагүй учир танихгүй нилээд будилсны зах зухаас дурьдахад хэн нэг нь Цэвээн багш руу заангаа “энэ чинь манай ангийн хэн гэдэг охин билээ?” гэж шивнэн асуусан нь жинхэнэ супер онигоо болсон юм даа.

Хот хүрээ рүү тэр болгон орж ирээд байдаггүй андууд маань, бидний дунд “ордны буг” гэж хочлогддог, засгийн гарын хэрэг эрхлэх газрын түшмэдийн албыг гуч гаран жил хашиж байгаа Цэнджавынхаа буянаар төрийн ордны баганат танхимд орж есөн цагаан тугандаа мөргөж, зураг батиараа хамтдаа татуулах аз завшаан тохиов. Дараа нь хотын их утаанаас зайдуу Сэлбийн амралтын хоёр давхар байрыг ангиараа эзэгнэж, халуун дурсамжаар дүүрэн хоёр хоногийг өнгөрөөсөн юм. Хүн бүр үгээ хэлж, байнга зүрхэнд шар ус хуруулдаг байсан багш нартайгаа энэ удаа айж ичилгүйгээр хундага тулгаж, дуулж бүжиглэв. Зарим нь бие биендээ жаргал зовлонгоо ярьж зүрх сэтгэлээ уудалж, уйлж мэгшив, ер нь уулзаагүй удсан нөхөд яадаг билээ дээ, яг тэр бүхэн болсон юм.

Бид анх тавин долуулаа сургуулиа төгсөөд их амьдралын мөрөөр Туруун голын хөвөөнөөс тал тал тийш таран одсоноос хойшхи энэ он жилүүдэд наймынх нь суудал эзгүүрсэн байлаа. Тэдний ар гэрийнхэнтэй байнга холбоотой байж үр хүүхэд хань ижилд нь хэрэгцээтэй үед нь тусалж байхаар тохирч “Туруун-76” нэртэй ангийн сан байгуулцгаав. Сангийн нярваар Сээмээ томилогдож, Батсүх багш маань халуун дулаан үгээ хэлж энэ санд анхны хандив өргөсөнд бид маш талархав. Насаараа газар тариалантай ноцолдож, нутгийнханд сайн муугаараа дуудуулж яваа “Апэндээ” хочит Давааням маань таван тонн будаа ангийнхаа санд өргөж, түүнийг харин нутгийнх нь газар шороонд тарьж ургуулж, арчилж хамгаалах ажлыг нь Турууны уугуул Ганболд инженер буюу бидний хочилдгоор “Хар Гаанжаа” маань хариуцахаар болов. “Хичээл анги” Батсүх, ангийн багш Өсөхжаргал, алгебрын Оюунцэцэг, уран зохиолын Цээзмаа, биеийн тамирын Цэвээн, биологийн Бөөриймаа багш нар үг сургаалиа айлдав, талархлын хундага өргөцгөөв.

За ингээд ёслолын арга хэмжээ дээшилсний дараа ангийнхны халуун яриа өрнөснийг хаалттай хуралдааныг эс оролцуулан ирээгүй хэддээ сонордуулбал бас сонин байх болов уу.

“Асуулт байна. Ардчилсан намаас нөхөр Дүгэржав их хуралд нэр дэвшээд 2008 онд Баруунтуруунд явж байхад ангийн найз Ганболд та агт морь нэгийг бэлэглэсэн гэж сонсогдсон, түүнийгээ өгсөн үү?” гэж нэг нь сануулахад мань эр өөдөөс нь “Танай Тэсийнхэн тэр намар нь аваад одсон сурагтай байна лээ, нутгийнхнаасаа асууж олж ав” гэчихээд жишим ч үгүй суухад нь бид татаж унацгаав..

..Тэр үед найман жилийн сургалттай Тэс, Зүүнговь, Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан, Хяргас гээд зургаан сумдаас сурлага, сахилга батаараа шигшигдсэн хүүхдүүд сум дундын ганц арван жилийн сургуультай Баруунтуруунд ирж, хоёр жил дотуур байранд сууж, аравдугаар ангиа төгсгөдөг байлаа. Зориулалтын байргүй учир биеийн тамирын хичээл аль ч улиралд гадаа орно. Өвөлд нь цана тэшүүрээр нилээд нүдүүлдэг, хавар намарт нь гүйлт харайлт гэсгээд хөнгөн маягаар голдуу цаг нөхцөөдөг байлаа. Биеийн тамирын багш Цэвээнээр загнуулан байж тэшүүр углангаа мөсөн дээр тархиараа саваж унаж байгааг нь эсвэл цана анх удаагаа хөлдөө баглачихаад баавгайн бамбарууш аятай эв хавгүй паацганах нэгнийгээ хараад бид хэд үхтлээ шоолдог байж билээ. Миний мэдэхээс Ганболд заан, Жамьян хоёр мөн ч олон цана хугалж “өрөнд орцгоосон” доо. Авьяаслаг нэг нь тэр дорхиноо нөгөөдхийг нь сурч хатуу шаардлагатай багшийнхаа ачаар цана, тэшүүрээр аймагтаа бүү хэл баруун гурван аймагтаа түрүүлж шалгаран тэр үеийн хүүхэд бидний мөрөөдлийн их хот Улаанбаатар явдаг байсны нэг нь манай ангийн “гүйдэг хар” хочит Арьяа байв. Тэрээр сүүлд нь улсын аваргын тэмцээнд хэд хэдэн удаа шалгарч, хожим нь бүр тавь гарсан хойноо Энэтхэг улсад зохиогдсон ахмад тамирчдын олон улсын марафон гүйлтийн тэмцээнээс мөнгөн медаль авч байсан “гүжирмэг охин” билээ.

Хичээл оруулахгүй эртхэн тарах гэж яндангаа сугалан ангидаа утаа тавих, хүйтэн ангид дулаацах шалтгаар дээлийнхээ сугыг ханзартал барилддаг байсан бидний дундаас хожим нь дэлхийн аварга, улсын заан, гавьяат тамирчин Ганболд маань тодрон гарсан юм.

Магнитофон, гитар энээ тэрээ гэж байсангүй, баян хуур, бөмбөрийн хослолоор мөсний хонгил шиг хүйтэн зааланд тоос манартал бүжиглэх, эсвэл захирлын захиалгаар аймгаас ирсэн эх орны дайны тухай уран сайхны кино үзэх л хүүхэд бидний зугаа цэнгэлийн манлай болдог байжээ.

Бидний хэн бүхний айдас, хүүдсийг төрүүлдэг хүмүүс бол хоёр Цэвгээ байлаа. Нэгийг нь эмэгтэй Цэвгээ, нөгөөг нь захирал Цэвгээ гэнэ. Хоёулаа адилхан дуу чангатай, нэг нь бүр хоолойн хүч мөхөсдөх үедээ үлээдэг төмөр шүгэлтэй. Одоогийн замын цагдаа нарын шүглийн дуу түүний хажууд юу ч биш. Сургуулийн дотуур байранд амьдардаг хэдийг долоо хоног болгоны Бямба гарагт хүчээр усанд оруулж үйлийг нь үзнэ. Энэ үеэр эмэгтэй Цэвгээ “чангалж” байгаад эрчүүдийг бүгдийг нь чармай нүцэглүүлнэ, тэгснээ хэн нэгнийх нь бөгсний харыг гайхаж өөрөө тачигнатал хөхрөх нь бүр зэвүүн. Даваасамба маань халуун усны ээлжтэй өдрөө айл хэсэж яваад хоцорчихоод ариун цэврийн үзлэгт “фактлахгүйн” тулд тасагтаа чармай нүцэглэн төмөр ваннд усанд орж байгаад Цэвгээ захиралд баригдаж, маргааш нь ангийнхныхаа өмнө “хар бөгст” нэрээр цоллуулсан гээд хэрэг зөрчил ер тасрана гэж үгүй.

Хааяа бид цуглаж нийлэх үедээ Цэвгээ захирлыгаа дурсахгүй өнгөрнө гэж бараг байхгүй дээ. Майн нэгний парадын бэлтгэл марш алхуулдаг байсныг нь, эсвэл арван нэгэн сарын сүүлчээр дотуур байрны хүүхдүүдийн идэшний малыг хөвгүүд нь нядалж, охидууд нь гэдэс дотрыг нь цэвэрлэдэг байснаа, түүний шүглийн дуу өглөө бүр тачигнаж намрын хяруу буусан зэврүүхэн өглөө биеийн тамирын талбайг тойрон гүйдэг байснаа хүн бүр л ам уралдан ярих дуртай.

Соёлт хүнд наад зах нь нусны, хөлсний, амны гэсэн гурван алчуур байх ёстой” гэнгүйтээ өөрөө гурван өөр өнгийн алчуур гаргаж, тус бүрийг нь зориулалтаар нь хэрэглэж үзүүлчихээд Ийм байдаг юм, гэтэл та нарын заримд нь ганц ч алчуур байхгүй, зарим нь ганц байдгаараа бүгдийг холиод арччихдаг гэх мэтээр биднийг сургадаг байсныг хэн ч мартаагүй.

Өвлийн амралтаар багш нараа дайчлан сургуулийн хөлдүү жорлон ухуулна, намар ахлах ангийн бүх сурагчид бүгдээрээ сургуулийн түлшний мод бэлтгэхээр ууланд явна, САА-н хадлан, тариа, ногооны бүх ажилд дайчлагдана. Бид ингэж нухлуулснаар муудсан юм байгаагүй, харин ч багагүй ажлын дөр амьдралын туршлагатай болсон юмдаг.

Захирлын маань хамгийн ад үздэг хувцас бол монгол гутал, орос бахиал хоёр байлаа. Яагаад гээч, монгол гутал нь монголчуудын хоцрогдлын илэрхийлэл, орос бахиалыг болохоор сургуулийн хана, шал харлуулдаг, түүнийг нь угааж зүлгээд арилна гэж байдаггүй учраас тэр. Дотуур байрныхныг цуглуулж хуралдуулж байгаад олны өмнө Ганбаагийн өнөөх гайтай орос бахиалыг нь тайлуулж, харласан ороолтоо угаахыг шаардаж, гөжөөд хөдлөхгүй болохоор нь захирал өөрөө угааж үлгэрлэж байсныг ангийнхан маань санаж байна уу?

Гуравдугаар цагийн завсарлагаа болгоноор багш шавь ялгалгүй хөхөө өвлийн хүйтэнд бүгдийг нь хөөж гаргаж байгаад гимнастик хийлгэнэ, өрөөсөн хөл дээр нь босгож суулгана. Сууж босож чадахгүй нэг нь салтаа руугаа өшгөлүүлнэ. Өөрөө тэрээр махлаг тарган, тавь хол гарсан хэрнээ өрөөсөн хөл дээрээ хэд л бол хэд сууж босож чадна. Захирлын хэлдгээр “нялцгай биетнүүд” бидэнд бол тэр нь ёстой давахгүй даваа байлаа. Дөлгөөхөн, дуу цөөтэй Жанчив багш маань түүний өмнөөс ам ангайхаас эмээдэг байсан бол нөгөө ангийн багш Өсөхөөгөөс маань захирал жаахан жийрхдэг байсан болов уу гэж боддог. Ер нь ямар ч догшин эр, эмэгтэй хүний өмнө жаахан хулчгар байдаг нь хорвоогийн жам ёс юм даа.

“Говийн” Батжаргал, “Хайрханы Догоо” гээд дуучин охидуудаас гадна онгод нь орвол ганц нэг шүлэг толгой холбоод уншчихдаг “их” Доржрааг бол захирал нэг нүдээрээ үзэхгүй. “Та нарын урлаг уран сайхан гэж юу байсан юм, хичээлээ дийлэхгүй байж” хэмээн зандчих нь энүүхэнд. Цэвгээ захирлаас гадна “химийн” Чулуун, “байрны” Цэрэнсамбуу гэж хүүхэд бүрийг айлгадаг ширүүн багш нар цөөнгүй байлаа. Хэл уранзохиолын “Го” буюу Гомбожав багшийг бид монгол дээл, дэгжин щляпнаас салдаггүй болохоор тэр үү, хааяа “Малчин” сонинд шүлэг өгүүллэг нь нийтлэгддэг болохоор ч юм уу “Хөдөөгийн Нацагдорж” хэмээн хүндэтгэдэг байсансан.

Тэсээс ирсэн хүүхдүүд орос хэлэндээ Хангайнханыг бодвол арай дөмөг. Манай ангийн Нямжав мэт нь хил орчмын Тувачуудтай нийлж хулгай хийсээр байгаад хэлэндээ сайжирсан ч гэж явуулцгаадаг байв. Цэвээндээ, Нямжав хоёрынхоо орос хэлний мэдлэгийг Тэсийнхэн гайхан шагширцгаахад нь Ганболдынхаа бяр чадлыг магтан Өндөрхангайнхан хөөрцөглөдөг байлаа. Ганбаа маань тэрхэн үедээ ноцолдоход бидэнтэйгээ аваа өгөөтэй байснаа өсвөр үеийн үндэсний бөхийн улсын аваргын тэмцээнд хот руу яваад ирсэнийхээ дараа маниасаа хол тасарчихсан байсан.

Шатраар Доржрагчаа, Дүгэржав, Давааням, Буяндэлгэр нар хоорондоо ан мана үздэг байлаа. Хамгийн өрсөлдөөнтэй хичээл бол математик байсан. Дамдинхүү, Рашзэвэг бид хэд сэтгэлгээний бодлогын зангилааг бие биенээсээ түрүүлж тайлах гэж мөн ч их ач тач үзэлцсэн дээ. Аймагт болох математикийн олимпиадад бэлтгэж байгаа нь гэж гуравдугаар улирлын амралтаар хэдүүлээ сургууль дээрээ үлдэж, тоо бодохоосоо өмнө дотуур байрны жижиг өрөөнд тоос манартал барилддаг байлаа. Ээжийн хийж өгсөн сэгсүүргэн дээлнээс өөр олигтойхон солих хувцасгүй байж, “ганц дээлт барилдаач, ганц морьт уралдаач” гэдэг шиг хормойг нь шууж байгаад нөгөөдүүлтэйгээ үзээд явчихна. Ээж маань энд тэндхийн мөн ч олон хүүхдийн суганы ханзархайг нойлын бүдүүн утсаар шидэж торгойж өгсөн дөө.. Бөөрийг нь улайстал галласан дотуур байрны зуухан дээр бие биенийхээ нурууг арай л шарчихаагүй ч, төмөр орны өнцөг юм уу шал мөргөж мөн ч олон нь духаа шалбалсан даа.

Үдийн хоолондоо ороод ирсний нь дараа дотуур байрныхнаас анги дүүрэн жигнэсэн манжин ханхлах нь өглөөнөөс хойш аяганы ам зуугаагүй Турууны төвийн бид хэдийн ходоодыг хоржигонуулна. Дүгэржав нэг удаа аягатай хөц будаагаа адууны тэжээл хэмээн идээгүйгээсээ болж, Цэвгээ захирлаар жилийн турш бангадуулж, “идэх юмгүй гуйлгачин байж хоол голдог” хэмээгдсэн бол дээд ангийн Сүхээ харин маанны кааш шунан идсэнээсээ болж пологтож, “бөөлж” хочтой төгссөн юмдаг. Дүгэржав захиралтай ингэж муудалцсанаасаа хойш арваа төгсөхөд хэдхэн сар дутуу байхад аймгийн төв рүү эгчийгээ бараадахаар дутаачихсан юм. Ингэсэн нь зөв болж, хожим нь шинжлэх ухааны доктор хэмээх хүндтэй хэргэмийг өвөрлөх эхлэлийг тавьсан байхыг ч үгүйсгэхгүй ээ.

Гучин таван жилийн тэртээх хаврын тэр нэгэн өдрүүдийг санацгаая. Тавин долуулаа Турууны сургуулиа орхин хэн нь хаана очиж хувь заяаны төөргөөр хаана очиж, хэнтэй учрах нь тодорхойгүй, бид хэдийг хамгийн түгшээж байсан зүйл бол аймагт болох конкурс л байлаа шүү дээ. Чухам эндээс л ирээдүй тодордог тэр үедээ бидний өмнөө тавьсан хамгийн том зорилго нь цаашид суралцаж эрдэм мэдлэгээ ахиулах л байсан. Хэрэв энэхүү хүсэл мөрөөдөл нь өнөөх конкурсаар хаагдчихвал чадах ядахаараа ажиллаж, зүтгэж хэнээс ч дутахгүй амьдрах гэсэн чин эрмэлзэл байсаан. Ийм л мөрөөдөлтэйгөөр хүүхэд насаа ардаа орхин явцгааж байсан тэр үе маань нэг бодлын саяхан мэт. Конкурсанд явахаар Нямнаа жолоочийн ачааны тэрэгний тэвшинд суухын өмнөхөн захирал маань дотуур байрны гал тогоонд гадна дотнын гэлтгүй бүгдийг нь урин том том аягатай гурилтай шөлөөр дайлж, ширээн дээр тавьсан гангар шаазан бүрт дүүртэл нь хийсэн тарагаа амжилт хүсэн тулгаж уугаад хөдөлцгөөж байлаа.

Өнөөдөр уулзаад харахад их сонин дүр зураг нүдэнд буух шиг. Бие биенийхээ өвөр лүү гурвалжилж эвхсэн захиа чихээд л сүйд болцгоогоод байсан хирнээ эцэст нь Идэш Оюунчимэг хоёроос маань бусад нь өөр нутгийн хүргэн, бэр болох хувь тавилантай байсан бөгөөд одоо бүгдээрээ аль хэдий нь өвөө эмээ нар болсон байна. Харин Чимидээ маань чалх зааж, хамгийн отгон охинтой болж таарлаа. Нөгөө давжаа биетэй Бэгзээ маань Хөдөө аж ахуйн дээдэд ирж суга өсөж том эр болчихоод, Мал аж ахуйн хүрээлэн гэдэг газар ямаа хөөгөөд байна гэнэ гэж дуулдаад байсан, хожим нь ангийнхандаа ч хэлж мэдэгдэлгүй түүгээрээ доктор хамгаалж гэнээ гэж сонсогдоод байсан. Одоо харин ямаагаа орхиод авааль эхнэртээ уусаж, мэргэжлээ ч бас солиод хүлэмжний шинэ ногоогоор хотынхныг хангадаг агрономч-менежер болсон байна.

Гавьяат Ганбаагийн араас алдарт гурван Д-нүүд цол зэрэг, амжилтаараа анги хамт олноо хошуучилж яваа юм байна. Дүгэржав доктор Өмнөт туйл руу ойр ойрхон гурвантаа зорчиж, Антарктид судлаач болсон төдийгүй, Монгол улсаа энэ салбарт тэргүүлэн одоо тэнд өөрийн гэсэн “газартай” болохоор эрчимтэй хөөцөлдөж явна, Доржрагчаа ангиасаа төрсөн анхны генералаар тодорч, өмссөн зүүсэн нь холын холоос бараа сүртэй харагдаж байна, харин “Хяргасын” Даваасамбуу маань бэлхүүсээрээ нилээд бүдүүрсэн төдийгүй мөрдсөн дээрх өлзий утаснууд нь бас эзнээ даган томорч, хурандаа цолтой, Хил хамгаалах ерөнхий газрын санхүүг атгадаг “босс” болжээ.

Ангийнхнаас маань харин хамгийн олон болж үржсэн нь нөгөө охидуудаас мaaнь хамгийн нарийхан бэлхүүстэйгээрээ гайхагддаг байсан Догоо, улаан хацартай Цэрэнбадам, өндөр гоолиг Оюун, Цэрэнпүрэв нар болж таарлаа. Эд нар маань энгэрээрээ дүүрэн эхийн одон мяралзуулж, ангийнхныхаа төдийгүй Монгол улсынхаа өмнө Гамбаа заанаас дутахааргүй том гавьяатнууд болцгоосон байна. Үүнийг цааш нь үргэжлүүлэн бичицгээнэ ¿¿...

Ангийн дарга асан Пүүлээ миний бие хүндэтгэн ёслов.

2012-02-20

МАНАЙ СУРГУУЛИЙНХАН

1965 онд намайг анх бага ангид орж байхад миний үеийн банди нар тоодгор хөвөнтэй куртка эсвэл голдуу хөх дээл голдуу өмсөж, ногоон бүс бүсэлдэг, охидууд нь ногоон дээл, хөх бүстэй, цөм дээлийнхээ заханд цагаан даавуун зах хадаж улаан галстук зүйсэн байх ёстой байлаа. Өглөө сургуульдаа ирэхдээ гутлаа тосолж өнгөлсөн байх журамтай, жижүүр ангийн сурагчид сургуулийн гаднах хаалган дээр нусны болон гутлын алчуур, галстук, “Хувиа борлуулах хайрцаг” шалгаж оруулдаг. “Хувиа борлуулах хайрцаг” гэгч гутлын тосны төмөр хайрцганд зүү утас, дээлийн өнгөний өөдөс даавуу байдаг, тэр нь ангидаа барилдаж байгаад ч юм уу, санаандгүй дээлээ онгилсон тохиолдолд нөхөх зориулалттай эд. Сандал хүрэлцдэггүй учир өглөө зарим нь ирэхдээ гар хийцийн эвхдэг сандал барьж ирнэ. Хичээл тараад сандлаа аваад явна.

Завсарлагаа бүрээр “долоон тасалгаатын” хонгилын хоёр хананд эгнэн, өөд өөдөөсөө харан зогсож дуу дуулцгаана, гуравдугаар цагийн завсарлагаагаар захирал өөрөө удирдан багш сурагчидгүй бүгд гимнастик хийнэ. Батмөнх багш нэг удаа “Интернациональ” дууг бидэнд завсарлагаанаар заан дуулцгааж байтал миний хажууд зогссон нэг нөхөр “үгээгүйчүүд” гэдгийг “үхээгүйчүүд” хэмээн дуулснаас болж би писхийн инээд алдаж багшийг шоолсон хэргээр бүдүүн модон “указка” хугартал тархин дундуураа татуулж билээ. Ангийн буланд хадсан хуваарийн дагуу өдөрт хоёр хүн хичээл тараад ангиа угааж цэвэрлэн эд хогшлыг эмхэлж цэгцэлнэ. Хичээл хонхны дуугаар эхэлнэ, хонх дуугарснаас хойш хоцорч ирвэл багш нарын конторт эхний цаг дуустал хоёр гараа алдлан өргөж зогсдог хатуу дэгтэй байлаа.

Анги бүрт “Цэдэнбалын нэрэмжит” гэх бусдаас онцгой цэвэрхэн шинэ ширээ нэг байх бөгөөд түүн дээр тухайн долоо хоног онц авсан, тэргүүний хоёр сурагч сууна. Нэг удаа би ангийнхаа Цэцгээ гэдэг улаан хацартай охинтой энэ хүндэтгэлийн тавцанд суух ээлжинд хэн нэгэн атаархуу этгээд ширээн дээр маань хүндэрчихсэн байж нэг өглөө бөөн хэрэг мандлаа. Цэцгээ маань учиргүй л уйлаад байдаг, шаварт унасан шарын эзэн би арайхийж хамар амаа таглаж байж цэвэрлэж байхдаа хэргийн эзнийг өөрөө олж “учрыг нь” мөн өөрөө олохоор дотроо хатуу шийдлээ.

Дамдин гэж хотоос шилжиж ирсэн манай ангийн сурлагандаа сайнгүй боловч биеийн тамирт гарамгай, ялангуяа турникан дээр “соонс” эргэж манай ангийн “гайгүй” охидуудад ид хаваа гайхуулдаг, биерхүү банди байлаа. Түүнийг л энэ хэргийг хийсэн болов уу гэж дотроо хардаж явсаар өшөө авах ажилдаа оров. Нэг өдөр түүнийг соонс эргэхээр хоёр гараа турникнаас бат бэхлүүлж дуусах үед нь би өмдийг нь өвдөгнөөс нь доош өнгөртөл шувт татаж “хамаг юмы нь” гаргаж хаячихаад зугатаачихлаа, түүнийг харахаар тойрон зогсож байсан охидууд ч дуу алдан таран гүйлдэж хөөрхий тэр гараа яаж салгаж өмдөө татаж авсан юм бүү мэд… Энэ нилээд хатуу тооцооны дараа бид хоёр учраа ололцон үй зайгүй найзууд болсон билээ.

Биеийн тамирын заалгүй учир аль ч улиралд хичээл гадаа орно. Өвөлд нь цана тэшүүр, хавар намарт нь гүйлт харайлт гээд хөнгөн атлетик голдуу орох. Биеийн тамирын багш “орилоо” Дашцэрэн, “ногоон” Цэвээн гэж ууртай бөгөөд хатуу шаардлагатай багш нарын ачаар манай сургуулийн олон сурагчид цана, тэшүүрээр аймагтаа бүү хэл баруун гурван аймагтаа байнга түрүүлж шалгаран тэр үеийн хүүхэд бидний мөрөөдлийн их хот Улаанбаатар явдаг байв. Би ч мөн V ангид байхдаа пионер сурагчдын спартакиадаар дөрвөн төрөлтийн тэмцээнд аймагт түрүүлж баруун бүсийн тэмцээнд орсон боловч аз дутаж явж чадаагүй ч тэр жилээ сургуулиасаа сурлагаар шалгарч Хар далайн олон улсын хүүхдийн “Орлёнок” зусланд явсан юм.

Хичээл оруулахгүй эртхэн тарах гэж яндангаа сугалан ангидаа утаа тавих, хүйтэн ангид дулаацахын шалтгаар дээлийнхээ сугыг ханзартал барилдах, бөөстэй гарсан хүүхдийг анги “хэсүүлдэг” байсан болохоор үе үе эмнэлгээс гэнэт ирэх ариун цэврийн үзлэгээс бултах гээд бидний хорлон сүйтгэл мондохгүй их. Ямар сайндаа өөрт нь зориулсан хайрын захиаг ангийн багшид шууд дамжуулж өгснөөс болж ангийнхны өмнө багагүй шараа болсон нэг банди, сумандаа урлагийн сор нь болж байсан Цэндмаагийн минь ёочингийн чихнүүдийг яг концерт эхлэхийн өмнө сэмхэн мушгиж орхисноос тайзан дээр бөөн уулиан дуулиан болж байсан сан.

Манай ангийн Алтан дээд ангийн нэг охиндоо дурлаж орхисон юм байх. Захидлын хариу нь ирэх болгонд л хоёулаа Туруун голын харгана дотор орж уншчихаад хариугий нь надаар бичүүлж аваад л туучихдаг, би түүнд түүний өмнөөс захиа бичсээр байгаад сүүлдээ бараг “рольдоо итгэчих” дөхсөн удаа бий. Хожим нь тэр хоёр олон үр хүүхэдтэй сайхан айл болцгоосон юм.

Ганц нэг төгрөг олдвол завсарлагаанаар дэлгүүрээс дөрөв арвын гэгдэх соёолон нохой ч даахгүй хатсан боов худалдаж аваад гол дээр очиж усанд дүрж идэцгээнэ. Нэг өдөр Алёшка багшийн хичээлийг тасалж тэр маягаар зуларснаас баригдаж захирал Алёшка багш хоёр дагуулчихсан бүгдээрээ боовоо толгой дээрээ өргөөд барьчихсан гудайсан юмнуудыг сумын төвөөр жагсаалаар явуулж шийтгүүлж билээ. -Эд нарыг хар, турж үхэх гэж байгаа юмнууд гээд л орлин зандчих бүр хичнээн ичгүүртэй байсныг төсөөлөхөд бэрх..

Магнитофон, цахилгаан гитар энээ тэрээ гэж байсангүй, баян хуур, бөмбөрийн хослолоор, хааяа баяр ёслолоор гуулин хөгжмийн аян доор мөсний хонгил шиг хүйтэн сумын клубт тоос манартал бүжиглэх эсвэл захирлаас бултан киномеханикч Лхайжав гуайгаар чихдүүлэн байж орчуулга ч үгүй орос кино үзэх л бидний зугаа болдог байжээ. Сургуулийн бүжгийн баян хуурыг миний мэдэхээс тэр үед Турууны Доржсүрэн, Тэсийн Намчин улсын начин Нэгдэл, Цагаанхайрханы “бүргэд хамарт” Бадам-Очир гээд хүүхдүүд гарамгай тоглодог байсан ба хожим нь Цэрэндорж бид хоёр халаагий нь авч нэг хэсэг “үзэж тарж байлаа”. Сумын клубт бол “жижиг” Батсуурь гэж Тэс сумаас ирсэн Найдан багшийн шавь тракторчин залуу баян дарна. Мууяа ахаас авахуулаад бүжгэнд нь манай Турууныхан мөн ч аатай байсандаа. Тэндээс л сумын ихэнх залуучууд заяаныхаа ханийг сонгож байсан гэхэд нэг их хилсдэхгүй л болов уу.

Багаасаа “номны өвчтэй” намайг сургуулийн пионерийн бүлгэмийн дарга УИХ-ын гишүүн асан Төмөр нэг удаа дуудан үүрэг өгсний дагуу би “Нацагдорж тэмдгийн” болзол хангахаар сумын жижиг номын санд ихэнх цагаа өнгөрүүлж сүүлдээ нөгөө номын хэнээ тусна гэдэг нь болсон уу яасан бүү мэд Иванов бид хоёр энд байсан бараг бүх номыг уралдаж уншсандаа.

Цэвгээ захирал

Хааяа нэг цуглаж нийлэх үед Цэвгээ захирлыг дурсахгүй өнгөрнө гэж миний үеийнхэн дотор л бараг байхгүйдээ. Хаврын өглөө Бухын голын эрэг дээр түүгээр командлуулан марш алхаж байснаа, эсвэл арван нэгэн сарын сүүлчээр дотуур байрны хүүхдүүдийн идэшний малыг хөвгүүд нь нядалж, охидууд нь гэдэс дотрыг нь цэвэрлэдэг байснаа, түүний шүглийн дуу өглөө бүр тачигнаж намрын хяруу буусан зэврүүхэн өглөө биеийн тамирын талбайг тойрон гүйдэг байснаа хүн бүр л ам уралдан ярих дуртай.

Хагас сайны өглөө болгон 7.30-д улс төрийн эсвэл хичээл хүмүүжлийн сэдэвт яриа ахлах дунд ангиудын дунд явагдаж түүнийг нь голцуу захирал өөрөө голдуу удирдан явуулах “хоббитэй” байлаа. 1966 онд хятадад “соёлын хувьсгал” гарч Мао Це Дуны улаан хамгаалагчид улс орноо яаж түйвээж байсныг бүр манай элчингийн жолоочийг хүртэл нэвширтэл зодсон тухай яриаг захирлынхаа амнаас бид алмайран сонсоно. 1973 оны намар хичээл эхлээд нэг их удаагүй байсан санагдана, захирал биднийг хичээл дундуур бүгдийг нь сургуулийн зааланд шавдан оруулж Чилид төрийн эргэлт болж Пиночет гэх фашист эр Чилийн ард түмний удирдагч Сальвадор Альендегийн амь насыг хөнөөсөн тухай түгшүүрт мэдээг хоолой нь зангиран нүдэндээ нулимс хуруулан байж дуулгалаа. Тэгэхэд бид Чили гэж хаа байдгийг ч мэдэхгүй төрийн эргэлт гэж юу яриад байгааг ч ойлгох чадваргүй балчирхан амьтад мөртлөө харин Вьетнамын хотуудыг Америкийн онгоцууд бөмбөгдөж байсныг өдөр бүр радиогоор сонсдгийн учир сайн мэддэг байлаа.

Аравдугаар ангийн нийгэм судлалын улсын шалгалтан дээр Цэвгээ захирал надаас –Фридрих Энгельсийн “Бич хүн болоход хөдөлмөрийн роль” гэдэг алдарт бүтээлийг уншсан эсэхийг лавлав.

–Уншсаан гээд л туучихлаа.

–За хө хүн бичнээс үүссэн юм бол үс ноос нь яаж гуужсан юм болоо гэж байна. Тэгэхээр нь би бодож бодож

-Хүмүүс махыг түүхийгээр нь идэхээ больж эхэлсэн цагаас л юм болов уу гээд залчихсан чинь хэрэг бишдэж

–Тэсийн Гомбосүрэнгийн эхнэр гэж нэг мах огт иддэггүй авгай байдаг юм. Тэр эмэгтэй чинийхээр бол цул үс ноостой амьтан байж таарлаа гээд тачигнатал хөхрөн намайг даапаалж байж билээ.

Захирал монгол гуталд их дургүй, үндсэрхэг үзэл гаргалаа, маяглаж моодорхлоо гэж загнаад үзэхгүй. Долдугаар ангид ордог жил Дорж гэдэг том биетэй шар хүүхэд Хяргасаас шилжиж ирлээ. Тэрээр захирлын хэлдгээр ёстой тохой урт монгол гуталтай, өвдөгнийхээ хооронд царцагтай \салтаатай\ шар торгон өмдтэй “гангардаг” байж билээ. Хөөрхий амьтанд одоо бодоход түүнээс нь өөр өмсөх юм байгаагүй бололтой, бид нар шоолж захирал загнасаар байгаад удалгүй сургуулиа хаян явсан юмдаг.

”Хүнд наад зах нь нусны, хөлсний, амны гэсэн алчуурууд байх ёстой” гэнгүйтээ гурван өөр халааснаасаа гурван өөр өнгийн алчуур гаргаж, тус бүрийг нь зориулалтаар нь хэрэглэж үзүүлчихээд “Энэ хар та нар, ийм байдаг юм, гэтэл та нарын заримд нь ганц ч алчуур байхгүй, зарим нь ганц байдгаараа бүгдийг холиод арччихдаг гэх нь өдөр бүр. “Жорлонд ч зөв суугаад бие засч чаддаггүй, хонгон дээрээ нүхтэй юм шиг банзан дээр нь палийлгадаг эсвэл тонгойж байгаад арын хана өөд нь годгодуулж орхидог гэх юм уу, “яван шээгч” нар зүгээр нэг сарчихаж чадахгүй бас цасан дээр О-Х, О-Х гэж бичин савируулдаг гэхчлэн үргэлж зандчиж явна.

Ямаа, захирал хоёр хэзээний дайснууд, яг хонь чоно хоёр л гэсэн үг. Тэдгээр “зүлэг мод сүйтгэгчдийг” сургуулийн хашаанд орж ирэнгүүт Балжив гуайгаар эсвэл бид нараар бариулж аваад гарахын аргагүй гүнзгий нүхэнд хийж эзэн нь ирж олж автал хорин гэсгээдэгсэн. Зуны цагт сургуулийн ойролцоо тааралдсан болгоноо дуудан морин тэргэнд оруулж ус зөөлгөн мод услуулна, ер нь захирлыг харсан хэн боловч тээр холоос бултан зугатадаг байлаа.

“Дотуур байрны давсаг султнууд” шөнө гарч морь харахдаа харанхуйгаас айдаг ч юм уу эсвэл хашааны булан дахь жорлон хүрэхээсээ залхуурдаг ч юм уу байрныхаа ойролцоо хөнгөрч орхидгийг нь болиулах гэж сурагчдын дотуур байрыг гаднаас нь цоожлон коридорт нь юмаа угаадаг ванны нь тавьж өгснөөс болж тэрээр аймгийн боловсролын хэлтсээс донго авч байсан удаатай.

Биднийг их жаргалтай цаг үед төрсөн азтай үр сад гэнэ. Захирлын үед дотуур байрны хүүхдүүд дотроо бандааш турсикгүй уртаашаа ганц нэхий өмдтэй байсан юм байх, тэрнийгээ бөөстчихөөр нь тайлж хүйтэнд хашааны толгойд өлгөчихөөд орой нь саваадахад орчны цас тэр чигээрээ харладаг байсан гэх ч юм уу. Тэр өдөр доогуураа юу ч үгүй хичээлдээ ирчихээд босохгүй суугаад байхаар сахилгагүйчүүд “энэ яагаад ийм томоотой болчихов хэмээн хормой сөхөж үйлийг нь үздэг байсан гэж ярин биднийг муужиртал хөхрөлдүүлдэг байсансан.

Далаад оны эхээр Анжела Девис гэх нэгэн САА-н каракуль хонь шиг толгойтой хар эмэгтэй Америкт хүний эрхийн төлөө яаж мятаршгүй тэмцэж байгаа тухай бас хэн ч билээ нэг нөхөр цагаан ордны гадаа өлсгөлөн зарлаад суучихсан босохгүй байгаа талаар ер нь л Америк гэж ямар аймшигтай империалист мангас биднийг залгихаар бэлтгэж буйг манай захирал зүүдэнд үзэгдтэл ярин маниусыгаа айлгадаг байлаа.

Сургуулийн зааланд улс төрийн товчооны долоон гишүүний зураг өлгөөтэй, хааяа ганц нэг нь “солигдох” бөгөөд тэдгээрийн нэрсийг мэдэхгүй байснаас уншиж сураагүй нь бараг дээрд тооцогддог байлаа.

Эх орны дайны тухай кино суманд хааяа ирэх юм бол сургуулийнхаа бүх багш, сурагчдад зохион байгуулалттайгаар үзүүлнэ. “Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм” гэдэг киног бидэнд бүр хоёр удаа үзүүлсэн гээд л бодчих. Багш сурагчидгүй түүнээс айцгаана, сургууль болоод сумынхан дотроос түүнийг эсэргүүцэх зоригтон тун цөөхөн байсан юмдаг. Өвлийн амралтаар багш нараа дайчлан сургуулийн хөлдүү жорлон ухуулна, намар ахлах ангийн бүх сурагчид сургуулийн түлшний мод бэлтгэхээр ууланд явна, САА-н хадлан, тариа, ногооны бүх ажилд дайчлагдана. Бид ингэж нухлуулснаар муудсан юм байгаагүй, харин ч багагүй ажлын дөр амьдралын туршлагатай болсон юмдаг. Биднийг хүүхэд байхад Сталины улаан фен байсан захирал маань сүүлдээ ардчилалынханд яс махнаасаа дургүй болсон байж билээ.

Биднийг оюутан байхад Ташкентэд сурч байсан хүүдээ бичсэн захидлыг нь консулын ажилтан тэнд сурч байсан бүх оюутнуудад уншиж өгч байлаа. Тийм онцгой сургамжтай үгс захидалд байсан болоод тэр. Харамсалтай нь тэр хөлдүү толгой аавынхаа сургаалт үгсийг огоорч явсны хар гайгаар хожим нь сургуулиа дүүргэлгүй хөөгдөж ирж байлаа.

Цэвгээ захирлаас гадна “химийн” Чулуун, “байрны” Цэрэнсамбуу гэж хүүхэд бүрийг айлгадаг ширүүн багш нар цөөнгүй байлаа. Энэ гараар нэг алгадахад та нараас юу үлдэхэв хэмээн Цэрэнсамбуу багшийг паривгар гарынхаа алгыг харуулахад нь бидний сүнс зайлчих дөхнө. Үнэн хэрэгтээ тэрээр биднийг алгадах нь байтугай хүчтэйхэн няслаж ч үзээгүй дөлгөөхөн хүн.Ялангуяа зэргэлдээ сумдаас ахлах ангид ирсэн дотуур байрны гүргэр “эрчүүд” Цэрэнсамбуу багшийн жижүүртэй өглөө түүнийг ирэхээс нь өөрсдөө яагаа ч үгүй эрт босчихдог мөртлөө дөнгөж багшийн сургууль төгсөөд ирсэн бага ангийн багш залуухан бүсгүй Пагамжавыг тоодоггүй харин ч эрчүүд нь өглөөд босохгүй нэгийнх нь хөнжлийг хуулах үед орондоо зориуд чармай нүцгэлчихсэн байж байгаад түүнийг ичээдэг байсан гэлцдэг.

Монгол хэл уранзохиолын “Го” багш буюу Гомбожав багшийг бид монгол дээл дэгжин щляпнаас салдаггүй болохоорнь ч тэр үү, хааяа “Малчин” сонинд шүлэг өгүүллэг нь нийтлэгддэг болохоор нь ч юм уу “Хөдөөгийн Нацагдорж” хэмээн хүндэтгэдэг бас ч чамгүй хатуу багш байв. Далаад оны хөдөөгийн бидний дунд нэрд гарч байсан Д.Пүрэвдоржийн “Сэгс цагаан богд” найраглалыг бүгдийг нь цээжлээгүй хүн түүнээс дүн авна гэж гонжийн жоо. Цээжлэхдээ гайгүй боловч хэл ам муу дольтроодуу, бүрэгдүү эрчүүд пүл пал хийж хамар дотроо пургих эсвэл нөгөө сүрхий баяд дөрвөд аялгатай нүүрэмгий охидууд нь унших гэж уянгалуулж өгнө дөө. Ангид шивэр авир, заримдаа писхийсэн бөөн инээдэм болно, тэр үед “Го” багш бидэнд ёстой мэнчийтэл уурлаж бидний инээдэм ханиадам болох үе ч олон. .

Орос хэлний багш Батмөнх бас номноос “Разговор” байнга цээжлүүлнэ.

-Как тебя зовут?

-Меня зовут Дорж

-Сколько тебе лет?

-Мне пятьнадцать лет... гэх маягаар л дуржиганатал самбарын өмнө өөрөө өөртэйгөө ярина даа.

Хөдөөний сумууд дотроос Тэсээс ирсэн хүүхдүүд орос хэлэндээ Өндөрхангайнханыг бодвол арай дөмөг. Учир нь манай ангийн Нямжав мэтийг хил орчмын Тувачуудтай багаасаа “контрбанд” хийсээр байгаад хэлэндээ сайжирсан ч гэж явуулцгаадаг байв.

Батмөнх багш байрны жижүүртэй өглөө орондоо хоргодоод босч өгөхгүй нэгнийг хөнжлийг нь сөхөж байгаад харгана шүүрээр нүцгэн гуяыг нь үрэхэд яах ч аргагүй үсрэн босдог байсан гэдэг. Бас л хатуу тоглоом байгаа биз?

Дотуур байрны хүүхдүүд үдийн хоолондоо орчихоод ирэхэд нь анги дүүрэн дарсан манжин байцааны үнэр сэнгэнэн гадуур бидний хагас өлсгөлөн ходоодны шүүсийг ялгаруулна. Заримдаа тэдний дунд бултан орж амжуулж чадах санаа байвч нөгөө нэрэлхүү зангаа бас тавимгүй байдгийн учир энэ тухай бодох ч шаардлагагүй.

Ийм л нэг хөдөөгийн бяцхан сууринд “хүн” болцгоох хувь тавилантай төрсөн ээж аав нар одоо хаа ч юм миний адилаар дараагийн үр удмаа бидний өссөнөөс тэс ондоо “орчлонд” өсгөх ачаа үүрэн тун завгүй яаваа байхдаа хөөрхийс гэж.

Thursday, March 22, 2012

Би Монгол хүн

Бурхан ч хүний сэтгэлээс гардаг, Буг ч сэтгэлээс бүтдэг. Данзанравжаа.

Би монгол хүн

Одоогоос хэдэн жилийн өмнө харийн нэгэн оронд олон улсын хуралд оролцох ажлаар явж байлаа. Хурлын төлөөлөгчдийг их хотоос салхинд гаргахаар хөдөөгүүр авч явах тэр агшинд гэнэт нэг их танил содон сайхан үнэр хамар цоргиод явчих нь тэр. Автобусанд явсан зарим нөхөд маань ам хамраа дарчихсан огих нь холгүй харагдана. Юу билээ гээд ийш тийшээ сайн ажвал нэгэн саалийн фермийн хашаан дотроос хөрзөнгийн хөх утаа уугиж харагдлаа. Чухам энэ үед л нэрт яруу найрагч Ч.Чимид агсны:
Аргалын утаа боргилсон
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог... гэх хар багаас зүрхэнд минь шингэсэн гайхамшигт мөртүүд сэтгэл зүрхэнд минь өөрийн эрхгүй зуны хур бороо мэт асгаран бууж байж билээ. Тиймээ, энэ л шүлгийн гэгээн мөртүүдээр эх нутагтаа би амилсан, энэ л шүлгийн халуун дулаан үгсээр үр хүүхдээ ч хожим нь амлуулсан юм.
“Жирэмсэн эмэгтэйн шээх газраас цаашлаагүй, жижиг тугалын бэлчээрээс бүр холдоогүй” гэдэг шиг юм үзээгүй нэгэн танил маань Токио хотын тансаг зочид буудалд жаахан согтчихоод “Би харанхуй бүдүүлэг Монголд төрсөндөө гутаж байна” хэмээн бархиран уйлж байсантай таарч байсан удаа бий ч гэлээ, өчүүхэн миний хувьд хэнбугайн ч өмнө ам бардам хэлж чадах ганцхан бахархал маань бусдаас ялгарах ууцандаа онцгой тамгатай, хөдөөгийн хөдсөн дээлтэй хөх Монголын удам болж төрснийх билээ.
Алс холын Америк, Австрали, арлын Япон, хөгшин Европ, хар Африк гээд эх дэлхийгээ хэдэн арвантаа тойрч, харийн нутгаар бишгүй л тэнэж бэдрэн нүд тайлах боломж надад энэ насанд маань олдсоон. Гэхдээ эрс тэс догшин уур амьсгалтай ч, эх орноос минь илүү зөөлөн дулаан газар шороо хаа ч таарч байсангүй. Бодоод байхад цэцэг жимс алагласан мөнхийн ногоон Малайзын ширэнгэн ойд ч тэр, уул ус, ой мод нь тэгширсэн Скандинавын хойгт ч бай ялгаагүй “Монголын үнэртэй” урьхан салхи яаж “хацар нүүрийг минь илбэх” билээ дээ.
Их зохиолч Д.Нацагдоржийнхаа “Миний нутгийг” уншаагүй, Дорнын их яруу найрагч Явуу гуайнхаа “Алаг дэлхийд төрсөн минь учиртай”-г мэдээгүй, буурал Бадарчийнхаа “Есөн эрдэнийн орноороо” аялаагүй, Бямбын Ренчин гуайн сургаалт үгсээс сонсоогүй монгол хүн бидний үеийнхэн дотор бий гэх үү.
Элэг зүрхнээс уяатай
Энхрий Монгол орон минь...Төрийн дууллаа бүрэн тогтоодоггүй хирнээ энэ дууг мэдэхгүй, дуулдаггүй хэн нэгэн найман настай бяцхан үрсээс минь авахуулаад наян настай буурал хүртэл бидний дунд бараг байхгүй гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй дээ. Эх орноо зүрхнээсээ, бүр элэгнээсээ уячихдаг дэлхийд ховорхон ард түмэн бол монголчууд бид нар бөлгөө.
Эзэн Чингисийн удам
Их Монголын үрс хэмээн бид цээжээ дэлдэх дуртай. Тиймээ, яалт ч үгүй үнэн. Гэхдээ өнөөдөр тэнгэр заяатай, дээшээ зовхитой, хөх тамгатай, урт ууцтай, майгадуу хөлтэй, бидний цөөхөн билиг танхай үндэстнийг хаа байгаа газраас нь бүгдийг нь хамаж шимлээ ч, зэрэгцэн аж төрж буй жунгаа нарын зууны нэг хувьд ч хүрэхгүй, нэгэн үе устаж алга болоход тун ойртож, мөхлийн гүн ангалын ирмэг дээр очиж байсан эмгэнэлт түүхтэй хүмүүс гэдгээ бас мартах ёсгүй билээ.
...Харийн газар давчдаад байна
Хандсан зүгтээ гүймээр л байна... Сонсоход хэзээ ч уйдахааргүй цоглог энэ дууг Жагаа гавьяат маань үнэхээр сэтгэлд шингэтэл дуулдаг юм шүү. Тиймээ, харийн оронд амьдарч байгаа хэдэд маань “Хар гэртээ хаан, бор гэртээ Богд” шиг баймаар санагдах үе зөндөө л гардаг байх. Гагцхүү эндээ буцаад ирлээ гэж бодоход хийх ажилгүй, хоногийнхоо хоолыг олж, аав ээж ах дүүсээ тэжээхэд хэцүү учраас л аргагүйн эрхэнд энд тэнд толгой хоргодох болоод байгаа юм. Түүнээс биш “Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь” л байхгүй юу. Өнгөрсөн жил нэгэн шавилхан өвөрлөгч бүсгүй энд ирчихээд зурагтаар ярилцлага өгч байлаа.
-Хэдий би амьдралын шаардлагаар Германы иргэн болсон, тэндхийн паспорттой боловч хэзээний монгол хүн хэвээрээ. Миний үс, зүс царай, хэл аялгуу хэзээ ч, яагаад ч үл өөрчлөгдөнө гэлээ. Тэр бүсгүйн хоолой, зүрх сэтгэлийн гүнээс гарах монгол эхийн бүүвэйн уянгалаг аялгууг сонсох гэж бүр холын Америкаас ч зарим үед Германыг зорьдог талаар түүнийг дагаж явсан нэгэн жуулчин надад өгүүлсэн юм.
Насаараа дипломат албанд зүтгэсэн Балжинням гуайг чисчүү дээлээ өмсчихөөд яруу найрагч Ч.Билигсайханы “Дээл” шүлгийг цагаан сарын үеэр сүрлэг сайхан уншихад нь Каир дахь Монголын элчин сайдын яамны ажилтнуудын бүгдийнх нь нүдэнд нулимс хурж байхыг би харсаан.

Хэдэн жилийн өмнө миний бие Индианагийн их сургуульд очих завшаанаар монголчуудын дунд “Хар Дорж” гэдэг нэрээрээ алдаршсан Жорж Кара гуайтай уулзан богинохон хугацаанд нилээд дотноссон юм.
Тэрээр надад “Танай монголчуудын нутгаа санадаг өвчин л надад халдчихсан шиг байна. Монгол хүн таараад монголоороо ярьсан чинь ямар сайхан байна аа, Бүр Монголдоо оччихсон юм шиг боллоо” гэж байж билээ. Унгар хүн хүртэл бас ийм “синдромтой” болдог байна шүү.
Өнөөдөр зуу гаруй мянган монголчууд амь амьдралаа залгуулахын эрхээр харь оронд бэдэрч явна. Тэд бүгдээрээ биш юмаа гэхэд олонхи нь над шиг эх нутгаараа “өвчилдөг” хөх толботнуудын үр сад гэдэгтэй маргах хүн цөөхөн гарах болов уу. Нэг хэсэг нь тэндээсээ хань ижлээ сонгоно, байр сууриа олно, гэх мэтчилэнгээр цөөнгүй хэд нь амьдралын шахалт шаардлагаар тухайн орныхоо харьяат хүссэн хүсээгүй ч болцгоож л таараа.
Америк, Солонгост хараар ажиллаж байгаа хорин хэдтэй залуучууд одоохондоо эх нутгаа бодох сөхөөгүй зүтгэж яваа ч нас тогтоод ирэхээрээ эх орноос нь илүү торгон хөнжил хаа ч байхгүй гэдгийг өөрийн эрхгүй мэдэрч эхлэх нь дамжиггүй ээ.
Одоо би нуршихаа зогсож гол асуудлаа хөндье. Арав гаруй жилийн өмнө буюу 1995 онд их хурлаас батлан гаргасан “Харьяаллын тухай” хуулийн 4 дүгээр зүйлд “Монгол улсын харьяат хүн нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй” гээд тас хийтэл заачихсан нь тун харалган шийдвэр болсон юм.
Хэрэв та омголон залуу насандаа амьдралын эрхээр аль нэг орны иргэн болчих юм бол энэ хуулийн дагуу Монгол гэсэн овгоо гээхээр барахгүй буцаад хүсвэл яг гадаадын иргэний нэгэн адил хүсэлтээ гаргаж, бас нилээдгүй хүнд суртлыг аль аль талаасаа даван туулж байж буцаж эх орондоо эргэж ирэх боломжтой болно гэсэн үг. Ганц өгүүлбэрээр илэрхийлэхэд Вьетнамаас гүйж ирсэн монгол морьны домог аятай л байх болов уу.
Ядаж эх орондоо ирж ээж аав дээрээ ирж амарчихаад буцахын тулд харийн хүний адил ЭСЯамандаа виз мэдүүлээд зогсож байх нь сэтгэл зүйн хувьд ч тийм таатай байна гэж үү. Энэ үедээ л тэрээр эх орон, элгэн саднаа гэх хүйн холбоо нэгэнт тасарчихсан байх хөнгөн гунигаар барахгүй, хүнд дарамтанд ч ордог байх. Эдийн засгийн талаас нь ч бодсон тэдний зарим нэг нь бүр үр сад нь ч магад хөлжчихөөд эх орондоо хөрөнгө оруулах хүсэлт гаргаад ирэхийг хэн ч үгүйсгэхгүй шүү дээ. Өмнөд хөршийн маань хамгийн том хөрөнгө оруулагчид нь гадаадад амьдарч буй нутаг нэгтнүүд нь л байдаг биш билүү.
Бид нар шиг хүн ам цөөтэй улс иргэдээ ингэж гадагш нь алдчихаад буцаад ирэх гэхэд нь хаалгаа дотроос нь янгинатал түгжчихээд суугаад байх нь зөв үү? Манайхтай ижил Израиль улс хоёрдмол харьяаллыг зөвшөөрдөг цөөхөн орны нэг юм болов уу гэж бодсон чинь би бас эндүүрч. Хойт их хөрш маань ч бас Израильтай нэгэн адил хуультай юм байна. Орос хүн төрсөн газар шороондоо, эх нутагтаа ямар их хайртайг би мэднэ. Түүнийг нь төр засгаас боож хавчина гэвэл юу болох бол?
Амьдрахын эрхээр гадагшаа гарч буй иргэдээ нэгийг нь ч болов алдахыг лав л Назарбаев ерөнхийлөгч хэрхэвч хүсэхгүй дээ. Тэр тусмаа хамгийн ухаантай, амьдрах чадвартай хэсэг нь хамгийн олноор ийш тийшээ цагаачилдаг нь хүн төрөлхтний жам. Манайд бол нөгөө л тамын тогооны үлгэр нь ингэж хаана хаанаа үйлчилсээр байх ёстой гэж үү? Хоёрхон жишээ дурьдъя.
Баримт 1. Монгол улсын иргэн Б. Герман улсад суралцаж байхдаа нэгэн словак бүсгүйтэй амьдралаа холбон үр хүүхэдтэй болчихоод одоо Братислав хотноо ажиллаж амьдарч байна. Тэрээр орос сургуулийг Улаанбаатар хотноо дүүргэсэн, монгол, орос, англи, герман, словак таван хэлтэй ховорхон авьяастай нэгэн аж. Тэндээ Европын холбооны улсын нэгэн олон улсын байгууллагад ажилд орохоор шалгагдаж бүх шалгуураараа тэнцсэн боловч хүлээж аваагүйн учир нь Европын холбоонд гишүүн бус орны хүнийг ажилд авдаггүй журамтай юм байна. Братислав хотноо түүнд сард 800 доллараас дээш цалинтай ажил цусаар уйлсан ч олдохгүй, яагаад гэвэл тэнд гаднын цагаач иргэдийн цалингийн дээд хэмжээг нь хуулиар бас тогтоочихсон байдаг гэнэ. Өөрөө хэлбэл харийн хүн нутгийн иргэний дунджаас дээш цалин авахгүй л гэсэн үг. Иймээс тэрээр яах ч аргагүй Словак улсын иргэн болох хүсэлтээ гаргаад байгаа учир энэ хуулиар бол Монголын иргэн Б маань эхлээд эндээ “данс дугуйлах” хэрэгтэй болж байна.
Баримт 2. Иргэн эмэгтэй Т. архичин нөхөртөө байнга зодуулж, дарамтлуулж барагтай хүн тэсэхийн аргагүй гэр бүлийн хүчирхийлэл дор амьдарч байж. Тэрээр өөртэй байсан бүх өнгөтэй өөдтэй бүгдийг зарчихаад хэн нэгнээр зуучлуулан охинтойгоо хамт Герман руу бараг л гэр орноосоо зугатах шахам гарчээ. Одоо тэндээ Герман хүнтэй суугаад амьдарч байна. Нөхрийнхөө
шахалтанд орж удалгүй охинтойгоо хоёулаа Герман улсын иргэд болжээ. Ингэхийн тулд Монгол улсын хуулиар иргэн байх эрхээ мөн л хасуулж. Амьдралын хувь заяа хаашаагаа ч эргээ билээ, гэнэт нэг өдөр хүний газар юу ч үгүй болоход тосоод авах эх орон нь нэгэнт харийн орон болчихсон байж байх жишээтэй.




Францад ажиллаж буй “Рено” автомашины үйлдвэрийн дэлхийд нэртэй дизайнер монгол залуу аль хэдийнэ тэндхийн иргэн болсон тухай ярьж л байсан. Бид иймэрхүү маягаар гавьяат тамирчин Мөнхбаярыгаа, сумоч Цэвэгнямыгаа, “Microsoft” компанид толгойгоо үнэлүүлж буй авьяаслаг залуусаа энэ хуулийнхаа дагуу эх орныхоо данснаас хасаж шийтгэх гэж үү ? Үгүй ээ, алдас болно. Цаад ноёдууд нь л ингэхийг хүсээгүй бол бид нар өөрсдөө ийм хууль санаачлах ёсгүй.
Монгол оронд маань өнөөдөр амьдрал хүнд байгаа нь үнэн. Гурван хүний нэг нь тодорхой эрхэлсэн ажилгүй, ажилтай нэр зүүж зарим нь гэлдрэвч, авч байгаа хэдэн цаас нь амьдралынх нь өртгийн хаана нь ч хүрэхгүй байгаа. Дээр нь авилгал, хүнд суртал, гэмт хэрэг, дээр нь хууль нь гууль болчихсон байгаа байдал гээд амьдрах таатай орчин урьд өмнө байгаагүйгээр бохирдчихоод байна.
Гадаадад улсын зардлаар одоогоор таван зуу гаруй хүн явснаас хуруу дарам тоотой хэд нь эргэж иржээ. Гэтэл тэд нарт нь энд ажил олдохгүй тун хэцүү байгаа талаар саяхан нэг залуу сонинд бичсэн байна лээ. Ёс бус ийм байдал хэзээ нэгэн цагт зөв гольдрилдоо орж л таарна, тэр үед нь бид эх орон нэгтнүүдээ ямар ч саадгүйгээр хилээрээ нэвтрүүлэхийг одоо л хуульчлах хэрэгтэй юм шиг ээ. Тэднийгээ хадаг сүү барьж угтдаггүй юмаа гэхэд саад бүү тавиарай даа, та минь ээ.
Хүн өтлөхөөрөө нутгаа, тураг хөгшрөхөөрөө уулаа гэж ярьдаг туйлын үнэн үг. 90-ээд оны үед дэлхийд данстай нэрт монголч эрдэмтэн Хангин Гомбожав гуай Улаанбаатарт ажлаар ирчихээд буцахынхаа өмнөхөн гэнэт бурхан болчихож билээ. Их эрдэмтнийг бид “Алтан өлгийд” гүн хүндэтгэлтэйгээр нутаглуулсан. Харь газар олон жил амьдарсан, дал хол гарчихсан түүнийг би нутагтаа ясаа тавих хувьтай, азтай, ховорхон хувь тавилантай хүн гэж боддог. Мань хүний оронд өөрийгөө тавиад бодоход би ч мөн насныхаа эцэст наашаагаа л тэмүүлэх байсан байхдаа гэж санагддаг юм.
...Энэрэнгүй сайхан санагдахад
Элэг зүрх минь догдолж
Хосгүй баярын нулимс
Хоёр нүдийг минь бүрхдэг гэсэн Ч.Чимид гуайн нөгөө л сайхан мөртүүдээр нийтлэлээ өндөрлөе дөө.
Монголын ард түмний төлөөлөл болох их хурлын эрхэм гишүүд минь энэ хуулиа эргэж нэг харахыг харийн газраас эх нутгаа санагалзах мянга мянган монголчуудынхаа өмнөөс мөргөн гуйх минь энэ буюу.

2004-11-26

Буурал ээж

Буурал ээж маань цэл залуудаа долоон хүүхэдтэй өөрөөсөө нилээд ахимаг хүнтэй дэр нийлэн хожим нь хань нөхрөө бие барж хүүхдүүд нь бүгд тусдаа гарсны дараа өөр дээрээ өргөж авч өсгөсөн охин нь миний ээж. Буурал ээжийн нөхөр асан Буянцог гуай нь эхээсээ багадаа өнчин хоцорсон Нүдэнхүү, Гөлгөө, Хорлоо, Шогоорой, Цэвээн, Хулганаа, Ламжав нарын долоон хүүхэдтэй байжээ. Хүүхдийнх нь тоо цөөдсөн юм шиг буурал ээж минь манай ээж мөн түүний дүү Шагдарсүрэн нарыг өргөж авч өсгөн хүний зэрэгт хүргэсэн ачтан билээ. Ээжийн минь эмээ, бидний бол элэнц эмээ маань ная хол гарчихсан Турууныханд бүгдэд нь буурал ээж хэмээн дуудагддаг ч жинхэнэ нэрийг нь мэддэг хүн ховорхон байв. Диваа гэдэг нэртэй, давжаа биетэй, чих хатуутай энэ хөгшин бидэнтэй хамт амьдарч Мууяа ахаас авахуулаад бидний есөн хүүхэд тэр хөгшний өвөрт мөөмийг нь үлгэж өссөн болохоор бидний хувьд төрсөн ээжээс минь огт өөрцгүй хүн байсан юм. Дээр нь тэр үед сургууль дотуур байргүй учир манайхаар дамжиж өссөн ах дүүгийн арав гаруй хүүхэд бүгдээрээ буурал ээжийн хийсэн хоолыг идэж өссөн дөө.
Бид хэд ээжээсээ хоёр, хоёр насны зөрөөтэй төрж байсан болохоор дараагийн дүү төрсөн өдрөөс эхлэн бид хүссэн хүсээгүй буурал ээжийн өвөр лүү шилждэг байлаа. Эхний үед хөгшний өвөрт дасахгүй ээ, шөнө эмээгийнхээ мөөмийг хөхөвч сүү гарахгүй болохоор нь ээжийнхээ өвөр лүү мөлхөж бөөн уйлаан дуулиан болно, эмээдээ хэд хэд алгадуулж аваад хувь заяатайгаа эвлэрнэ дээ. Өөрөө гаргасан хүүхэдгүй буурай маань бид бүгдийг яг өөрийнхөө төрүүлсэн үр шигээ хайрладаг, тэр тусмаа Хорлоо бид хоёрт онцгой сайн байлаа. Хөхөөд сүү гарахгүй болохоор нь мөөмийг нь хазчихдаг гээд манай зарим дүү нарт жаахан тиймэрхүү. Ээж багадаа нэг өдөр дүү Гармаагийнхаа нуруунд үхрийн нойтон баас шавж орхиж. Төрсөн ээж нь гүйж ирээд яав ийв хэмээн тас загнахад нь:
-Танайх хүүхдүүдээ айлд өргүүлэх дуртай юм гэсэн. Хэн нэгэнд нь өгчихөж магадгүй гэж бодоод тэр мууд чинь тэмдэг тавьсан юм гэж хэлээд бөөн инээд болж байсан гэдэг. Тэднийхэн Ханхөхийн ар Суврайд өвөлжиж Луудайн булан, Баг мод, Бургаст ам, Арцатын товгороор дамжин ар Хангилцаг, Шодонгийн ам, Тугалын эрүү орж зусаад намартаа Ганц модны ам өгсөн Халзангийн даваагаар давж ирж өвөлжөө рүүгээ дөхдөг, зарим зуд турхантай жил бүр Мөндөөхэйн ам өгсөн урагшаа давж эсвэл Их давааны ам уруудан говь руугаа орж өвөлждөг байсан гэлцдэг. Олуулаа учраас тэр хэдийн идэх уух нь дийлдэхгүй ямар сайндаа намар оройшиж сүү, цагаан идээ татрах үед самартай хольж өтгөрүүлсэн тараг хийж өгдөг байж. Энэ тухай соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч М. Гүрсэд гуай дурсан ярихдаа:
-Танай буурал аавынхан манайхтай олон жил айл саахалт явсан юм. Тэднийхэн адуу сарлаг олонтой, өнөр өтгөн сайхан айл байсан. Том хүргэнийг нь Наянбаатар, бага хүргэнийг Чийбаатар гэдэг. Ямартаа л бараан голдуу адуутай, баатар голдуу хүргэнтэй гэж нутгийнхан хошигнодог байхав. Намар болохоор би тэдний хүүхдүүдтэй хөтөлгөө морьтой самарт явдаг байлаа. Түүсэн самраа бид цайруулан бэлдэж өгөхөд Диваа гуай түүнийг нь намрын наранд хэд хоног хатааж байгаад ноос савж байгаатай адил саваагаар өдөржин нүдэж цайруулна. Дараа нь түүнийгээ сүүтэй самарч байгаад шүүн тараг бүрдэг байсансан. Тос даан шаргалтсан тэр өтгөн таргийг эхлээд уухад хоолой аргасан, ялимгүй газар амттай юм шиг санагддаг байсан ч сүүлдээ дасчихаад түүн шиг сайхан амттай тараг одоо хүртэл идэж үзээгүй шүү” гэж хуучилж билээ. Буурал ээжийн самартай тарагийг хавь ойрынхон нь анддаггүй байсан аж. Манай нутгийнхан хүүхэд орж ирэхэд заавал тараг хийж өгдөг, тиймээс ч бид айлын эзэгтэйн унд ус зан чанарыг бүрсэн тарагных нь амтаар ихэнхдээ хэмждэг байсан даа. “Тэднийх сайхан тарагтай тийшээ очих уу” гэлцэн гүйлддэг байсан санагдана.
Бидний Живаа хэмээн авгайлдаг Цэвээн ах маань бөөн онигооны эзэн. Тохийсон өндөр нуруутай, цэрэг хувцастай тэр өвгөн манайд нэг зун буурал ээж дээр ирж хэд хоног байхдаа ганц халуун савыг нь дайрч унагаж хагалсныхаа төлөө эмгэнээр загнуулж бараг хөөгдөх дөхөж байж билээ. Тэгэхэд халуун сав гэдэг юм хөдөө газар нүдний гэм байж. Хойтон жил нь хотод ирээд Цэвээн ахын элдэв онигоог сонсон элгээ хөштөл хөхөрдөг байлаа.
Мань хүн тэр үед хотын гал командад ажилладаг байж. Нэг удаа гэрийнх нь хажуугийн улаан булан шатаж байх үед гүйж очсоноо гал унтрааж байсан хүмүүс рүү “Наадах гал чинь нэгдүгээр үедээ орчихсон байна, нэмэргүй, нэмэргүй” гэж орилж байгаад хотын буурал ээжид ёстой нэг сайн бангадуулж билээ. Бас нэг удаа тэдний бандийг Американ дэнжийн орос хүүхдүүд шоглочихож. Хүүгээ дагуулсаар тэр хавийн оросуудтай очиж:
-Өчнөөн төчнөөн мальчик байхад заавал миний муу мальчикийн носыг тас цохихдоо яадаг байна аа гэж хэлсэн гээд л Тогтмол эгч “татаж унаад” байж билээ. Буурал ээжийн өргөмөл хүүхдүүдийн нэг Хулгана адиагийнх Цагаанхайрханаас нэг зун нүүж ирэн Туруунд манайхтай айл зуслаа. Жигтэйхэн майга хөлтэй ёстой хулгана шиг жижигхэн биетэй, намхан бор хүн өмдөө дээр үеийн бөхчүүд аятай бөгснийхөө яг тал дундуур татчихаад тэр хавийн айл хэсээд аяга тагш юм эргүүлээд явдаг байв. Ээжтэй хамт ажилладаг Минсэл эгч түүнд нь их дургүй. Ээжид:
-Чи тэр нагац ахдаа өмдөө сайн татаж бай гэж хэлэл дээ хэмээн үгэлдэгсэн.
Буурал ээжийн минь гарын бор талхны амтыг гүйцэх торт ч үгүй мэт надад санагддаг. Талх нь тансаг сайхандаа биш, тэр хүний биднийг гэсэн юугаар ч сольшгүй хайрын “хөлстэй” байсандаа тэр байх. Тавиурын өмнө бөгтийн зогсчихоод бор талхаа хиртэй дээлнийхээ энгэрт нааж байгаад мохоо хутгаар арай ядан зүсэж байгаа буурал ээжийнхээ дүрийг бид яахан мартах билээ.
Буурал ээж орон доороо нэг жижигхэн цоожтой авдартай, түүндээ энд тэндээс зочин гийчин ирэхдээ өгсөн бэлгүүдийг нь хадгална. Энэ “сейфэнд” нь байхгүй юм гэж ер үгүй, дөрөв арвын хатсан боовноос өгсүүлээд үзэм, чавга, төрөл бүрийн чихэр, торго, дурдан заримдаа бүр өөрийнхөө хийдэг бор талхаа хүртэл нууж орхино. “Алтан өргөө” кинон дээр гардаг өвгөн шиг түлхүүрээ хүзүүндээ зүүчихдэг болохоор бид нар тэр авдраас юм хүртэх боломж олддоггүй байлаа. Нэг өдөр эмээ маань түлхүүрээ гээж бөөн эрэл болох нь тэр. Оосор нь тасраад хаана ч унасан юм бүү мэд. Зочин ирчихсэн байдаг, тавагны чихэргүй тул ээж маань эмээг сурсан зангаараа царайчлахаас өөр аргагүй болов. Буурал ээж түлхүүрээ хаячихсан юм чинь яах ч аргагүй. Гэнэт Мууяа ах тэсэлгүй: –Би онгойлгоод өгөх үү гэв.
–Яаж? Зөвшөөрөхөөс өөр аргагүй байсан тул түүн рүү дохитол мань эр авдрын таглааны арын нэг банзыг нь төвөггүй мултлах нь тэр.
–Аа муу турсага, даанч чихэр алга болоод байсан юм гэнгүүтээ буурал ээж таягаараа Мууяагийн нуруун дундуур гөвөөд авлаа. Ингэж чихрийн хулгайч өөрөө өөрийгөө илчилж, аав маань модон хайрцганд нь цоож түлхүүр шинээр тааруулж бөхөлж өгснөөр буурал ээжийн дотор уужирсан ч бидэнд итгэх итгэл нь нэг хэмээр доошилсон байж мэднэ.
Аав ээж хоёр ажилдаа өглөө гараад л явчихна, лекц, дугуйлан, сонин уншлага гээд ихэнхдээ оройтно доо. Арван дөрөв, тавуулаа амьдардаг энэ айлын арын бүх албыг буурал ээж удирдан зохицуулдаг байлаа. Морь мал, өвс, тэжээл, түлээ түлш, ус цас, хоол унд гээд буурал ээжид оролцохгүй ажил нэг ч үгүй. Буурал ээж манай өглөө хамгийн түрүүн босч гал түлж, эхлээд өөрийнхөө өтгөн бор цайгаа чанана, дараа нь ээж босч бидний нийтийн хар цайг болгосноор манай гэрийнхэн увуу цувуу босоцгоож шуухитнан тус тусынхаа ажил төрөлдөө шамдацгаана. Эмээгийн маань шөлний тосоор амталж зуухан дээр хайрсан тосгүй гамбир мөн ч амттай байсандаа. Намайг хааяа харж үзэж бор цайнаасаа аягалж өгнө, түүнийг нь хүртсээр байгаад сүүлдээ цайгүй удаан явахаар толгой өвддөг болтлоо дасчихсан байж билээ. Буурал ээжийн чих хатуу учир манай гэрийнхэн төвөгшөөгөөд ярих хүн ховор, ээжийн ярьсныг амны нь хайрцгаар сайн ойлгочихно, харин бид нар хэл амаа ололцох гэж хашгичиж өгнө өө. “Битгий гуугачаад бай, ярих гэж байгаа юм бол ойрхон суугаад олигтойхон чанга хэл” гэж загнана. Буурал ээжтэй хэсэг ярьчихвал тэр инерциэрээ анги дээрээ орилж ярин шоолуулах учраас тэгэсгээд татахаас өөр аргагүй.
Тэр үед одоогийнхтой адил сүү цагаан идээ борлуулдаггүй байсан болохоор өвөлдөө сумын төвд сүү гэж ёстой нүдний гэм. Сургуулийн жолооч Нямандорж гуайн авгай Дуламсүрэн гэж сайхан зантай эмэгтэй өдөр болгон шахуу литр сүүгээ илүүчлэн манайд авчирч буурайд өгнө. Тогоотой цай буцлах зуур хавь ойрын болоод хорвоогийн сониноос “Тунгалаг тамир” дээр гардаг өртөөний хоёр өвгөн аятай буурал ээжийн чихэнд хошуугаа наах шахуу ярьж дуулгана. Цаадах нь их таатай, хөгшин залуу хоёр ингэж санаа нийлэн их дотносно оо.
Эмээгийн маань ганц үндсэн хөрөнгө нь далиу эвэртэй алаг үнээ байсан. Тугалласныхаа дараахан далиу эвэрт их муухай ааштай, эмээгээс өөр хэнийг ч ойртуулахгүй, саалгахгүй, манийгаа хүртэл мөргөж унагана. Буурал ээж яг хүнтэй ярьж байгаа юм шиг түүнтэйгээ ярина. Алаг үнээ жил болгон тугаллаж, эмээд маань мөн ч олон жил цайны сүү уулгаж, гарсан бяруу шүдлэнгээр нь бид ч тогоогоо олон жил тосолсон доо.
Хэвтэр хөрзөнг нь хөлдөөхгүйн тулд нялх тугалыг шөнө босож шээсийг нь тосно гэж нэг тамтай ажил байлаа. Өвлийн шөнө яг дуг нойрон дунд аав дуудна, сэрэхгүй бол хөнжил дээр хучсан дээлний ханцуйнаас бүсээрээ оосорлож бэлдчихсэн байж байгаад хуу татна даа. Нүдээ бараг нээлгүй шахам хувин аваад өвлийн тачигнасан хүйтэнд харанхуйд тэмтчин тугалын амбаарт орж нөгөөх муу тугалыг өшиглөж босгоод шээлгэх гэж чивнийх нь үсийг маажаад хүлээгээд л байна, хүлээгээд л байна... арайхийж шээлгэж аваад бас болоогүй шээсийг нь аавд үзүүлж шалгуулж байж унтанаа. Мууяа ах тугал их хурдан шээлгээд байдгийн учир нь гадаа гаруут өөрөө шээчихээд аавд үзүүлчихдэг байсных юм билээ. Сүүлдээ тугал дасчихаад босонгуут дуулгавартай нь аргагүй түргэхэн шээчихээд буцаад хэвтчихдэг болдогсон.
Яваандаа буурал ээжийн алаг үнээ хөгширч тугаллахаа болилоо. Аав нэг өвөл энэ үнээг төхөөрөх цаг нь болжээ ухааны юм ярьтал эмээ маань урьдуур нь орж: -Та нар эхлээд намайг алчих, тэгээд үүнд гар хүр гэж хориг тавьсан тул яах ч арга байгаагүй. Алаг үнээ өглөө болгон өргүүлсээр тэр өвөл байгалийн жамаараа нүд аньсан юмдаг.
Залуудаа их нүгэл хийсэн хүн өтлөхдөө их шаналж зовдог, бүр үхэж ч чаддаггүй юм гэнэлээ гэж буурай бидэнд үргэлж ярьдагсан. Намайг орос руу сурахаар явахад:
-Чамайг эргээд ирэхэд буурал ээж нь байхгүй болчихсон байх шүү гэж уйлаад л торойгоод хоцордог, хойтон нь ирэхэд улам жижгэрчихсэн байж л байдаг эмээ минь намайг сургуулиа төгссөн жил нэг хатуу үүрэг өглөө.
-Чи дахиад ирэхдээ үрийнхээ зулайг үнэрлүүлээрэй, тэр болтол чинь би тэсээд байж байя гэв. Би ч амласнаа биелүүлж гурван жилийн дараа эхнэр хүүхдүүдтэйгээ зуныхаа амралтаар очоод буцахад:
-Одоо надад хоргодох юм байхгүйэ гээд их л тайвширсан аятай үлдсэн юм. Тэр зун буурал ээж, хүүд маань хөнгөн цагааны хайлшаар хийсэн жижигхэн морь бэлэглэж, “За миний бяцхан хүү эмээд нь чамд өгөх мөнгө төгрөг энээ тэрээ байхгүй ээ, үүнийг л өгөх гэж олон жил хадгалсан юм. Алсдаа аав ээж хоёртоо, унасан эзэндээ үнэнч морь лугаа адил ачтай тустай сайн хүү болоорой” хэмээн захисныг дөрөвхөн настай байсан хүү маань сүнсээрээ мэдэрсэн юм уу үнэхээр бид хоёртоо дуулгавартай сайн хүү болж өссөн билээ. Хүү минь настай цаашдаа буурайгийнхаа захиснаар ээж аав хоёрыгоо ивээж явах нь мэдээж.
Ер хүртлээ ямар ч өвчин тусч үзээгүй тэрээр урин хаврын нэгэн шөнө дахин сэрэхгүйгээр нэгмөсөн нойрсчихсон доо. Буурал ээж минь тун их буянтай хүн байсан юм. Тэрээр Бурханы оронд очсон нь гарцаагүй. Ум ма ни пад ми хум.

2005 оны 10 дугаар сар 17