Thursday, March 22, 2012

Ээжийнхэн

Ээж минь бар жилтэй, багаасаа өвөө, эмээ дээр өргөгдөн өссөн, нилээдгүй эрх нэгэн байсан гэдэг. Аав нь Чийбаатар, ээж нь Гөлгөө гэдэг хүмүүс байсан ба эхээс арван хоёулаа төрсөн боловч Бунчмаа, Маамуу, Жамбалрагчаа, Гарамдорж, Шагдарсүрэн, Тогтмол нар нь хорвоогийн жамаар жирийн нэгний амьдралыг туулж, одоо үр хүүхэд ач гуч зээ нийлээд дал гаруй халуун амь болж үржсэн байна.
Ээжийн ээж буюу эмээгээ бид хотын буурал ээж гэж дуудна. Тэрээр хүүхдүүдээ дагаад жараад оны эхээр хот руу нүүчихсэн болохоор бид тэгж авгайлдаг байж. Их том биетэй, чанга дуутай бид хэдийг “умруулдаг ” хүний нэг байсансан. Хүнд их итгэмтгий цайлган, нэг удаа зурагт гэж юм анх гарч эхэлж байх үед манай нутгийн партизан Бадрахын хүү Энэбиш гэж нэг сахилгагүй банди буурал ээжийнд ирчихээд түүгээр даапаалсныг би сайн санаж байна.
Хотын буурал ээж түүнд “Зурагтгүй болохоор хүүхдүүд айл руу гүйгээд гэртээ тогтохгүй байна” гэхэд нь тэр золиг “Алив эмээ нэг сайхан хоол хийж бай би одоохон танд тэрнийг чинь хийгээд өгье, ядах юмгүй “ гэж. Буурал ээж ч баярлан сүйд болж ганц үмх махаараа гараа гарган хоол хийж байх хооронд мань эр гадаа байсан цайны хунзыг задлан хайрцаг маягийн юм хийж эхэлжээ. Хоол ч болж мань хүн орж ирж идчихээд доторхы нь дараа ирж хийж өгнө гээд тэр чигээрээ арилсан байж билээ.
Бид олуулаа болохоор хотын буурал ээж боорцгоо амбарт хийгээд цоожилчихно. Нэг өдөр боорцог авах гээд гарсан буурал ээж маань байдаггүй. Бид хойноос нь гарвал амбаар дотор тас гэдэргээ саваад ухаан алдаад уначихаж. Бид хэд бөөн уйлаан майлаан болж арайхийж дамжилж гэрт оруулж ирчихээд үнэртэй ус хөвөнд шингээгээд үнэртүүлж байтал дээлийнх нь захнаас нэг жижигхэн хулгана шурхийн гарч одох нь тэр. Ухаан алдсаны учир нь эмээ боорцогныхоо уут руу гараа шургуултал ханцуйгаар нь тэр муу оготно дамжаад нүцгэн суга руу нь гүйгээд орчихсон хэрэг байж.
Намжилдорж оогиогийн ээж буюу биднийхээр бол гоё ээж гэж авгайлдаг бас нэг буурай Цагаанхайрханд байлаа. Жинхэнэ нэрийг нь хэн ч гэдэг байсан юм бүү мэд. Юм харж байгаа эсэх нь мэдэгдэхээргүй, хоёр нүд нь үргэлж хагас аниатай, ам нь бувтнаад гарынхаа алгыг үргэлж хавсарчихсан, зуухныхаа өмнө сууж байдагсан.
-Эмээ та юм цээжлээд байгаа юм уу гэхээр,
–Цөг, дуугай бай гээд л загнадаг мөртлөө үдэш биднийг орондоо орохын үед жигтэйхэн гоё гоё үлгэр ярьж өгдөг байсан хүн байлаа. Гоё ээж орой бүр хургаа ялгаж дуусангуут хоолоо гал дээрээ хийж тавьчихаад, муу умгар гэрээ тойрч, сунаж унаад мөргөөд л байна, мөргөөд л байна.. Яагаад ингэдэг юм болоо гээд бид нар битүүдээ шоолцгооно. Түүнийг залуудаа ноёны шивэгчин явсан юм гэнэлээ гэж нутгийнхан ярьцгаадаг байлаа.
Ээжийн том эгч Бунчмаа буюу бидний авгайлдгаар Умбаа маань яг манай ээж шиг сайхан сэтгэлтэй, тас тас инээсэн, ёстой Энхамгалан хаан гэж ийм байсан болов уу гэмээр хүн байсан юм. Тэр үед өвөр дээрээ дүүрэн хүүхэд шавуулчихсан тарган хүний дүрстэй хятад шаазан баримлыг айлууд хоймортоо Энх-Aмгалан хаан хэмээн залчихсан байдагтай их төстэй. Маш уран, намайг оросод оюутан байхад цамц, костюмнаас өгсүүлээд миний бараг бүх хувцсыг оёж өгч явуулдаг хүн байлаа. Дорлигсүрэн буюу бидний авгайлдгаар Доолиогийнх яг тэр шавар баримал шиг олон хүүхэдтэй бужигнасан энэ айл Американ дэнж буюу одоогийнхоор 15-р хорооллын орчим байхад буурал ээж бид хоёр нэг өвөл тэднийд хөдөөнөөс ирж өвөлжиж билээ. Сайндаа ч биш юм аа, буурал ээж бид хоёр Цагаанхайрхан руу айлын гэрийн бүрэлгэнд явж байгаад замдаа Хангилцагийн голд машин сууж намрын эхэн сарын хүйтэн шөнө дан тэрлэгтэй хээр хоносноос хойш миний нүд, чих байнга өвддөг болж хот руу эмчлүүлэхээр ирж байгаа нь тэр. Хоёр нүд час улайж нуух нулимсандаа битүү наалдаад хонох учир өглөө сэрээд нүдээ нээж чаддаггүй, шүлсдэж маажиж байж ховхолдог, ээжийн хөхний сүү, пенициллин хоёроос өөр эмчилгээгүй явсаар хүндэрч ийнхүү буурал ээж намайг хотод авч ирсэн хэрэг. Дээр нь бас шөнө болгон шахуу чихээр хатгаж хоёр чихнээс булаг гоожиж зовооно, ер нь тэр гайтай найр хуриманд явснаас болж би нэг хэсэг үйлээ үзсэндээ.
Хотод ирээд эмнэлэг домнолгоор нилээдгүй явсан боловч олигтой засал авдаггүй, эмч нар нүдний махыг нь хусна, чихэнд нь хагалгаа хийнэ гэх зэрэг оношилж байсан боловч харин нэг эм барьдаг өвгөнтэй золоор таарч, тэр хүн миний аминд орсон билээ. Доолиогийнхтой айл байсан Ламзав хэмээх тэр өвөө судсыг минь барьж үзчихээд: –Энэ хүү их даарснаас болж бөөр нь өвдөн хий цус дээшилж, нүд чих хоёрыг нь барьж авсан байна, бөөрийг нь эхлээд эмнэх хэрэгтэй хэмээн дүгнэсэн нь болсон явдалтай гайхалтай таарлаа. Ингээд өвгөн надад бөөрний элдэв тан уулгаж эхэлсэн өдрөөс эхлэн миний нүд чих зэрэг маш хурдан засал авсан юм. Ардын эмнэлгийн гайхамшгийг тэгж би өөр дээрээ анх мэдэрсэн дээ.
Жамбалрагчаа буюу бидний нэрлэдгээр Оогио бол харин залуудаа багагүй ширүүн догшин зантай, нилээд балгачихдаг, дарангуйлагч маягийн эр байсан бөгөөд одоо хүртэл өөрийнхөө ах дүү нараа бүгдийг нь захиргааддаг хүн. Гармаа ахыг хааяа юм амсчихаад ирэхээр нь Оогио толгой түрүүгүй балбадаг, буурал ээж оролцож байж хоёр тийш нь болгохгүй бол бидний хэнбугай нь ч тэр хоёр “хувилгааны” дундуур орж зүрхэлдэгдэггүй байлаа. Оогиогийн эхнэр бидний бэр эгч Оролмаа гэж дуу цөөтэй, ах дүү нараа хүний өөрийн гэдэггүй, бүгдэд нь сэтгэл гаргаж ханддаг, зургаан хүүхдийн эх, намхан нуруутай, дөлгөөхөн хүн байв. Хүүхдүүдээ өсөж өндийлгэх гэж Орлом эгч маань бас л борви бохисгүй шогшсон доо.
Ээжийн дараагийн дүү Шагдарсүрэн буюу биднийхээр бол Шаалаа эгч нутгаасаа нилээд эрт гарч Завхан Тэсийн Давга гэдэг айлд бэр орсон хүн. Шаалаа, манай ээжтэй хамт өвөөгийндөө өргөгдөн буурал ээж дээр хамт өссөн хоёр. Завхан Тэсэд насаараа жолооч хийсэн хүргэн Давга ах маань буурал ээжийг аваачиж гэртээ хэд хонуулахаар Баруунтуруунд ирлээ. Нэг орой гадаа хүн амьтан шуугилдах чимээнээр бид гүйлдэн гарч харвал миний эрэгтэй дүү Батсүх буурал ээжийг авч явах сургаар Давга ахын машиныг нь шатаана гэчихсэн түмпэн дүүрэн түлээ овоолоод машин доогуур хийчихсэн утаа манаруулж байхад нь ашгүй хүн харсан байлаа.
Эднийхний хамгийн бага нь болох ээжийнхний дууддагаар “бор гэзэгтэй” буюу Тогтмол эгч маань орсон гарсан хүнд ундтай устай, нэг үе Архангайн Сүхээ бариачийг дагалдаж явсны хувьд бас муугүй “оточ” билээ. Манай ах дүү нарын хэн боловч хүүхдээ уйлагнахаар нь мань хүн рүү шогшчихдог, толгой түрүүгий нь хэд илээд л асуудал барагтай бол шийдэгдчихдэг байсан юм. Түүний нөхөр болох манай хүргэн ах Сүхбат маань уртын дууны ёстой мастер байлаа. Уг нь энэ авьяасыг багаас нь тордсон бол улсдаа дээгүүр орох дуучин болох байсныг хэн нь ч үгүйсгэхгүй. Би мань хүнтэй мөн ч олон удаа дуутай, хууртай шөнийг өнгөрөөж “Нарийн сайхан хээрийг” нь дахин дахин дуулуулж байсандаа.
Миний ээжийн өвөг эцэг Шагж гэдэг хүн. Тэднийх Чулуунбаатар, Батдорж, Чийбаатар, Дарамбазар, Цэгмид, Шарав, Намжилдорж гээд дан эрэгтэй хүүхдүүдтэй, Норолхойжав гэж ганц өргөмөл охинтой айл байж. Ээжийн авга ах Ханхөхийн хошууны сайн эр Шарав гэгч хүний тухай домог түүх мэт зүйлийг өгүүлэх хүн олон.
Шарав ах “Тунгалаг тамирын цахиур Төмөр” аятай аймаг сум дамжуулан адуу хөөж. нутгийнхандаа дамжуулдаг байсан нь баригдаж Улаангомын шорон руу ачигдсан боловч тэндээсээ оргож, Ханхөхий ууланд ирээд бүгчихэж. Уртын дуу сайхан дуулдаг байсан тэрээр Хөхийн арын ой модыг цууриаттал нь дуулахад нь зэлэн дээрээ сааль хийж байсан бүсгүйчүүдийн нүдэнд нь нулимс гүйдэг байсан гэлцдэг байлаа. Цагдаа нарт хөөгдөн амь тэмцэж явахдаа үертэй Ховд гол дээгүүр бугуйл залган шидэж хамгийн сайн моринд углан бугуйлаасаа зүүгдэж чирэгдэн ус гарч зайдлан унаад нутгийн зүг арилж одсон ч, жилийн дараа тэр морийг мөнгөн хазаар эмээлтэй эзэнд нь хүргэж өгч байсныг тэр нутгийн хүмүүс надад гэрчлэн ярьдаг юм. Арван жил ганцаараа уул хадаар тэнэн амьдарч байсан тэрээр хожим нь НАХ-ынхны тулгалтаар хамгийн сайн найздаа буудуулан хүнд шархадсанаас болж баригдсан юм. Тэрээр цээжиндээ бууны шархтай, явахдаа буудуулсан гараараа харгалзаж явсан хүний бүсэнд хавчуулгатай явсан өөрийнхөө хутгыг шүүрэн авч амиа егүүтгэсэн юм гэнэ лээ. Түүнийг барьж өгсөн багын найз нь тэр явдлаас хойш “чөтгөр” хоч зүүж нутгийнхандаа адлагдан үр хүүхдүүд нь тийм сайн яваагүй гэж ярьдаг юм билээ.
Ээж минь насаараа цэцэрлэгт ажиллан, хүний өөрийн хүүхдийг ялгалгүй бөөцийлдөг байсан буянтай буурал. Би багаасаа цэцэрлэгийн хоолны амтанд орсондоо тэр үү, ээждээ эрхэлдэг байсандаа ч тэр үү сургуульд орсон хойноо хааяа ээжийнхээ гараар хийсэн цэцэрлэгийнхээ хоолыг “бууддаг” байв. Залуудаа урт үстэй, улаа бутарсан их сайхан бүсгүй байсан гэж үе тэнгийнхэн нь ярьдаг юм. Зуны өдрийн уртад ажлаасаа нар дээр байхад ирдэг тэрээр гэрийнхээ сүүдэрт суун бид хэдийн түмпэн дүүрэн хиртэй хувцсыг угаах зуураа “Улаан торгон уутыг” сэнгэнэтэл исгэрдэгсэн. Ээжийн үеийнхэн тэр үед анхан шатны боловсролтой болгох дугуйланд хамрагддаг байв. Пагамжав гуай гэж ээжийн үеийн нэг бүдүүн авгай хичээл дээр үзэх тоогоо урьд өдөр нь хүүхдээрээ гэртээ бодуулж ирчихээд дэвтрээ шагайснаа -Энэ Баттогтох чинь юу гээд биччихсэн хар золигов гэж хэлээд ангийнхнаа нирхийтэл инээлгэсэн гээд л ярьдаг байсансан.
Манай хөрш хашааны Тарган Тунаа хэмээх нилээд лагс бүдүүн өвгөн аахилсаар нэг удаа манайд орж ирэн хоймор гарч, аавтай зэрэгцэн завилан суулаа. Ээж түүн рүү аягатай цай барин тонгойсноо писхийтэл инээд алдаад гүйгээд гарч одох нь тэр. Аав ч уурлаж амандаа үгэлсэн боловч, над руу сэмхэн нүдээрээ дохиход учрыг нь би ойлголоо. Тунаа гуайн өмдний салтаа онгойж, зайлуул бандааж түрсийк байхгүй байсан уу, эсвэл давхраараа зад явчихсан байсан уу бүү мэд бүдүүн гуяных нь цаанаас нь үхсэн хулгана аятай үрчийсэн хар “юм” цухуйж байсныг аав аятайхан сануулж орхитол өвгөн учиргүй сандран нөгөө муу “юмаа” хоёр гараараа цааш нь чихэж орхиход нь би ч тэсэлгүй инээд алдан гэрээсээ ээжийн араас гүйн гарч байж билээ. Тунаа гуай эл явдлаас хойш дараа жилийн цагаан сар болтол манайхаар нэг ч орж ирээгүй билээ.
Уурлана аашлана гэж ер мэддэгүй ээждээ нэг сайн балбуулах “аз” надад нэг удаа тохиож билээ. Би багаасаа анд хорхойтой, буу шийдэм үүрч, зурам туулайтай их хөөцөлдөх дуртай байж. Ээж маань үүнд их дургүй, гэвч яаж ч хориод дийлдэхгүй учир аминчлан захидаг зүйл нь:
–Миний хүү усны шувуу л битгий буудаарай, насныхаа дагуулыг амьдралдаа ганцхан удаа сонгодог болохоор нэгийг нь хороочихвол нөгөөх нь үхэн үхтлээ ганцаараа шаналдаг юм гэнэ лээ гэдэг байв. Нэг намар би бор галуу алж найз нартайгаа хээр шарж идчихээд жаахан мах өвөртлөж хариад ээждээ туулайны мах гээд өгч орхилоо. Идэж дууссаны нь дараа би:
–Та нөгөө битгий, битгий гээд байдаг амьтныхаа махыг хүртчихлээ ш дээ гэчихсэн чинь намайг уйлж байгаад галынхаа хайчаар ганц сайн гөвшсөндөө. Их ч өвдсөн, ижийн маань сэтгэл ч түүнээс илүү өвдсөнийг хожим нь би ухаарсан юм.
Оросод аспирантурт сурч байх үедээ ээжийгээ санах үедээ бас болоогүй шүлэг тэрлэх гэж оролдоно, гэвч тэр маань олигтой юм болдоггүй байлаа.

Ижийгээ би хайрлана

Ариун цагаан сэтгэлийг
Бурхан танд заяаж ээ
Ахиад олдохгүй ижийгээ
Борхон зүрхэндээ хайрлана

Эвийн уяхан сэтгэлийг
Ээж минь надад өвлүүлжээ
Энэ хорвоод таныгаа
Элэг зүрхэндээ хайрлана

Төөлөм биеийг минь төрүүлж
Туулах амьдралд хүргэсэн
Ачтай буурал ижийгээ
Амин голоосоо хайрлана

Нартын сүмбэр Хөхийн
Налгар буурал удамдаа
Намайгаа гэсэн Таныгаа
Насан туршдаа хайрлана

Үр нь ээжээ хайрладаг нь
Үйзэн хорвоогийн ёс
Үнэхээр миний түшиг
Үлэмжийн ачтай буурал даа гэж бичиж бас дуулж ч үзэв.
Намайг тэнд байхад ээж маань таван өдөр шөнө вагонд түчигнүүлэн явж ирж замдаа нилээд ядарсан боловч Москва хотыг бас үзчихээд бөөн баяр болж байж билээ. Хойтон жил нь Тогтмол эгч бас Москвад хөл тавиад их баярласан.
Бид хэдийг төрүүлж өсгөх гэж тарчигхан амьдралд нухлуулан зүтгэсээр багагүй ядарсан ч бидэндээ бол одоо ч сайхнаараа байгаа ээж минь. Бид хүнээс юм авахдаа ихэвчлэн баярладаг бол манай ээж эсрэгээрээ, хүнд юм өгөхдөө их баярлана. Нөөцлөх, хадгалах гэж ер мэдэхгүй, байгаагаа хүнд тарааж өгчихөөд өөрөө хоосон сууж байдаг хүн. Хааяа очиход хашаагаараа дүүрэн нохой, гэрээрээ дүүрэн муур тэжээчихсэн, хүний өөрийн гэхгүй хавийн хүүхдүүд хооллодог, “хоббитэй” ээж минь нэг л мэдэхэд “хотын” буурал ээжтэй маань усан дусал шиг адилхан эмээ болчихсон байлаа.
2010-03-05


Аав минь

Аавыг маань Шаарав гэдэг боловч манай нутгийнхан нь Шийлаа гэж авгайлна. Туруун суманд миний мэдэх лав гурван Шаарав байсан юм. Бүлтгэр Шаарав, Хар Шаарав, хаминдаа Шаарав гэж. Хаминдаа Шаарав гэдэг нь насаараа нярав хийсэн манай аав бөгөөд комендант гэдэг орос үг явсаар байгаад хаминдаа болж буусан хэрэг. Манай нутагт хочгүй хүн гэж ганц ч байдаггүй юм. Зарим үе тэнгийнхэн нь тарган Шаарав бүр цүдгэр Шаарав ч гэнэ. Ид барилдаж байхдаа зуу гаруй кг жинтэй нилээд биерхүү тарган хүн байсан учраас ийм хочтой болсон байх. Багадаа манай авга ах Гэжээпил лам ахынд сууж тангад ном заалгаж байгаад ламхыг 37 онд до яамныханд баригдаад явсны дараа гэртээ ирж мал маллаж байгаад цэрэгт явсан юм билээ. Аав маань цэргийн албыг долоон жил Дорнод аймагт хашсан бөгөөд тэнд байхдаа бүх цэргийн наадамд үзүүрлэж цэргийн заан цол авч байжээ. Тэр наадамд оролцохоор ганцаараа Тамсагбулагаас хөтөлгөө морьтой гарч 400 шахам км Мэнэнгийн уудам талыг туулан зам зуураа гурав хонож байж аймгийн төвд ирж барилдаад түрүүлэхэд дарга нар нь баяр хүргэж буцахад нь нэг цэрэг хань болгон явуулж байсан гэж ярьдаг юм.
Цэрэгт байхдаа маршал Чойбалсан, Жуков нарын гал зууханд хэсэг хугацаанд ажилласан нь мань хүний амьдралын хамгийн онцгой дурсгалтай мөч байсан болов уу гэж бодогддог. Түүнийгээ үе үе нутгийн хөгшчүүдэд хуучлах дуртай. Халх голын байлдаанд оруулахаар Тамсагбулагаас цааш хороог нь татаж байсан үед азаар дайн дуусч халагдан аавыг хойш нь Орос руу цэргийн сургуульд явуулахаар шийд гарсан ч нутагтаа байгаа хөгшчүүддээ сэтгэл хоргодож сургуульд нь явалгүй элдэв шалтаг заасаар буцаж ирсэн гэдэг.
Тэрээр эцэг эхээсээ наймуулаа байсан гэж ярьдаг. Аавын аав бидний өвөө Түмэн-Өлзий гэгч хүн ах дүү дөрвүүлээ байж. Түүний нэг Цөөсөө бөх нь биеэр жижиг боловч маш их хүч тэнхээтэй, нутгийнхны дунд “харгана сугалдаг” хэмээн хочлогдсон хүн. Цөөсөөгийн өргөсөн чулуу хэмээх нэгэн дөрвөлжин чулуу Их давааны аманд байсныг хүргэн Бямбасүрэн, үеэл Бат-Эрдэнэ бид гурав гурвуулаа өргөх гээд байрнаас нь ч хөдөлгөж чадаагүй юмдаг.
“Өвөл түлээ түлш хомосдох үед Цөөсөөтэй харгананд явах урамтайсан. Бүдүүн улаан харганыг бид нар шиг өргөсөнд гараа хатгуулан цавчина энээ тэрээ гэж зовохгүй, ёроолоор нь сураар оосорлоод өгөхөөр үндсээр нь суга суга татаад гаргаад хаячихна. Цөөсөөг харгана үүрээд ирж явахыг алсаас харахад бие нь харагддаггүй, өвсөн бухал хөдөлж яваа юм шиг л харагддаг” хэмээн нутгийн өвгөн Дашцэрэн гуай надад хуучилж байж билээ. Арснагийн голын адагт намагт зоогдоод үхчихсэн тарган сувай үнээг шавраас суга татаж гаргаад Арснагийн голоос Уужим булан хүртэл арваад км газар үүрээд ирж байсан тухай аав ярьдаг байлаа.
Аав маань цэргээс ирээд тэр үеийн Туруун буюу одоогийн Цагаанхайрхан суманд хүн эмнэлэг, бага сургуульд нярав хийж байгаад Баруунтуруун сум байгуулагдаж эхлэх үе буюу 1958 онд Мөндөөхөөгөөс нүүж ирж Чийбаатар, Дэмбэрэл гуайнхантай Турууны голын хөвөөнд айл байсныг би бүүр түүр санадаг. Намайг нэг ойтой, нэхий өлгийтэй байхад, миний ах Мууяаг дөнгөж төрүүт эх нь бурхан болсон учир аав минь хүлээн авч түүнээс хойш долоон дүү төрснөөр бид нэг гэрт есүүлээ бужигналдаж өссөн юм. Өөрсдөө хэдийгээр умгар гэртээ багтааж ядаж байж жил болгон гаднаас ах дүү нарынхаа нэгээс хоёр хүүхдийг сургууль төгстөл нь гэртээ бас байлгана. Тэр үед Турууны арван жил дөнгөж байгуулагдсан, дотуур байр сав ч гэж байдаггүй байж.
Мөн анхнаасаа манайд байсан гэр бүлийн бас нэг гишүүн бол буурал ээж маань буюу ээжийг багад нь өргөж авч хүн болгосон ээжийн маань эмээ Диваа болох гэж буурал байлаа. Ингээд энэ гэрт бид байнга арван хэдүүлээ. Яаж багтаж яаж хоол унд нь хүрэлцэж байсан юм бүү мэд.
Тогоо дүүрэн хярамцаг хийхэд овсгоотой нь хоёр дахьдаг олиг муутай нь хоосон шахуу хоцордог байсан гэж одоо Дариймаа ах маань хуучилдаг. Гүндсамбуу, Нямжав, Гарамдорж, Барсүрэн ах нар гээд манайхаар өссөн хүүхдүүдийг тоолбол зөндөө, зөндөө. Ядаж цагаан сараар ганц удаа ирж золгосонгүй хэмээн заримд нь аав бөөн гомдол болдог нь тэднийг бараг өөрийнхөө хүүхэд аятай боддог байснаас л тэр. Аав минь насаараа нярав хийсэн, эзэмшиж буй эд хөрөнгөнөөсөө нэг ч төгрөг дутааж байгаагүй нягт нямбай хүн. Нэг удаа аймгаас санхүүгийн гэнэтийн шалгалт ирж бүх хөрөнгийг нь тоолоод данстай нь тулгахад хоёр ширхэг барааны саван дутаж Турууныхан бөөн инээдэм болж байсансан. Хүн юм зээлэх, гуйхад “байхгүй” гэдэг ганц үгээр амыг нь тагладаг байсан хүн гэлцдэг.
Ямар сайндаа Турууны “таван бирдийн нэг гэсэн хоч зүүж байхав Таван бирд гэх сангийн аж ахуйн нярав “халзан” Бадраа, цэцэрлэгийн нярав “харамч” Гүрцоо, артелийн нярав “шар” Жамбал, сургуулийн нярав “үглээ” Банди нарын аавын үеийн өвгөчүүл. Тэд нар хүнд юм зээлнэ, хялайлгана гэж ёстой гонжийн жоо. “Тэднээс юм гуйснаас тэнгэрээс хур гуйсан нь дээр” гэж Турууныхан ярьцгаадаг байсан юм. Аав маань биднийг үе үе “чадна”, тэр зан нь бидэнд бас өвлөгдсөн юм шигээ. Оросод оюутан байсан үе. Нэг зун би амралтаараа гэртээ ирчихээд бараг хагас жил цуглуулсан мөнгөөрөө худалдаж авсан хос “Wrangler” жинсээ өмсөж гангарах гэтэл өвдөг, бөгс, тохой нь энд тэндгүй цайчихсан байгааг аав харснаа:
–Миний хүү аавынхаа дээлнээс дор гандчихсан хувцас өмсөх муухай юм биш үү гэж байна. Тэгэхээр нь явуулмаар санагдаад “тэгвэл та авах уу” гэсэн чинь дуртай нь аргагүй “тэгье л дээ” гэж байна. Тэр өдрөө аав нөгөөхийгөө өмсөж аваад хашин хул морио унаад гарч өгөв өө. Турууны залуучуудын нүд нь орой дээр гарч Шийлаа өвөө хос жинстэй явж байна гээд дагаж гүйлдээд л шуугиж өгнө биз дээ. Орой нь аав их л ууртай орж ирснээ нөгөөхийг минь учир зүггүй угзчиж тайлаад над руу буцаагаад шидчихэж билээ.
Амьдрал тарчиг, олон хүүхдээ хооллож ундлах амаргүй байсандаа л тэгдэг байсан байх аав маань хааяа нилээд үглэнэ түүнийг нь зогсоох их амархан. Ээж нэг удаа сайн уурлуулахад л болоо. Уурлахаараа дуугаа хураачихна, заримдаа бүр долоо хоногоор дуугарахгүй шүү. Энэ үед бид түүнээс их айна, бүр хоорондоо ч чанга ярихгүй дээ.
Хүүхдээ загнана, зодно гэж ер үгүй. Харин Мууяа ах л хааяа нэг сайн ‘чимхүүлдэг’ байсан санагдана. Мууяа ахын яагаад ч юм нүүр ам, гар хөл хамаг юм нь нил черниль болчихсон тууж явна. Тэр үеийн хөх черниль угаагаад угаагаад арилна гэж нэг байхгүй. Нэг удаа аав түүнийг барьж аваад хашраах санаатай өмдий нь шувталтал бөгс нь хүртэл хөх алаг болчихсныг нь хараад инээдээ барьж чадалгүй буцаагаад тавьчихаж билээ.
Аавд нэг инээдтэй зан байсан нь элдэв өт хорхой хулгана шавьжнаас сүнс нь зайлчих дөхдөгсөн. Хүзүүн дээр чинь хачиг гэх юм уу нуруун дээр чинь үстэй хорхой гэнгүүт л алив аваадах гэсээр нүүр нь байдгаараа улайчихсан хүзүүгээ сунган ээж рүү босон харайдаг байсансан. Гэрийн хоймроор ор засан унтахдаа дээл даавуу, элдэв бусын юм мушгин өөрийгөө тойруулж тавих нь хулганаас өөрийгөө хамгаалж хил тогтоож байгаа хэрэг. Бид хоёр нэг удаа анд явж замдаа Тарвагат хар усны хэдэн цохионы өвөрт тохмоо дэвсэж аваад хонолоо. Аав маань шөнөжин дөрөөгөөрөө хад балбаад унтуулсангүй. Маргааш өглөө нь би “яаваа” гэсэн чинь “Хулгана энд тэнүүгээр гүйгээд.. чи мөн бөх нойртой хүн юмаа” гэсээр хүзүүгээ шөргөөж суусансан..
Үдийн цайгаа уучихаад гэрийнхээ хойморт тухлан нүдээ анин хэвтэж байхдаа намайг толгойныхоо хажууд суулган Бальзакийн “Обломов” Р.Таагүрийн “Гора” гэх мэт зузаан зузаан номуудыг чанга дуугаар уншуулах дуртай. Дээр нь бас болоогүй сахлаа зулгаалгана. Зулгаасан сахлаа бас тоолох ёстой, нэг удаадаа зуу хүргэж байж сална даа. Мууяа ах энэ тэр бол алгасч тоолж байгаад баригдана, харин би яг яс зулгаадагт аав дуртай байлаа. Орой бүр охидуудаараа нуруугаа маажуулна, нурууг нь маажихын өмнө бас хумсаа авсан эсэхээ шалгуулна. Энхбатыг сайн мааждаг гэж магтаан сайшаана, харин Бадагт “хумсаараа нуруу урдаг” гээд жаахан тиймэрхүү.
Маршал Чойбалсан болон гучин долоон оны их хэлмэгдүүлэлт, Ханхөхийн хүрээг дотоод яамны төлөөлөгч Омбо, Гарамдорж нар ирж устгаж байсан тухай, феодалын хөрөнгө хураалтын тухай, мал сүргийн тоог таван жилийн дотор 200 сая хүргэх шийдвэр, ноосны төлөвлөгөө биелээгүй үед үстэй дээлээ бараг хайчилдаг байсан, Чойбалсанг нас барах үед намын ухуулагч нар нь “Маршал байхгүй бид одоо яанаа” гээд хэнгэнэтэл уйлалдаж байсан тухай, Сталин, Хрущев нар болон ЗХУКН-ын онц XX их хурлын тухай гээд дуусашгүй урт түүхийг аав үе тэнгийнхэнтэйгээ хуучлах үед нь “үгэнд дурласнаас” болж заримдаа хөөгдөх боловч орон доогуураа орж хэвтэж байгаад томчуудын ярианд чихээ дэвсдэг байсансан. Тэр үед хөдөө орон нутагт зурагт энээ тэрээ гэж байсангүй, Монголын радио, “Үнэн” сонин хоёроор л хорвоог төсөөлнө. Хааяа намын гишүүдэд хаалттай мэдээ ирэх боловч би түүнийг нь аав Бадрай гуай хоёрын ярианаас дээрх маягаар төвөггүй олж авдаг байв. Хоёр өвгөн 1968 онд оросын цэрэг Прага руу орсон тухай, Америкийн ерөнхийлөгч Кеннедийг Даллас гэдэг хотод буудан хөнөөсөн тухай гайхшран хөөрөлддөг байсансан.
Тэрээр мөн мундаг гарын дүйтэй хүн байсан. Зураг зурна, модоор сийлбэр хийнэ, ихээхэн гал түлж хөөрөгдөж байгаад мөнгөн бөгж, бугуйвч хонх бас цутгаж хийнэ. Түүний хийж ах дүү нартаа бэлэглэсэн мөнгөн хонх бугуйвчнууд одоо олон айлд бий дээ. Аавын хийсэн хачин гоё зүмбэр Улаангомын музейд одоо хүртэл хадгалагдаж буй. Оросод сурч байхдаа би аавыгаа нэг удаа ч гэсэн баярлуулахаар урилгаар авч явж Москва, Ленинградыг үзүүлсэн юм. Тэр тухайгаа дараа нь Гэндэн гуай, Чимэддорж гуай, Бадраа гуай Малиа начин гээд үеийнхээ хөгшчүүддээ бараг бүтэн сар ‘лекц’ уншсан гэнэлээ.
Аав минь 84 насыг зооглоод бурхан болсон. Хэдий нас өндөр болсон ч өвдөж шаналж өөрийгөө ч, үр хүүхдээ ч нэг ч удаа зовоогоогүй их буянтай хүн байж дээ гэж бодогддог. Архи тамхи огт хэрэглэдэггүй маш тэнхлүүн чулуу шиг биетэй хүн байсансан. Өөд болдгийн нь өмнөхөн эмч тариа хийх гэхэд ихэд айж сандраад байхаар нь яасан юм бол гэсэн чинь насандаа судас тариа хийлгэж үзээгүй байсандаа тэр байж.
Миний амьдралдаа мөрдөж явдаг “Хүнд муу юм битгий хийгээрэй эргээд өөрт чинь, бүр үгүй юмаа гэхэд үр хүүхдэд чинь хүнд гай тусдаг юм шүү” гэдэг үг аавын минь олон захиасуудын нэг юм шүү.

Бал даргыг оргуулсан минь

1990 оны хавар ардчилал Монголд ид бужигнаж байсан цаг үед би Москвагийн их сургуулийн аспирантурт сурч байлаа. Тэр үед Москвагийн ойролцоо Подольск тосгон дахь Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд Даваахүү, Бат-Эрдэнэ гэж үе тэнгийн хоёр залуус бас сурдаг, амралтын өдрүүдэд бид хэд манайд голдуу цуглаж “улс төрждөг” байлаа. Ярианы маань гол сэдвийн нэг мэдээж Цэдэнбал дарга.
Ардчиллыг Даваахүү бид хэд бүхий л талаар талархан хүлээж авсан боловч Монголд болж байгаа ганцхан юман дээр санал огт нийлдэггүй байсан нь Бал даргад элдэв нэр хаяг зүүн гоочилж эхэлсэн зүйл. Сайндаа ч биш, биеэр маань “Увсын цус” гүйж байсандаа л тэр байх. Бал даргаас одон медаль, цол, зэрэг бүгдийг хураан авч намаас нь хүртэл хөөж байсан тэр хавар одоо хүртэл миний санаанаас гардаггүй юм. Гэхдээ үүнийг муу нэртэй, луу данстай нөгөө ардчиллын “хэдэн банди нар” биш Ху намын хулгарууд өөрсдөө санаачлан хийж орхисон нь бүр гайхшрал төрүүлэм. Нас өндөр болж өвчинд нэрвэгдсэн хөөрхий тэр өвгөн үүнийг сонсоод:
-Миний нам намайг хөөх ёсгүй... Тэр бол миний нам биш байна гэж аяархан хэлсэн гэдэг. Тэр үед ихээхэн сүр дуулиантай хурааж авч байсан биднийг Подольск явах бүр замд харагдах түүний хувийн орон сууц гэдэг нь одоо манай баячуудын бариулаад байгаа харшуудын дэргэд нэг муу хөгийн амбаар л байсан байхгүй юу.
МГУ-гийн оюутны байрны долоон давхрын умгар өрөөнд оюутан байх үеэс энэ сургуульд хамт сурч бие биенийгээ сайн мэдэх болсон Бал даргын дүү Аюуш гуайн охин Буянтөгс гэж эмэгтэй тэр үед бас сурч амьдарч байлаа. Буянаа Бал даргынд багаасаа өссөн, мөн тэднийхээр үргэлж очиж хоёр хөгшнийг асарч тусалдаг байсан учир би түүнээс тааралдах болгондоо өвгөний биеийг асуухаас цаашгүй.
Миний аав Бал даргатай нас чацуу өвгөн Увсын Баруунтуруунд амьдардаг, намайг амралтаараа зун очих бүрт аав надаас Бал даргыг асууна,
-Чи чинь Москвад нэг дор байж ганц удаа гэрээр нь ороод биеий нь асуугаад гарахад болохгүй нь юу байх билээ гээд л үглэнэ. Аав маань түүнийг тусгай хамгаалалтанд байдаг, хэн ч уулзах боломжгүй гэдгийг яаж ч ухаарах билээ. Яг л хамар хашааны Бадрай гуайнд ороод гарахтай адил юм бодно.
90 оны тэр намар Буянаатай уулзаад ярьж байсан чинь тэрээр:
-Чи юу гэж бодно, цаадах өвгөн чинь нутгаа санаад эгээ л галзуурах гэж байх шиг байна. Гэртээ уншиж байсан сонингийнхоо булан захаар нь хуучин монголоор “Чи гэртээ харь, Чи гэртээ харь” гээд дүүрэн эрээччихсэн уйлаад сууж байсан гэхийг сонсуут самсай шархирч, тэр оройгоо муу улаан “Ладагаа” асааж аваад Даваахүүгийнд давхиж хүрлээ.
-Ерөөсөө цаад өвгөнийг чинь нутгийг нь бараадуулбал яасан юм. Би Москвагаас Кызыль рүү онгоцоор авч явахыг нь хариуцъя, чи цааш нь Самгалтай хавиар аргалаад хил давуулчихсан цагт цаашдаа юу л болбол болог гэх ухааны юм ярьсан чинь нөгөөх чинь хөөрцөглөж байгаа гэж жигтэйхэн. Тэсийн “юм” болохоороо тэдний хамаатан саднаас ганц хүн бүү хэл азарга адуу, сүрэг үхэр давуулчих хамууд захаас аван олдоно гэлээ. Бат-Эрдэнэ бид хоёрын яриаг сонсчихоод:
–Наадах чинь бүтэхгүй та хоёр алуулна гэж байсан боловч сүүлдээ уярч бид хоёртой хүч хавсрах юм болж байнаа. Мэдээж бидэнд тэр үед ямар нэг улс төрийн ашиг хонжоо, нэр алдар олох гэсэн ч юм уу атгаг санаа байсангүй, гагцхүү насаараа бидний төлөө зүтгээд эцэст нь өрөвдөлтэй байдалд орчихсон аавтайгаа адил өвгөнийг нутагт нь аваачиж ясыг нь тавиулах боломж олгох зорилго агуулсан царай нь тэр.
Би Москвад аэрофлотын кассны нэгэн эмэгтэйг сайн таньдгийн хувьд орон нутгийн рейсээр Зөвлөлтийн аль ч хот руу нисэхэд түвэггүй байсан юм. Тэр үед ЗХУ-ын өөрийнх нь иргэдэд дотоодын нислэг маш хямдхан байсан учир би хэн нэг буриад ч юм уу казак найзынхаа паспортоор тийз бичүүлж аваад Москвагаас Улаан-Үдээр дамжин жилдээ хоёр удаа харьдаг, нутаг нэгт найз нартаа ч шаардлага гарсан үед нь ингэж тусалдаг, мөн нисэх буудлуудын хяналт шалгалт ч одоогийнхтой адилгүй задгай үе байлаа.
Ганц удаа боловч аавынхаа захиасаар Бал даргын гэрт нь очиж уулзах боломж гаргаж өгөхийг нэг удаа гуйхад Буянаа эелдгээр татгалзаж:
–Тэр бүтэхгүй, харин чи Лениний уулан дээр боломжтой өдрөө яг хоёр цагт байж бай би салхинд гаргахаар аваад ирье, тэгээд л уулзахгүй юу гэж ярьснаас л түүнийг оргуулах төлөвлөгөөг бас хэрэгжүүлж болохоор санагдаад явчихсан хэрэг. Дараахан нь дурьдсан өдрүүдэд Лениний уулан дээр товлосон цагаас өмнө би хэд хэдэн удаа очиж ажиглалт хийхэд нүдэндээ хар шил зүүсэн, хоёр зэвүүн эр аль хэдий нь “байраа эзэлчихсэн” хөлхөж харагддаг нь нүдэнд шууд тусаж өвгөнтэй уулзах учрах, оргуулах талаар мөрөөдөхийн ч хэрэггүй гэдгийг ойлголоо.
Одоо ч Леонид Шинкарёв гуайн Бал даргын амьдралын тухай бичсэн дурдатгалын номноос тэрээр амьдралын сүүлчийн өдрүүдээ хүртэл ямар хатуу мөрдлөг хамгаалалтан доор байсныг уншаад юун бид нарын тэр үед бодож ярьж байсан зүйлээ санахаас хөх инээд хүрэх шиг болдог юм. Гэхдээ л хэрвээ бид үзээд алдсан бол яах байсан болоо гэж бодохоор бас сонин.
Аав маань тэр үед амьд сэрүүн байсан болохоор юу ч болсон намайг зэмлэхгүй харин “оргуулалт” бүтсэн бол үнэхээр үхтлээ баярлах байсан юм шүү.

Өдрийн сонин 2005-02-02 # 031

Tuesday, March 20, 2012

ßìàà ä¿¿æèëäýã ÿãã¿é àíäóóä

Одоогоос хорь гаруй жилийн өмнө юмсан, намрын нэгэн налгар өдөр найз нөхөдтэйгөө хөглөж явсан бяцхан түүхээ дурсахуй.

Урьд орой нь ажлынхантайгаа зуслан дээр нилээд залчихсанаас болж өрвийтөл шартчихсан бид хэд Улаанбаатар ресторанд орж ганц ганц шил шар айраг авангаа нижгээд таваг хууцай захиалчихаад сууж байтал Ганбаа гүйгээд ороод ирлээ. Миний хаана байгааг ХААЯаман дээрээс сураглаад мэдчихэж. Ганбаа гэдэг нь одоо улсын заан, гавьяат тамирчин Ж.Ганболд.

-Наадахаа одоохон орхи, Жааяа бид хэд тарваганд явж байна, ингэж сууснаас хөдөө гарч тарваганы боодог идэж айраг уух нь чамд арай дээргүй юу гэхийг сонсоод уухайн тас тэдэнтэйгээ нийлэхээр шийдлээ.

“801”-ын офицер Жадамбаа маань цагдаагийн алаг эрээн фургонтой том дарга болчихоод биднийгээ салхилуулахаар ирсэн нь тэр байж. Яармаг гарч Түвшээгийнд очлоо. Одоогийн улсын гавьяат жүжигчин, уртын дууч Түвшинжаргалын эхнэр гэж тэнгэрт тулсан гэдэстэй эмэгтэй манийгаа бас дагах болчихсон юм хумаа янзалж байна. Ийм өнөө маргаашдаа тулчихсан хүн бидэнтэй явна гэхээс би ч дотроо жаахан дурамжхан л байлаа. “Дотнын найзындаа очно, айраг авчирч цэргийн карантинд байгаа дүүгээ эргэнэ” гээд л зуун литрийн том цэнхэр савнаас өгсүүлээд үзэм чихэр, архи дарс зөндөө л юм авцгаалаа.

Замдаа тэд хэд тэмцээн уралдаанд оролцож яаж хөглөж байсан тухайгаа ярьж хөхрөлдсөөр нэг л мэдэхэд Партизаны САА орчихож. Наахан талд нь зогсоод нөгөө найзынхаагаа сураглах болсон чинь Түвшинжаргалын дуу нь гэнэт цаашаа ороод нүүр нь барайчих нь тэр.

-Яасан бэ, Түвшээ?

-За байз нөгөөхийг чинь Баагий гэдэг бил үү, Саагий ч бил үү, түрүүнээс хойш золигийн чинь нэрийг нь санах гээд бүр ядлаа гэх нь тэр. Бид хэд нөгөөхийгөө шоолоод тасарч унатлаа хөхрөлдлөө. Талийгаач Далай маань нүд нь жоохийчихоод Түвшинжаргалыгаа явуулж байгаа гэж учиргүй. Далай гэдэг нь самбо бөхийн дэлхийн хэд хэдэн удаагийн аварга, гавьяат тамирчин Дэлгэрдалай агсныг хэлж байгаа юм.

Урьд өдрөөс хойш аяганы ам зуугаагүй би тэсэхээ байгаад нөгөөдүүлдээ ажлаа бодохыг нь сануултал Жадамбаа, Далай хоёр хангайн тарвагыг хамаад ирэх юм болоод л буу саадгаа агсаад буулаа. Бид хэд цаашаа хөдөлж нэг уулын орой дээр зогсоод нөгөө хоёроо хүлээлээ, цаг өнгөрлөө, хоёр, гурван цаг боллоо, байдаггүй ээ. Нөгөө хэдэн бөхчүүд дуусдаггүй яриагаа үргэлжлүүлэн байн байн хөхрөлдөөд л бөөн зугаатай хүмүүс. Миний хоосон ходоод хоржигоноод бүр бишдлээ.

Тэр үед бусдаасаа арай дотно байсан Ганбаадаа жигтэйхэн өлсөж байгаагаа шивэгнэтэл нөгөөх чинь санаачлага гарган ойр хавийн айлуудаас гайгүй сэрх авч бооё гэснийг бүгдээрээ нэгэн дуугаар дэмжиж байна аа. Тэр хавийн нэг тууварчнаас арай ч борлон биш юмаа, гэхдээ л бага шиг эр ямаа том сэрхний үнээр худалдаж авлаа. Ямар аргаар ч хамаагүй нөгөө муу борлонгоо бушуухан бодийг нь хөтлөөд юу ч хамаагүй хэлэн дээрээ тавих минь.

Гэнэт Хүрлээ заан тэндээс:

-Наадах чинь бүтэхгүй ээ. Пүүлээ минь бидэнд гэдсийг нь гаргах түмпэн сав байтугай олигтойхон хутга ч алга, ядаж ус ч байхгүй, хэн яаж гэдэс дотрыг нь угааж цэвэрлэх болж байна аа?.

Нүдэнд ямаа биш мах харагдаж, юу ч байсан хамаагүй баасыг нь ч болтугай долооход бэлэн байсан миний уур гэнэт хүрч:

-Та нарыг би гайгүй сайн найзуудаа гэж бодож байсан чинь ёстой бүтэхгүй эрчүүд байна, бие биенийгээ л явуулахаас цааш өөр хийж чадах юм үнэндээ юу ч алга гэж загначихаад нөгөөдүүлдээ тунирхсандаа үйлтэй ямаагаа орилуулан чирч гулдарсаар машинаас аваад буулаа.

Ганбаа заан арай дуулгавартайгаараа намайг дагаж гарч ирээд хоёулаа нөгөөхийгөө яаж аятайхан шиг цааш нь харуулах тухайгаа хэсэг зөвлөлдөв. Боодог хийх учраас нугасалж алах ёстой юм байна гэж би ойлголоо. Хүзүүн доогуур нь нэг гараа шургуулж, нөгөө гараараа эрүүгий нь тохойн дээрээ тээж байгаад өргөөд сэгсрэхэд л болчихдог ухааны юм тэр яриад байх юм.

-Алив чи өөрөө үзээд алд гэсэн чинь нөгөөх чинь ухраад ойртох янзгүй ээ. Би тэр зааварчилгааны нь дагуу гүйцэтгэх гэж үзсэн боловч борлонг газраас хөндийрүүлж дийлсэнгүй. Өглөөнөөс хойш хэлэн дээрээ юу ч тавиагүй миний бие ямаа нэг гар дээрээ өргөж сэгсрэх нь бүү хэл, толгой эргэж гуйваад өөрөө хөл дээрээ арайхийж тогтож байгаа юм чинь.

Бөх хүн ямаа алж болдоггүй юм уу хаашаа юм бусад нь хуруугаа ч хөдөлгөхийг хүссэнгүй, машин дотор марзганаад суугаад байлаа. Ганбаа маань гаргасан санаачилгаа өөрөө гүйцээх гэсэн боловч бас барсангүй. Борлон өргөчих бяргүйдээ биш, дээш нь өргөхөөр нөгөөх чинь намхан учраас рост нь тулчихаад ямааны хойд хоёр хөлийг газраас хөндийрүүлж дийлдэггүй ээ.

Дугуй хагарахад хужаа данхраад ханачихаад машинаа өргөж чадахгүй болчихдог ш дээ. Яг л тийм юм боллоо. Одоо хааяа хөдөө гадаа явж байгаад данхраад ханаад мунгинах үед л нөгөө ямаа өргөөд газраас хөндийрүүлж чадалгүй алцайчихаад зогсож байгаа Ганбаа маань нүдэнд харагдаад байдаг юм. Сурагч байхдаа Цэвгээ захирлын номхон командаар өсгийгөө хүчээр нийлүүлдэг боловч, хоёр өвдөгнийх нь хооронд мухар сөөм зай гардагт нь бид түүнийг ац гэж хочилдог байсан билээ.

“Аравтын бидонтой ус салтаанаас нь дүүжилчихсэн юм шиг алцаганаад явж ядаад яачихсан золиг вэ чи” гэж захиралд загнуулдаг байлаа тэр. Барилдахдаа ч тэр баргийн хүүгийн мэхэнд унана гэж байхгүй, яг л ацаар нь газар луу шаачихсан мод аятай хааш нь ч татсан хөдөлдөггүй байсансан. “Гуяны мах нь дотогшоогоо бүдүүрээд өмдөө хавирсаар байгаад цоолчихдог болохоор нь аав нь багаас нь загнасаар байгаад одоогийн сумо бөхчүүд аята алцаганаж явуулдаг болгочихсон” гэж багын зарим найз нөхөд нь ярьдаг байсан нь бараг ортой л болов уу.

“Эвэртэй ямаа л авна шүү” гэж Ганбаагийн маань үглээд байсны учрыг нь сая ойлголоо. Уг нь эвэрнээс нь хоёр гараараа сайн атгаж байгаад л гэдрэг нь эргүүлж өргөөд сэгсрээд зүйл дуусгах байж л дээ. Гэтэл бидэнтэй хамт явсан биеийн тамирын багш гэх мөртлөө харваас туниа муутай томоос том линз зүүчихсэн нэг туранхай нөхөр нөгөө муу ямааг дүүжилж алах санаачилга гаргасныг нь уухайн тас дэмжээд би бүсээ тайлаад өглөө. Нөгөө хараа муут чинь ойролцоо хусны оройд сармагчин аятай дүүлээд гарчихлаа, Ганбаа бид хоёр ямааныхаа хүзүүг янгинатал нь бүсээрээ уянгаа дороос нь хүч хавсарч өргөж байгаад нөгөөхөөрөө нэг бүдүүн мөчрөөс оосорлуулав. Модны бүдүүн мөчрөөс дүүжилсэн ямаагаа “нээг хоёрын гурав аа” гэнгээ гэнэт доош нь тавьтал хуучин дурдан бүс тас үсэрч ямаа цахилаад алга болох нь тэр.

“Ингээд идэх юмгүй боллоо” гэж бодохоос хоолойд бөөн хар юм тээгэлчихээд зогсож байхад Дамдин Хүрлээ хоёрын савж унаж хөхөрч байгааг хараад Нямдорж даргын хэлдгээр ёстой дорвинкадчихмаар санагдаж билээ. Би одоогийн олимпын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат Дамдин, Хөвсгөлөөрөө цоллуулдаг Хүрэлбаатар заан хоёрын тухай би ярьж байна л даа.

Азаар нөгөө муу борлон маань тэр чигээрээ дэгдээд явчихсангүй, уулын хажуугийн хэсэгхэн бутан дотор ороод хяраад зогсчихдог юм байна. Хэдүүлээ алсаар нь тойрч аваад аажим аажмаар гэтэж дөхөн бүслэлтээ хумилаа. “Түрүүлж хөдөлж болохгүй шүү” гэсэн бидний анхааруулгыг үл ойшоон Түвшээ цус чинь сурсан юмыг сураар боож болдоггүй, нөгөө чөлөөтөөр барилддаг шигээ холоос ухасхийн хойд хөлд нь дутуу сууж алдаад ямаагаа дахиад тавиад туучихваа. Энэ удаа ямаа маань бүр хэц хадтай өндөр уул даваад арилж өгөх нь тэр. Хэргийн эзэн хэнгэргийн дохиур Түвшээ нөгөө ямааны араас гүйж бид хэд дуугаа хураачихаад хайртай нэгийгээ алдчихсан аятай дүмбийтэл хэсэг сууцгаалаа. Тэгтэл нөгөө дүүжлүүр санаачлагч хараа муут:

-Уг нь дээрээс нь харахад ямаа унжиж байгаа юм шиг харагдсанаа гэнэтхэн доошоо буунгуутаа тэс хөндлөн болчихоор нь гайхсан шүү гээд дуугарчихсан чинь бүгдээрээ хөхөрсөөр байгаад сүүлд нь Хүрлээ заан инээж дийлэхээ байчихаад ам нь ангалзан шүлс нь гоожоод байхыг хараад “нөгөө элэг уушиг нь хөшинө” гэдэг болчих шиг санагдсан.

Ашгүй Далай маань толгойгоо унжуулаад дохийчихсон ирж яваа харагдана. Дурандлаа, байдаггүй ээ, гартаа барьсан юм юу ч алга. Бид нар мэдээж нөгөөхийгөө тал талаас нь “бариад идчих” дөхөх үед би ч тэвчсэнгүй хошуу нэмэрлэж:

-За чи минь бушуухан Түвшээгийн араас явж үз, Буудаж алаад ч атугай тэр ямааг одоохон авчир гэж сөөнгөтөв. Хүн их өлсөхөөрөө дуу хүртэл цаашаа орчихдог юм билээ. Ашгүй, хүзүүнээс нь уясан бүсээрээ бутанд ороолдчихсон ямааг дор нь олж чирч гулдарсаар Түвшээ маань Жааяагийн хамт хүрээд ирлээ. Намрын урт өдөр биднийг ингэж будилсаар байтал нар аль хэдийнэ уулын цаагуур оржээ. Яахыгаа зөвлөлдөж байтал гэнэт Дамдин начин маань багшийн дээдэд хамт сурч байсан ангийнх нь нэг оюутан Партизаны САА-н төв дээр биеийн тамирын багш хийдгийг саналаа.

-Нэрийг нь мартчихаагүй биз гэж намайг асуутал дахиад л бүгдээрээ ээрч мууртал хөхрөлдөцгөөв. Надад тэд нар шиг элгээ хөштөл инээлдэх нь бүү хэл, амаа шазайлгах ч тэнхээ байсангүй. Айл амьтнаас асууж сурагласаар нөгөө нөхрийнхийг олж очвол хэн ч байдаггүй, түгжээтэй хашаа байшин мөргөх нь тэр. Жадамбаа цагдаагийн дэслэгч хүн байтлаа хүүе хаая гэхийн зуургүй цоож цүүгий нь хулгайч аятай хуга мушгиж хаячихаад хашаа руу яваад орчих нь тэр.

-Үнэхээр найз чинь л юм бол яав л гэж, учраа хэлэхэд ойлгоно биз гэснээ хашаан дотор нь сэргийлэхийнхээ дохиотой шар машиныг оруулж тавьчихаад бид хэд зарим нь гал түлж чулуу улайсгаж, зарим маань нөгөө алдуул ямааг төхөөрлөө. Жадамбаа Далай хоёрт ангаас хоосон ирснийх нь төлөө арай хүнд нь буюу түлээ хөрөөдөж хагалах ажил ногдож байсан санагдана.

Ингэж бид хэдийг бужигнаж байтал хашааны гадаа нэг машин ирж зог туссанаа учиргүй хаазлаад л зугатчихдаг юм байна. Удалгүй гэрийн эзэн гэмгүй царайлан ирснээр хэргийн учир тайлагдав. Тарваганы хорио арай тавигдаагүй байсан тэр үед нөгөөх чинь хэдэн тарвага алчихаад ирснээ сэргийлэхийн алаг тэрэг хашаан дотор нь зогсож байхыг хараад ухаангүй зугатсан хэрэг. Ямаагаа төхөөрлөө, тарвагаа боолоо, нөгөө айлд өгөхөөр авч явсан архиа ч багагүй сөгнөцгөөлөө. Бүх юм окей боллоо. Амартүвшин зааных ч тэнд байж, шөнө дөлөөр орж тэднийхийг баахан түйвээлээ.

Замдаа Баянчандманы цэргийн адуу малладаг хэдэн цэрэгтэй таарч тэнд дуулалдсаар хөхүүртэй айргийг нь хуу хоосоллоо. Үүрээр хот орж ирэх замдаа Сонгино уулын хормойд байсан цэргийн карантинаар дайрч Даваадоржийгоо эргэлээ. Түвшээгийн төрсөн дүү улсын начин Даваадорж тэгэхэд бараг хүүхдээрээ байж дээ. Дараа нь тэндээсээ III хороололд байсан гавьяат Дамдингийнд очиж нэг өрөөнийнх нь шалан дээгүүр зулж ажлаа таслан өдөржин унтчихаад Бадамжав сайдаар үхтлээ бангадуулж, ажлаасаа халагдах дөхөж байж билээ.

Одоо бид хэд уулзах болгондоо үүнийгээ ярьж савж унатлаа хөхрөлддөг билээ. Тэр үед ээжийнхээ гэдсэнд тарвалзаж байсан Дамдингийн банди өнөөдөр шижигнэсэн сайхан залуу болчихоод ааваасаа дутахгүй барилдаж явааг сонсоход сэтгэлд нэг л өег. Улсын шигшээ багийнхантай хамт ямаа дүүжилсэн үнэн түүх ийм буюу.

1983- 8-1

Saturday, March 17, 2012

СИЙХГҮЙ ХУДАЛЧДЫН БАЛАГ БОЛОН ФУКУШИМАГИЙН ГАШУУН СУРГАМЖ

I.Саяхан Цөмийн энергийн газрын дарга асан С. Энхбат албан ажлаасаа чөлөөлөгдлөө. ТэрээрМонгол улсад цөмийн хаягдлыг булшлах тухайяриа хэлэлцээр хийсэн нь үнэн, үүнд засгийн газар оролцсон, цаг нь болохоор дэлгэрэнгүй ярина, Энд шургалсан олигархууд нам энээ тэр гэж талцдаг нь яг нарийн дээрээ шал худлаа. Өвөр түрүүдээ орцгоосон, их мөнгөний төлөө юу ч хийж мэдэх бүлэглэл болсон. Ард түмнээ худалдаж болохгүй биз дээ, арай л дэндэж байна. Тэд цөмийн хаягдлыг нууцаар ч оруулж ирж мэдэхээр байна.хэмээн"Нийслэл таймс" сонинд ярилцлага өгч байсан шударга нэгэн. Өнгөрсөн оны сүүлээр цөмийн хаягдлыг Монголд булшлах тухай яриа дэлхий нийтэд тархаж, төрийн өндөр албан тушаалтнууд бүгд л тийм юм байхгүй гэж улаан цайм мэлзээд хавьтуулахгүй байсан санагдана. Цөмийн хог хаягдлыг хадгалах нь асар өндөр өртөгтэйгөөс гадна түүнийг зуучилсны хөлс нь сая сая доллараар хэмжигддэг талаар гадны эх сурвалжууд мэдээлдэг. Арабын Эмиратад цөмийн түлш нийлүүлж, хаягдлыг нь буцаан авах санал тавьсан гэх яриа дэгдээгээд байсан ерөнхий сайд С. Батболд нь 2011 оны 1 сарын 21-нд УИХ-ын нэгдсэн чуулган дээр “цөмийн хаягдал булшлах байгууламж барихаар ажиллах болно” гэж мэдэгдсэнээр үнэн нүүр царайгаа илчилсэн юм. Өнөөдөр тэрээр Япон улсад айлчлах явцдаа цөмийн цахилгаан станц Монголд барих асуудлаар Япон улсын засгийн газартай гэрээ хэлцэл хийхээр төрийн өмчийн “Монатом” компаныхныг айлчлалынхаа бүрэлдэхүүнд оруулан дагуулаад явсан тухай өчигдөр талбай дээр болсон цөмийн эрчим хүчний эсрэг жагсаалын үеэр яригдаж байв. Монголын засгийн газар Японтой цөмийн энергийн эх үүсвэр болох ураныг олборлож экспортлох чиглэлд хамтын ажиллагааны талаар яаравчлах саналыг тавьсаар үргэлжлүүлсээр байгаа бололтой. Японы Майничи сонин 2012-2-21-нд энэ тухай нийтэлжээ

II.Монгол улсад сүүлийн 10 гаруй жил ураны хайгуул хийж байгаа Францын Арева компаниөнгөрсөн жил Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг Дулаан-Уул хэмээх газар хүчлээр уусгах аргаар уран олборлож шар нунтаг гаргаж авах туршилт хийлээ. Манай оронд 14 жил үйл ажиллагаагаа явуулж буй тус компани өнөөдрийн байдлаар Дорноговь, Дундговь, Дорнод зэрэг ураны бүсд хайгуулын 20 гаруй лиценз эзэмшдэг. Цаашдаа тус компани энд уран олборлох үйлдвэр байгуулан жилд 2000-2500 тонн ураны исэл гаргана гэдгээ мэдэгдээд байгаа. Газрын гүнд уусгах арга нь байгаль орчинд ээлтэй, ураны цацраг идэвхит тоосонцор агаарт хийсдэггүй гэждалан худалчид тайлбарладаг авч үнэндээ асар их ус ашигладаг, мөн хортой хүчил, цацраг идэвхт уран гүний усанд нэвчих аюултайг судлаачид баталдаг. Цаашлаад Дорнодын Гурванбулагийн ордод нэмэлт хайгуул хийж буй БНХАУ-ын Цөмийн энергийн корпораци /CNNC/ тэнд 8500 тонн ураны нөөцтэйг баталжээ. Ер нь 2000 оноос хойш Канадын “Cameco“, CNNC, АНУ, Орос-Монголын хамтарсан “Denison Mines“ “Гурвансайхан“ зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай 16 компани Дорнодын Гурванбулаг, Дорноговийн Дулаан-Уул, Дундговийн Хараат, Хайрхан зэрэг газруудад сүүлийн 10 гаруй жил хайгуул хийж байгаа юм. Мэргэжилтнүүд 2015 он хүртэл нэг кг боловсруулсан уран дэлхийн зах зээлд 150-180 ам.доллар байна гэсэн тооцоолсон буй. 2000 оноос эхэлсэн “Кожеговь”, “Гурвансайхан” зэрэг компанийн хайгуулын ажлын үр дүнд Хараатын ордын нөөцийг баталгаажуулж, Хайрхан, Дулаан-Уул ордыг шинээр илрүүлээд байгаа. Ураны нөөцийг тогтоох судалгаанд нийт нутгийн 70 хувь хамрагдсаны дүнд манай улсад ураны есөн орд, 100 орчим илэрц, 1000 гаруй эрдэсжсэн цэг байгааг тогтоож, есөн ордод 74 мянган тонн баталгаатай нөөц, 1.4 сая тонн хүдрийн нөөц бий гэж үзжээ. Сүүлийн 10 гаруй жилийн байдлаар Канад, Австрали, Казахстан, Нигер, ОХУ, Намиби, Узбек, АНУ зэрэг найман орон ураны шар нунтгийн 90 орчим хувийг гаргаж, олборлолтын 60 орчим хувийг Канад, Австрали, Казахстан улс эзэлдэг ба дэлхийн ураны нөөц баялгийн 50 шахам хувь нь эдгээр улсад ногддог аж. ОУЦЭАгентлагаас мэдээлснээр манай улс ураны нөөцөөр дэлхийд эхний 16-д, Азид зургаад орж байна. Энэ байдлаас үзэхэд Тавантолгой, Оюутолгойн маапааны дараа ураны магнатууд хүч түрэн орж ирэх нөхцөл нь нэгэнт бүрдэж, ойрын ирээдүйд ураны учруулах аюул Монгол орныг нөмрөх нь тодорхой болж байна. Цөмийн энерги нь байгаль орчинд халгүй, хямдхан, аюулгүй гэдэг гэнэн үлгэр өндөрлөх цаг болсныг Фукушимагийн эмгэнэл баталлаа.

III.Яг нэг жилийн өмнө Японы арлуудын ойролцоо Номхон далайд 9 магнитудын газар хөдлөлт болж түүнийг дагалдсан цунамид Фүкүшима Даичигийн реакторууд нэрвэгдэн дэлбэрсэн билээ. Энэ гамшгийн үеэр 20 мянга шахам хүн амь насаа алдаж, ор сураггүй болсон юм. Цөмийн бодисын хаягдал далай тэнгисээр дамжин хойд Ирланд улсад хүрч, үхрийн сүүнээс цацраг идэвхт бодис илэрсэн нь “2011 онд цацраг идэвхит бодис дэлхийн бөмбөрцөгийн хойд хагаст тархана” гэж 20 жилийн өмнө Болгарын үзмэрч Ванга хэлж байсан нь чухам биелэлээ олсон мэт. Энэ эмгэнэлт явдлаас хойш Герман 2022 он гэхэд цөмийн эрчим хүчнээс бүрэн татгалзахаа зарланИтали, Швейцарь улсууд ч дагахаар шийдсэн. Японд цөмийн эсрэг үзэлтнүүд хүчээ авч, Хятад улс цөмийн эрчим хүчний асуудалд хянамгай хандаж байна. Гэсэн ч АНУ, Их Британи, ОХУ, Канадзэрэг улс орнуудад цөмийн эрчим хүчний төлөөx улангасал үргэлжилсээр байна.

Одоогоос 26 жилийн өмнө Чернобылийн АЦС дэлбэрэхэд дэлхий нийт анх удаагаа цөмийн осол аюулын тухай сэрэмжлүүлэг авсан бөгөөд энэ тухай миний бие өмнө нь “Ураны сургамж”, “Чимээгүй хот” нийтлэлүүдээрээ уншигчдад хүргэж байсан билээ. Эрдэмтэн судлаачидЕвропын газар нутгийн 40 орчим хувь нь цацраг идэвхт бодист хордсон ба эдгээр бодисууд нь тэнд тариалсан хүнсний ногоо, жимсээр дамжин хүмүүсийг цаашид хэдэн мянган жил хордуулна гэж бичсэн байдаг. Судалгаанд Чернобылийн гамшгийн улмаас сая орчим хүн амиа алдсан гэж дүгнэсэн ба хохирогчид гол төлөв хорт хавдар, төрөлхийн гажиг, дархлалын хомсдол, зүрх судасны өвчин, дотуур шүүрлийн булчирхайн гаж хөгжил, болон нялхсын эндэгдлээp нас баржээ. Беларусьд Чернобылийн ослоос өмнө хүүхдүүдийн 90 хувь нь эрүүл гарч байсан бол гамшгаас хойш 14 жилийн дараа буюу 2000 онд хүүхдүүдийн 20 хүрэхгүй хувь нь эрүүл байгаа талаарбичжээ. Өнөөдөр Фукушимагийн осол нь Чернобылийн дараа орох хамгийн аймшигт цөмийн гамшиг болоод байгаа ба урт хугацааны үр дагавар нь xapaaxaн илэрч амжаагүй байна. Фукушима одоо ч аюултай хэвээр, агаар, усанд цацраг идэвхит бодис цацагдан нэвчсээр байгаа ба цацрагийн бохирдлыг цэвэрлэхэд 13 тэрбум ам. доллар шаардлагатай байгаа аж.

Цацраг идэвхт элементүүд Японы хойт хэсэг Токио хотын крантны усанд илэрсэн төдийгүй цай, үхрийн мах, цагаан будаа, бусад хүнсэнд өндөр тунгаар хуримтлагдсан талаар хэвлэлүүд мэдээлж байна. Цацраг туяаны нөлөөнд хүүхэд, ялангуяа ураг онцгой мэдрэмтгий байдаг. Фукушима хотын хүүхдүүдийн бамбай булчирхайны судалгаанд 1000 гаруй хүүхэд хамрагдсаны 50-иас дээш хувь нь йод-131 бодист хордсон нь тогтоогдсон бөгөөд эдгээр хүүхдүүд ирээдүйд бамбай булчирхайн хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй аж. Ийнхүү манай тэргүүлэх эрдэмтэд судлаачдын тухайн үед мэдэгдэж байснаас байдал тэс өөрөөр эргэж, Фукушимагийн осол нь дэлхий нийтийг хамарсан гамшиг боллоо. Канад, АНУ-ын баруун, зүүн эрэг, Европ тивд цөмийн цацрагийн хэмжээ нэмэгдсэн ба далайн уснаас цацрагийн бохирдол илэрч байна. Фукушимагийн ослыг ОУЦЭАгентлагийн хэмжүүрээр “хүн амын эрүүл мэнд, хүрээлэн орчинд өргөн хүрээний үр нөлөө үзүүлэхүйц хамгийн дээд буюу VII зэрэглэлд оруулан хэмээн ангилсан бөгөөд энэ нь Чернобылийн гамшигтай хэмжээ ижил гэсэн үг. Өнөөдөр цөмийн эрчим хүчний технологи нь нэгэнт хоцрогдсоныг барууны эрдэмтэд хүлээн зөвшөөрч, атомын цахилгаан станцыг дэлхий нийт бүр жорлонгүй орон сууцтай адилтгах болжээ. Одоо ажиллаж буй 430 гаруй атомын станцуудаасгарсан “ялгадсыг” хаях газар олдохгүйгээс дэргэдэх усан сангууддаа түрүүч нь тавин жил хадгалагдлаа. Өнөөгийн байдлаар цөмийн ийм хаягдлын хэмжээ 100.000 тонн даваад байгаа тухай мэдээлэл интернетээр цацагдаж байна. Онцгой их аюул эрсдлийг дагуулдаг учир дэлхий нийтээрээ татгалзаж эхэлж байгаа цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг “моод Монголоор дуусдаг” гэдэг шиг нааш нь даллахаа азнаж, ирээдүйн үр ач нарынхаа хувь заяагаар тоглохоо зогсоовол яасийм, худалч нараа. Тэнэг хүмүүний шунал барагдахгүй, зуу ч наслахгүй харин тарих гай нь зуун мянган жилээр ч зогсохгүйг санагтун, хүмүүсээ.

Док.Ш.Пүрэвсүрэн 2012-3-12

Майничи сонин Монголд цөмийн хаягдал хадгалах талаар эмзэг асуудлыг хөнджээ/Майничи сонины нийтлэлээс/

Япон, АНУ хамтран Монгол улсад олон улсын цөмийн хаягдал булшлах байгууламж байгуулахаар хөөцөлдөж буйг илчилсэн нууц баримт бичгийг дэлгэн тавьж, 2011 онд Вогнон-Үедагийн нэрэмжит шагнал хүртсэн нийтлэлдээ би цацраг идэвхт хог хаягдлыг харж хадгална гэдэг бол нарийн эмзэг асуудал гэдгийг чухалчлан тайлбарласан билээ. Цунамид өртсөн Фукушимагийн АЦС-д тохиолдсон гамшгийн улмаас үүдэн цөмийн эрчим хүчний сайн мууг хэлэлцэж байх үед тэрхүү нууц төлөвлөгөө ил гарч ирсэн юм. Бүр 2010 оны намраас эхлэн Японы Эдийн Засаг, Худалдаа, Үйлдвэрлэлийн Яам болон АНУ-ын Эрчим Хүчний Яамныхан тус төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр Монголчуудтай нууц яриа хэлэлцээp хийх болсон талаар би 2011- 4-9-нд АНУ-ын цөмийн асуудлын шинжээчтэй утсаар ярилцахдаа олж мэдсэн юм.

“Энэ талаар огт мэдэхгүй яваа Монгол иргэдэд та туслаач. Монголчууд Японтой нөхөрсөг харилцаатай байдаг тул Японы хэвлэл ч бас Монголд нилээд нөлөөтэй байх биз” гэж тэр шинжээч надаас гуйсан. Ингээд 4 сарын 22-нд би Улаанбаатар хот руу нисч очоод ГХЯ-ны Элчин Сайд, тус төлөвлөгөөг хэлэлцэх асуудлыг хариуцсан Агваанлувсангийн Ундраатай нэгэн кафены VIP өрөөнд уулзсан билээ. Төлөвлөгөөний нарийн ширийнийг элчин сайдаас асуухаасаа өмнө урьдчилан тохирсон ёсоор бид орчуулагчаа явуулсан юм. Намайг дуу хураагчаа унтраагаад англиар асуулт тавихад элчин сайдын үг яриа ч чөлөөтэй болсон. Тэр надад гэрээ хэлэлцээрийн үйл явц , чиг зорилгыг танилцуулж, цөмийн хаягдал булшлах байгууламж барихаар товлож буй газар нутгуудыг нэрлэсэн. Хоёр цаг гаруй үргэлжилсэн бидний ярилцлага өндөрлөхөд элчин сайд Ундраа надад хандаж Австралид төстэй төлөвлөгөө хэрэгжүүлэх гэж буй тухай сонсон гээд цөмийн хаягдлын байгууламж нутагтаа барих өрсөлдөөнд Австрали улсаас түрүүлэхийн тулд Монголын засгийн газар бүх талаар чармайж буй гэдгийг онцлон тэмдэглэж, Австралийн талаар ямар нэг мэдээлэл байвал өгөөч гэж надаас хүссэн юм.

Дараа нь би Монголын засгийн газраас АЦС барихаар төлөвлөж буй гурван газар очиж үзсэн. Цөмийн хаягдал булшлах байгууламж барьсныхаа шанд Америк, Япончууд цөмийн эрчим хүчний технологоо Монголчуудад өгөхөөр тохирчээ. АЦС барихаар сонгосон газруудад очихоор өвс ургасан уужим тал дундуур машинаар давхихдаа би GPS ашигласан. Улаанбаатараас зүүн урагш 200 км зайд орших хуучин цэргийн анги байсан газар зэрэг АЦС барихаар сонгосон гурван газар гурвуулаа усгүй хуурай нутаг байлаа. Цөмийн реакторыг хөргөхөд зайлшгүй шаардлагатай усны эх үүсвэр тэнд байсангүй, нэг газарт нь нуур байсан нь хатаж ширгэжээ. АЦС-ыг усгүй газар барьж болохгүй гэж шинжээчид үздэг. Цөмийн эрчим хүчний бодлого хариуцсан Монголын төрийн түшмэдүүдээс би “усгүй газар АЦС яаж барьж болох вэ?” гэж дахин дахин асуусан. Тэднээс ганц нь л дээрх гурван газар нь ОУАтомын Энергийн Газраас гаргасан аюулгүй байдлын стандартыг хангасан гэсэн тайлбар өгч билээ.

Монголд өрнөж буй үйл хэргийн талаар мэддэг Японы Эдийн Засаг, Худалдаа, Аж Үйлдвэрийн Яамны түшмэл хэлэхдээ “Монголчууд ухаалаг ч цөмийн эрчим хүчний тухай бараг мэддэггүй” гэсэн юм. Өөрөөр хэлвэл, цөмийн эрчим хүчний талаар мэдлэг мэдээлэл хомс Монголчуудад Япон болон Америкчууд цөмийн хаягдал булшлах байгууламж барихыг санал болгосон ажээ. 2010 онд Ерөнхий Сайд Наото Каны засгийн газраас Японы өсөлтийн нэгэн шинэ стратеги бодлого боловсруулсан нь АЦС экспортлох асуудлыг онцлон авч үзсэн байсан. Гэвч Япон улсад цөмийн хаягдал түлш хадгалах байгууламж байдаггүй тул АЦС худалдаxдаа реактороос гарсан цөмийн хаягдлыг нь эргүүлэн авдаг багц үйлчилгээ үзүүлдэг ОХУ, Франц, зэрэг улс орнуудтай Япон улс өрсөлдөж чадахгүй нь илт байсан.

Дээрх хэлэлцээрт оролцсон Японы албан тушаалтан “Монголд цөмийн хаягдал булшлах байгууламж барьчихвал бид сул талаа нөхөж, АЦС бусад улсад наймаалах өрсөлдөөнд эрх тэгш өрсөлдөх болно” гэсэн байдаг. АНУ -ын хувьд цөмийн зэвсгээр үл хөөцөлдөх бодлогоо хэрэгжүүлэхийн тулд цөмийн зэвсгийн түүхий эд болох ашигласан цөмийн түлшийг авч хадгалах улс орныг хайж байсан аж. Япон, Америк аль алиных нь хүсэл зорилго ойлгомжтой. Гэвч Монгол улс ураны уурхайгаа дөнгөж л хөгжүүлж эхэлсэн, атомын эрчим хүч гэдгийн үр шимийг хүртэж үзээгүй байтал Монголын ард иргэдэээс нууцаар цацраг идэвхт цөмийн хаягдлыг Монголд булшилна гэдэг арай л дэндүү санагдаж билээ.

Би Монголд байх хугацаандаа 2011- 3-11-нд Японд болсон газар хөдлөлтийн улмаас хохирогсдод зориулан олон хүн нэг өдрийнхөө цалинг хандивласан тухай сонссон. Мияги мужийн дүрвэгсдийг Монголчууд эх орондоо урьж байхад ч би Монголд байсан. Монгол хүмүүсийн сайхан сэтгэлийгүзэж мэдэрсэн би өөрийн эрхгүй нүднээсээ нулимс дуслуулж байсан. Орчуулагч намайг шоолж “Та дэндүү уяхан юмаа” гэдэг байлаа. Цөмийн хаягдал байршуулах тухай нууц хэлэлцээрийн нарийн ширийнийг олж мэдээд би баярлаж хөөрөөгүй. Харин энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр зүтгэж буй Япон улсын иргэн гэдгээсээ ичиж билээ. Энэ газар хөдлөлт, цунамигаас үүдсэн Фукушимагийн цөмийн гамшиг Японд эрчим хүчний бодлогын тухай хэлэлцүүлэг эхлэх суурийг тавьсан. Зарим хүмүүс АЦС-уудыг нэн даруй унтраахыг шаардаж байхад бусад нь АЦС бол Япон улсын эрчим хүч, аж үйлдвэрлэл, аюулгүй байдлын бодлоготой салшгүй уялдаатай хэмээн зүтгэж байна. “Асуудал цөмийн эрчим хүчээр хязгаарлагдахгүй. Бидний үеийнхэн асар их газрын тос, нүүрс хэрэглэсэн,” гэж Финляндын засгийн газрын нэгэн түшмэл ярьсан юм.

Чухамдаа Майничи сонин дээрх нууц төлөвлөгөөг илчилснээр цөмийн хаягдлыг хадгалах байгууламж барих төлөвлөгөөг зогсоож, холбогдох бүх мэдээллийг нийтэд дэлгэхийг шаардсан эсэргүүцэл Монголд өрнөсөн. Тэдний хүслийг хүндэтгэн үзсэн Монгол улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж өнгөрсөн оны 9-р сард болсон НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хурал дээр Монгол улс цөмийн хаягдлын байгууламж хэзээ ч барихгүй гэж зарласан. Цөмийн асуудлыг хянагч (watchdog) нэртэй Олон Улсын Атомын Энергийн Газрын ерөнхий захирал Юкия Амано хэлэхдээ “Цацраг идэвхт хаягдлыг бий болгосон хүмүүүс нь хариуцах ёстой. Бусдад тэр хаягдлаа хариуцуулна гэдэг бол шударга бус явдал” гэсэн. Гэвч хүн төрөлхтөн цөмийн хаягдлаа хэрхэхээ өнөөдөр ч шийдвэрлэж чадаагүй хэвээр байгаа билээ.

Харуюки Айкава Майничи сонин 2012 оны 3 сарын 13

Saturday, March 3, 2012

Хулгайч

Би багаасаа анд нилээд хорхойсдог байлаа. 4-р анги төгсдөг зун аав маань худалдаа бэлтгэл ангийн дарга Аюурзана бүр гуайгаас цохуулж, зээл авч байгаад тэр үед сумын дэлгүүрт дөнгөж ирээд байсан гурван калибр буунаас нэгийг надад худалдаж авч өглөө. 100 метр тусгалтай, богинохон, үүрээд явахад хөнгөхөн, их авсаархан хөөрхөн буу одоо хүртэл манайд хадгалаастай бий. Тэр намар аав бид хоёр тарваганд явах юм боллоо.. Манай Баруунтуруун суманд тарвага бараг байдаггүй, тарвага ихтэй газар очихын тулд Ханхөхий уулыг даваад зэргэлдээ Өндөрхангай сумын нутаг бүр говь руу 70-80км явах хэрэг гарна.. Өглөө аажимхан мордсон бид хоёр Хорин бугатын давааны ард хээр нэг хонож аваад маргааш нь очих газраа хүрэхээр гэлдэрч явтал замд хоёр морьтой хүн таарч, мэнд усаа мэдэлцээд зөрөв. Нилээд халамцуухан явсан нэг хүнийх нь толгой бүр духнаасаа авахуулаад шилэн хүзүүгээ давтал яв ягаан өнгийн тод зурвастай болохыг анзаараад учрыг асуувал аав дараах түүхийг надад ярьж өгсөн юм.

Тэр хүний нэрийг мартжээ. Манай нутгийнхан тэднийхнийг Ягаарайнхан гэдэг байсан санагдана. Их олон хүүхэдтэй, тэд нар нь залхуу, замбараагүй, ядуу зүдүүхэн амьдралтай нэгэн байж. Манай нутагт тэр үед хулгай зэлгий гэж ер байдагггүй, айлууд хонь малаа хангайн амьтнаас хамгаалж, хариулж, хотолж явахаас нутгийн малчид бие биенийхээ хэдээс илүүчилнэ гэж ер үгүй байсан үе. Ягаарай гуайнхан хавар, зун намартаа хавь ойрынхныхоо мал хунарыг сааж, сүү цагаан идээ, тарвага зурамхан эргүүлж, хэдэн хүүхдээ бөөцийлж, өл залгуулж байгаад хүйтэрч сэрүү орохын цагт хаанаасаа ч юм хааяа ганц нэг адуу үхэр хөөж ирээд нударчихдаг байж л дээ.

Нэг намар аавын нагац ах болох нутгийнхныхаа дунд нэр цуутай хамба ламын ягаан дэлтэй сайвар бор морь нь гэнэт алга болж, бөөн эрэл сурал болсон ч олдсонгүй гэнэ. Аав хүрээ орж энэ тухай эзэнд нь дуулгажээ. Ламх эрхээ нэг татаж үзчихээд “Муу золигийн хулгайч чинь бүр одоо бүр давраад очиж очиж миний муу хөл дүүжилдэг ганц борыг төхөөрчихдөө яадаг байна аа” гэж жаахан гасалж сууснаа “За яахав хулгайчийн хүүхдүүд хулгайч л болдог муу заяатай байдгийм, би хэдэн хүүхдэд нь тэмээнээс тод тэмдэг тавиад өгчихье, түмэн олон дараа нь үеийн үед таньж яваг” гэж гэнэ. Тэр үед ямар хүний тухай юу яриад байгааг нь аавын ах дүү нар ч мэдэлгүй тэгсгээд өнгөрч. Түүний дараагаас Ягаарай гуайнхны хүүхэд болгон духан дээрээ томоос том ягаан мэнгэтэй гарч эхэлсэн юм шүү. Саяын өнгөрсөн хүн чинь тэдний нэг нь. Хулгай хар мөртэй гэдэг чинь цаанаа ийм учиртай байдаг юм” гэж ярьсан аавын маань үг одоо хүртэл санаанаас ер гардаггүй юм.

Ямар ч хулгайчийг шунал айдас хоёр мөнхөд ээлжлэн удирддаг гэж ярьдаг. Бусдын эд хөрөнгөнд гар дүрж байх үедээ тэдэнд ханах цадах сэтгэл гэж ер байхгүй улам л ихийг олмоор авмаар шунал нь буцалж, архинд шартсан хүн шиг болж байдаг мөртлөө дараа нь энэ их зүйлээ эргээд алдах вий, хийсэн хулгай луйвар нь илчлэгдэж, баригдах вий гэх айдас тэднийг сүүдэр мэт дагаж явдаг жамтай гэлцдэг.

Өнөөдөр чухам хулгай гээч бузрын муухай зүйл Монгол оронд хаа л бол хаагүй нүүрлэжээ. Наад зах нь хотын мань мэтийн хувьд хэн нэг нь өдөр бүр шахам хармаа хотоо ухуулна, гэр орноо төнхүүлнэ, хөдөөнийхөн бол өдөр алгасахгүй хэдэн малаа алдаж хотоо харлуулна, тэднийхээ араас хөөцөлдөж, бөөн нерв цаг заваа, уураа барна. Арай урт гартнууд газар нутгаа баялагтай юутай хүүтэй нь хулгайлаад зарчихна, хангайнхан нь ой модоо хөрөөдөөд ачуулчихна.

За тэгээд төрийн өмчтэй газруудад бол энэ талаар бүр ярих ч юм байхгүй болсон. Энэ өмчийг хамгаалах хадгалах ёстой эзэд нь зиндаа зиндаандаа таарсан хэмжээгээр эндээсээ бүгд хүртэцгээнэ. Банкны захирлууд нь банкаа тонох нь энүүхэнд болсон, үйлдвэрийн боссууд нь өндөр үнэтэй бараа шахаж, олзоо хуваацгаана. Бүр онигоотойгоос нь дурьдвал музейн захирлууд нь үзмэрээ хулгайлдаг, армийн офицерүүд нь цэргийнхээ хоол хүнсийг хамдаг, лам хуврагууд нь хүртэл сүм хийдээсээ шүтдэг бурхдаа шууцгаадаг болсон байна.

Их хурлын гишүүд, сайд дарга нар гээд төрийн тэрбумтнуудын тухай ярихаа больё, сонгуулийн дараа болгоноор хаалтгүй тавигддаг тэдний дагуул дунд шатны албатууд тоогоороо эднээсээ хавьгүй олон болохоор хүртэх хэмжээ нь нийт дүнгээрээ дээдүүлээсээ хэд дахин илүү их хулгайлцгаана. Түүнийг нь илрүүлж шалган уудлах үүрэгтэй гааль, татвар, хяналт цагдаа, шүүх хуулийнхан бол энэ талдаа бүр ч “эмзэг бүлгийнхэнд” болчихсон нь одоо хэнд ч нууц биш болжээ. Хуулийнхаа хэллэгээр бол авилга, хээл хахууль энээ тэрээ олон гоё гоё нэр томьёотой ч ард түмний дунд бол ХУЛГАЙЧ гэсэн эртнээс тодотголтой ганцхан дансанд л бүртгэлтэй хүмүүс.

Эртний Хятадын нэг хаан Күнзээс “Манай түшмэдүүдхулгай хийгээд байх юм. Яаж болиулах вэ ?” гэж асуухад тэрээр “Та эхлээд өөрөө хулгай хийхээ больчих” гэсэн гэдэг үг бий. Монголыг арав гаруй жил хаанчлан удирдах хугацаандаа төрийн бүх шатны албадыг даварсан хулгайч нараар зай завсаргүй дүүргэчихээд одоо шударга ёс тогтооно, дахиад үзэлцэнэ гээд давхиад яваа хүнийг та бид бүгдээрээ хараад гайхдаггүй гэж үү?

Шударга ёсыг Монголд тогтооно гэж бодож яваа бол шуналтнуудыг төрийн өндөрлөг рүү мацах замыг нь хаах цаг нь одоо нэгэнт болсон. Энэ эрх нь ардчиллын буянаар ард түмэнд нээлттэй гэж байгаа. Мөн өөрийнхээ өмнөх бизнесээ өргөтгөхөөр зай завгүй толгой нь гашилж явж, улсын их хуралд давхар сууж манийгаа удирдах гээд тэрбум тэрбумаар нь мөнгөө золиод зодолдоод байгаа бизнесменүүдийг яах уу? “Шунал дэндвэл шулам болдгиймаа” гээд салаавч өгчихөж болмоор доо, бас жирийн түмэн минь. Хулгайч нарт хүлээлгэх хариуцлагын тогтолцооны талаар сүүлийн үед их ярих болсон. Хуулийнхныгаа эхлээд эмхлэж цэгцлэхгүй бол энэ талаар мянга яриад ч нэмэр алга.

Монгол улсаа цэвэр ариун төртэй байлгая гэж бодож байгаа бол ШУНАЛГҮЙ, ШУДАРГА, ШУЛУУХАН амь биеэ ард түмэндээ зольж чадах хүн л бидэнд өнөөдөр хэрэгтэй байна даа. Хаад ноёдууд нь шуналгүй төрд хулгайч нарт гишгэх газар олдохгүй, төр маань дээрээсээ цэвэршчихвэл доодсыг эмхлэх юухан ч байх билээ дээ. Ягаарай гуайнхан шиг ягаан нүүртнүүд бие биенээ таних цөөхөн бидний дотор хаанаас ч харсан тэмээнээс тэмдэгтэй л байгаа шүү дээ.

Ш.Пүрэвсүрэн

2012-03-04